| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2019/00255/и |
| Дугаар | 133/ШШ2019/00324 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2019/00324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн ********** нэхэмжлэлтэй,
хариуцагч- Говь-Алтай аймаг, **********” ХХК /2634139/-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.535.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК-ий захирал Г.С нь Говь-Алтай аймгийн ************* М.Т-тай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ" сарын 0.25 хувийн хүүтэй, 15.000.000 төгрөгний гэрээ байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7.000.000 төгрөг, хүү 497.000 төгрөг, алданги 2.819.700 төгрөг нийт 10.316.700 төгрөг байна.*******компани нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээлийн 3.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээл 2.000.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, зээл төлөх боломжгүй байгаа талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг 2019 ны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрчилж*******компанитай байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үндсэн төлбөрт 12.000.000 төгрөг, төлөөгүй зээлийн хүүд 35.100 төгрөг, алданги 13.500.000 төгрөг, нийт 25.353.100 төгрөгийг нэхэмжилж байна.
Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан журам байгаа. Энэ журмын 6.3-т тухайн санд учирсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна гэж заасны дагуу хариуцагч компаний захирал Сайнхүү нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 3 удаагийн төлөлт хийгээгүй, зээлийн хүүг цаг хугацаанд нь төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 225.1-т зааснаар гэрээг цуцлах шаардах эрх нэхэмжлэгч талд байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шаардлагаа өөрчлөхийн өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг төлсөн. Эхний зээлийн төлөлтийн хувиараар бол 2018 оны 12-р сарын 13-нд төлөхөөр байхад 3.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн учир гүйцэтгээгүй үүргээс алданги тооцохдоо эхний үлдэгдэл 15.000.000 төгрөгөөс, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 3.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 12.000.00 төгрөгөөс тус тус тооцсон. Учир нь эхний төлөлт хийгдээгүй байсан төлбөр хийгдсэн учраас үндсэн зээлийн 12.000.000 төгрөгөөс бас тооцож байгаа. 2018 оны 12 дугаар сарын 13-нд төлөх байсан үндсэн зээлийн төлбөрийг 2019 оны 08 сард төлсөн гэж тооцохоор алданги нь 15.000.000 төгрөгөөс их гараад Иргэний хуульд заасны дагуу 50 хувиас хэтрэхгүй гэхээр 7.500.000 төгрөг болж байгаа. Дараагийн алдангийг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 166 хоногоор тооцож иргэний хуульд заасны дагуу алданги нь 50 хувиас хэтрэхгүй гэхээр 6.000.000 төгрөг байгаа тул нийтдээ 13.500.000 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа. Хуулинд зааснаар зээлдэгч зохих ёсоор үүргээ биелүүлээгүй гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Аптай аймгийн ************* 2019 онь 07 дугаар сарын 31-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 10.316.700 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. "Тунгалаг Рашаант" ХХК нь 2018 оны 03 сарын 12-нд Шарга сумын Засаг дарга М.Т-тай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж сарын 0,25 хувийн хүүтэй 15.000.000 төгрөгийн гэрээ байгуулж улмаар зээлийг зориулалтын дагуу ашиглаж байна. Зээлийг графикийн дагуу төлөлт хийгдэж байсан ба ажил үйлчилгээ явуулж байгаа охин Д.Б нь төрөхийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод төрөөд төрсөний дараа хүүхэд нь эмчилгээ хийлгэх шаардлага гарч үйл ажиллагаа нь хэсэг завсардаж орлого багассаны улмаас төлелтийг хугацаа хэтрүүлсэн тал бий гэхдээ энэ хугацаанд 2018 оны 03 сарын 12-ны өдрөөс өнөөг хүртэл зээлийн хүүнд 18 сарын хүү болох 675.000 мянган төгрөг, үндсэн зээлээс 3.000.000 төгрөгийг хийсэн. Гэтэл сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний эцсийн төлөлтийн хуваарь 2021 оны 02 сарын 13-ны өдөр төлж дуусахаар байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хуулийн үндэслэлгүйгээр иргэний хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдалд тоггоогдоогүй мөн энэ талаарх баримт хэргийн материалд тусгагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй мөн үндсэн зээлээс 2019 оны 07 сарын 09-нд 3.000.000 төгрөгийг хийсэн цаашид 2021 оны 02 сарын 13-г хүртэлх хугацаанд зээлийн төлөлтийг хуваарийн дагуу хийх тул нэхэмжлэлийн шаардлага болох 10.316.700 төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ************* нь Говь-Алтай аймгийн ************* гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүрэгт 10.316.700 төгрөг гаргуулахыг хүссэн /хх-1/ нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 25.535.100 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-47-48/.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 133/ШЗ2019/01266 дугаартай шүүгчийн захирамж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарч /хх-32/ хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 миунтад хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээ зөвтгөн гаргах хүсэлт гаргаснаар хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөрчилсөн уг шаардлагад хариуцагч тайлбар, татгалзлаа нотлох баримт гаргах хүсэлт гаргасныг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж /хх-61-62/, хариуцагчийн төлөөлөгч Г.С нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан /хх-63/ байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд түүний шүүхэд гаргасан тайлбар, баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь “...хариуцагч зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 12.000.000 төгрөг, хүү 35.100 төгрөг, алдангид 13.500.000 төгрөг, нийт 25.535.100 төгрөгийг гаргуулна...” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...зээлийг графикийн дагуу төлөлт хийгдэж байсан ажил үйлчилгээ явуулж байгаа охин төрөхийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод төрж, хүүхэд нь эмчилгээ хийлгэх шаардлага гарч үйл ажиллагаа нь хэсэг завсардаж орлого багассаны улмаас төлөлтийг хугацаа хэтрүүлсэн, үндсэн зээлээс 3.000.000 төгрөгийг, зээлийн хүүд 675.000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 13-нд дуусна, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчиж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарлажээ.
Говь-Алтай аймгийн ************* нь тус аймгийн прокурорын газарт 2019 оны 07-р сарын 26-ны өдөр гаргасан 01/231 дугаартай хүсэлтдээ ************* ХХК нь сум хөгжүүлэх сангаас 2018 онд үйл ажиллагааны төрлөө нэмэгдүүлэх зориулалтаар 15.00.000 төгрөгийн зээл авсан, зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас төлбөр үүсээд байгаа тул зээлдэгчээр зээл төлүүлэх, төрийг хохиролгүй болгох зорилгоор төрийг төлөөлүүлэх прокурорыг томилуулах хүсэлт /хх-3/ гаргасны дагуу Говь-Алтай аймгийн ************* нь зээлдэгч ************* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг хяналтын прокурор Б.О-т 2019 оны 07-р сарын 31-ний өдрийн 1/416 дугаартай итгэмжлэлээр олгожээ /хх-2, 44/.
Говь-Алтай аймгийн ************* нь хариуцагч “*************” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 01/2018 тоот сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг байгуулж, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнес төлөвлөгөөний зориулалттай, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-5-7/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-8/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигч зээлийн гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч “*************” ХХК-ний захирал ...зээлийг зориулалтын дагуу ашиглаж байна гэх тайлбарыг шүүхэд гаргасан тул /хх-26/ Говь-Алтай аймгийн ************* нь гэрээний зүйл болох мөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож, талууд зээлийн гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээ талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2021 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч тал хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргасан ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг зээлдэгч “************* ХХК-д шилжүүлсэн, зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагчийн төлөөлөгч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, хуулийн 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заажээ.
Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 2.5-д “зээлдэгч нь зээл авснаас хойш эхний 3 сард үйл ажиллагаа эхлүүлээгүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй бол олгосон санхүүжилтыг хүүгийн хамт буцаан төлөх болно” гэж,
3.3-т “авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлүүлэх шаардлагатай бусад арга хэмжээ авна” гэж заасан.
Талуудын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс сар бүр зээлийн хүү төлөх, 2018 оны 12 дугаар сарын 13, 2019 оны 04 дүгээр сарын 13, 07 дугаар сарын 13, 12 дугаар сарын 13, 2020 оны 04 дүгээр сарын 13, 07 дугаар сарын 13, 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус үндсэн зээлээс төлөлт хийх хуваарьтай байх боловч үндсэн зээлийн эхний төлөлт болох 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлөх байсан 3.000.000 төгрөгийг хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна /хх-45, 55-59/.
Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 4, 7 дугаар сард төлөгдөх үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн талаар хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн хүүгийн төлбөр дутуу төлөгдсөн байгаа талаарх тайлбарыг үгүйсгэж маргаагүй /хх-56, 58/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгчид 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулсан /хх-53/ боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналд хариу тайлбар болон хугацааны талаар санал гаргаагүй байна.
Хариуцагч “*************” ХХК нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч тал тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоход хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 3.000.000 төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд зээлийн хүүг сарын 0,25 хувиар харилцан тохиролцсон байх тул 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртлэх хугацааны хүүнд 605.000 төгрөг төлөхөөс хариуцагч 569.900 төгрөгийг төлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж өн байх тул зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 35.100 төгрөг, нийт 12.035.100 төгрөгийг төлөх үүрэг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар хариуцагч ******* ХХК-нд үүссэн байна.
Гэвч хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, 2019 оны 4, 7 дугаар саруудад төлөх үндсэн зээлийн төлөлтийг төлөөгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “...хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор” харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч тал 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилөн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санал гаргахад хариуцагч “*******” ХХК-ний үндсэн зээлийн төлөгдөөгүй төлбөр 12.000.000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг 12.000.000 төгрөгний 50 хувь болох 6.000.000 төгрөгний алдангийг төлөх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч “*************” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүүд 35.100 төгрөг, алдангид 6.000.000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 18.035.100 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Шарга сумын сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.500.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийг үндсэн зээлийн үлдэгдэл гэж 15.000.000 төгрөг, 12.000.000 төгрөгөөс тус тус тооцсон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг анх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргахдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн үүрэг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг гаргахад хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 12.000.000 төгрөг байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд дэмжсэн шаардлага нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг шаардсан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 12.000.000 төгрөгний 50 хувиар анзыг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох 248.125 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн *************, “*************” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/2018 тоот сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч “*************-иас зээлийн гэрээний үүрэгт, нийт 18.035.100 /арван найман сая гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Шарга сумын сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.500.000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 248.125 /хоёр зуун дөчин найман мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ