| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нт холбогдох эрүүгийн 2330000410038 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Ц-О” ХХК-д хамгаалагч ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “....”-ын .... тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Г-ийн Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Биеийн тамир спортын газар”-т зохион байгуулагдсан “Цэнхэр алмаз” шинэ жилийн цэнгүүнд оролцохдоо хувцасны өлгүүрийн өрөөнд үлдээсэн хохирогч -Ж.Т-ын годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 366,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2330000410038 дугаартай хэргээс:
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Биеийн тамир спортын газар”-т зохион байгуулагдсан “Цэнхэр алмаз” шинэ жилийн цэнгүүнд оролцохдоо хувцасны өлгүүрийн өрөөнд үлдээсэн хохирогч Ж.Т-ын годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 366,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ж.Т-ын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2302005 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2. Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр далд, нууц аргаар авахыг ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Г.Н нь хохирогч Ж.Т-ын хувцасны өлгүүрт үлдээсэн байсан гутлыг түүнд мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөж, уг үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
1.2.2. Шүүгдэгч Г.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Г.Н-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүхээс шүүгдэгч Г.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2. Шүүгдэгч Г.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийг баривчилсан, цагдан хорьсон хоноггүй тул учир ялд оруулан тооцох саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Г.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан хор уршгийг арилгасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Г.Н нь хэдийгээр урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан боловч тухайн ялыг эдэлж дуусан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн минь эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байхгүй. Тиймээс түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн улсын яллагчийн саналтай нэг байна. Тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээг хэрэглэх санал гаргасанд тусгайлан гаргах саналгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.
2.3. Шүүхээс шүүгдэгч Г.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н нь хохирогч Ж.Т-ын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Т-т учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
4.2. Хэрэгт камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD диск хавсарган ирүүлснийг хавтаст хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Н-т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Н-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Т-т учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ