Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

      

 

2023.03.24                                            2023/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0063

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч З.Н ,

Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж-т холбогдох эрүүгийн 2339000000112 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Монос эмийн сангаар үйлчлүүлэх гэж ороод хохирогч О.О эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Монос эмийн сангаар үйлчлүүлэх гэж ороод хохирогч О.О эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000112 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.О (хх-ийн 8-9, 12-р хуудас),  гэрч Д.Тамирхүүгийн (хх-ийн 15-16-р хуудас), гэрч Д.Олзмаагийн (хх-ийн 19-20-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Г.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШД-36 дугаартай “...О.О хулгайд алдсан Самсунг-А32 гар утас, сим, кейс зэргийн үнэлгээг 390,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 33-35-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрэлсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 45-46, 48-49-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000112 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Н  шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ж ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Г.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Монос эмийн сангаар үйлчлүүлэх гэж ороод хохирогч О.О эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байгаа...Би 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Монос эмийн сангаас хохирогч Оюунтуулын эзэмшлийн А-32 маркын гар утсыг хулгайлж хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 40-43-р хуудас),

Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар багийн Шинэ нисэх 30-01 тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Би Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Монос эмийн санд гоо сайхны зөвлөх хийдэг. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн би байгууллгын бараа янзалж байгаад лангуун дээрээ өөрийн самсунг А32 маркийн гар утсаа үлдээгээд бараа янзалж байхад нэг эмэгтэй хүн эм аваад гараад явсан. Тэгээд би утсаа авах гэхэд миний утас байхгүй байхаар нь залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...Тухайн эм авсан эмэгтэй ягаан өнгийн дээл, үстэй гутал, хар өнгийн цүнхтэй хүн байсан...Би өөрийн гар утсаа Хэнтий аймгий- Цэ_эг төвөөс 2022 оны 10 дугаар сард 550,000 төгрөгөөр авч байсан...Би өөрийн гар утсыг олж авмаар байна... Би өөрийн гар утсыг хүлээн авлаа миний гар утас нь ямар нэг гэмтэл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9, 12-р хуудас),

Гэрч Д.Тамирхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт ирээд манай хүүхдийн хоолой өвдөөд байсан болохоор манай эх******* эмийн сан орсон. Тэгээд хүүхдүүдээ эм авчлаа гэж гарч ирсэн. Тэгээд Хэнтий аймгаас гараад Баянмөнх суманд гэртээ ирээд байж байтал манай ээж Олзмаа залгаад аймгийн цагдаагаас асуугаад байна юу болсон талаар асууж байсан. Тэгээд би эх******* Ж ээс юу болсон зүйлийн талаар асуухад би монос эмийн сангаас гар утас авсан гээд цүнхнээсээ нэг гар утас гаргаж ирсэн. Би яах гэж хүний утас авч байгаа юм бэ гэхэд одоо нэгэнт болоод өнгөрсөн. Би буруу зүйл хийсэн айгаад байна гэж байсан. Би хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...Манай эх******* тухайн үед ягаан өнгийн дээл, үстэй хар өгийн гутал, гар өнгийн гар цүнхтэй явж байсан...Эх******* бид хоёр тухайн үед манай аавын 0380 УАТ улсын дугаартай Рremio маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Гэрч Д.Олзмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад миний гар утас руу цагдаагаас залгаад 0380УАТ улсын дугаартай Рremio маркийн тээврийн хэрэгсэл байдаг уу гэж асуусан. Тэгээд би миний машин мөн миний машиныг манай хүү Тамирхүү унаж яваа гэсэн. Тэгээд би хүүрүүгээ залгаад цагдаагийн газраас асуугаад байна яагаад асуугаад байгаа юм гэхэд мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд буцааж залгаад манай эх******* хүний гар утас унтраагаад авчихсан байна гэж байна. Цагдаа руу явлаа гэж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...Би бэр Ж  ямар хувцастай байсан эсэхийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШД-36 дугаартай “...О.О хулгайд алдсан Самсунг-А32 гар утас, сим, кейс зэргийн үнэлгээг 390,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 33-35-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.Ж нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.Ж нь хохирогч О.О ийн өмчлөлийн гар утсыг хууль бусаар авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 43-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул Г.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ж нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-р хуудас) аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ж нь 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2339000000112 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Г.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г-ийн  Ж ийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Ж-ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                     Г.Ж т хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 2339000000112 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР