Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2019/00341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Х.С-. нэхэмжлэлтэй,

хариуцагч- Ш.Ч-д холбогдох,

Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Ш.Ч-н үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

“Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг иргэн С-н хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.А /0751/, хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Д /0865/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос Шинэ Алтай захад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж, 2018 оны 11-р сар хүртэл 239 дугаартай контейнэр буюу чингэлгийг ажиллуулж байгаад 242 дугаартай чингэлгийг ажиллуулдаг Ш.Ч гэгчтэй харилцан тохиролцож хоёр чингэлэгээ солилцсон. Ингээд тухайн авсан 242 дугаарын чингэлэгээ хажуугийн 243 дугаартай чингэлэгтэй нийлүүлж дэлгүүр болгон тохижуулан, газар ашиглалтын гэрээгээ Шинэ-Алтай захтай 2019 оны 3-р сарын 21-ний өдрөөс байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэрээг Шинэ-Алтай захтай байгуулахад Ш.Ч гэх хүн 242 дугаарын чингэлэгийн 2016, 2017, 2018 оны газар ашиглалтын түрээсийн төлбөрөө төлөөгүй байсныг түүнд хэлэхэд чи төлчих би чадахгүй гэсэн учир нэгэнт хажуугийн чингэлэгтэй нийлүүлчихсэн байсан учир төлбөрийг төлж гэрээгээ шинэчилж хийсэн. Гэтэл 2019 оны 08-р сарын 21-ний өдөр Ш.Ч гэгч нь өглөө 9 цагаас эхлэн манай дэлгүүрт орж ирж хэрүүл маргаан хийж тухайн өдөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож улмаар 2019 оны 08-р сарын 22-ны өдөр өглөө дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийг 2 цоожоор цоожилж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оруулж саад учруулсан. Сольж шилжүүлэн авсан 242 дугаарын чингэлэгт  үйл ажиллагаа явуулахад Ш.Ч нь саад хийж, чингэлэгийг цоожлох, хэрүүл маргаан хийх, эд зүйлээ үүдэнд овоолох зэргээр саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох хүсэлттэй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид харилцан тохиролцож 239, 242 дугаартай чингэлэгүүдийг сольж, Ш.Ч-ын Шинэ-Алтай захад түрээсийн төлбөрийн 900.000 төгрөгийн өрийг би төлснөөр бид харилцан тохиролцсон. Ш.Ч-ыг эзгүй хойгуур ийм зүйл хийсэн мэтээр худал тайлбарлаад байна. Намайг 242 номерийн чингэлгийг хажуугийн чингэлэгтэй нийлүүлж залгахад энэ хүн хараад байж байсан. Энэ нь захад түрээс төлбсөн баримтаас тодорхой харагдана. Тухайн бүртгэл он, сар, өдөртэй бөгөөд гарын үсэг зурагддаг. 2018 оны 11-р сараас хойш 242-р чингэлэгийн газрын түрээсийн төлбөрийг миний бие төлж, гарын үсэг зурж байсан. 239-р чингэлэгийн газрын түрээсийг Ш.Ч төлж гарын үсэг зурж байсан. Бодит үнэн гэвэл намайг ижил бараа зараад байна гэж шалтаглан хэрүүл маргаан хийж миний чингэлэгийг цоожилж энэхүү маргаан эхэлсэн. Чингэлэг нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.2.1-т зааснаар хөдлөх хөрөнгө нь өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэж үзэх учир Ш.Ч 242-р чингэлэгийг 2018 оны 11-р сард миний эзэмшилд шилжүүлж 239-р чингэлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Х.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Шинэ-Алтай захын эзэмшлийн газар дээр байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлэгийг Ш.Ч нь 2 давхар цоожоор цоожилж, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад нь саад болж байгаа нь хууль бус болохыг тоггоож, саад болохыг зогсоохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Шинэ Алтай захад байрладаг 242 дугаартай чингэлэг нь миний өмчлөлийнх бөгеөд би Х.Стай тохиролцож сольж шилжүүлсэн зүйл байхгүй. Урьд нь Х.С 242 дугаарын чингэлгийг зарчих гэж надаас гуйж байхад нь би зарахгүй гэсэн. Учир нь тус чингэлэгт би гэр бүлийн хүний хамт анх наймаа хийж гараагаа эхэлж байсан учир зарах бодол байдаггүй. Энэ хүн миний өмчлөлийн чингэлгийг дур мэдэн хэмхэлж, шудрага бусаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие 242 дугаартай номерын чингэлгийг анх хойд зах байгуулагдахад 1994 онд Улаанбаатар хотоос худалдан авчирч, наймаа хийж байгаад 2002 оноос шинэ зах дээр нүүж ирэхдээ авчирч байрлуулан одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. 2017 оны 11 сард манай эхнэр Одончимэгийн бие өвдөж даралт харваж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явж, зах дээр байдаг миний өмчлөлийн 2ш чингэлэг, 2 ш павилон цоожтой үйл ажиллагаа явуулаагуй байсан учир захын газар ашиглалтын татварын өр үүсэж байсан. Үүнийг захын удирдлагатай тохирч 2019 оны 6 сар, 8 сард хувааж төлснөөр 900.000 төгрөгний татвар үлдсэн. Ер нь өмнө нь өөрийн ззэмшилийн чингэлгийг 2018 онд бусдад зарж байсан бөгөөд ингэж зарахад захын удирдлагатай тохирч уулзсаны үндсэн дээр шилжүүлэх гэрээ хийж, өмнөх өр авлагаа дуусгаж шилжүүлдэг байсан. Гэтэл миний хувьд 242 номерын чингэлгийг Сүхбаатар гэдэг хүнд зарж, шилжүүлсэн зүйлгүй, өмнө нь Сүхбаатар нь 242 номерийн чингэлгээ зарчих гэж байхад нь зарахгүй гэдэг байсан. Өөр хүмүүс бас зарчих гэдэг байсан ч зараагүй. Манай гэр бүлийн хувьд 2018 онд эмчилгээ сувилгаа гэж яваад мөнгө муутай байсан, тухайн үед зах дээр үйл ажиллагаа явуулж байсан 25 дугаар павилон, 102 номерийн чингэлэг, өөрийн гэр орноо хүртэл зарж байсан боловч тэр үедээ 242 номерийн чингэлгийг заралгүй авч үлдэж байсан.

Сүхбаатар нь 2018 оны 11 сарын ихээр надад хандаж та хэрэв зарахгүй бол би 243 номерийн чингэлгийг худалдаж авах санаатай байгаа тул 242 номерын чингэлгийг 239 дугаартай чингэлэгтэй түр сольж хэрэглэе гэж гуйхад нь би цаад санааг нь ойлгоогүй байсан байна. Би тухайн үед бодож байгаад С-н 239 номерийн чингэлэг нь одоо миний үйл ажиллагаа явуулж байгаа 77 номерын павилоны урдаас харж байрладаг учир түрхэндээ болох юм байна гээд би зөвшөөрч түр сольж хэрэглэсэн. Ингээд би эхнэрийн хамт эмчилгээ хийлгэж яваад ирэхэд 243 номерийн чингэлгийг миний 242 номерын чингэлэгтэй нийлүүлсэн байсан тул би чингэлгээ авах талаар хэлэхэд Сүхбаатар би захад төлөх ёстой 242 номерын чингэлгийн өр төлбөрийг төлчихсөн, би захтай газар ашиглах гэрээ хийсэн гээд өгөхгүй байгаа. Би С-тай наймаа хийж чингэлгээ зарсан болон миний өрийг төл гэж захын удирдлагуудад хэлж мэдэгдэж байсан удаа байхгүй. Миний өмчлөлийн 242 дугаарын чингэлэг одоо ч миний нэр дээр бүртгэлтэй байдаг, миний зөвшөөрөлгүй С-т Шинэ алтай зах өгөх эрхгүй, чингэлэг шилжүүлэх гэрээнд харилцан тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. 2019 оны 8 дугаар сарын 21-нд би чингэлгээ авах хүсэлт гаргаснаар маргаан гарсан. Сүхбаатар нь миний өмчлөлийн 242 номерийн чингэлгийг миний зөвшөөрөлгүй эвдэлж, өөр чингэлэгтэй нийлүүлснээр миний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулж байна. Хас банкнаас авсан зээлийн барьцаанд энэ 242 дугаарын чингэлэг бүртгэлтэй байдаг тул С-т зарсан ямарч тохиролцоо гэрээ хэлцэл байхгүй. Миний өмчлөлийн чингэлэг 6.000.000 төгрөгний үнэтэй бөгөөд чингэлгийн 50 хувийг эвдэлж, өрөөсөн талыг нь авч, хаалга нугасаар нь салгаж саарал өнгийн чингэлэг байсныг шар болгож будаж өмчлөх эрхийг минь зөрчиж хохирол учируулсан тул миний өмчлөлийн шинэ алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг иргэн С-н хууль бус эзэмшилээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Ш.Чад холбогдуулан Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Ш.Ч-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн,

хариуцагч Ш.Ч нь нэхэмжлэгч Х.С-т холбогдуулан “Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг түүний хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан /хх-1, 23-24/.

Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ш.Ч нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Шинэ-Алтай” ХХК-ний нэгдсэн зах дээр чингэлэг байрлуулан газар ашигласны төлбөр хураамж төлж бизнес эрхэлдэг болох нь,

өөрсдийн эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулдаг 239, 242 номерийн чингэлгийг сольж үйл ажиллагаа явуулж байсан болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээ /хх-3-5, 48-51/, “Шинэ-Алтай” ХХК-ний тодорхойлолт /хх-44, 47/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Зохигчид 239, 242 номерийн чингэлгийг сольсон гэх үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 239 номерийн чингэлэгийг хариуцагчийн 242 номерийн чингэлэгтэй сольсноор, 242 номерийн чингэлгийн газар ашиглалтын төлбөрийг төлж барагдуулснаар, 242 номерийн чингэлгийг 243 номерийн чингэлэгтэй нийлүүлж дэлгүүрийн зориулалтаар засварлахад Ш.Ч харж байсан бөгөөд ямар нэгэн шаардлага гаргаагүй учир 242 номерийн чингэлгийн өмчлөгч болсон гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Харин хариуцагч Ш.Ч нь түр хугацаагаар сольж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, Х.С-ын эзэмшлийн 239 номерийн чингэлэгийг ашиглаж байгаад одоо буцааж өгөх гэтэл Х.С авахгүй байгаа, 242 номерийн чингэлгийг зараагүй, худалдаагүй бөгөөд Хас банкны Говь-Алтай салбартай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд 242 номерийн чингэлэг бүртгэлтэй тул хууль бусаар эзэмшиж байгаа чингэлгийг чөлөөлүүлнэ гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь зохигчид маргааны зүйл болох 239, 242 номерийн чингэлэгийг өмчилдөг гэх байдал нотлогдон тогтоогдоогүй бөгөөд чингэлэг буюу контейнэр нь хөдлөх эд хөрөнгө байх тул уг хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа этгээд нөгөө талдаа ашиглуулахаар үнэ төлбөргүй шилжүүлж байгаа үйлдэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу сайн дурын үндсэн дээр Х.С өөрийн эзэмшиж ашиглаж байсан 239 номерийн, Ш.Ч өөрийн эзэмшиж, ашиглаж байсан 242 номерийн чингэлгийг харилцан үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн үйл баримтаны талаар зохигчид маргаагүй.

Тухайн хөдлөх хөрөнгийг шилжүүлэн эзэмшиж байгаа этгээд хөдлөх хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.2-т зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд тухайн эд хөрөнгийг хэдийд ч буцаан өгөх эрхтэй ба 239 номерийн чингэлгийг эзэмшиж байсан хариуцагч Ш.Ч нь чингэлгийг буцаах санал гаргасныг нэхэмжлэгч Х.С хүлээж аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2019-04-01-ний өдрийн түрээсийн гэрээг 239, 77 номерийн эзэн гээд Ш.Ч нь “Шинэ Алтай” ХХК-тай /хх-3-4/, 2019-03-21-ний өдрийн түрээсийн гэрээг 242 номерийн эзэн гээд Х.С нь “Шинэ Алтай” ХХК-тай /хх-5-6/ тус тус байгуулсан байх боловч хариуцагч миний гарын үсэг биш, М гэдэг хүн “Шинэ Алтай” захыг төлөөлж надтай гэрээ хийх эрхгүй буюу компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй гэх татгалзсан үндэслэл тайлбараа нотлоогүй, түрээсийн гэрээнд зурсан гарын үсгийг өөрийнх биш гэх татгалзлаа нотлохоор шинжээч томилуулах хүсэлтийг мөн шүүхэд гаргаагүй.

Харин түүний нотлох баримтаар гаргасан 2010, 2014 онд “Шинэ Алтай” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг тус компаний захирал баталсан байх боловч компани буюу түрээслүүлэгч талыг төлөөлөн нягтлан бодогч, байцаагч нар гарын үсэг зурсан гэрээнд хариуцагч Ш.Ч өөрөө гарын үсэг зурсан байна /хх-48-51/.

Түүнчлэн хариуцагчийн нотлох баримтаар гаргасан мөнгө хураасан тооцоо гэх баримтаар 239 номерийн чингэлгийн хураамжийг 2018-11-18, 2018-12-20, 2019-01-20, 2019-02-20, 2019-03-17, 2019-05-19, 2019-06-19, 2019-07-18-нд тус тус хариуцагч Ш.Ч, 242 номерийн чингэлгийн хураамжийг 2019-02-24, 2019-03-17, 2019-04-19-нд Х.С тус тус төлсөн болох нь нотлогдож /хх-53-63/ байх боловч эдгээр баримтаар зохигчид Шинэ Алтай ХХК-нд газар ашигласны төлбөрийг төлсөн байдлыг нотлож байгаа болохоос 239, 242 номерийн чингэлэгийн өмчлөгч эсхүл эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй, мөн худалдсан гэх үйл баримтыг ч нотлохгүй юм.

Тиймээс эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэдэг нь өмчлөгч эсхүл эзэмшигч өөрийн эд хөрөнгөө гэрээний нөгөө талдаа үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг буцааж өгөх үүрэг хүлээж буй талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тул гэрээний зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох хөдлөх эд хөрөнгө тул Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хэрвээ ашиглуулагчийн буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх үүрэгтэй тул шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаах тохиолдолд ашигласан этгээд салгаж болох засан сайжруулалтаа салгаж авах эрхтэй тул талууд эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахдаа хугацааг тохиролцож болно.

Мөн эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-т заасан.

Тиймээс нэхэмжлэгч Х.С нь 242 номерийн чингэлэгийг өмчлөх эрхтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд түүнийг 242 номерийн чингэлэгт үйл ажиллагаа явуулахад хариуцагч Ш.Ч хэрхэн ямар байдлаар саад учруулж байгаа болох нь мөн нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ маргаан бүхий 242 номерийн чингэлгийг өөрийн эзэмшиж, ашиглаж байсан 239 номерийн чингэлэгтэй сольсоноор талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ба хариуцагч Ш.Ч 242 номерийн чингэлгийг худалдаагүй, зараагүй гэх тайлбарыг гаргасан тохиолдолд нэхэмжлэгч дээрх тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргах үүрэгтэй.

Худалдах худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй боловч хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд зохигчдын хооронд 242 номерийн чингэлгийг 239 номерийн чингэлгээр сольсноор худалдах, худалдан авах тохиролцоо амаар хийгдсэн гэх байдлууд хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Ш.Ч нь маргааны зүйл болох 242 номерийн чингэлэгийг өмчилдөг гэх байдал мөн нотлогдохгүй байх бөгөөд тухайн чингэлэг байрлаж байгаа газрыг ашигласны төлбөрийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул түрээсийн гэрээ байгуулсан, төлбөр төлсөн баримтаар тухайн хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан баримтаар Хас банкы Говь-Алтай салбартай иргэн С.О 2018-10-22-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ш.Ч гарын үсэг зурсан байна /хх-64-67/.

Иргэн С.О Хас банкны Говь-Алтай салбартай 2018-10-23-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр хэн нэгэн этгээд оролцоогүй /хх-70-74/, барьцаа хөрөнгийн жагсаалтын 2 дугаар хавсралтад Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, шинэ алтай зах гудамж 242 тоотын павилон гэж бүртгэгдсэн байна /хх-76/.

Түүнчлэн иргэн С.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн өөрт ногдох хэсгээс хангахыг зөвшөөрсөн барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд хариуцагч Ш.Ч гарын үсэг зурсан ба /хх-77/, барьцааны гэрээний 1-р хавсралт буюу амины орон сууц, өмчлөлийн газар гэх хөрөнгийн дараачийн барьцааны гэрээний нөхцөлд мөн Ш.Ч гарын үсэг зурсан /хх-78/ байх боловч барьцааны гэрээний 2-р хавсралтад дурдсан хөрөнгө болох 242 номерийн павилоны гэрээний нөхцөлд хариуцагч гарын үсэг эсэх талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Хариуцагч Ш.Ч нь иргэн С.О-ийг эхнэр буюу нэг гэр бүлийн гишүүн тул 242 номерийн чингэлэг миний хөрөнгө мөн гэх тайлбарыг гаргаж 0225907 дугаартай гэрлэлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг гаргасан боловч энэ баримтаар Ш.Ч, С.О нар эхнэр, нөхөр буюу нэг гэр бүл /хх-97/ болох нь нотлогдож байх боловч нөхөр нь эхнэрээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхтэй гэх хуулийн зохицуулалт байхгүй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заасан бөгөөд итгэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болох бөгөөд тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байхыг хуульчилсан. Тиймээс Хас банкны Говь-Алтай салбартай 2018-10-23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд маргааны зүйл болох 242 номерийн чингэлгийг иргэн С.О барьцаанд тавьсан байх бөгөөд хариуцагч Ш.Ч нь С.О-ийг төлөөлөн шаардлага гаргах эрхтэй болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч гарын үсэг зурсан нь иргэн С.О-тэй нэг гэр бүл байх нь маргааны зүйл болох хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болохыг нотлохгүй бөгөөд зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрсөн илэрхийлэл юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Гагцхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгах нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэж заасан.

Харин төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлох бөгөөд чухам ямар эрх эдэлж, үүрэг хүлээхэд итгэмжлэл олгогдож буйг нарийвчлан заах ба итгэмжлэлд тусгагдаагүй эрх, үүргийг төлөөлөгч хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн үйлдэлд бусдыг төлөөлөх бүрэн эрхгүй гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд хуулийн 111.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан тул хариуцагч маргаан бүхий 242 номерийн чингэлэгийг өмчлөх эрхтэй болох нь тодорхойгүй байна.

Иймд зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн үйл баримтаар хариуцагч Ш.Ч нь маргааны зүйл болох 242 номерийн чингэлгийг өмчлөх, эзэмших эрхтэй болох нь, тухайн хөдлөх хөрөнгийг ашиглаж байгаа этгээдээс шаардах, хохирол шаардах эрхтэй болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул зохигчид нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нотлох, нотлох баримтаа гаргах үүрэгтэй.

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзахгүй гэж хариулснаар хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх үүргийг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад хэргийн оролцогч нар байхгүй гэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад мөн эвлэрэхгүй гэж хариулсанаар шүүх хуралдааны дарааллыг тогтоож, уг дараалалд оруулах санал байгаа эсэхийг асуухад хариуцагч тал мөн саналгүй гэсэн тайлбар хэлснээр хэргийг хэлэлцэж, зохигч, оролцогчид мэтгэлцэж, нотлох баримт шинжлэн судлаж, асуулт хариулт явагдсанаар шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан дарааллын дагуу хэргийн оролцогч нараас хэргийн үйл баримтын талаар нэмж тодруулан асуулт асуух үед хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт  гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзахгүй гэж хариулсан, нотлох баримтыг би өөрөө уншиж судлаж асуултаа асуумаар байхад хэргээ өгөхгүй, мэтгэлцэх боломжоор хангахгүй байна, шүүх хуралдааны дэгийг сахиулахдаа өмгөөлөгч надтай удаа дараа ёс зүйгүй харьцаж байгаа тул хэргийг үнэн зөв шударгаар шийднэ гэдэгт эргэлзээ төрж байна гэж хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг заасан.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдааны дарааллыг тогтооход бичгийн нотлох баримтыг хэрхэн шинжлэн судлуулах хүсэлттэй талаар буюу нотлох баримт шинжлэн судлах дарааллын талаар санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанээр хэргийг хэлэлцэж, хуралдаан завсарлахаас өмнө шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүн таслах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзнэ.

Тиймээс шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад буюу хэргийг агуулгаар нь хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзахгүй гэж хариулсан бөгөөд энэ үед татгалзах хүсэлт гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д зааснаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 112-д зааснаар хэргийн оролцогчоос шүүх хуралдаанд даргалагч асуулт асуух явцад гаргасан татгалзлыг хуульд заасан дэг журмыг зөрчин мөн хуулийн 92-р зүйлд заасан үндэслэлд хамааруулан шийдвэрлэх боломжгүй буюу шүүгчийг татгалзах хэргийн оролцогчийн хүсэлт гаргах үе шат өнгөрснөөр хэргийн оролцогч дуртай үедээ эсхүл шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гарвал шүүх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх журамтай.

Мөн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломж, нөхцлийг урьдчилан тогтоосон бөгөөд харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч буюу хариуцагчийн өмгөөлөгч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүгчээс татгалзсан хүсэлт гаргасныг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 133.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Ч-д холбогдуулан гаргасан Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.С-ын үндсэн нэхэмжлэлийг,

“Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг Х.С-ын хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ш.Ч-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.-Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ш.Ч-аас төлсөн 133.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ