Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

2023.03.24                                    2023/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0246

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Ж.Эрдэнэбаатар /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т т холбогдох эрүүгийн 2139003570180  дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Е110*41'21.7, N48*5244,5 солбицлын цэг буюу “Янгиа ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн 51-97 УБИ улсын дугаартай “К1А ВонгоЗ” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578.246,4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Е110*41'21.7, N48*5244,5 солбицлын цэг буюу “Янгиа ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн 51-97 УБИ улсын дугаартай “К1А Вонго-З” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578.246,4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2139003570180 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 15-20-р хуудас),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 15-29-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 21-26, 35-40-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт  хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  (1-р хх-ийн 42-47-р хуудас),

Хохирогч Н.Б  ийн (1-р хх-ийн 55-56, 60-61-р хуудас, 3-р хх-ийн 33-34-р хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б ын (3-р хх-ийн 38-р хуудас), гэрч Г.Нармандахын (1-р хх-ийн 69-70-р хуудас), гэрч Ч.Оюунбатын (1-р хх-ийн 73-р хуудас), гэрч Б.Ононгуагийн (1-р хх-ийн 81-82-р хуудас), гэрч Ө.Гэрэлт-Одын (1-р хх-ийн 86-р хуудас), шинжээч Э.Сайханжаргалын (3-р хх-ийн 43-44-р хуудас), гэрч Р.Гончигсүрэнгийн (3-р хх-ийн 48-р хуудас), шинжээч Б.Доржпүрэвийн (1-р хх-ийн 227-228-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Өмнөдэлгэр сум дахь Хэнтий шинэс сум дундын ойн ангийн инженер Б.Доржпүрэвийн  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай:

“...экологи эдийн засгийн үнэлгээ 4м3 х82312х1.8= 578246.4  төгрөг...” дүгнэлт (1-р хх-ийн 218-219-р хуудас),

Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2022/ШД172 дугаартай дүгнэлт:

“...51-97 УБИ улсын дугаартай Kai Bongo-3 маркийн тээврийн хэрэгслэл 13.200.000 төгрөг, сүх 30.000 төгрөг, метр 7000 төгрөг, , цахилгаан хөрөө зэрэг 140.000 төгрөг  нийт 13,440,000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (1-р хх-ийн 31-33-р хуудас),

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 118-р хуудас),

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 25, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус Биндэр сумын Байгаль хамгаалах санд нийт 3,640,788 төгрөгийг “ модны нөхөн төлбөр”гэх утгатай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 131-р хуудас),

Мод бэлтгэх эрхийн бичиг (1-р хх-ийн 124-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол  багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Бэлэн малын тодорхойлолт (1-р хх-ийн 108, 110-112-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2139003570180 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т ийн үйлдлийн улмаас хичнээн тооны мод огтлогдож, байгаль экологид хохирол учирсан, байгаль экологид нөхөн сэргээлт хийгдэх боломжтой вэ гэдгийг тогтоох боломжгүй байгаа тул Б.Т т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй зөрчлийн шинжтэй тул түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...гэв.

Шүүгдэгч Б.Т ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу Янгиа ам гэх газраас мод бэлтгэсэн. Би ганц ч мод огтолсон зүйл байхгүй бүгд унасан мод байсан...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Е110*41'21.7, N48*5244,5 солбицлын цэг буюу “Янгиа ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн 51-97 УБИ улсын дугаартай “КIА ВоngoЗ” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578,246 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 15-20-р хуудас),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 15-29-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 21-26, 35-40-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт  хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  (1-р хх-ийн 42-47-р хуудас),

Шүүгдэгч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Би 2021 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Янгиа ам гэх газарт нутаглаж байсан юм. Тухайн үедээ би уг Янгиа ам гэх газарт байх өөрийн өвөлжөөнийхөө хашааны дээврийн хэсэгт цаснаас хамгаалж, хучлага маягаар шургааг мод бэлтгэж тавихаар болсон. Тэгээд эх******* бид хоёр эх*******ийн төрсөн эгчийнх нь нөхөр болох Гэрэлт-Од ах руу утсаар яриад Янгиа ам гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Гэрэлт-Од ах за гээд сумын ойн анги дээр очиж уулзахад Янгиа ам гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл өгөх боломжгүй, харин Рашаант гэх газраас мод бэлтгэж болно гэсэн байсан. Тэгээд Гэрэлт-Од ах энэ талаар эх******* бид хоёрт хэлэхээр нь эх******* бид хоёр Гэрэлт-Од ахад хандан тэгвэл Рашаант гэх газраас мод бэлтгэнэ гээд мод бэлтгэх эрхийн бичгээ авчих гэж хэлсэн. Тэгээд Гэрэлт-Од ах Рашаант гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд мод бэлтгэнэ гээд сумын ойн ангиас 22-000518 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг аваад уг эрхийн бичгээ эх******* бид хоёр руу замын унаагаар явуулсан. Тэгээд би уг эрхийн бичгийг нь хүлээж аваад уг Рашаант гэх газар руу нь модоо бэлтгэх гээд явах гэхэд тухайн үед цас ороод газар шавар, шалбааг ихтэй болчихсон дээр нь Рашаант гэх газар манайхаас бага зэрэг зайтай байсан. Тэгэхээр нь би ойрхоноос буюу Янгиа ам гэх газраасаа модоо бэлтгэчихье гээд мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Янгиа ам гэх газраас мод бэлтгэчихсэн юм. Тухайн үед би цагаан өнгийн 51-97 УБИ улсын дугаартай, бонго 3 маркийн автомашинтайгаа Янгиа ам гэх газраас ганцаараа мод бэлтгэсэн. Би уг Янгиа ам газраас шинээр 21 ширхэг хуурай шинэс модыг хөрөөдөж бэлтгэсэн ба бусад моднуудыг нь унасан моднуудыг түүж бэлтгэсэн бөгөөд би нийтдээ уг газраас 114 тооны шургааг модыг хууль бусаар бэлтгэсэн. Би зөвшөөрөлд заасан газраас өөр газарт мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна...Зөвшөөрөлд заасан газарт мод ховор байдаг юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Б  ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2020 оны 12 дугаар сараас эхлэн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Ингээд тус сумын 3 дугаар багийн нутагт түр оршин суух хаягтай Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын дундуур тус багийн нутаг “Янгиа ам” гэх газраас хууль бусаар малын саравч барих зориулалтаар 110 ширхэг буюу 4 метр куб нарийн шургааг мод бэлтгэж тус газраа өвөлжөө барьсан байсан. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын экологийн байцаагчийн хамтаар Б.Т ийн өвөлжөө барьсан газарт нь очиж газар дээр нь модыг нь тоолж фото зургаар баримтжуулсан. Тус иргэний хууль бусаар мод бэлтгэсэн гэх үндэслэл нь тус багийн “Рашаант” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан боловч “Янгиан ам” гэх газраас мод бэлтгэсэн байсан. Ингээд хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэг бүртгэлтийн 213900357 хэрэгт сумын засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/20 дугаар захирамжаар Биндэр сумыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна...Тус сумын ойн санд учирсан хохирлыг төлсөн тохиолдолд гомдол саналгүй талаараа албан ёсны бичгээр гаргаж өгнө... Би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Т гэх хүнийг нийтдээ 110 ширхэг шургааг мод бэлтгэсэн гэж тоог нь андуурч буруу хэлж ярьсан байна лээ, уг нь Т гэх хүн нийтдээ 114 ширхэг шургааг мод бэлтгэсэн байсан. Т гэх хүн энэ бэлтгэсэн 114 ширхэг шургааг модоо яаж бэлтгэсэн байсан бэ гэхээр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Янгиа ам гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нийтдээ 28 тооны шинэ босоо модыг хөрөөдөж унагаан, уг моднуудаа дахин хөрөөдөж бэлтгэн нийтдээ 114 ширхэг шургааг мод болгосон байсан, уг моднууд нь бүгд шинэ хөрөөдөж унагаасан моднууд байсан. Миний хувьд би энэ Т гэх хүний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн модны хэргийн газрын үзлэгт цагдаагийн алба хаагчийн хажууд нь байж оролцсон гэхдээ би уг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд өөрийгөө оролцогч гэж тусгуулаагүй учир оролцогчоор оролцсон гэж гарын үсэг энэ тэрээ зураагүй юм...Би тухайн үед хэргийн газарт очихдоо тэмдэглэл хийж мөн гар утсан дээрээ зургууд авч байсан боловч утсаа хаяад олж чадахгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 55-56, 60-61-р хуудас, 3-р хх-ийн 33-34-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би өөрийн ******* дээр байдаг Бонго-3 маркийн 51-97 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сард Улаанбаатар хот Да хүрээ захаас 15 сая төгрөгөөр худалдаж авч өөрийн ******* дээр шилжүүлж авч байсан. Тэгээд өөрийнхөө хэрэгцээнд унаж байгаад авснаасаа хэд хоногийн дараа хойд аав болох Т нь надад машин тэрэгний хэрэгцээ байна гэхээр нь машинаа өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс хойш хэдэн сарын дараа энэ хэрэг болсон талаар сонссон тэгээд хэрэг болсны дараа Хэнтий аймгийн Цагдаагийн газраас ярьж байна гээд нэг хүн холбогдоод “Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна тэгэхдээ мэдүүлэг зөрж болохгүй болохоор миний машин биш Т ийн эзэмшлийн гэсэн байдлаар надаар мэдүүлэг өгүүлсэн”. Тэгээд сүүлд хүнээс хуулийн зөвлөгөө авахад би тухайн үед мэдүүлэг өгөхдөө гэр бүлийн хамаарал бүхий хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох байсан байна лээ. Тэр үед надаас мэдүүлэг авсан алба хаагч надад энэ хууль эрх зүйл талаар сайн тайлбарлаж өгсөн бол би тэр үед мэдүүлэг өгөхгүй байж болох байсан юм аа. Мөн хуулийн зөвлөгөө авсан хүн маань надад ийм хэрэг хийхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бусад зүйлийг битүүмжлэн улсын орлого болгодог талаар хэлж байсан учраас би өмнөх шүүх хуралд оролцож болсон асуудлын талаар үнэн зөв ярьж өөрийн тээврийн хэрэгслийг улсын өмч болгохгүйгээр нэхэмжилж байгаа талаараа хэлсэн. Одоо тэгээд би Хэнтий аймгийн Биндэр сумын журмын хашаанд байгаа энэ тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 38-р хуудас),

Гэрч Г.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед Янгиа ам гэх газарт сумын иргэдэд талбай тусгаарлалт хийгээгүй Харин иргэд хүсэлтээ гарагвал дүгнэлт гаргаж эрхийн бичиг олгоно... Тухайн үед Гэрэлт-Од гэх хүн надад Янгиа ам гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж хэлээгүй хөтөлч гэх газраас авна гэж хэлсэн. Би Хөтөлч гэх газарт манайх Онон балжийн тусгай хамгаалтын газар тул мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй гэдгийг ойлгуулж хэлсэн Гэрэлт-Од тухайн үед Т тай утсаар яриад Рашаант гэх газраас авахаар болоод тухайн эрхийн бичгийг олгосон юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-70-р хуудас),

Гэрч Ч.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хэнтий Биндэр сумын 3-р баг буюу Баянгол багийн нутаг дэвсгэр хариуцсан байгал хамгаалагч юм. Би Б.Т гэх хүнийг танина манай 3-р багт шинээр нүүж ирсэн айл тэрнээс бол төрөл садангийн холбоо хамаарал байхгүй... Би мэдээгүй 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Биндэр-Ой” СДОА-ийн Инженер Э.Сайханжаргал, мөн экологийн асуудал хариуцсан мөрдөгч, нарын хамт очиж тухайн болсон асуудлын талаар мэдсэн...Би ажилд ороод удаагүй байгаа болохоор анх удаа буюу өнөөдөр очиж үзэж байна..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 73-р хуудас),

Гэрч Б.Ононгуагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөдөө гэр маань Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг “Янгиа ам” гэх газарт шинэ өвөлжөөний газар авч тус газартаа малын саравч барих зорилгоор Биндэр сумын ойн ангиас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний хооронд тус 3 дугаар багийн “Рашаант” гэх газраас ойн цэрэвлэгээний ажлаар мод бэлтгэх 22-000518 дугаартай эрхийн бичгийг мөнгөө тушааж авсан. Ингээд эрхийн бичигт заасан “Рашаант” гэх газраас ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх гэсэн боловч газар нь холдоод байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авах үедээ ойн ангиас “Янгиа ам” гэх газарт цэвэрлэгээний ажлаар 8 метр куб мод бэлтгэж болох эсэх талаар асуухад ойн анги дээрх газарт дүгнэлт хийж байж мод бэлтгэх эрхийн бичиг өгнө. Одоо шууд эрхийн бичиг өгөх боломжгүй. Мөн иргэдэд 5 метр кубээс илүүг өгөхгүй байгаа гэж тайлбар өгсөн. Түүнээс хойш нөхөр Т дээрх 22-000518 дугаартай эрхийн бичгийг заагдсан хугацаанд нь гэрийн ойролцоо “Янгиа ам” газраас хуурай шинэс модыг бэлтгээд уулнаас нь 51-97 УБИ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн саравч барих өвөлжөөн дээрээ буулгасан байсан...Тухайн 51-97 УБИ улсын дугаартай КIА Воngо-3 тээврийн хэрэгслийг 2020 онд Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Машин худалдан авахдаа өөрийн төрсөн дүү Б.Б  гэх хүний ******* дээр байсан. Гэхдээ тухайн машиныг өөрсдийн мөнгөөр авч байсан одоогоор ******* шилжүүлэг хийгээгүй байна... Манай нөхөр “Янгиа ам” гэх газар мод бэлтгэхэдээ ганцаараа бэлтгэсэн. Мөн модоо тээвэрлэж ирэхдээ ганцаараа явсан тэр бэлдсэн мод нь хүнтэй явж бэлдхээр  нарийхан хөнгөн мод байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 81-82-р хуудас),

Гэрч Ө.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна, Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байх гэртээ байж байсан юм. Энэ үеэр манай эх*******ийн төрсөн дүү болох Ононгуа, түүний нөхөр болох Т хоёр над руу утсаар яриад сумын ойн анги дээр очоод Янгиа ам гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд сумын ойн анги дээр очоод уг Янгиа ам гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэхэд сумын ойн ангиас уг газарт мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй, харин Рашаант гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар Ононгуа, Т хоёрт хэлэхэд тэр хоёр Рашаант гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгээ авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын ойн ангиас Рашаант гэх газраас мод бэлтгэнэ гээд мод бэлтгэх эрхийг бичиг аваад уг авсан мод бэлтгэх эрхийн бичгээ замын унаагаар Ононгуа, Т хоёр руу явуулсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон,..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-р хуудас),

Шинжээч Э.Сайханжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тус хэрэгтэй холбоотойгоор мөрдөгч надад шинжээч томилсний дагуу миний бие ажил үүргийн дагуу Хэнтий аймгийн экологийн байцаагч Гончигсүрэн. байгаль хамгаалагч Оюунбат нарын хамтаар Т ын мод бэлтгэсэн гэх Хэнтий аймгийн Биндэр сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол баг Янгиа ам гэх газарт очиж үзлэг шалгалт хийхэд Т нь 4,6 метрийн урттай. нарийн үзүүрийн диаметр нь 8-12 см-ийн хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий модыг ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан. Тухайн мод бэлтгэсэн гэх Янгиа ам гэх газрыг Т аар заалгаж үзлэг хийхэд нийтдээ 114 ширхэг хэрэглээний мод болгож бэлтгэсэн байсан...солиболцлын цэгүүдийг тухайн янгиа ам гэдэг газар нь биндэр сумын ашиглалтын бүсийн ой юу хамгаалалтын бүсийн ой юу гэдгийг тогтоох зорилгоор тухайн мод бэлтгэсэн талбайн хүрээгээр авч байсан. Тэгээд энэ бүс нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2013.11.13-ны өдрийн 325 дугаар тушаалын хавсралтад заагдсаны дагуу Хэнтий аймгийн ашиглалтын бүсийн ой буюу 3 дугаар мужинд хамаарч байсан ба миний бие гаргасан дүгнэлтэн дээрээ ч энэ талаар дэлгэрэнгүй тусгасан байгаа. Мөн 2023 он 02 дугаар сарын 12-ны өдрийн Янгиа ам гэх газарт мөрдөгч болон экологийн байцаагч нарын хамт нөхөн үзлэг хийхэд миний бие оролцсон ба Т ийн 114 ширхэг 4м3 мод бэлтгэсэн гэх газарт очиж үзлэг хийхэд цаг агаарын байдал цас ихтэй байсан тул Т ийн босоо мод унагасан гэх модны хожуулууд цасанд дарагдсан олж хэмжилт хийх боломжгүй байсан. Хэргийн газарт очсон бүрэлдэхүүн тэр хавин газарт цас ухаж 5 ширхэг унагаасан байх боломжтой босоо модны хожуулын олж диаметрыг хэмжиж үзэхэд 1 дүгээр модны хожуул нь 14 см-ийн диаметртэй, 2 дахь нь 12 см, 3 дахь нь 10 см, 4 дэх нь 12 см, 5 дахь нь 9 см-ийн диаметертэй хожуулууд байсныг хэмжиж гэрэл зургаар баримтжуулан авсан. Түүний дараа үзлэгийг цааш үргэлжпүүлэн Т ын бэлтгэсэн модоор малын саравч барьсан гэх газарт очиж хэмжилт хийхэд тухайн 5 ширхэг огтолж унагасан модны диаметр нь огтолж авсан модны диаметртэй зургаар баталгаажуулсан байгаа. Дээрх 114 ширхэг модноос хэдийг нь тайрч хэдийг нь түүсэн эсэхийг тогтоох боломжгүй болохыг миний бие өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтэнд тусгаж гаргасан байгаа...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн А/176 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан бэлтгэсэн мод модон материалын ашиглалтын гарцын дагуу экологий эдийн засгийн нийт үнэлгээг тооцож тогтоосон. Үүний дагуу Т ын бэлтгэсэн 4м3 модоор дээрх үнэлгээг үржүүлж, мод модон материалын ашиглалтын гарцын дагуух итгэлцүүр болох 1,8-р үржүүлж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 43-44-р хуудас),

Гэрч Р.Гончигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Биндэр сумын сум дундын цагдаагийн тасгийн экологийн байцаагчийн ажпыг хийдэг. Тухайн Т т холбогдох хэрэгт миний бие мөрдөн шалгах ажиллагааг явуулж гомдол мэдээлэл хүлээн авч хэрийн газрын үзлэг хийсэн. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай тасгийн алба хаагчид чиглэл чиглэлдээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд дэд ахлагч Г.Энхжаргал нь тухайн  хэргийг илрүүлэн надад мэдэгдэж би тэр нь Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ойрхон хэрэг шалгаж явж байсан учраас шууд Энхжаргалын зөрчил илрүүлсэн гэх газарт очиж хэргийн газрын үзлэгийг эхлүүлж хийсэн. Тэгээд би тухайн үедээ гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл дээрээ цагаа 10 цаг 00 минут гэж бичих байсныг андуураад 14 цаг 00 минут гэж тэмдэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 48-р хуудас),

Шинжээч Б.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээрх хэргийн хувьд бол тухайн мод нь нэгт зөвшөөрөлгүй бэлтгэсэн. Хоёрт тухайн 4 метр куб модны хэдийг нь түүж бэлтгэсэн хэдийг нь огтолж бэлтгэсэн нь тогтоогдох боломжгүй байх тул ойн нөхөн сэргээлтийн зардлыг тогтоох боломжгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 227-228-р хуудас),

Өмнөдэлгэр сум дахь Хэнтий шинэс сум дундын ойн ангийн инженер Б.Доржпүрэвийн  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай:

“...экологи эдийн засгийн үнэлгээ 4м3 х82312х1.8= 578246.4  төгрөг...” дүгнэлт (1-р хх-ийн 218-219-р хуудас),

Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2022/ШД172 дугаартай дүгнэлт:

“...51-97 УБИ улсын дугаартай Kai Bongo-3 маркийн тээврийн хэрэгслэл 13.200.000 төгрөг, сүх 30.000 төгрөг, метр 7000 төгрөг, , цахилгаан хөрөө зэрэг 140.000 төгрөг  нийт 13,440,000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (1-р хх-ийн 31-33-р хуудас),

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 118-р хуудас),

Мод бэлтгэх эрхийн бичиг (1-р хх-ийн 124-р хуудас),

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 25, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус Биндэр сумын Байгаль хамгаалах санд нийт 3,640,788 төгрөгийг “ модны нөхөн төлбөр”гэх утгатай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 131-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр ******* төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгодог. Шүүгдэгч Б.Т нь мод бэлтгэх эрхийн бичиг (1-р хх-ийн 124-р хуудас)-ээр Хэнтий аймгийн Биндэр сумын Рашаант гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан атлаа эрхийн бичигт зааснаас өөр газарт буюу Хэнтий аймгийн Биндэр сумын Янгиа ам гэх газраас мод бэлтгэсэн байгаа нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Иймд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Ж.Эрдэнэбаатар нарын  шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Т ийн үйлдлийн улмаас хичнээн тооны мод огтлогдож, байгаль экологид хохирол учирсан, байгаль экологид нөхөн сэргээлт хийгдэх боломжтой вэ гэдгийг тогтоох боломжгүй байгаа, Б.Т ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй зөрчлийн шинжтэй тул түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Биндэр сумын Рашаант гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан атлаа эрхийн бичигт зааснаас өөр газарт буюу Хэнтий аймгийн Биндэр сумын Янгиа ам гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэн, хашааны дээвэрт хэрэглсэн байгаа нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Б.Т т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Т  нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 578,246 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 25, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус Биндэр сумын Байгаль хамгаалах санд нийт 3,640,788 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 131-р хуудас)-аар тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж зааснаас үзвэл, нөхөн төлбөрийг улсын байцаагч оногдуулах бөгөөд улсын байцаагчийн актыг үндэслэн шүүх гаргуулж болно. Гэтэл шүүгдэгч Б.Т ийн байгаль орчинд учруулсан хохиролд улсын байцаагч нөхөн төлбөр тавьсан эсэх нь тодорхойгүй, баримт авагдаагүй байна. Иймд шүүгдэгчээс шууд учруулсан хохирол 578,246 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба  шүүгдэгч нь 3,640,788 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т ийн экологи эдийн засагт учруулсан шууд хохирол 578,246 төгрөгийн хохирлоос түүний илүү төлсөн 3,062,542 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж шүүгдэгч Б.Т т буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 108-р хуудас)-аар тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эх******* 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө орлогыг харгалзан үзэж торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2139003570180 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 13,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий Bongo-3 маркийн 51-97 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Б  гэх хүний ******* дээр байх тул тээврийн хэрэгслийн үнэ 13,200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Т аас гаргуулж улсын орлогод оруулах, Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг “Янгиа ам” гэх газарт байрлах шүүгдэгч Б.Т ийн өвөлжөөнд битүүмжлэгдсэн 4.6 м урттай, 8 см диаметртэй, 114 ширхэг 3 шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүх, 1 ширхэг метр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөө зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эд хөрөнгө битүүмжлэх 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 26, 27 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Т т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга ) төгрөгөөр торгох ялыг 5  (тав) сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2139003570180 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Bongo-3 маркийн 51-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 13.200.000 (арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод, Хэнтий аймгийн Биндэр сумын 3  дугаар баг “Янгиа ам” гэх газарт байрлах шүүгдэгч Б.Т ийн өвөлжөөнд битүүмжлэгдсэн 4м3 урттай, 8 см диаметртэй, 114 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эд хөрөнгө битүүмжлэх 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 26, 27 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийн Хэнтий аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалах төрийн сангийн 100181055408 тоот дансанд экологи эдийн засгийн хохиролд нөхөн төлсөн 3,640,788 төгрөгөөс илүү төлсөн 3,062,542 (гурван сая жаран хоёр мянга таван зуун далан найм) төгрөгийг улсын төсвөөс гаргуулж шүүгдэгч Б.Т т буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн 2238000000076 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №02715084 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.Б ад буцаан олгож, 30,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг сүх, 7,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг метр, 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР