Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1226

 

 

 

 

 

 

    2019          12             12                                        1226

 

        Ш.Бд холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ням-Очир, 

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1966 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ш.Бд холбогдох 1702002450216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ш.Б, 1979 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй, “Цагаан чоно” ХХК-нд борлуулалтын маркетинг хариуцсан зөвлөх, “Монгол логистик” тээвэр зууч ХХК-нд захирлын зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 133/2 байрны 111 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10-3-804 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НИ79022818/;

Шүүгдэгч Ш.Б нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгоход дагаж мөрдөхөөр заасан хууль, журам, зааврыг зөрчиж “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшлийн давхардсан тоогоор нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж буюу хууль бусаар бүртгүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Ш.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтууд, прокурорын яллах дүгнэлтийн агуулгаас үзвэл шүүгдэгч Ш.Б нь нэр бүхий 3 компанийн тус бүр хэдэн тээврийн хэрэгсэл болох, 1160 тээврийн хэрэгсэл байсан болох нь бодитой эсэх, тээврийн хэрэгслийн чиргүүлд тухайн зөвшөөрөл олгогддог эсэх, 1160 тээврийн хэрэгслүүдийн зохих журмын дагуу хэд нь ажлын хэсгийн хурлаар ороод зөвшөөрөл олгогдсон нь хэд, олгогдоогүй нь хэд болох, тэрээр ямар хууль, дүрэм, журмын заалтыг хэрхэн зөрчсөн, тэдгээр тооны тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр гаргаж давуу байдал бий болгосон нь лавтай эсэх зэрэг зайлшгүй тогтоовол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тодруулаагүй байна.

Хэрэгт нэр бүхий этгээдүүдийг гэрчээр байцааж, 1 дүгээр хавтас хэргийн 26-49 дүгээр хуудсанд гүйцэтгэх ажлын шугамаар ЕRР системд үзлэг хийсэн тэмдэглэлд 1160 тээврийн хэрэгсэл бүртгэсэн гэх боловч энэ нь давхардсан байхаас гадна чиргүүлтэй эсэх нь тодорхойгүй мэдээлэл авагдаж, энэ байдал нь гэрч Э.Цолмонгийн мэдүүлэгтэй зөрүүтэйгээс гадна тухайн тээврийн хэрэгслүүд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн дагуу ачаа тээвэрлэн Монгол Улсын хилээс гарсан байдал тодорхойгүй байна.

Улсын яллагчаас Ш.Быг Авто тээврийн үндэсний төвд дэд даргаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгоход дагаж мөрдөхөөр заасан хууль, журам, зааврыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь тухайн байгууллагын нэгдсэн программын “ЕRР” системд бүртгэснээр гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “...бусдад давуу байдал бий болгосон...” гэдгийг тодруулахын тулд Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасанчилан шүүгдэгчээс бусдад эдийн болон эдийн бус ямар давуу байдлыг бий болгосон болохыг, тэрхүү хуулийн этгээдүүд давуу байдлыг хэрхэн ашигласан нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор тус гэмт хэргийн шинж бүрэн тодорхойлогдох учиртай.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иуд нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар статустай болох, хоорондоо ямар холбоо бүхий компаниуд болох эсэх нь тодорхойгүй байх тул тэдгээрийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг сайтар тодруулж зохих ажиллагааг гүйцэтгүүлэх шаардлагатай байна.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 Прокурор Н.Ням-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Б нь Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байхдаа 1160 тээврийн хэрэгслийг өөрийн эрхээр тус төвийн “ЕRР” цахим мэдээллийн санд хэрхэн бүртгэсэн эсэхийг дахин тодруулахаар прокурорын даалгаврын дагуу ажиллагаа хийгдсэн. Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн мэдээллээр Ш.Б нь өөрийн эрхээр 1160 тээврийн хэрэгслийн мэдээллийг өөрийн эрхээр цахим мэдээллийн сангаас мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс тодорхой өдрийн давтамжтайгаар устгасан болох нь 2 дугаар хавтас хэргийн 216 дугаар хуудаснаас 218 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаг. Иймд Ш.Б нь давхардсан тоогоор нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр Авто тээврийн үндэсний төвийн “ЕRР” цахим мэдээллийн системд бүртгэж буюу бусдаар бүртгүүлж бусдад давуу байдал бий болгосон болох нь тогтоогдож байна гэж үзсэн.

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Цолмонгийн мэдүүлгээр тус төвийн дарга Ш.Бы нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Ш.Б тус төвд хэрэгжиж байсан бичиг хэрэг хүлээн авах шийдвэрлэж байсан бүх нөхцөл байдлыг зөрчин буюу давуу байдал олгосон гэх компаниудаас тээврийн хэрэгслийн мэдээллүүдийг шууд өөрөө аваад цахим мэдээллийн санд бүртгүүлж байсан. Бүртгэл хийгдэж байгаа тээврийн хэрэгслүүд нь зохих хууль журамд заасан бүрдүүлэх материал, зохих шаардлагыг хангаагүй байхад бүртгэж байсан болох нь тогтоогддог, мөн зарим аж ахуйн нэгж нь зохих ажлын хэсгийн хурлаар орсон боловч шаардлага хангаагүй байсан талаар 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудаснаас 66 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээр тодорхой харагддаг.

Зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүд нь Улсын хилээр гарч давуу байдал бий болсон эсэхийг тогтоох хэрэгтэй гэх бөгөөд дээрх тээврийн хэрэгслүүд нь Улсын хилээр хэзээ, хэрхэн гарсан болох нь 2 дугаар хавтас хэргийн 114 дүгээр хуудаснаас 214 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар тээврийн хэрэгслүүд нь улсын дугаараар хилээр гарч, орсон талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “...бусдад давуу байдал бий болгосон... ” гэдгийг тодруулахын тулд Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасанчилан шүүгдэгчээс бусдад эдийн болон эдийн бус ямар давуу байдлыг бий болгосон болохыг тэрхүү хуулийн этгээдүүд давуу байдлыг хэрхэн ашигласан нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор ойлгоно гэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг бол авлигын гэмт хэргийг тогтоож өгсөн бүлэг байдаг. Субъект нь нийтийн албан тушаалтан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуульд зааж өгсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зөвшөөрөл авсан компаниуд нь авсан зөвшөөрлийн дагуу улсын хилээр гарч ачаа тээвэрлэлт хийсэн байгаа нь тухайн компанид давуу байдал бий болсон гэж үзэх боломжтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1966 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасньг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай. Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.

Шүүгчийн захирамжид дурдсан “...шүүгдэгч Ш.Б нь нэр бүхий 3 компанийн тус бүр хэдэн тээврийн хэрэгсэл болох, 1160 тээврийн хэрэгсэл байсан болох нь бодитой эсэх, тээврийн хэрэгслийн чиргүүлд тухайн зөвшөөрөл олгогддог эсэх, 1160 тээврийн хэрэгслүүдийн зохих журмын дагуу хэд нь ажлын хэсгийн хурлаар ороод зөвшөөрөл олгогдсон нь хэд, олгогдоогүй нь хэд болох, тэрээр ямар хууль, дүрэм, журмын заалтыг хэрхэн зөрчсөн, тэдгээр тооны тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр гаргаж давуу байдал бий болгосон нь лавтай эсэх зэрэг зайлшгүй тогтоовол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тодруулаагүй байна.

Хэрэгт нэр бүхий этгээдүүдийг гэрчээр байцааж, 1 дүгээр хавтас хэргийн 26-49 дүгээр хуудсанд гүйцэтгэх ажлын шугамаар ЕRР системд үзлэг хийсэн тэмдэглэлд 1160 тээврийн хэрэгсэл бүртгэсэн гэх боловч энэ нь давхардсан байхаас гадна чиргүүлтэй эсэх нь тодорхойгүй мэдээлэл авагдаж, энэ байдал нь гэрч Э.Цолмонгийн мэдүүлэгтэй зөрүүтэйгээс гадна тухайн тээврийн хэрэгслүүд Олон Улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн дагуу ачаа тээвэрлэн Монгол Улсын хилээс гарсан байдал тодорхойгүй байна...” гэх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, гүйцэт хийж ирүүлэх нь зүйтэй.

Харин “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иуд нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар статустай болох, хоорондоо ямар холбоо бүхий компаниуд болох эсэх нь тодорхойгүй байх тул тэдгээрийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдийг шалгасны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1966 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ням-Очирын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ