Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0419

 

“М б о т х х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/66 дугаар захирамжаар иргэн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Хариуцагчийн М.Ө

Гуравдагч этгээд Ц.Ө, Ц.Ц, гуравдагч этгээд Ж.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд Р.Э-ын өмгөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 123/2020/0039/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М б о т х х” НҮТББ-аас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/66 дугаар захирамжаар иргэн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М б о т х х” НҮТББ-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/66 дугаар захирамжаар иргэн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийн буюу гуравдагч этгээдээр Ц.Ө, Ц.Ц, Р.Э, Н.Ч, Э.М, А.Д, Ж.М, Ж.М, Л.О, Л.Д, С.С нарт холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 (зургаа) сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар :Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгасугай. Үүнд:

2.1. Гуравдагч этгээдээр иргэн Ц.Ө, Ц.Ц, Р.Э, Н.Ч, Э.М, А.Д, Ж.М, Ж.М, Л.О, Л.Д, С.С нарын өмнөх өмчилсөн газрын хэмжээ, нөхцөл байдлыг дордуулахгүйгээр газар зохион байгуулалт хийж өмчлөх эрхийг сэргээж, өмчлүүлэх холбогдох мэдээллийг газрын мэдээллийн санд бүртгэх” гэж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...Нэхэмжлэгчээ Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны А/66 дугаар захирамжийн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2024 оны А/240 дугаар захирамж, 2014 оны А/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны А/847 дугаар захирамж, 2016 оны А/848 дугаар захирамж, 2016 ны А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Батсүмбэр сумын Баянгол Түшээ гүний Кино ам хэмээх ойн сан бүхий газарт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр 2011 онд А/66, 2014 оны А/404, 2014 онд А/240, 2016 онд А/847, А/848, А/849 дугаар захирамжуудаар 11 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр олгосон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”, 3-д “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно...”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” газар өмчлүүлнэ гэж тус тус заасан байхад хуулийг зөрчин ойн сан бүхий газарт дээр дурдсан захирамжуудаар 11 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гаар өмчлүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж заасан байхад тус хуулийг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газрыг олгосон болно.

            Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан маргаан бүхий актуудыг шинэ акт гартал хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд огт маргадаггүй болно. Шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газрууд нь ойн болон усны сан бүхий газартай давхцалтай болох нь хангалттай нотлогдож байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д гуравдагч этгээд нарыг буруутгах үндэслэлгүй тухай дурдсан боловч энэ нь нэгэнт хууль бус захиргааны акт буюу хууль бусаар үүссэн өмчлөх эрх тул уг эрхийг хамгаалах боломжгүй юм.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.6-д Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасныг баримтлан “... Тодруулбал, хариуцагч байгууллага нь асуудлыг шийдвэрлэх хугацаа өнгөрсөн бол аливаа актыг буруутгах бус хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай болохоор байна” гэсэн нь буруу. Шүүхээс уг маргаан бүхий актыг хүчингүй болгоход Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан хугацаа хамаарахгүй юм.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7, 3.8, 3.9, 3.12 дахь хэсгүүдэд хариуцагч өөрөө нягтлах, “... гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэх шийдвэр гарч байсан тухайн үед тэдэнд өмчлүүлж байсан газрын хэмжээ нөхцөл байдлыг алдагдуулахгүй байдлаар шийдвэрлэх шаардлагатай”, “... газар өмчлөх эрхийг цогц байдлаар шийдвэрлэхдээ...”, “... тухайн газруудад 11 иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлснээс гаргасан зардал, гэм хорын нөхөн төлбөрийн асуудал гарч болзошгүй тул хариуцагчаас мөн энэ талаар гуравдагч этгээд нарын саналыг авсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй болохыг дурдаж байна” гэж тус тус дүгнэсэн нь гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй байхад, талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхийн дүгнэх хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэсэн, талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, гуравдагч этгээдүүдэд илт давуу байдал олгосон үндэслэлгүй шийдвэр гаргасан.

            Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох зарчмыг хэрэгжүүлэх хүрээндээ маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Маргаан бүхий актад эрх зүйн зөрчил байгаа нь тогтоогдож Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж, актуудыг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан болно.

            Дээрх байдлаас үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэсэнд хамаарахгүй байна.

            Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “М б о т х х” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “М б о т х х” НҮТББ-аас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/66 дугаар захирамжаар иргэн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай байгууллага 2009 оноос байгаль орчин, уул уурхай, хүний эрхийн эрх зүйн орчны хэрэгжилтэд судалгаа, мониторинг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн өмгөөлөл хийх зэргээр ажиллаж байна, ... Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол Түшээ гүний Кино ам хэмээх ойн сан бүхий газар, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр 2011 онд А/66, 2014 онд А/404, 2014 онд А/240, 2016 онд А/847, А/848, А/849 дугаар захирамжуудаар 11 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр олгосон, ... тус хууль бус захирамжаас болж байгаль хохирол учирч, хүрээлэн байгаа орчин, нийтийн өмч, нийтийн ашиг сонирхол ихээр хөндөгдөж байна” гэж тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар “... дээрх 11 иргэний газар өмчлөх өргөдлийг хуульд зааснаар шийдвэрлэж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, ... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараах газрыг өмчлүүлнэ”, 6.1.1 дэх хэсэгт “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх ... ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” гэж заасан шаардлагыг хангасан шийдвэр болж чадаагүй байгааг хүлээн зөвшөөрсөн, ... ойн сан бүхий газартай давхцалтай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, ... түүнчлэн дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч мэдэж шийдвэрлэх байсан учир ... хариуцагч өөрөө дахин нягталж, гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэх шийдвэр гарч байсан тухайн үед тэдэнд өмчлүүлж байсан газрын хэмжээ нөхцөл байдлыг алдагдуулахгүй байдлаар шийдвэрлэх шаардлагатай ... ” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

2.3. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч анх шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Батсүмбэр сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Улмаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 123/ШШ2021/0003 дугаар шүүгчийн захирамжийг тус тус үндэслэн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны А/66 тоот захирамжийн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны А/240 дугаар захирамж, 2014 оны А/404 дүгээр захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон.

2.4. Үүний дараа Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзээд, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.5. Хэдийгээр нэхэмжлэгчээс “биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэж байгаа болохоор сэргэсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны А/66 тоот захирамжийн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны А/240 дугаар захирамж, 2014 оны А/404 дүгээр захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар нэгэнт хүчингүй болгосон ба уг захирамж хүчин төгөлдөр хэвээр байна.

2.6. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ” гэж заасан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/34 дүгээр захирамжтай холбоотойгоор биелэгдсэн шийдвэрийг цуцлах ямарваа нэгэн ажиллагаа хийгдээгүй, цуцалсан шийдвэр гараагүй, уг захирамжийг эрх бүхий этгээд хүчингүй  болгоогүй нь хавтаст авагдсан баримтаар тогтоогдох төдийгүй талууд маргахгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актууд нэгэнт хүчингүй болсон энэ тохиолдолд шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй болсон актуудыг дахин хүчингүй болгох боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “М б о т х х” НҮТББ-аас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/66 дугаар захирамжаар иргэн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН