Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 118/ШШ2020/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Тус Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 21 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, гэрч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонсох, сонгогдох эрхээ эдэлж, 2020 оны сонгуульд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 11-07 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхээр 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сонгуулийн хороонд тус сонгуулийн хорооны гишүүн Ц.*******, Д.******* нарт нэр дэвшигчийн баримт бичгийг бүрэн хүлээлгэн өгсөн... Сонгуулийн хорооноос надтай холбоо барихгүй удаад байхаар нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б*******тай би өөрийнхөө 89113090 гэсэн дугаараас түүний 96242466 гэсэн дугаар луу залгаж нэр дэвшигчээр бүртгэгдсэн эсэх талаар асуухад... татгалзсан тогтоол гарсан бие төлөөлөгч байвал хүнээр өгч явуулъя өөрөө ирэх шаардлага байхгүй гэсэн. Ингээд Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргасан. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 21 дүгээр тогтоолд... Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2.1, 30.4, 31.3.6 дахь заалтуудыг хангаагүй учир хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4 дэх заалтын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай гэжээ. Миний хувьд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу Завханмандал сумын сонгогч 214 иргэний гарын үсэг зуруулж, сонгогчийн эцэг/эх/- ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаарыг нь бүрэн бичиж, нэр дэвшигчийн намтраа хавсаргаж өгсөн байтал өгөөгүй байдлаар үндэслэж тогтоол гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...Гарын үсэг цуглуулах асуудлын хувьд 214 хүн бөглөж өгсөн. Түүнээс тоо алгасаад 202-оор баланс барьж байгаа гэж үзэж байгаа...Сонгуулийн хорооны тогтоолын үндэслэлд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэсэн мөртлөө хуулийн заалтын баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэснийг зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу 8 хоногийн дараа татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Мөн тогтоолд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4 дэх хэсэгт заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй, нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу бүрдүүлсэн гэсэн заалтыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний хувьд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тохиолдол байхгүй байсан. Иймд өөрийн зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалуулахаар Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж байна. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоож, Ц.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хорооны тогтоол хуульд нийцэж гараагүй байна. Сонгуулийн хороо өөрсдөө хууль хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж байгаа боловч тогтоолоо 7 хоног дотроо багтааж гаргаагүй, 8 дахь хоногт гаргасан байдаг. Мөн тогтоолын үндэслэл нь утга найруулгын хувьд алдаатай байна. Тогтоолыг харахад нэр дэвшигчийг бүртгэхээс яагаад татгалзаад байгаа нь ойлгомжгүй байна. Үндэслэх хэсэгтээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32.1.2, 32.1.4-ийг зааж өгсөн мөртлөө тогтоох хэсэгтээ дахин оруулж өгсөн байдаг. Захиргааны акт гол нөхцөл нэгдүгээр заалт нь ийм ийм баримт дутуу, эсвэл дэмжиж гарын үсэг зурсан хүмүүсийн тоо тэдээр дутсан, намтраа гаргаж өгөөгүй гэх мэтээр үгээр тодорхой бичих ёстой байсан. Гэтэл баахан хуулийн заалт биччихээд тэр нь хуульд нийцээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байна. Мөн тогтоолын үндэслэл болгоод байгаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31.1.9 дэх заалт нь нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэхийг шийднэ гэсэн мөртлөө өөрсдөө 8 дахь хоног дээр нь тогтоолоо гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах байгууллага нь Сонгуулийн хороо байтал хүний хуульд заасан эрхэнд халдах нөхцөл байдал үүсээгүй байхад ******* гэдэг хүний энэ эрхэнд халдаад байна. Ийм учраас энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. Өөрөөр хэлбэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан буюу утга найруулгын илэрхий алдаатай байна. Мөн хуулийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байна. Цаашилбал үүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна гэсэн дээрх гурван үндэслэлээр аймгийн Сонгуулийн хорооны 21 дүгээр тогтоолыг илт хууль бус гэж үзэж байна... Захиргааны байгууллага бичмэл захиргааны акт гаргахдаа юу юуг тусгах талаар Захиргааны ерөнхий хуульд зааж өгсөн байдаг. Тэгэхээр хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй. Сонгуулийн хороо хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаад байна. Хүний эрхэнд халдаж байгаа бол гомдол гаргах эрхийг нь яагаад зааж өгөөгүй юм бэ? Тогтоолын үндэслэх хэсэгт байгаа хуулийн заалтуудыг иргэн хүн хараад шууд ойлгох боломжгүй. Нэхэмжлэгч ******* намтраа өгсөн танай хүмүүс нягтлан шалгаад болсон байна гээд гарын үсгийг нь зуруулаад авсан. Гэтэл хуулийн эдгээр заалтуудыг яагаад бариад байгаа нь ойлгомжгүй байна. Тогтоол нь утга найруулгын алдаагүй байсан бол намтар дээрээ гарын үсэг зураагүй, буруу бөглөсөн, сонгогч дэмжигчдийн тэд нь гарын үсэг зураагүй, эсвэл дутуу гэдэг байдлаар мөн дүгнэлт үндэслэж байгаа бол хэн гэдэг хүний ямар дүгнэлтээр бичиг баримтуудыг дутуу гэж үзээд байгаа талаараа бичих ёстой байсан... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч өөрөө хариуцлагагүйн улмаас бичиг баримтаа дутуу өгсөн бол гэсэн үг үсэг байхгүй. Хуулийн 31.5-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана гэж байгаа. Тэгэхээр бичиг баримтыг нягтлан шалгах нь Сонгуулийн хорооны үүрэг байна. Мөн уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд нөхөн ирүүлж болно гэж заасан. Эндээс нэгдүгээрт, баримт бичгийг нягтлан шалгах нь нэр дэвшигчийн үүрэг биш Сонгуулийн хорооны үүрэг бөгөөд энэ нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, ажлаа хийгээгүй байна. Хоёрдугаарт, нөхөн ирүүлэх боломжоор хангаагүй байна. Хэргийн материалд *******гийн тийм материал дутуу байна, нөхөн ирүүлэх боломжтой гэдэг байдлаар албан бичиг явуулсан зүйл огт байдаггүй. Аймгийн Сонгуулийн хороо өөрсдөө ажлаа дутуу хийчхээд хүнийг дутуу юм өгсөн таны буруу гэж ярих боломжгүй. Харин ийм хариуцлагатай ажил хийж байж баримт бичгийг хүлээж авсан сонгуулийн хорооны гишүүд нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй байна... Сонгуулийн зарчим бол шударга ёсны зарчим байх ёстой. Энэ хуульд шударга ёс, ил тод байх, сонгогдох, сонгуульд бүх нийтийн оролцоог хангах, зохион байгуулах гэх мэт бүх эрхийг зааж өгсөн байгаа. Гэтэл энэ зарчимд нийцэж ажиллахгүй, хүний сонгогдох эрхийг хохироох хуульд заасан үндэслэл байхгүй байхад нэр дэвшигчийн эрхэд халдсан байна гэж үзэж байна. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхийг нь хязгаарлаж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ц.******* нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Завханмандал сумын 11-07 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох баримт бичиг болох 35 хуудас материалыг хүлээлгэн өгөхөд аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Ц.*******, Д.******* нар нягтлан хүлээн авсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтын дагуу нэр дэвшүүлсэн нам эвсэл, бие даан нэр дэвшигчдээс нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ гэсний дагуу аймгийн Сонгуулийн хороо нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийг дуустал хүлээн авсан. Сонгуулийн хороо нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх заалтын дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нягтлан судлаад бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн хорооны хурлаар шийдвэрлэж тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Сонгуулийн хороо нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.36 дахь заалтын дагуу өөрийн намтраа үнэн зөв бичээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул хуулийн 32.1.4-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу ирүүлсэн, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх заалт болон аймаг дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 201-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэн бие даан нэр дэвшигч Ц.*******г нэр дэвшүүлэхээс татгалзсан тогтоол гаргасан нь үндэслэлтэй... Гарын үсэг зуруулах маягтаа хамгийн эхэнд авчихад иргэд, сонгогчдоор гарын үсэг зуруулахдаа өөрөө явж зуруулаагүй байдаг. Хэрвээ өөрөө явж гарын үсэг зуруулсан бол маягтын доор байгаа бие даан нэр дэвшигчийн овог нэр, гарын үсэг, толгой хэсэгтээ хаана нэр дэвшиж байгаагаа бичих ёстой байсан. Ингэж бичиж зуруулсан зүйл огт байдаггүй. Хэн хаана нэр дэвшиж байгаа нь тодорхой бус хэдэн нэр бичиж гарын үсэг зуруулсан байдаг. Мөн 214 сонгогчоор гарын үсэг зуруулах ёстой байсан. Гэтэл Сонгуулийн хороо уг материалыг судалж үзэхэд нийт 202 хүний гарын үсэг зурагдсан байсан. Үүн дээр нэхэмжлэгч маргахгүй байх. Дугаарлалтын 189-200 гээд 10-аад хүний гарын үсэг дугаар алгасаж байхгүй, мөн давхардуулж гарын үсэг зуруулсан, регистрийн дугаар бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй, хүний өмнөөс гарын үсэг зурсан, утасны дугаар бичигдээгүй зэрэг алдаанууд маш их байсан. Энэ бол нэр дэвшигчийн өөрийнх нь хариуцлагагүй байдлаас болж гарсан зүйл. Сонгогчдын гарын үсэг 201-ээс дээш байвал бидний хувьд нэр дэвшигчээр бүртгэхэд ямар нэг асуудал байхгүй. Тэгэхээр 202 хүнээс дээрх алдаа зөрчлүүдтэй дугаарлалтыг хасахаар шаардлага хангасан сонгогчийн гарын үсгийн тоо бүр 67 руу орж ирж байгаа. Ийм учраас Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан... Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох захиргааны актын тохиолдлууд болон шаардлагыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах шаардлагуудыг бүрэн хангасан тул илт хууль бус захиргааны акт гэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 21 дүгээр тогтоолыг[1] илт хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарласны дагуу нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн 11-07 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн байх ба тус аймгийн Сонгуулийн хорооноос гаргасан дээрх захиргааны актын улмаас бие даан нэр дэвшүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн үзсэн байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал Бие даан нэр дэвшигчийн хувьд хуульд заасан бүх баримтыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу Завханмандал сумын сонгогч иргэдийн гарын үсэг зуруулж, сонгогчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаарыг нь бүрэн бичиж, нэр дэвшигчийн намтраа хавсаргаж өгсөн байтал өгөөгүй хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, бие даан нэр дэвшүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд гүйцэтгэх боломжгүй тогтоол гаргасан, уг тогтоолыг гаргахдаа хуульд заасан хугацааг баримтлаагүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч тал ...Ц.******* нь өөрийн намтраа зөв бичээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, түүнчлэн 214 сонгогчоор гарын үсэг зуруулсан гэх баримтыг тулгаж шалгахад дугаарлалтын алдаа гаргаж 16 дугаар алгассан, 4 дугаар давхардуулсан, 2 сонгогчийн гарын үсэг зурагдаагүй, бодитоор 202 хүний гарын үсэг зурагдсанаас сонгогчийн овог бичигдээгүй 1, овгийн эхний үсэг бичигдсэн 86, регистрийн дугаар бичигдээгүй 4, утасны дугаар бичигдээгүй 4, он, сар, өдрийн дараалал алдаатай, он сар өдөр огт бичигдээгүй 34 гэсэн зөрчлүүдтэй гарын үсгийг хасаад сонгуулийн хуульд заасан шаардлага хангасан 67 иргэний гарын үсэг л зурагдсан байсан тул 201-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэстэй хэмээн тайлбарлан маргаж байна.

Нэг. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 21 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Завхан аймгийн сонгуулийн хороог байгуулжээ.

Тус Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 31 дүгээр зүйлийн 31.9, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4 дэх заалтуудыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-07 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Ц.*******г Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1, 30.4, 31 дүгээр зүйлийн 31.3.6 дахь заалтуудыг хангаагүй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолд дурдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах, 30 дугаар зүйлд бие даан нэр дэвшүүлэх, 31 дүгээр зүйлд нэр дэвшигчийг бүртгэх, 32 дугаар зүйлд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийн талаар тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-07 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр 2020 оны 09 сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох баримтуудаа хүлээлгэн өгсөн нь уг баримтуудыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл[2] болон гэрч Д.*******гийн мэдүүлгээр[3] тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлуудыг заасан байх ба нэхэмжлэгч тал дээрх маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлүүдээр илт хууль бус хэмээн маргаж байх боловч дараах үндэслэлүүдээр уг тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байна.

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэх тухайд: Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт ердийн хүн энгийн ухамсрын түвшинд хараад тухайн захиргааны актыг хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байхыг ойлгоно. Гэтэл энэ хэрэгт маргаж буй захиргааны акт болох 21 дүгээр тогтоолд бие даан нэр дэвшигч Ц.*******г хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай агуулга бүрэн илэрхийлэгдсэн байна.

Түүнчлэн уг 21 дүгээр тогтоол нь бие даан нэр дэвшигч Ц.*******д чиглэсэн үйлчлэлтэй бөгөөд бие даан нэр дэвшигч түүний хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1, 30.4 /бие даан нэр дэвшүүлэх/, 31 дүгээр зүйлийн 31.6, 31.9 /нэр дэвшигчийг бүртгэх/, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4 /нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах/ дэх заалтуудыг үндэслэсэн уг тогтоол ойлгомжгүй бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээргүй байна.

Харин Ц.*******гийн тухайд нэр дэвшигчид тавигдах шаардлага болон нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах ямар баримт бичгийн бүрдэл хангаагүй талаар үгчлэн заагаагүй, мөн гомдол гаргах эрхийн талаар тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байх боловч энэ нь захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолыг хууль бус хэмээн маргаагүй, зөвхөн илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаан бүхий уг захиргааны актын хувьд зөвхөн илт хууль бус болох үндэслэл байгаа эсэх талаар шүүх дүгнэлт хийхээр байгааг дурдах нь зүйтэй.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх тухайд: Хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 31 дүгээр зүйлийн 31.9-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах бүрэн эрх хэмжээтэй байна. Хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороо нь хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг гаргасан нь тус хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл[4], гэрч Д.*******гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул хариуцагчаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, эсхүл өөрт хуулиар харьяалуулаагүй асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ.

Завхан аймгийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Ц.*******гийн бие даан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, холбогдох баримт бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болох нь Сонгуулийн хорооны 21 дүгээр тогтоол[5], 06 дугаартай хуралдааны тэмдэглэл, тус хорооны гишүүн Ц.*******, Д.******* нарын хүлээж авсан тэмдэглэл[6], нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж заажээ. Дээрх хуульд заасан хугацааг хариуцагч аймгийн Сонгуулийн хороо хангасан эсэхийг Захиргааны Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу тоолж үзэхэд 1 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх ба энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэстэй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусд тооцох үндэслэл болохгүй юм.

3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх тухайд: Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоол нь Ц.*******гийн бие даан нэр дэвших эрхийг хязгаарлах талаар гарсан сөрөг үйлчлэлтэй захиргааны акт хэдий ч нэхэмжлэгч Ц.*******д ямар нэгэн үүрэг ногдуулах агуулгагүй тул түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 21 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр. Ц.*******г бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Завхан аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.*******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагч Завхан аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг илт хууль бус болох үндэслэл дээр дурдсанаар тогтоогдохгүй байгаа бөгөөд түүнчлэн дараах үндэслэлээр Ц.*******г бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Завхан аймгийн Сонгуулийн хороонд даалгах үндэслэлгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно гэж заажээ. Нэр дэвшигч Ц.******* нь дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан 12 төрлийн баримт бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн, ийнхүү ирүүлэхдээ 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хавсаргасан байсныг сольж зөвтгөн тухайн өдөртөө 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ нөхөн ирүүлсэн талаар талууд маргахгүй байна.

Харин уг бүрдэл баримт бичгүүдийн зарим хэсгийн агуулга, тодруулбал нэр дэвшигчийн намтар[7]-ын боловсрол гэх хэсэгт боловсролын талаар тусгагдаагүй, нэр дэвшигч гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, он сар, өдөр бичигдээгүй, сонгогчийн гарын үсэг зуруулах маягт[8]-ын гарчиг хэсэгт аль тойрогт хэн гэгч нэр дэвшигчийг дэмжих агуулга бичигдээгүй байсан болох нь нэр дэвшигч Ц.*******гээс гаргаж өгсөн тэдгээр баримтаас тодорхой харагдаж байгаа тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

Хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 сарын 15-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгасан дүнг тус хорооны гишүүн Д.*******гийн танилцуулснаар хэлэлцсэн байх ба нэр дэвшигч Ц.*******гийн хувьд сонгогчийн гарын үсэг цуглуулсан маягтад сонгогчийн эцгийн нэр бичээгүй 1, эцгийн нэрийн эхний үсгийг бичсэн 86, регистрийн дугаар бичигдээгүй 3, утасны дугаар бичээгүй 4, гарын үсэг зураагүй 2, сонгогч иргэний нэр дахин давхардуулан бичиж гарын үсэг зуруулсан 1, сонгогч иргэн өөрөө гарын үсэг зураагүй 1 байсныг тус тус зөрчилд тооцож, нийт сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Ц.*******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуралдааны 06 дугаартай тэмдэглэлээр[9] нотлогдож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана гэжээ. Хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороо нь Ц.*******г дэмжсэн гэх сонгогчдын 40 хувьд нь түүвэрлэн тулгалт хийж, зарим эргэлзээтэй гарын үсэг, мэдээлэл бүхий дэмжигч иргэнтэй утсаар холбогдох, Завханмандал сумын сонгуулийн хорооноос лавлах зэргээр шалгахад зөрчилгүй гарын үсэг 67 /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 72 гэж тайлбарласан/ байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа шүүхэд баримтаар нотолж чадахгүй байна.

Дээрх нягтлан шалгах ажиллагааг явуулсан гэх тус сонгуулийн хорооны гишүүн гэрч Д.*******гээс мэдүүлгийнхээ эх сурвалж болгож гаргаж өгсөн сонгогчийн гарын үсэг зуруулах маягтад[10] бичсэн тэмдэглэгээ нь тодорхой биш, ойлгомжгүй бөгөөд дэмжигч иргэний гарын үсгийг үнэн зөв эсэхийг тулгаж, нягтлан шалгасан эсэх талаар нотолж чадахгүй байна.

Тухайлбал, сонгогчдын гарын үсэг зуруулах маягтын 40 дүгээрт бичигдсэн Цэрэннадмидын Тунгалагтай 98198898 дугаарын утсаар холбогдоход Ц.*******г дэмжиж гарын үсэг зураагүй гэдгийг хэлсэн гэх боловч дээрх иргэнтэй утсаар ярьсан талаар тэмдэглэл хөтлөөгүй, Ц.Тунгалаг нь өөрөө мөн байсан эсэхийг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд уг ажиллагаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасан ...тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана гэж заасантай нийцэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******аас дээрх дэмжигч иргэнтэй утсаар ярьсан бичлэгийг[11] шүүхэд баримтаар гаргаж өгсөн байх ба уг бичлэг нь маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолыг гарснаас хойш хийгдсэн байгаа тул түүнийг шүүх үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлд бие дааж нэр дэвшүүлэх ажиллагааны талаар тодорхой заажээ. Уг зүйлийн 30.2-д Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна: 30.2.1-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даагч 201-ээс доошгүй гэж заасны дагуу аймгийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувьд Ц.******* нь 201-ээс доошгүй дэмжигчдийн гарын үсэг зуруулахаар байсан байна.

Дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д зааснаар гарын үсэг зуруулах маягтад нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт болон суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна гэж нарийвчлан заажээ.

Энэ зохицуулалтаас харахад сонгогчийн гарын үсэг зуруулах маягтад дэмжигч иргэний дээрх мэдээллийг бүрэн тусгуулж, гарын үсэг зуруулах нь бие даан нэр дэвшигчид тавигдах нэг шаардлага байна. Харин сонгогчийн гарын үсгийг нягтлан шалгах явцад тухайн сонгогч өөрийн мэдээллийг зөрүүтэй, алдаатай бичсэн нь нэр дэвшигчээс үл хамаарах зөрчилд хамаарах юм. Тодруулбал, хэд хэдэн дэмжигч иргэний утасны дугаар адилхан бичигдсэн, дэмжсэн он, сар өдрийг буруу бичих зэрэг нь нэр дэвшигчээс үл хамаарах зөрчил тул он, сар өдрийн дараалал алдаатай, он, сар, өдөр огт бичээгүй гэх үндэслэлээр 34 дэмжигч иргэний гарын үсгийг хасч тооцсон нь буруу байна.

Нэхэмжлэгч буюу бие даан нэр дэвшигч Ц.*******гийн тухайд сонгогчийн гарын үсэг зуруулсан маягтаас[12] харахад 1-ээс 215 хүртэлх дугаарт дэмжигч иргэдийн нэр бичигдсэн байх боловч дэмжигч иргэний мэдээллийг бүрэн тусгуулах талаар хайхрамжгүй хандаж хуулиар тавигдсан шаардлагын дагуу гарын үсэг зуруулаагүйгээс дугаар алгассан, дугаарлалгүй бичсэн, дугаар давхардуулсны улмаас нэг бүрчлэн тоолж үзэхэд бодитоор 202 дэмжигч иргэний мэдээлэл тусгагдсан байна. Уг маягтад 214 дэмжигч гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд бодитоор 202 иргэний нэр, мэдээлэл бичигдсэн гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

Тэдгээр 202 иргэний гарын үсэг бүрэн зурагдсан эсэхийг нэг бүрчлэн шүүж харахад 1 иргэний нэрийг дахин бичиж, гарын үсгийг дахин зуруулсан /маягтын 91 дүгээрт бичигдсэн Адьяагийн *******ын мэдээлэл 207 дугаарт дахин бичигдэж гарын үсэг зурагдсан/, 2 иргэний гарын үсэг зурагдаагүй /маягтын 210 дугаарт бичигдсэн Ч.*******, 94 дүгээрт бичигдсэн П.******* нарын гарын үсэг зурагдаагүй/ нь тодорхой байгаа тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэстэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.*******, П.******* нарыг гэрчээр асуухад бие даан нэр дэвшигч Ц.*******тэй уулзсан, түүнийг дэмжиж байсан боловч маягтад гарын үсгээ зураагүй талаараа мэдүүлсэн[13] бөгөөд хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороо дээрх 2 иргэнийг Ц.*******г дэмжиж гарын үсэг зураагүйд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь бие даан нэр дэвшигчийг дэмжиж буй илэрхийллийг гарын үсгээ зурж баталгаажуулснаар ойлгох ба хуулийн зохицуулалтаас харахад 201-ээс доошгүй дэмжигч иргэнээр гарын үсэг зуруулсан байх нь бие даан нэр дэвшигчид хуулиар тавигдсан нэг чухал шаардлага байна.

Зөвхөн гарын үсгийн зөрчилтэй дээрх 3 иргэний нэрийг хасаж тооцоход л гарын үсгийн зөрчилгүй дэмжсэнд тооцогдох 199 иргэний мэдээлэл маягтад тусгагдсан байна. Энэ нь бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй тооны гарын үсэг цуглуулах гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Цаашлаад 87 иргэний овог бүрэн бичигдээгүй, 4 иргэний утасны дугаар бичигдээгүй, 3 иргэний регистрийн дугаар бичигдээгүй нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар 30.4-д заасан уг маягтад нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт болон суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна гэх шаардлагыг ч хангахгүй байна.

Иймд хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороог Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгч Ц.*******гийн бие даан нэр дэвшүүлэх эрхийг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж үзэж, Ц.*******г Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно хэмээн нэр дэвшигчид зөрчлөө арилган дахин бүртгүүлэх боломжийг хуулиар олгосон байна

Нэхэмжлэгч Ц.******* нь дахин нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 16, 21-ний өдрөөр бичигдсэн хүсэлтийг[14] Завхан аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хүлээн аваад дахин нэр дэвшигчээр бүртгэхэд хуульд заасан хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэх хариу өгсөн болох нь тус Сонгуулийн хорооны хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэл[15], 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар албан бичгээр[16] нотлогдож байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон байх ба Ц.******* нь уг өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргах боломжтой байсан боловч уг хугацаанд хүсэлтээ Завхан аймгийн сонгуулийн хороонд ирүүлээгүй байна.

Ийнхүү нэр дэвшигчээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, 201-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлагыг хангаагүй, нэр дэвшигчийн намтрын боловсрол гэх хэсэгт зохих мэдээллийг тусгаж дахин ирүүлээгүй буюу нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, нэр дэвшигчээр бүртгүүлэхэд хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу байх тул Ц.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хороонд даалгах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 30 дугаар зүйлийн 30.2.1, 30.4, 31 дүгээр зүйлийн 31.3.2, 31.3.6, 31.9, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 21 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгуулах шаардлага бүхий иргэн Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд

[3] Хавтсат хэргийн 59-61 дүгээр хуудсанд

[4] Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[6] Хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд

[10] Хавтсат хэргийн 66-76 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн 31-41 дүгээр хуудсанд

[13] Хавтаст хэргийн 91, 93 дугаар хуудсанд

[14] Хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд

[15] Хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд

[16] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд