Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00438 дугаар шийдвэртэй, Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 11 713 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчидийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “М” ХХК-тай 24 айлын орон сууцны гэрээ хийж урьдчилгаа 10 913 400 төгрөг өгч 3 жил болсон. Энэ хугацаанд мөнгөө эргүүлж аваагүй. Урьдчилгаанд 6 113 400 төгрөг, 6 ширхэг үхэр, нэг үхрийг 800 000 төгрөгөөр тооцож нийт 4 800 000 төгрөгөөр бодсон. Нэг адуу 800 000 төгрөгөөр тооцож, компанийн хөлс, хоолонд орсон. Тиймээс 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 10 913 400 төгрөгийн 1 жилийн хүүг сарын 14.8 хувийн хүүгээр тооцож нийт 15 586 155 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “М” ХХК-тай Б.Б гэж хүн 53.16 м.кв 2 өрөө орон сууцыг 60 434 000 төгрөгөөр бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 6 113 400 төгрөгийг “М” ХХК-ийн данс руу Б.Б гэх хүн шилжүүлсэн байна. Хүү алданги нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдох боломжгүй. Тиймээс Б.Бийн гаргасан 60 434 000 төгрөгийн нэхэмжлэлээс 6 113 400 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 10 913 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 672 755 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 189 558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00438 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 10 913 400 төгрөг, хүү 3 872 755 төгрөг, ажилчдын хоол хүнсний хэрэгцээнд зарсан адууны үнэ 800 000 төгрөг, нийт 15 586 155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ”-ний 3.1-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 6 113 400 төгрөгийг “М” ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэх Төрийн банкны орлогын мэдүүлэг, “Атмор” ХХК-ийн “Авлага, өглөгийн тооцоо” 10 913 400 төгрөг гэх үнийн дүн бүхий нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хавсаргаж өгсөн байдаг.

Хариуцагч “М” ХХК нь нотлох баримтаар тогтоогдож буй урьдчилгаа төлбөр болох 6 113 400 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгааг илэрхийлсэн боловч уг хэрэгт огт хамааралгүй “Атмор” ХХК-ийн 10 913 400 төгрөг гэх баримтыг шүүх үнэлж, нэхэмжлэгч Б.Бт уг төлбөрийг олгож шийдвэрлэсэн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй орхигдуулж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан.

Иймд дээрх шийдвэр нь хууль хэрэглээний болон эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсонд нийцээгүй, процессын болоод материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулгатай байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч “М” ХХК-иас 10 913 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож” гэснийг “6 113 400” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 4 672 755 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг “9 472 755” гэж өөрчлөлт оруулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа болон хүүгийн төлбөрт нийт 15 586 155 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярт 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материал танилцуулж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх талаар мэдэгдсэн байна. /хх26-27/ Товлосон өдөр хэргийг хэлэлцэхийн өмнө хариуцагч тал эрх зүйн туслалцаа авах зорилгоор шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаас 2 хоногийн өмнө дээрх ажиллагааг явуулсан нь хэргийн оролцогчоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь хэсэгт заасан бусад эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаа гэж үзэхгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Үүнээс гадна шүүх хэргийн 6,7-р талд авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлэг, Авлага өглөгийн тооцоо гэх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтууд нь уншигдах боломжгүй байдлаар хуулбарлагдсан байхад нотариат хуулбарын үнэн зөвийг гэрчилж, шүүх шийдвэрийн үндэслэлээ болгожээ.

Дээрх тохиолдолд шүүх бичмэл нотлох баримтын жинхэнэ эхийг шаардан авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэх юм. Иймд нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангуулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй тул дурдсан  үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА