| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00384/и |
| Дугаар | 232 |
| Огноо | 2019-07-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 232
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХБГАС-тхолбогдох
Барьцааны гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ-ны барьцааны гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэм хэмжээг зөрчиж хийсэн, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ба хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ хүчингүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д зааснаар талийгаач Х.М нь дундын болон хамтран өмчилсөн зүйл болох авто машиныг барьцаанд тавихдаа хамтран өмчлөгч надаас зөвшөөрөл аваагүй учир уг барьцааны гэрээг хүчингүй болгох ёстой. Ийм учир Иргэний хуулийн 489 дүгээр зүйлд зааснаар гэрээг хүчингүй болгуулах шаардах эрхээ эдэлж нэхэмжлэл гаргасан болно. 2012 онд бизнесийн хамтрагч Х.М надад санал тависан. Говь-Алтай аймгаас Дэлгэр хүртэлх 128 километр зам тавигдаж байсан тэнд манай найз Ц гэдэг хүн Монгол талын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Нэг өдөр талийгаач Х.М энэ зам дээр танай найз ажиллаж байгаа энд ажиллавал ашигтай байна хоёулаа хамтарч дундаа машин авч ажиллуулъя чи Ц тай яриатах гэснээр энэ Nordbenz 0778ГАА дугаартай машиныг иргэн Ц-ээс 98.000.000 төгрөг байсныг 93.000.000 төгрөг тавь тавин хувиар мөнгийг нь гаргаж ашгаа хувааж авахаар тохиролцож худалдаж авсан. Тэр машин Г-ийн нэр дээр гэрчилгээ нь авагдсан байсан. Ц-ээс худалдаж аваад жолооч хөлсөлж авъя гээд Д гэдэг жолоочоор бариулсан. Гэрчилгээгээ яах уу гээд тухайн үед хуулийн мэдлэггүй хоёулангийнх нь нэрийг бичилттэй нь биш Г дээр хоёулаа очиж уулзаад бид хоёр хоёулаа энэ машиныг худалдаж авлаа хоёулаа ирж энэ машиныг шилжүүлж авъя чиний нэр дээр гэрчилгээ нь байж байг хоёулаа ирсэн тохиолдолд шилжүүлж өгнө шүү гэж тохиролцоод Д гэдэг жолоочоор бариулаад зам дээр ажилласан. Тухайн үед зам дээр хайрга, хар тос мөн хар тос хайлуулдаг нүүрс Баянтээгээс татаж авахаар тохиролцсон юм. Энэ маргаан юунаас болсон гэхээр 2016 оны 09 сард миний хамтрагч талийгаач М хойт зам дээр ажиллаж байхдаа зуурдаар нас барсан. Би ажил явдалд нь оролцоод явж байхад дүү нь манай талийгаач маш их өртэй байна. Та хоёрын машин юу болж байгаа юм тэрийг хүртэл банканд тавьсан байна гэхээр нь арай үгүй байлгүй тэр машиныг тавих үндэслэлгүй ажил явдлын дараа ярилцая гээд өнгөрсөн. Гэтэл талийгаачийг өнгөрөөд 7 хоноогүй байхад эхнэр З нь ах дүүстэйгээ нийлж хойд зам дээр байсан бид хоёрын хамтран өмчилж байсан машиныг хашаандаа тавьж мөн ЦӨ компаниас тээврийн хөлсөнд орж ирсэн 20.000.000 төгрөгийг өөрийн данс руу авахаар ХБ-аар бичиг хийлгэсэн гэж Хятад талын төлөөлөгч нь зам дээр ажиллаж байсан манай ах Мөнхөөжав руу ярьснаар энэ маргаан эхэлсэн. Би З-тай учраа олъё гээд уулзая гэхэд ирээгүй. Тэр уулзалт манай эгч Н-ийн өрөөнд болсон. Тэдний талаас таван хүн ирсэн. З бие муудаж байна гээд ирээгүй. Тэгээд би өөрийн эрхийг хамгаалуулахын тулд шүүхэд хандаж энэ маргаан эхэлсэн. Миний өмчлөлийг тогтоолгохоор хандсан нэг хэрэг үүсээд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдэж Г.Б, Х.М нар нь тавь тавин хувиар хамтран өмчлөгч мөн юм гэж тогтоолгосны үндсэн дээр энэ хэргийг сэргээсэн юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Х.М, Ж.З нартай 5001131285 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулж 65.000.000 төгрөгийг Банкны жилийн суурь хүү дээр 8.7 хувийг нэмсэнтэй тэнцүү 25.2 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд сарын 2.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгчийн 5001131285 дугаартай зээлийн дансанд нээсэн. Зээлдэгч нь өөрийн 5001131285 дугаартай харилцах дансны үлдэгдлээс илүү дүнгээр зарлагын гүйлгээ хийснээр зээл олголт хийгдсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5001131285 дугаартай Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн 5001131285 дугаартай барьцааны гэрээний дагуу Х.М-ын өмчлөлийн АЯ-0249240 гэрчилгээний дугаартай, 2007 оны nordbenz маркийн 0778 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, АЯ-0249241 гэрчилгээний дугаартай, 0778 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт барьцаалсан ба гэрээ байгуулах үед тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар гуравдагч этгээдийн зүгээс банканд болон шүүхэд аливаа байдлаар гомдол, маргаан үүсгээгүй буюу гуравдагч этгээдээс хуульд заасан аливаа шаардлага гаргаагүй байсан. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө, эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж зааснаас үзвэл тээврийн хэрэгслийг Х.М эзэмшиж байсан, мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч эзэмшигчээр бүртгэгдсэн байсан зэргээс банк нь барьцаалагчийн хувьд Х.М-ыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэн эрх зүйн харилцаанд оролцсон болно. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх 2016 онд буюу барьцааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 2 жилийн дараа шүүхэд гаргасан. Банкны зүгээс барьцааны зүйлийг анх худалдан авах үед тээврийн хэрэгслийн үнийн тал хувийг Г.Б гаргасан эсэх, барьцааны гэрээ байгуулах үед тухайн барьцааны зүйл бусдын дундын өмчлөлийн хөрөнгө байсан эсэхийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Иймээс банк нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Х.М-ыг хөрөнгийн өмчлөгч гэж үзэн барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн банк нь барьцааны эрхийг шударгаар олж авсан байх тул барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш тухайн барьцааны зүйлд шинээр өмчлөгч нэмж тогтоогдох нь өмнө байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг байгуулах үеийн нөхцөл байдлаар авч үзвэл барьцаа хөрөнгө болох хөдлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгчийг бүртгүүлсэн Улсын бүртгэлийн бүртгэл байгаагүй. Хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн ногоон өнгөтэй гэрчилгээ гаргаагүй байсан. Энэ талаар мэдээллийг банканд өгч байгаагүй бөгөөд баримт бичиг, барьцаалуулагчийн өгсөн мэдээллийн хүрээнд барьцааны гэрээ байгуулж, шаардах эрхийг бий болгож түүнийг үндэслэн зээлийн гэрээг байгуулсан болно. Шүүхээс хэдийгээр хамтран өмчлөгчтэй байсныг тогтоосон боловч өнөөдрийг хүртэл хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн албан ёсны баталгаажсан баримт бичиг гаргаагүй буюу тус шийдвэрийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Б нь ХБГАС-тхолбогдуулан зээлдэгч Х.М-ын ХБ-ны Говь-Алтай салбартай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 5001131285 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “...хөрөнгө хоршиж авсан автомашин болон чиргүүлийг барьцаанд авахдаа миний зөвшөөрөл аваагүй надад мэдэгдээгүй учир талийгаач Х.М-ын ХБ-ны Говь-Алтай салбартай байгуулсан барьцааны гэрээг цуцалж миний автомашин болон чиргүүлийг барьцаанаас чөлөөлж өгнө үү...” гэж,
хариуцагчийн төлөөлөгч “...барьцааны гэрээг цуцлуулахаар тухайн гэрээний оролцогч биш этгээд шаардах эрхгүй, банк нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Х.М-ыг хөрөнгийн өмчлөгч гэж үзэн барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Б нь Х.М-тай нийлж, NORT BENZ маркийн автомашиныг адил тэнцүү хэмжээгээр хөрөнгө хоршин худалдан авсан, мөн тухайн авто машиныг чиргүүлийн хамт 50, 50 хувиар дундаа хэсгээр хамтран өмчилдөг болох нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 774 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон хамтран өмчлөгч мөн байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Зээлдэгч Х.М нь ХБ-ны Говь-Алтай салбартай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5001131285 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.20 хувийн хүүтэй, зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байх бөгөөд уг зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5001131285 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Дээрх барьцааны гэрээний 2 дугаар хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалт бичигдсэн байх бөгөөд уг жагсаалтад NORT BENZ маркийн ГАА0778 дугаартай ногоон өнгийн, LBZF56FB67G016923 арлын дугаартай автомашин чиргүүлийн хамт 60.000.000 төгрөгийн үнэлгээтэйгээр бичигдсэн байна.
ХБ нь 0778ГАА дугаартай, NORTBENZ ND3310DSAJ маркийн, ногоон өнгийн автомашиныг М.Г-өөс Х.М-д шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэн тухайн эд хөрөнгийг барьцаалсан байна.
Тухайн автомашиныг чиргүүлийн хамт М.Г-өөс Х.М нь шилжүүлэн авахдаа зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй болох нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 774 дугаартай шүүгчийн захирамж, гэрч М.Г-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.3-т дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно гэж зааснаас үзэхэд эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалах бол хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авахаар байна.
Улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэх эрхзүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч татгалзалдаа Иргэний хуулийн 154.6, 91.1 дэх заалтуудыг үндэслэн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх заалтын урьдчилсан нөхцөлд ...барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй байсан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байх нөхцлийг заажээ. Гэтэл хөдлөх хөрөнгө болох автомашины хувьд автомашин эзэмших эрхийн гэрчилгээ нь өмчлөлийг тодорхойлохгүй юм. Энэ тохиолдолд холбогдох бүртгэл лавлагаагаар тодруулж барьцаалах эрхийг шалгах боломж банкинд байсан буюу мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заалтад гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэсэн байгаа нь хөдлөх хөрөнгийн хувьд эзэмшилдээ байлгаж байгаа өмчлөгч тухайн тохиолдолд эрх ашгаа хамгаалах, шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгч болохоо нотлох шаардлагагүй байхаар, эсхүл эзэмшиж байсан өмчлөгч биш этгээд өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүссэн тохиолдолд түүний өмнөөс эзэмшигч шаардах эрх хэрэгжүүлэх зэрэг агуулгаар хэрэглэгдэх юм. Өөрөөр хэлбэл өмчлөгч бус эзэмшигч нь эд зүйлийг захиран зарцуулах, барьцаалах зэрэгт гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж тооцогдох ойлголт биш юм.
Иймд ХБ Х.М, Ж.З нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5001131285 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-д заасныг тус тус баримтлан NORT BENZ маркийн ГАА0778 дугаартай ногоон өнгийн, LBZF56FB67G016923 арлын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт ХБ-ны барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барьцааны гэрээг цуцлуулах гэж бичсэн байгаа ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн тайлбарлаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулах шаардлага гэж тодорхойлсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХБ-ны Говь-Алтай салбараас 482.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-д заасныг тус тус үндэслэн ХБ-ны Говь-Алтай салбар, зээлдэгч Х.М, Ж.З нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5001131285 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, NORT BENZ маркийн ГАА0778 дугаартай ногоон өнгийн, LBZF56FB67G016923 арлын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт ХБ-ны барьцаанаас чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХБ-ны Говь-Алтай салбараас 482.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН