| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-т холбогдох эрүүгийн 2330000000033 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 4 дүгээр багт оршин суух хаягтай,
одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Шинэ дэнж”-ийн задгай тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн,
Х овогт Ц-ийн А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.О-тэй таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас галын хайчаар цохиж, түүний эрүүл мэндэд дух, хамарт тав тогтсон шарх, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О, дагавар охин О.Н нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодлоо гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Г.О, Захиргаа удирдлагын тасгийн цагдаа, жолооч Н.Б нарын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, тус албаны “Toyota Prius 20” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын хаалганы салхины шилийг өшиглөн, хагалж 45,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр хүмүүс өөрсдөө гуйж ирээд надтай хамт амьдарч байгаа. Охин нь юм л болбол цагдаа дуудаж өгдөг. Тэгээд засаг дарга шиг намайг зарж “гал түл” гэх зэргээр зардаг эрх мэдэлтэй хүн байгаа. Надад бол хэцүү байна. Намайг О-тэй хардаж “унтаж хэвтдэг” гээд янз бүрээр хэлж хэрүүл өддөг. Би ер нь тусдаа амьдармаар байна. Намайг тэр охин нь дандаа доромжилж “долир, сохор” гэж хэлдэг. Өөрөө ч ээжийгээ зодож доромжилдог. Хоорондоо их мууддаг. Одоо нэг амьдрал зохиох гээд газар авах гэтэл газар өгөхгүй газраа хурааж авна гээд газрын алба тэгээд байгаа. О-тэй ер нь тусдаа байя гэж шийдсэн. Өөрсдөө л усны тэрэг хүртэл гуйгаад л орж гараад байдаг. Миний хавирга хугарсан, бие ч муу байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.”
Эрүүгийн 2330000000033 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлж авсан гурилаа 50,000 төгрөгөөр танихгүй хүнд зарж, мөнгөөрөө архи авч уух гэхэд танил хэдэн хүмүүстэй таарсан. Тэгээд тэр хүмүүстэй архи уусан. Уусан архиндаа согтоод, харанхуй болсон хойно Б.О-ийн гэрт нь очсон. Б.О гэртээ ганцаараа байсан. Б.О “чи нэлээн согтуу байна, манайд унтаж амраад яв” гэж хэлэхээр нь би унтах гээд орон дээр нь хэвтсэн. Тэгсэн Б.О миний өмдний зүүн талын халаасыг ухаад байхаар нь “чи яагаад халаас ухаад байгаа юм” гээд өмднийхөө зүүн талын халаасыг үзэхэд тэнд байсан 50,000 төгрөг байхгүй байхаар нь уур хүрээд Б.О-ийг галын хайчаар цохиж зодсон. Би Б.О-ийг цохиж зодсон шалтгаан нь миний халаасанд байсан мөнгийг хулгай хийсэн учраас би хамтран амьдрагчаа зодсон.” гэх / хх 122-124 дүгээр хуудас /,
“2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед согтуу байсан учраас цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн машины салхины шилийг хагалсан. Ямар ч байсан Б.О-ийг цохиж зодож байхад цагдаа нар ирсэн. Тухайн хоёр цагдаагийн нэг нь намайг дагуулж гарсан. Нэг мэдэхэд би хөлөөрөө цагдаагийн газрын албаны машины салхины шилийг хагалсан. Ямар ч байсан тухайн цагдаа нар хууль тогтоомжийг хэлж тайлбарлаж байсан. Би бичиг үсэг мэдэхгүй учраас сайн ойлгоогүй. Ер нь бол хамтран амьдрагч Б.О, түүний охин О.Нямгэрэл нарыг цохиж зодож байхад цагдаагийн алба хаагч нар ирээд миний үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх / хх 44-46 дугаар хуудас /,
2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 107-108 дугаар хуудас /,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.О-тэй таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас галын хайчаар цохиж, түүний эрүүл мэндэд дух, хамарт тав тогтсон шарх, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О, дагавар охин О.Н нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодлоо гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Г.О, Захиргаа удирдлагын тасгийн цагдаа, жолооч Н.Б нарын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, тус албаны “Toyota Prius 20” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын хаалганы салхины шилийг өшиглөн, хагалж 45,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч Г.О, Б.Б, У.Д, Э.М нарын мэдүүлэг, ... СҮА улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Г.О, Н.Б нарын цагдаагийн алба хаагчийн тодорхойлолтын хуулбар, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилгооны хуулбар, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч Б.О-т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №965”, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч, өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор,
харин Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хууль сахиулагч гэдэгт: цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт: гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсан байхыг,
Хууль сахиулагчийн албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэдэгт: “дээр дурдсан хууль сахиулагч албан хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эсхүл тоноглосон объект, тээврийн хэрэгсэл, холбооны хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх болон нэг бүрийн тусгай хэрэгсэлд халдаж, булаан авч, эвдэж, гэмтээснийг ойлгохоор тус тус хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Ц.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог,
мөн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын эргүүл гүйцэтгэж байсан албан хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаны шаардлага тавих үед тэдний ажил үүргээ гүйцэтгэж явахдаа унаж явсан тээврийн хэрэгсэлд халдаж, хохирол учруулсан хор уршиг учруулж байгаа нь хор уршиг бүхий үр дагавар үүсгэсэн шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч Ц.А өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан,
мөн албан үүргээ гүйцэтгэж яваа хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгсэлд халдсан үйлдэл нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Ц.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
“Хууль сахиулагчийг эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Шүүхээс шүүгдэгч Ц.А-ыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг,
“Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2 Шүүгдэгч Ц.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар тодорхой газар очихыг хориглох буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоот хаягт Б.О-ийн гэрт очихыг хориглох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг энэ хэрэгт баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.О болон иргэний нэхэмжлэгч нарт төлбөр төлөөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.” гэх ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал дээр өмгөөлөгчийн хувьд дараах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийг үйлдэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл” нөлөөлсөн гэх үндэслэл байна. Яагаад гэвэл гэмт хэрэг гарахад хохирогч О-ээс өөрөөс нь болж А түүний эрүүл мэндэд хохирол учруулах үйлдэл хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн зүйл ангид нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү.” гэсэн ялын саналыг гаргаж мэтгэлцсэн.
2.3 Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа ойлгож байгаа хэдий ч бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, түүний зан төлөв, эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А нь хамтрагч амьдрагч Б.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй болно.
Шүүгдэгч нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 45,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирол болох 45.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт олгуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
3.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.О 2023 оны 01, 02 дугаар саруудад нийт 165,000 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 69,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.А-аас Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 165,000 төгрөгөөс хохирогч Б.О-ийн тухайн гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 69,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 96,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн А-ыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.А-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Ц.А-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, мөн хохирогч Б.О-тэй харилцахыг хориглох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.А-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 45,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт, 69,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Хохирогч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ