Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 236

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Ч  сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ж.Л-д холбогдох

аудитын алданги 207.061 /хоёр зуун долоон мянга жаран нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч сумын сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгний зээлийг дугуй засвар үйлчилгээгээр 2011 оны 01 сарын 10-нд авсан. Зээлийг эхлээд 2 жилийн хугацаатай олгоод, дараа нь сум хөгжүүлэх сангийн журмын дагуу 1 жил сунгаж, 3 жил болгож, 2014 оны 12 дугаар сарын 10-нд төлж барагдуулахаар гэрээг хийж 3 жилийн хугацааны 139.715 төгрөгийн хүү төлж 3.139.715 болгож төлж барагдуулах байсан. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлийн мөнгөн төлбөр хүүгийн хамт нь төлж барагдуулсан. Аймгийн аудитын газар 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 207.061 төгрөгний алданги тавигдсан. Иймд дээрх алданги болох 207.061 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугласан зохигчдын шаардлага, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг дарга нь Ж.Л-д холбогдуулан 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар тавигдсан алданги 207.061 /хоёр зуун долоон мянга жаран нэгэн/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ж.Л нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 3.000.000 /гурван сая/ төгрөгийн зээлийг сарын 0.25 хвуийн хүүтэй 24 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийг төлөөлж сумын Засаг дарга, зээлдэгчийг төлөөлж Ж.Л нар гарын үсэг зурсан байна.

Улмаар 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Ч  сумын Засаг даргын А/27 дугаар захирамжаар Ж.Л-гийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1 жилээр сунгасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж, 282.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч  сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хариуцагч Ж.Л-г “...үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлийн мөнгөн төлбөр хүүгийн хамт нь төлж барагдуулсан...” гэж дурджээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Л нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн байна.

Харин нэхэмжлэгч нь аймгийн Аудитын газар 2014 оны жилийн эцсийн аудитын шалгаад 207.061 төгрөгийн алданги тавьсан тул уг алдангийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч  сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар гэх 1 хуудас баримт ирүүлсэн боловч дээрх баримт  нь эх хувиар бус, Говь-Алтай аймгийн Ч сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Ж.С-ийн баталгаажуулсан Говь-Алтай аймгийн Ч  сумын засаг даргын тамгын газар гэх тэмдэг дарагдсан баримтыг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно...” гэж заажээ.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна...” гэж, 16 дугаар зүйлийн 16.2.1-т “...Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ. сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн...” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ...” гэж заасан байна.

Хэдийгээр Говь-Алтай аймгийн Ч  сумын Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын баримтыг нотариатаар батлуулсан байх боловч тус сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн байна.

Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн нь сумын Засаг даргын ажлын албаны ажилтан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс тодорхойлбол иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө буюу ажлын албаараа “баталгаажуулан” шүүхэд гаргах боломжгүй юм.

Иймд Говь-Алтай аймгийн Ч  сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн тус дахь Төрийн аудитын газар гэх 1 хуудас баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар зээлийн гэрээнд заасан, уг гэрээг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан, зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан байна.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Хариуцагч Ж.Л нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн, зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа сүүлийн хугацаа болох 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Ч  сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж.Л-д холбогдох 2014 оны жилийн эцсийн аудитын алданги 207.061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, хариуцагч Ж.Л-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын оролцоогүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Ж.Л-д холбогдох 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар тавигдсан алданги 207.061 /хоёр зуун долоон мянга жаран нэгэн/ төгрөг гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Ч  сумын засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН