| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00196/и |
| Дугаар | 133/ШШ2019/00238 |
| Огноо | 2019-07-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2019/00238
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: А.Т-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: ГАА АДБАЧ-д холбогдох
2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Т нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр АДБАЧ-ын даргын Б/05 тоот тушаалаар тус байгууллагад гэрлийн техникч-цахилгаанчнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг, даалгаврыг чанартай сайн үнэнч шударгаар биелүүлэн ажиллаж ирсэн билээ. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АДБАЧ-ын дарга Н.Э-ын Б/77 дугаартай тушаал гарч ажлаас халагдсан билээ. Миний бие уг тушаалыг эс хүлээн зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилсэн. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гарч, АЧ-д гэрлийн техникч цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 54 хоногийн олговорт 1.149.606 мянган төгрөгийг гаргуулан нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Алтай чуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн юм. Шүүх шийдвэр гарсан өдрөөс 14 хоногийн дараа шийдвэрээ бариад очиход АЧ-ын дарга Н.Э өрөөндөө оруулаагүй шүүхийн шийдвэр буруу гарсан хүлээн зөвшөөрөхгүй би чамайг ажилд авахгүй гээд хөөж явуулсан. Ингээд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсныг ГАА-ийнШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Шийдвэр гүйцэтгэхээр очсон хүмүүсийг элдвээр загнах, өрөөнөөсөө хөөж гаргах зэргээр зүй бусаар авирлах удахгүй авна, дараа ир, завгүй байна, гэсээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийж явсаар 2 жил гаруй хугацааны дараа ажилд эгүүлэн авсан. Ардын дуу бүжгийн АЧ-ын дарга Н.Э нь шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй ажлын байраар хангахгүй байгаа талаар Аймгийн засаг дарга С.Г, Аймгийн засаг даргын орлогч Ж.Г нарт 2018 оны 02 дугаар сараас хойш хэд хэдэн удаа амаар болон утсаар хэлсэн боловч шийдвэрийг үл тоомсорлосон гэж ойлгож байна. Гэтэл шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг шийдвэрлэж өгөхгүй гэрлийн техникч-цахилгаанчны ажил албан тушаалд өөр хүн авч ажиллуулан ажиллах боломжоор хангахгүй ажиллах хөдөлмөрлөх эрхийг удаан хугацаанд хааж боомилсон учир шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, хөдөлмөрийн хуульд үндэслэн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэрлийн техникч-цахилгаанчнаар эгүүлэн тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэр гарсан өдрөөс урьд эрхэлж байсан гэрлийн техникчийн ажилд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдох хүртэлх 25 сар 14 хоногийн цалин нийт 11.378.188 /Арван нэгэн сая гурван зуун далан найман мянга нэг зуун наян найман/ төгрөгийг, АДБАЧ-аас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэр гарсан өдрөөс урьд эрхэлж байсан гэрлийн техникчийн ажилд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдох хүртэл 25 сар 14 хоногийн цалин нийт 11.378.188 /арван нэгэн сая гурван зуун далан найман мянга нэг зуун наяан найм/ төгрөгийг АДБАЧ-аас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргасан байна. Тус байгууллагын гэрлийн техникч ажилтай А.Т нь 2015 онд аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 21 хоногийн сургалтанд хамрагдаж барилгын цахилгаанчин гэсэн чадамжийн гэрчилгээ авсан бөгөөд үүнээс өөр боловсрол мэргэжлийн диплом батламж байхгүй, мэргэжилгүй юм. ГАА АДБАЧ-ын гэрлийн техникч нь найруулагчийн дэглэж найруулсан хөтөлбөрийн дагуу тоглолт сургуулилтын үед уран бүтээлийн партитур бичиж мэргэжлийн өндөр түвшинд өөрийн мэргэжил, ур чадвараар тайзыг гэрлээр чимж амьлуулан ажиллахаас гадна байгууллагын гэрэл цахилгааныг бүрэн хариуцан ажилладаг юм. А.Т нь мэргэжил, ур чадварын тухайд чуулгын гэрлийн техникчийн ажил албанд тэнцэхгүй байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. А.Т мэргэжил ур чадвараараа тэнцэхгүй байгаа боловч Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрийг биелүүлж гэрлийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ГАА АДБ АЧ-д холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 11.378.188 /арван нэгэн сая гурван зуун далан найман мянга нэг зуун наян найман/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.Т нь ГАА АДБАЧ-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 11.378.188 /арван нэгэн сая гурван зуун далан найман мянга нэг зуун наян найман/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч А.Т нь ГАА АДБАЧ-д гэрлийн техникч, цахилгаанчнаар ажиллаж байгаад ГАА-ийнАДБАЧ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч А.Т-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 1.149.606 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийн дагуу ГАА-ийн АДБАЧ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд нь томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д ...энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Иймд шүүхийн шийдвэр биелэгдэж, нэхэмжлэгч ГАА АДБАЧ-д 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Т нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлээ 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зохицуулсан бөгөөд энэ хэргийн маргаан бүхий харилцааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаархи гомдлоо дээр дурдснаар гурван сарын дотор харьяаллын дагуу маргаан таслах комисс эсхүл шүүхэд гаргах учиртай байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ.
Нэхэмжлэгч А.Т нь ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажлын байраар хангасан үе буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш тэрээр гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр ГАА АДБАЧ-д холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан ГАА АДБАЧ-д холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Б овогтой А.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг ГАА-ийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН