Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1227

 

 

 

 

 

 

  2019             12           12                                         1227

 

С.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Баярсайхан,

өсвөр насны шүүгдэгч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюунбилэг, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч С.Нийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1907002200131 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зуутраг овгийн С.Н, 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн 11-3 ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 2-10а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ОЮ02312304/;

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны гадаа насанд хүрээгүй Н.Бтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Бийн биед “тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Зуутраг овгийн С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нийг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 16 настай. Би дээд ангийнхаа охинтой маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан. Хохирогч одоо эрүүл, ямар нэгэн гомдол гаргаагүй. Тухайн үед хохирогчийг томографт харуулж, эм тарианы мөнгийг нь өгсөн бөгөөд шүүх надад ял оногдуулсанд гомдолтой байна. Надад алдаагаа засах өөр боломж олгож өгөхийг хүсье.

 Би одоо Ерөнхий боловсролын 11 дүгээр ангид суралцдаг ба Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх боломжгүй байдал үүсч байна. Айлын том хүүхэд болохоор дүү нараа хичээлд нь хүргэж өгч, авдаг. Би өөрийн алдаагаа ухаарсан. Дахин хэрэгт холбогдохгүй. Ээж, аав, багшийнхаа итгэлийг алдахгүй байхын төлөө хичээх болно. Иймд надад дахин нэг боломж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Нийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний охин хүмүүжилгүй хүүхэд биш. Иймд ганц удаа харж үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюунбилэг нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан гэм хор, үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж буй нөхцөл байдлыг харгалзаад тухайн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. Мөн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд зан төлөвийг нь судалж, сэтгэл зүйч С.Нт зөвлөгөө өгсөн. Цаашдаа С.Нт албадлагын арга хэмжээ авч, хүмүүжээд явах бүрэн боломжтой гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Иймд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой” гэв.

Прокурор О.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Нт албадлагын арга хэмжээ хэрэглэхэд татгалзах зүйл байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны гадаа насанд хүрээгүй  Н.Бтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Бийн биед “тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Өсвөр насны шүүгдэгч С.Нийн нас тоолсон ажиллагаа хийсэн тухай /хх-47-48/, насанд хүрээгүй хохирогч Н.Бийн нас тоолсон ажиллагаа хийсэн тухай /хх-49/ тэмдэглэлүүд,

Насанд хүрээгүй хохирогч Н.Б /хх-10-12, 25-27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун /хх-13-15/, өсвөр насны шүүгдэгч С.Нийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунбилэг /хх-16-18/, насанд хүрээгүй гэрч Б.Ганболор /хх-21-24, 31-33/,  насанд хүрээгүй гэрч С.Роза /хх-34-36, 43-44/, өсвөр насны гэрч Ц.Балжинням /хх-37-38/, өсвөр насны гэрч Э.Даваахүү /хх-39-40/, өсвөр насны гэрч Б.Дагвадорж /хх-41-42/ нарын мэдүүлгүүд,

Шинжээчийн дүгнэлт /хх-51-52, 54/, өсвөр насны шүүгдэгч С.Нийн гэрчээр /хх-28-30/, яллагдагчаар /хх-62-67/ үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Өсвөр насны шүүгдэгч С.Нийн гаргасан “...Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэн албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж,

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч С.Нт мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

4. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ