Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2020/0018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд О.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* миний бие ам бүл 3. Завхан аймгийн ******* сум, Жинст баг, Явуугийн хэсгийн 1-р гудамж 114-д тоотод 2 охины хамт, өрх толгойлон амьдардаг. Манайх энэ хаягтаа 2002 оноос хойш 18 жил амьдарч байна. Миний хань С.******* нь 2017 онд хүнд өвчний улмаас нас барж, миний бие насанд хүрээгүй 2 охинтойгоо үлдсэн. Би ******* зах дээр жижиг лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулдаг. Миний амьдардаг байр нь 5 айлын нийтийн байр бөгөөд Завхан аймгийн ******* сум, Жинст баг, Явуугийн хэсгийн 1-р гудамж 114а, 114б, 114в, 114 г, 114д гэсэн 5 тооттой, 5 айлын өмчийн байр, айл бүр өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшдэг, нийтийн байрны гаднах хогийн цэг, явган хүний зам, нийтийн байрны орох гарах гарцыг тус байрны оршин суугчид нийтээрээ эзэмшдэг, нийтийн эзэмшлийн талбай байдаг. Ж.******* би дээрх байрны 114г, 114д гэсэн тоот бүхий 2 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд манайх нийтийн байрны хамгийн мухрын айл юм. 2019 оны 3 сард манай байрны 114в тоотод оршин суух Б.******* гэх залуу манайд орж ирэн би энэ байрыг нурааж шинээр олон давхар орон сууц барихаар шийдсэн. Айлуудтайгаа уулзчихлаа. 114а, 114б тоотын айлууд зөвшөөрсөн. Одоо та зөвшөөрөх хэрэгтэй байна. Би энэ газарт орон сууцны барилга барина гээд нэг цаас барьж орж ирсэн. Тухайн үед би энэ байр нийтийн байр шүү дээ, оршин суугчид нь яг зөвшөөрч байгаа юм уу. Нийтийн байр, сууцны хууль, дүрэм гэж байгаа байх шүү. Хууль, дүрмээ сайн судлаарай. Энэ чинь талбай жижигтэй газар. Эргэн тойрон бусдын эзэмшлийн газар хашаагаар хүрээлэгдэж хашигдсан байгаа. Ийм жижиг талбайд орон сууц барих нь хууль дүрэмдээ нийцэх юм уу гэж Б.*******д хэлж, би зөвшөөрөхгүй, тэгээд ч миний байр банкны барьцаанд байгаа, чи надад итгэл үнэмшил төрүүлэхгүй байна, би орон гэргүй болчихвол яах вэ гэж хэлээд тэр цаасан дээр гарын үсэг зураагүй гаргасан. 2019 оны 5 сард Б.******* нийтийн байрны дунд хэсгээс буюу өөрийн эзэмшил хэсгээсээ эхлэн байрыг нурааж эхэлсэн. 2020 оны 6 сард нийтийн байрыг дундуур нь хөрөөдөж манай эзэмшил хэсгийг үлдээж бусад хэсгийг бүрэн нураасан. Энэ үед цэвэр, бохир усны болон халаалтын шугам хоолойн хэвийн үйл ажиллагаа алдагдаж манайх цэвэр, бохир усгүй, 00 ашиглах боломжгүй, дээр нь нэг талын хана онгорхой сиймхий, нимгэн банзан ханатай үлдсэн тул би 2019 оны 8 сард аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Мэргэжлийн хяналтын газар миний гомдлын дагуу шалгаж Б.******* нь батлагдсан зураг төсөвгүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, газар шорооны ажил хийж байсан нь тогтоогдсон тул ажлыг зогсоож, иргэн Ж.*******гийн цэвэр ус, дулааны шугам хоолойг холбож өгөх, орц гарцыг чөлөөлөх зэрэг үүргүүдийг Б.*******д өгсөн тухай надад хариу мэдэгдэж байсан. Б.******* нь 2020 оны 4 сарын 24-ний өдөр байшингийн нураасан хэсэгт нүх ухаж, бетон суурь цутгаж, барилгын ажил хийж эхэлсэн бөгөөд ингэхдээ нийтийн байрны хамгийн мухрын тоотод амьдардаг миний гэр орон руугаа орох, гарах гарцыг бүрэн хаасан. Б.******* энэ үйлдлээ ... би өөрийн эзэмшлийн газарт барилга барьж байна. Би 422 м2 газар эзэмшдэг. ******* сумын Засаг даргын 2019 оны А/172 дугаар захирамжаар би газар эзэмших эрхтэй гэж тайлбарладаг. ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Б.******* эхнэр О.*******т 422 м2 талбай бүхий газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм билээ. Ингэхдээ миний гэр орон руугаа орох, гарах гарцыг бүрэн хааж, нийтийн байрны оршин суугчдын нийтээр ашиглахаар тогтоосон, нийтийн эдэлбэр газрыг иргэн О.*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэж миний болон миний 2 хүүхдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхүүдийг ноцтойгоор зөрчсөн байна. Д.******* газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаар хуульд заасан журам, нийтийн зориулалттай орон сууц барих норм, дүрэм, стандартыг зөрчиж, барилга барих зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий 422м2 газарт 18 айлын орон сууц барихаар барилгын ажил эхлүүлсэн. Ж.******* миний бие 2019 онд ******* сумын Засаг даргад хандан гомдол гаргаж шийдвэрээ өөрчилж өгөхийг хүссэн боловч миний гомдлыг шийдвэрлээгүй, 2020 оны 4 сард аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.9-д заасныг зөрчиж миний гомдлыг шийдвэрлүүлэхээр ******* сумын Засаг даргад шилжүүлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Завхан аймгийн ******* сумын Жинст багийн Явуугийн хэсгийн 1-р гудамжинд байрлах 5 айлын эзэмшлийн 114 дүгээр байрны нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар иргэн О.*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө гэжээ. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ******* сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл энэхүү захирамжид үндэслэсэн заалтууд нь өөрөө захиргааны акт илт хууль бус байх шинжүүдийг агуулж байна. Тухайлбал Газрын тухай хуулийн 21.3.2 дахь заалт нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 21.4.3-т заасныг үндэслэсэн байгаа. Энэ нь 21.3.2-т зааснаас бусад газрыг эзэмшүүлэх асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэхээр байгаа. Энэ заалтаас харахад Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн. Өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 3 сард Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаснаас хойших захирамжийг аймгийн Засаг дарга, өмнөхийг нь сумын Засаг дарга гаргана гэж хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Мөн гэрч Ц.******* мэдүүлэгтээ инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлдэг, маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар юм гэдгийг тодорхой дурдсан байдаг. Тэгэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан гараагүй аймгийн Засаг даргын захирамжаар инженерийн шугам сүлжээ бүхий газрыг олгож байсан байна. Энэ нь хуулийг практикт хэрэгжүүлж байгаа ажил юм. Түүнээс 2020 оны 3 сараас өмнө сумын Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлж байсан гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Мөн энэ асуудлыг зохицуулсан Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журам гарсан байдаг. Уг журамд инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшихдээ аймгийн газрын албанд өргөдөл гаргана гэж заасан. Энэ агуулга журмын 3.2.2-д тусгагдсан байгаа. Аймаг, дүүргийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмших ашиглах бол аймгийн Газрын албанд өргөдлөө гаргана гэж байгаа. Тэгэхээр эндээс харахад сумын газрын албанд өргөдөл гаргах, сумын газрын алба түүнийг нь хүлээж авах боломжгүй байсан байна. Хүлээж аваад сумын Засаг дарга захирамж гаргасан нь өөрөө эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй асуудлаар акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар мөн болохыг гэрч Ц.******* болон Амь-Ус трейд компанийн албан бичгээр нотлогдож байна. Дараагийн асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн ямар нэгэн хуулийн заалт үндэслээгүй, эсхүл үндэслэсэн заалт нь тухайн зохицуулалтад тохирохгүй байвал энэ заалт хамаарахаар байгаа. Гэтэл бидний маргаад байгаа 2019 оны А/172 дугаартай захирамжийн үндэслэл нь нэгдүгээр заалттайгаа уялдахгүй байна. Захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 20.2.2, 21.4.3, 30.1 дэх заалтуудаас харахад орон сууц баригдаж дуусах хүртэл хугацаанд эзэмшүүлнэ гэсэн заалт байхгүй. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа О.*******т нийт 422 мкв талбайг эзэмшүүлсэн байна. О.******* нь өөрөө 160 мкв талбайтай. Өөрийн 160 мкв талбайгаасаа хэтрүүлээд орон сууц барьсан талбайнаас бусад газар нь орон сууц барьсны дараа нийтийн эзэмшилд үлдэнэ гэж тайлбарлаж байна. Энэ бол өөрөө хууль бус, ингэж тайлбарлах боломжгүй. Яагаад хууль бус байна гэхээр гаргасан захирамжаа үгүйсгээд байна. Өөрийн эзэмшсэн үндсэн талбай дээрээ барилга барих нь тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал боловч 5 айлын нийтийн эдэлбэр газрыг нэг хүнд өгсөн, тухайн барилгаа талбайгаасаа илүү гаргаж барьснаас болоод нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөд байна. Орц, гарц нь хаагдчихаад байна. Мөн Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан журмыг огт хэрэгжүүлээгүй байна. Уг журамд зааснаар суурин судалгаа хийх болон шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй нь тохирч тэмдэглэл үйлдэж албажуулах талаар заасан байна. Гэтэл дээрх ажиллагааг хийсэн талаар хэрэгт ямар ч баримт байдаггүй. Хариуцагчийн төлөөлөгч мөн дээрх ажиллагааг хийгээгүй гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Тэгэхээр маргааны эх үүсвэр бол ******* сумын Засаг даргын гаргасан илт хууль бус акт байна. Анхнаасаа ******* сумын Засаг дарга дээрх маргаан бүхий захирамжаа гаргахдаа холбогдох ажиллагаагаа хийгээд, журмаа баримтлаад ажилласан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан. Мөн дээрх газрыг олгох асуудал нь аймгийн болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгагдаагүй. Гэтэл тухайн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олгох ёстой байсан. Тийм учраас иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байна. Захирамжийн нэгдүгээр заалтыг харахад иргэнд нэмж газар эзэмшүүлсэн байна. Нэмж эзэмшүүлж байгаа тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай. Хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээ бүхий газар гэдэг нь тодорхой газарт газар эзэмшүүлж байж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байна гэдэг боломжгүй. Мөн хяналт тавьж ажилласангүй. Хариуцагч тал хяналт тавьж ажилласан гэж байгаа боловч шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад хяналт тавьж ажилласан байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас нийтийн эзэмшил талбай руу орж бусдын эрх ашиг зөрчигдсөн байна. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн судалсан баримтаас харахад нийтийн эзэмшлийн талбайг бага багаар нэмж эзэмшүүлсээр байгаад мухрын айлыг зорчих эрхийг хязгаарласан байна. Нийтээр эдлэх эрх ашгийг нь зөрчсөн байна. Ингээд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй байдал нь зөрчил гараад байгаагаар харагдаж байна. Тийм учраас нэгдүгээрт, Газрын тухай хуулийн 21.3.2-т зааснаар инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга эзэмшүүлэхээр байсан байна. Гэтэл сумын Засаг дарга өөрт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан байна. Хоёрдугаарт, газрыг барилга барьж дуусах хүртэл хугацаанд түр эзэмшүүлнэ гэсэн зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй, Ж.*******гийн хуульд заасан эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байна. Иймэрхүү байдлаар акт гаргахдаа бусдын эрх ашгийг хөндөх хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад холбогдох журмыг хэрэгжүүлэлгүйгээр газрыг бусдад эзэмшүүлсэн нь илт хууль бус байна. Мөн нийтийн хооронд үл ойлголцол үүсгэж байгаагаас харахад бодит нөхцөл байдалд уг акт нь биелэгдэх боломжгүй байна. Иймд ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т заасан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамж хуульд нийцсэн. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж , гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж сумын Засаг даргад олгосон бүрэн эрх юм. Захирамжийн 1-т ******* сумын Жинст багийн Бэгзийн Явуухулангийн 1 дүгээр гудамж 114 б тоотод байрлалтай 422 м2 газрыг орон сууцны зориулалтаар иргэн******* овогтой *******т орон сууц баригдаж дуусах хугацаанд эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасан тул тухайн барилга баригдаж дуусахад орон сууцны эргэн тойрны газрыг ******* сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр заасан. 2019 онд баталсан барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-д барилгын талбай, ажлын аюултай бүс зэргийг газар дээр нь зааж тэмдэглэх бөгөөд хамгаалалтын хашааг барьж, орц гарцыг тогтоосон байх ёстой гэж заасан./БНБД12-09-01-ийн 7.7/ Иймд барилгын ажил гүйцэтгэх хугацаанд талбай, ажлын аюултай бүс зэргийг газар дээр нь тэмдэглэн хамгаалалтын хашааг барьж орц гарцыг тогтоож ажиллахыг иргэн О.*******т хүргүүлсэн. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/1725 дугаар захирамж нь бусад этгээдийн газар эзэмших, өмчлөх эрхэд халдаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын иргэн Харваач овогт Жигэндийн ******* нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байна. Уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх захирамжаар өмнө олгогдсон буюу бусдын эзэмшиж, ашиглаж байсан газрыг барилга барихтай холбогдуулан барилга дуусах хугацаагаар түр эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газартай давхцуулсан зүйл огт байхгүй юм. Талбайн хэмжээг нэмж барилга баригдаж дуустал эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль болон бусад дүрэм журмыг зөрчөөгүй харин ч барилга барихад иргэдийн аюулгүй байдлыг хангуулахаар үүрэгжүүлсэн болно. Өмнө нь сумын Засаг даргын захирамжтай ба барилга барих болоход аймгийн Засаг даргын захирамж гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрч Ц.*******ийн тухайд газрын албанд ажилладаг гэсэн боловч албан тушаал нь тодорхойгүй, байхгүй байна. Мөн Ц.******* нь барилгын материал хариуцдаг ажилтан байгаа. Тэгэхээр инженерийн шугам сүлжээний газрыг мэдэх боломжгүй. Хоёрдугаарт Амь-Ус трейд компаниас тодорхойлолт авсан байна. Үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь энэ компани бол Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчээр буюу цэвэр усаар хангах статустай байгууллага учраас инженерийн шугам сүлжээ мөн эсэх талаар тодорхойлолт гаргах боломжгүй. Инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталдаг. Батлагдаагүй учраас сумын Засаг даргын А/172 дугаартай захирамж гарсан учраас хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Мөн инженерийн шугам сүлжээ бүхий газар гэдгийг тогтоох нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын чиг үүрэгт хамаарч байгаа. Хамааралтай байхын тулд Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын экспертизийн зурагт хамрагдсан байх ёстой. Энэ зурагт ороогүй тохиолдолд инженерийн шугам сүлжээтэй газарт тооцогдохгүй. Экспертизийн зурагт оруулаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулж байж инженерийн шугам сүлжээ бүхий газарт тооцогдоно. Дараагийн асуудал нь маргаан бүхий захирамж нь өмнө О.*******т газар олгосон захирамжуудаа хүчингүй болгож байгаа. Нэхэмжлэгч тал иргэн О.*******ийн 160 мкв газраас бусад газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж тайлбарлаж байна. Тийм зүйл байхгүй. Илт хууль бус актын хувьд тайлбарлахад сумын Засаг дарга захирамж гаргаж газар олгох эрхтэй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан инженерийн шугам сүлжээ бүхий газарт аймгийн Засаг даргын олгохоос бусад газрыг сумын Засаг дарга олгож болохоор байгаа. Тийм учраас өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан гэж үзэхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргаж байна. Энэ байдал одоо хүртэл тогтоогдохгүй байгаа. Хэний, ямар иргэний Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг зөрчөөд байгаа нь тогтоогдохгүй байгаа. Хэрвээ ийм байдлаар шүүхээс шийдлээ гэж бодоход дараа нь ямар үр дагавар гарах вэ?, Барилгыг нь зогсоох гээд байгаа юм уу?, эсвэл газрыг нь хүчингүй болгоод, орох гарах орцыг нээлттэй болгох гээд байгаа юм уу?, Ж.******* гэдэг иргэний ямар эрх нь зөрчигдсөн, ямар эрхийг нь сэргээх гээд байгаа нь тодорхойгүй байна. Зөрчигдсөн эрх байхгүй учраас түүнийг сэргээх гэсэн ойлголт байхгүй байна. Мөн бодит байдалд биелэх боломжгүй захирамж гарсан гэж байна. Захирамжаар үүрэг болгосон бол үүргийг нь хэн биелүүлэх ёстой юм бэ?, Иргэн Ж.*******д үүрэг болгоогүй, иргэн О.*******т үүрэг болгосон. Ийм захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ үү гэсэн утгатай захирамж гарсан. О.******* гэдэг иргэнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан. Ж.******* гэдэг иргэнийг тухайн захирамжийг биелүүлнэ үү гэсэн утгатай захирамж гарсан бол нэхэмжлэгч талаас тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй байна гэдэг байдлаар маргах боломжтой байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие******* овогтой ******* нь ******* сумын Жинст багийн төвийн хэсгийн 5-3 тоотод оршин суудаг. Өөрийн амьдардаг байсан 5 айлын сууцныхаа айлтай зөвшилцөж 2 айлын газрыг худалдах, худалдан авах гэрээ хийж аваад барилгын ажлаа явуулж байгаа. ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хуулийн дагуу гаргуулсан болно. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан А/172 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээс татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас орц гарц хааж эрхийг нь зөрчсөн гэж маргаж байсан боловч шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан манай талаас гаргаж өгсөн гэрэл зураг болон нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар зэргээс орц, гарцыг хаасан зүйл байхгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр орц, гарц хаасан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй байна. Хоёрдугаарт, газар эзэмшүүлчихээд хяналт тавиагүй, мөн барилгын суурь нэвтэрсэн гэж маргаж байна. Эзэмшүүлсэн газрын хэмжээ, байршлыг өөрчилсөн гэдэг асуудлыг ярьж байгаа бол энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зохицуулагдахаар байгаа. Тэгэхээр үүнийг өнөөдрийн захиргааны хэргийн шүүхийн захиргааны актын маргаанд холбогдуулж үндэслэл болгож ярих боломжгүй. Гуравдугаарт, Ц.******* гэрчийн мэдүүлгийн талаар нэмж хэлэхэд гэрч Ц.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 20-нд мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлгийн агуулгаас нь харахад хэзээнээс хамрагдсан талаарх цаг хугацааны ямар нэг хариулт байдаггүй. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар тогтоол дээр үйлчлэл нь хэзээнээс явж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Тийм учраас инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж маргаад байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв тус газрыг инженерийн шугам сүлжээ бүхий газар байсаар байтал А/172 дугаартай захирамжийг гаргасан гэж тайлбарлаад байгаа бол үүнийгээ баримтаар нотлох хэрэгтэй байна. Гэтэл ийм баримт хавтаст хэрэгт байдаггүй. Мөн нэхэмжлэгч нийтээр ашиглах эрхэнд халдлаа гэж маш олон удаа ярьсан. Нэхэмжлэгчид нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэдгийг би өмнө нь хэлсэн. Нотлох баримт шинжлэн судлах явцад энэ байдал мөн л тогтоогдоогүй. Эцэст нь хэлэхэд сонсох ажиллагааны талаар мөн нэхэмжлэгч тал яриад байна. 4 айлтай нийтийн байрны 3 айл нь өөрсдөө гэр орноо буулгаад шинэчлэн барих хүсэл сонирхлоо захиргааны байгууллагад илэрхийлсэн. Олон жилийн насжилттай хуучин байрыг шинэчлэх орон сууцжуулах үндэсний төсөл хөтөлбөр улсын хэмжээнд 2016-2020 хэрэгжиж байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн орон сууц барих нь 3, 4-н айлын асуудал биш. ******* сумын иргэдийг орон сууцаар хангах гэсэн нийтийн ашиг сонирхолд нийцсэн чухал асуудал байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс хөдөө орон нутагт орон сууц барихаар гэр орноо буулгаад, санхүүгийн өндөр эрсдэл үүрээд ажиллаж байгаа учраас холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гаргаж өгөхийг нутгийн удирдлагуудаас хүссэн байдаг. Залуу хүмүүсийн хувьд гаргаж байгаа итгэл зүтгэлийг нь нутгийн удирдлага дэмжээд холбогдох шийдвэрийг цаг хугацаа алдалгүйгээр гаргасан. Тэгэхээр үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай нөхцөл байдал гэж үзэж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай нөхцөл байдалд хамаарч байна. Тийм учраас нэхэмжлэгчийг сонссонгүй гэдэг байдлаар хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь анх Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан Завхан аймгийн ******* сумын Жинст багийн Явуугийн хэсгийн 1-р гудамжинд байрлах 5 айлын эзэмшлийн 114 дүгээр байрны нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар иргэн О.*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2. Маргаан бүхий ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Талбайн хэмжээ өөрчлөх тухай А/172 дугаар захирамжийн 1 дэх заалтаар иргэн О.*******т 422 м2 газрыг барилга барьж дуусах хүртэл хугацаанд эзэмшүүлсэн ба 2 дахь заалтаар иргэн О.*******ийн ******* сумын Засаг даргын 2019 оны А/158, А/161 дүгээр захирамжаар тус тус эзэмшиж байсан 160м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал А/172 дугаар захирамжаар О.*******ийн өмнө эзэмшиж байсан 160м2 газрын талбайн хэмжээг өөрчилж, шинээр нэмж 262м2, нийт 422 м2 газар эзэмшүүлсэн байна.

3. ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Талбайн хэмжээ өөрчлөх тухай А/172 дугаар захирамж нь уг хэргийн гуравдагч этгээд О.*******т эерэг нөлөөлөл бүхий, түүнд газар эзэмших эрх шинээр нэмж олгосон захиргааны акт байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ж.*******гийн нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтээ байна.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийтийн байрны нийтээр ашиглах 262 м2 газрыг иргэн О.*******т эзэмшүүлснээр нийтийн эзэмшлийн газраа ашиглах эрх зөрчигдсөн, гуравдагч этгээд нь байшингийн сууриа нийтээр ашиглах талбай руу оруулж барьсан тул орох гарах гарц хаагдсан, гал, түргэний машин орох боломжгүй болсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших эрх хөндөгдсөн гэж тайлбарлаж байх ба уг газар нь маргаан бүхий А/172 дугаар захирамж гарахаас өмнө нийтээр ашиглах нийтийн эзэмшлийн газар байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 405 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

5. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар гэжээ. Тодруулбал нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай байрны нийтийн эдэлбэр газрыг ашиглах хуулиар хамгаалагдсан /субьектив/ эрхтэй байх ба нэхэмжлэгчийн нийтээр ашиглах, нийтийн эзэмшлийн газрыг сонсох ажиллагаа явуулалгүйгээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх дээрх тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөл бүхий А/172 захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх нөхцөлөөр илт хууль бус захиргааны акт гэж маргаж байна.

7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 21.4-т сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх гэснээр инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрх байна.

8. Маргаан бүхий А/172 дугаар захирамжаар гуравдагч этгээд О.*******т эзэмшүүлсэн 422м2, 8109012117 нэгж талбарын дугаар бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байна. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүчний ... эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөл-ийг авсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн дулаан, цэвэрт холбогдсон гэх тайлбар, гуравдагч этгээдийн барилгын техникийн нөхцөлөө авсан гэх тайлбар, гэрч Ц.*******ийн мэдүүлэг, Завхан аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч Амь-Ус трейд ОНӨААТҮГ-н тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ******* сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн зааг тогтоох тухай 15 дугаар тогтоолыг баталснаас хойш аймгийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй болсон ба үүнээс өмнө ******* сумын Засаг дарга аймгийн төвийн бүсэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан гэх тайлбар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан ... аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ гэх зохицуулалтаар үгүйсгэгдэж байх ба ******* сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гуравдагч этгээдийн шинээр эзэмшсэн газрыг бусдад эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байна.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэжээ. Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн шийдвэр, үйл ажиллагааг ойлгохоор байх ба энэ нь хуулиар тусгайлан олгогдсон, харьяалуулсан эрх хэмжээг зөрчих, эрх олгогдсон хэдий ч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн шинжээр илэрдэг ба хариуцагч ******* сумын Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг дарга эзэмшүүлэхээр Газрын тухай хуульд тусгайлан харьяалуулсан эрх хэмжээг зөрчиж А/172 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байх тул дээрх үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх хэм хэмжээний нөхцөл нь захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүй гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр гаргах хэлбэрээр илэрдэг ба сумын Засаг дарга нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буруу хэрэглэсэн, мөн хуулийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэх хэм хэмжээний нөхцөл нь тухайн актаар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, бодит зохицуулалт агуулаагүй, хийсвэр байх шинжээр илэрдэг ба маргаан бүхий А/172 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасан агуулга, хэлбэргүй байх тул эдгээр нөхцөлөөр илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Маргаан бүхий А/172 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоосноор тус захирамжийн 1 дэх заалтад заасан газар эзэмших эрх анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох ба 2 дахь заалтаар гуравдагч этгээд О.*******ийн 000034156, 000034155 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон заалт анхнаасаа хүчин төгөлдөрт тооцогдох эрх зүйн үр дагавартай болохыг дурдсугай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий А/172 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тодруулсан тул маргаан бүхий захирамжийн бусад хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасныг баримтлан Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР