| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 221/2025/0009/З |
| Дугаар | 221/ШШ2025/0011 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/ШШ2025/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Шүүгч Г.Мөнхтулга
Нэхэмжлэгч: “ХХБ” ХК
Хариуцагч: Монголбанк
Нэхэмжлэлийн шаардлага: Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Л.М, М.Б, иргэдийн төлөөлөгч Н.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Хэргийн индекс: 221/2025/0009/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХБ” ХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина” гэж, 19.2 дахь хэсэгт “Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилсан.
Энэхүү зохицуулалтаас үзвэл, Монголбанк нь банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй ба эдгээрээс бусад төрлийн зөвшөөрөл олгох холбогдох харилцааг холбогдох хуулиар зохицуулахаар байна. Тодруулбал, Банкны салбар, нэгж байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахтай холбогдох харилцааг холбогдох хууль, тогтоомж болох Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиудаар тус тус зохицуулахаар заажээ.
Банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Монголбанк тогтооно” гэж, 22.2 дахь хэсэгт “Банкны салбар байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл энэ хуулийн 22.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийн жагсаалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн Монголбанк батална” гэж тус тус хуульчилсан.
Нарийвчилсан хуулийн зохицуулалтаас үзвэл, Монголбанк нь банкны салбар байгуулах зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийн жагсаалтыг батлахын сацуу банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тус тус тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжид зааснаар банк өөрийн салбарыг нээхтэй холбоотойгоор Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг авахаар заасан, харин банкны нэгж байгуулахад Монголбанкны тогтоосон шаардлагыг биелүүлж байвал Монголбанкнаас банкны нэгжийг байгуулах зөвшөөрөл авах шаардлагагүй байна.
Гэтэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг баталсан. Тухайн Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын зорилго нь Банкны тухай хуулийн 18 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банканд Монгол Улсад болон гадаад улсад банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна” гэж, Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “Монголбанк дотоодод банкны нэгж байгуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно” гээд, Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтад “Монголбанк нь банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулах энгийн зөвшөөрөл олгоно” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус заасны дагуу Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрлийг авахаар байна.
Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын зохицуулалтыг дэлгэрүүлэн судалбал, журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт Монголбанк дотоодод банкны нэгж байгуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно гэж заасан бөгөөд энэхүү заалтад дурдагдаж буй банкны нэгжийг банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэлнэ гэж тодорхойлжээ.
Дээрх зохицуулалтуудаас үзвэл, Банкны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус заасны дагуу Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар нээхэд Монголбанкны зөвшөөрлийг авахаар бол Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмаар банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс байгуулахад Монголбанкны зөвшөөрлийг авахаар зохицуулжээ. Эдгээр зохицуулалтыг нэгтгэн харуулбал:
| Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг | Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт | Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг |
| Банк | Банк |
|
| Банкны салбар | Банкны салбар |
|
| Гадаад улсад банк | Гадаад улсад банк | Гадаад улсад банк |
| Гадаад улсад банкны салбар | Гадаад улсад банкны салбар | Гадаад улсад банкны салбар |
|
|
| Банкны төлөөлөгчийн газар |
| Банкны тооцооны төв | ||
| Банкны тооцооны касс |
Дээрхээс дүгнэвэл, Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиудад банк нь өөрийн төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдлаар зохицуулсан атал Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмаар зөвшөөрөл авах байдлаар зохицуулсан байх бөгөөд Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам нь Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиудтай тус тус зөрчилдөж байна.
Хэрэв хууль болон Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам нь хоорондоо зөрчилдвөл хэрхэх талаар Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтад Захиргааны хэм хэмжээний акт нь хуульд нийцсэн байх шаардлагыг тогтоожээ. Тус зохицуулалтаас үзвэл Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам нь Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам нь хуулийг өргөжүүлэн тайлбарлан хэрэглэсэн байгаа нь хуультай зөрчилдөж байгаа юм.
Банкны нэгжийг байгуулснаар санхүүгийн үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээдэд ойртох, улмаар тэдгээрийн цаг хугацааг хэмнэх, ажлын байр бий болох, санхүүгийн мэдээллийг тогтмол, түргэн шуурхай өгөх зэрэг олон давуу талууд байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхээс дүгнэвэл, Төв банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 болон 32.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк нь банкнуудад хяналтын чиг үүрэгтэйгээр оролцдог ба Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам нь хуулиар тусгайлан олгох зөвшөөрлийг өргөжүүлэн зохицуулсан байгаа нь банкны бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, харилцагчийн эрх ашгийг хязгаарлах зэрэг нөхцөл байдал үүсгэхээр байна. Тодруулбал, банк нь хуулийн дагуу зөвхөн банкны салбар, гадаад улсад банк нээх, түүний салбарыг нээхэд зөвшөөрөл авахаар зохицуулсан бол Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын дагуу нэмэлтээр банкны төлөөлөгчийн газар, банкны тооцооны төв, банкны тооцооны касс нээхдээ хуулиар зохицуулагдаагүй зөвшөөрөл авах нь Банкны үйл ажиллагааг цаашдаа хязгаарлах, банк нь өөрийн банкны төлөөлөгчийн газар, банкны тооцооны төв, банкны тооцооны кассыг нээх боломжгүй байдал үүсэх боломжтой юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтад заасанчлан Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2.1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хуулиар эрх олгосон захиргааны байгууллага тухайлсан хуульд тусгайлан заасан захиргааны хэм хэмжээний актыг батлах бүрэн эрхтэй байдаг. Энэ нь хууль тогтоогчийн зүгээс хуулиар зохицуулаагүй харилцааг захиргааны байгууллагад бүрэн эрх олгох замаар хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн, хуультай давхардуулахгүй, зэрэгцэн зохицуулаагүй хэм хэмжээг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжлан батлах үйл ажиллагаа юм.
Тухайлбал Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна” гэж, Банкны тухай хуулийн 3.1.1 дахь заалтад “банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг” гэж тус тус заажээ.
Дээрхээс үзэхэд банкны нэгж гэх албан ёсны хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор дамжуулан нэгжийн төрлүүдийг хуульд тусгайлан тогтоосон. Мөн дурдагдсан ойлголт бүр нь /үүнд банкны салбар мөн хамаарна/ банкны нэгжийн төрөл бөгөөд түүнд багтана.
Иймд, Монголбанк нь хууль, материаллаг эрх зүйн хувьд банкны нэгж байгуулах харилцаанд мөрдүүлэх захиргааны хэм хэмжээний актыг батлах бүрэн эрхтэй бөгөөд Банкны тухай хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн утгаар нь хэрэглэсэн болно.
2.2. Захиргааны хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон хуульд тодорхойлсон хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаанд зорьж гардаг. Тухайлбал хэм хэмжээний актын зохицуулалт нь эрх олгож байгаа хуулийнхаа ерөнхий агуулга, зорилгод нийцэж байх, мөн хуулиар хэм хэмжээний актад зохицуулалт хийхийг зөвшөөрсөн тэр цар хүрээгээр хязгаарлагдах бөгөөд хуулиар өгөгдсөн зорилгыг хэлбэржүүлж, илүү нарийвчилдаг онцлогтой.
“Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ын хувьд а/ Банкны тухай хуульд заасан Монголбанкнаас банканд тавих шаардлага, б/ Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрөл олгоход шаардлагатай баримт бичгийг тодорхойлох харилцааг тус тус хэлбэржүүлж, нарийвчилсан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд дурдагдсан хуулиудын агуулга, зорилго, хүрээнд нийцсэн тухай дараах байдлаар тайлбарлав.
Банкны тухай хуулийн дагуу тавих шаардлага: Банкны тухай хуулийн дагуу харилцагчдаасаа мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг мөн Төв банкны мөнгөний бодлого, шийдвэрийг улсын эдийн засагт хэрэгжүүлэх гол суваг болдог өндөр зохицуулалттай хуулийн этгээд билээ. Тиймээс Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар Монголбанк нь банкийг үүсгэн байгуулагдахаас эхлэн, хуулиар тогтоосон хэрэгслээр дамжуулан хяналт тавьж, шаардлагатай зөвшөөрлийг олгож, батлагдсан хэм хэмжээг дагаж мөрдүүлдэг болно.
Банкны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт “Банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Монголбанк тогтооно” гэж заасан. Тиймээс банк нэгжээ байгуулахдаа төрлөөс үл хамааран хуульд заасны дагуу Монголбанкнаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж бүртгүүлэх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл Монголбанк нь банкны нэгж байгуулахад шаардлагатай нөхцөлийг тогтоож энэ нь банканд тавих хяналтын нэг хэлбэр болно.
Түүнчлэн Монголбанк банкны нэгж байгуулахад зохицуулалт тавьж байгаа нь хожим банканд нийтийн эрх зүйн хүрээнд авах хяналт, албадлагын арга хэмжээ авах бол түүнтэй шууд хамааралтай. Энэ нь зөвхөн банкны банкны үйл ажиллагааны тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглээд зогсохгүй, нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцоход чиглэгддэг.
Банкны нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, активын чанар, активын ангилал нь зөвхөн банкаар хязгаарлагдахгүй санхүүгийн системийн эрүүл мэнд, тогтвортой байдлыг тодорхойлох гол үзүүлэлт юм. Мөн банкны нэгж нь банкны зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тодорхой бүсэд гүйцэтгэдэг болохыг тэмдэглэж, банканд Монголбанкнаас тавьдаг активыг ангилах, үнэлэх, тэдгээрийн эрсдэлийг урьдчилан тооцоход чиглэсэн арга хэмжээг авч, зохицуулалтыг түүнд мөрдүүлэх нь зайлшгүй. Энэ нь банкны нэгжүүдийн санхүүгийн байдлыг бодитоор үнэлэх, эрсдэлийг удирдах боломжийг олгодог.
Түүнчлэн Монголбанкнаас банканд албадлагын арга хэмжээ авахад хуулийн этгээдийн эрхтэй банк, түүний нэгжийн байршил, түүнд байгаа хөрөнгийн мэдээлэл (өөрийн хөрөнгө, харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө гэх мэт) нарийвчлан мэдэгдэж байх шаардлагатай. Энэ мэдээлэл нь санхүүгийн тайланд тусгагдах бүх төрлийн хөрөнгийг тооцоход чиглэгддэг. Хэрэв зохицуулагч байгууллага тус мэдээллийг бүрэн аваагүй, шаардлагатай зохицуулалтыг нэгжид тавихгүй бол банк нь албадлагын арга хэмжээ авах болон бусад тохиолдолд тухайн нэгжээр дамжуулан мөнгө гаргах, эсвэл тус нэгжтэй харилцдаг харилцагчдыг тодорхойлох бодит эрсдэлийг бий болгож, захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй.
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тавих нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, түүнчлэн түүнтэй холбоотой зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох бол тухайлсан хуулиар /Банкны тухай хууль/ зохицуулснаас бусдыг Зөвшөөрлийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтална.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана” гэж, 3.3 дахь заалтад “хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг” гэж тус тус заажээ.
Банкны тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсгээс үзэхэд тус зохицуулалтыг үндэслэн батлах журам нь банкны нэгжийг байгуулах тохиолдолд нийтлэг мөрдүүлэх нөхцөлийг тогтоохыг зорилго болгох бөгөөд энэ нь Монголбанкнаас банканд тавих хяналт, шаардлагын нэг хэлбэр болж банк түүнийг дагаж мөрдөхийг үүрэгжүүлнэ.
Түүнчлэн тус нийтлэг шаардлага нь банкны салбар байгуулах зөвшөөрлийг хүсэлтэд хавсаргагдах нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичигт мөн адил үйлчлэх нь зайлшгүй. Учир нь банкны нэгжийн төрөлд салбар багтахаас гадна ойлголтын багтаамжийн хувьд тус зөвшөөрлийг авах бол нэгж байгуулах шаардлагыг зэрэгцүүлж мөрдүүлнэ.
Тус банкны нэгж нь банкны тодорхой үйл ажиллагааг тухайн бүс нутагт явуулах тул байгуулагдсаны дараах хяналтаас гадна, анхны хөрөнгийн хэмжээ, хүрэлцээ түүний зохистой байдал, активын ангилал, удирдлагад тавигдах шаардлага зэрэг эрсдэлийг хянах, үнэлэх зорилготой бөгөөд энэхүү хяналт нь заавал урьдчилан мэдэх, тооцоолох үр нөлөөтэй хяналт, шалгалтын зарчим болон Банкны тухай хуулийн зорилго тус хуулийн 43 дугаар зүйлд тавдугаар бүлэг, зургаадугаар бүлэгт тус тус заасан Монголбанкны хэрэгжүүлэх бүрэн эрхэд нийцтэй болно.
Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-116 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нийцсэн, тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээг хангасан хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн утгаар хэрэглэсэн тул захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.1 дэх хэсэгт зааснаар Монголбанкны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Н.Нямсумъяа шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХБ” ХК-иас Монголбанканд холбогдуулан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... банк өөрийн салбарыг нээхтэй холбоотойгоор Монгобанкнаас холбогдох зөвшөөрлийг авахаар заасан, харин банкны нэгж байгуулахад Монголбанкны тогтоосон шаардлагыг биелүүлж байвал Монголбанкнаас банкны нэгжийг байгуулах зөвшөөрөл авах шаардлагагүй...” гэж тайлбарлан маргажээ.
2. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр маргаан бүхий журмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу хариуцагчаас дахин шинэ гаргах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
3. Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина”, 19.2-т “Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна”, Банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Монголбанк тогтооно” гэж тус тус заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг баталжээ.
4. Уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд захиргааны хэм хэмжээний актын хувьд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.5-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх” шаардлагыг хангасан байх учиртай.
5. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ын 1.4-д “Монголбанк дотоодод банкны нэгж байгуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно” гэж заасан бол Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д ““банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг” ойлгохоор заажээ.
6. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан бол мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.2-т банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад энгийн зөвшөөрөл олгохоор зохицуулсан.
Дээрхээс үзвэл, банк зөвхөн өөрийн салбарыг байгуулахдаа Монголбанкнаас зөвшөөрөл авах ба хуульд зааснаас гадуур зөвшөөрөл олгохтой холбоотой хэм хэмжээний акт гаргахыг хориглосон байхад хариуцагч Монголбанк нь маргаан бүхий журмыг батлахдаа хуульд зааснаас өргөн агуулгаар буюу дотооддоо банкны төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг байгуулах тохиолдол бүрд зөвшөөрөл авахаар зохицуулсан нь буруу байна.
7. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д банкны нэгжийг өргөн цар хүрээнд ойлгохоор зохицуулсан байхад хариуцагч маргаан бүхий журмыг батлан гаргахдаа банкны нэгжид хамаарах банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэргийг байгуулахад чухам аль тохиолдолд нь зөвшөөрөл авах, алинд нь авахгүйг тодорхой ялгаж зааглалгүй, хэт ерөнхий байдлаар зохицуулсны улмаас ойлгомжгүй нөхцөл байдал үүссэнээр ийнхүү маргаан үүсэх нөхцөл бүрджээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
8. Хариуцагч Монголбанкны хувьд Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, Банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус зааснаар банк болон түүний салбарыг байгуулах болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түүнчлэн банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал батлах бүрэн эрхтэй этгээдийн хувьд дээрх ойлгомжгүй нөхцөл байдлаа холбогдох хуульд нийцүүлж, бодит нөхцөл байдалд тохируулан дахин гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарахаар байна.
9. Мөн иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэстэй боловч нэгэнт хариуцагч захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээр дурдсан ойлгомжгүй зохицуулалтуудыг залруулж, хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг хангасан байдлаар уг арга хэмжээний зорилгод нийцүүлэн, бодит нөхцөлд тохирсон байдлаар журмаа дахин боловсруулах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Монгобанкнаас дахин шинэ акт гаргах хүртэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг 3 (гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, Банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 (гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хариуцагчаас 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам” хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА