Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00034

 

М.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэртэй, М.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

                Нэхэмжлэлд:  “Миний бие Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилогдсон бөгөөд ажил олгогч нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 52 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн явдлыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие тухайн ажлын байранд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус хөдөлмөрийн гэрээнд намайг дээд боловсролгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай ямар нэгэн заалт тусгагдаагүй байсан. Миний бие анх 2004 онд биеийн тамирын багшийн ажилд орсон ба анх ажилд ороход хуурамч диплом ашиглаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2017 оны 2 дугаар сарын үед шалгасан материалууд буюу Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоор батлагдаж байна. Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч намайг хуурамч диплом ашиглаж биеийн тамирын багшийн ажилд орсон талаар гурван шатны прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан боловч гомдлыг хангахаас татгалзсан шийдвэр гарсан. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл буюу хуурамч дипломтой буюу дээд боловсролгүй гэх асуудалд гарсан аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг урьд нь надад танилцуулаагүй болно. Нөгөө талаас ажил олгогч болон боловсролын салбарын байгууллагаас М.Е намайг эрхэлсэн ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа тухайн албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй. Миний бие тамирын мэргэжлээр 13 дахь жил ажиллаж байгаа мэргэшсэн, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлын дадлага туршлагатай багш юм. Харин намайг биеийн тамирын багшийн ажлаас гэнэт чөлөөлсөн, ажлаас чөлөөлөхөөс өмнө ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй байгаа явдалд гомдолтой байна. Миний оронд орсон биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 677 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа болно. Иймд Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

                Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч М.Е нь 2007 оноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тус сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Тэрээр Үндэсний биеийн тамирын Дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх D200212301 дугаартай хуурамч диплом ашиглан биеийн тамирын багшаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаар тогтоол, УЕПГ-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдсон. Түүний D200212301 дугаар диплом нь Монгол Улсын БСШУСЯ-ны төгсөгчдийн мэдээллийн санд Л.Ч гэх хүний нэрд бүртгэлтэй, М.Е нь Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаагүй болох нь тус яамнаас ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдсон. 2011 онд сургуулийн тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор багш нарын баримт бичгийг бүрдүүлэхэд дээд боловсролтой гэж хуурамч дипломыг гаргаж өгч улмаар хуурамч дипломыг ашиглан 2009 онд багшлах эрх авсан үйлдлээс үзэхэд тэрээр 13 жилийн турш сургуулийн удирдлагыг хуурч мэхлэн бусдын дипломыг ашиглан өөрийгөө дээд боловсролтой хэмээн итгүүлэн ирсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ хэрхэн биелүүлж ирсэн нь тодорхой байна. Хуурамч бичиг баримт ашиглах нь Эрүүгийн хуулийн (өмнөх Эрүүгийн хууль) 233 дугаар зүйлийн 233.1-т заасан гэмт хэрэг бөгөөд М.Е-ын дээрх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээгээгүй ч хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон. Сурагчдыг сурган хүмүүжүүлэх, хүүхдүүдэд хүмүүжил олгох нь багш хүний нэн тэргүүний үүрэг бөгөөд дээд боловсролтой хэмээн сурагчид, хамт олон сургуулийн удирдлагуудад итгүүлэн олон жил хуурч мэхлэн ирсэн нь багш хүний хувьд байж боломжгүй үйлдэл юм. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д дээд боловсрол эзэмшүүлэх бакалаврын сургалт 120-оос доошгүй багц цагийг хангаж байж дээд боловсрол буюу бакалаврын зэрэг олгох талаар заасан. Гэтэл М.Е-ад бакалаврын зэрэг олгосон гэх D200212301 дугаар диплом өөрийнх нь биш мөн МХГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046\74 дугаартай актаар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх D200212301 дугаар дипломыг хүчингүй болгож, БСШУСЯамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институудаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1\399 дугаартай албан бичгээр М.Е нь 2009 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн багшлах эрх авсан гэж үзэж С14211368 дугаартай багшлах эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцох болсноо мэдэгдсэн. Иймд Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 21.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй болсон мөн Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэнчлэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд гарсан орон тоонд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Аймгийн боловсрол соёл урлагийн газрын даргын баталсан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдсаны дагуу миний бие нэгдүгээр байранд орсон. Улмаар сургуулийн захирал намайг уг албан тушаалд томилсон. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад уг албан тушаалаас намайг чөлөөлж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгч М.Е-ыг ажилд томилсон. Уг албан тушаалд томилсон М.Е нь Их, Дээд сургууль төгсөөгүй, биеийн тамирын багш гэх мэргэжлийн дипломгүй, боловсролгүй байна. Би өнөөдрийн энэ шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа шалтгаан маань ямар ч дипломгүй их, дээд сургууль төгсөөгүй, боловсролгүй хүн дамжааны 4 дүгээр курсын оюутан гэж нэг тодорхойлолт аваад ажилд эргээд орно гэж нэхэмжлэл гаргасан байна. Би 2009 онд Ховд их сургуулийг биеийн тамир эрүүл мэндийн багшаар төгссөн. Төгсөөд 2017 оны багшлах эрх олгох шалгалтад орж тэнцсэн. Ийм байдлаар М.Е нь Бага дунд боловсролын тухай хуулийг зөрчиж байгаа учраас миний эрх бас зөрчигдөж байгаа. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан захирлын тушаалыг хүчингүй болгуулах М.Е-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 52 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шинэчлэн байгуулсан гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил гэдэгт:...16-д" хуурамч диплом, мэргэжлийн үнэмлэх ашиглан ажилд орсон нь тогтоогдсон, захиргааны арга хэмжээ авахуулж зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол” гэж нэмж оруулсан нь бодит байдалтай нийцээгүй тул нэхэмжлэгч М.Е нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ж.А миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. М.Е-ын хуурамч дипломтой байсныг нотолсон баримтууд болон түүнийгээ ашиглан олон жил ажиллаж ирсэн байдал, хуурамч диплом болон багшлах эрхийг хүчингүй болгосон талаар хариу тайлбартаа тодорхой бичсэн.

Миний бие сургуулийн 80 ажилчдыг удирдаж байгаагийн хувьд ажилтан маань хуурамч дипломтой хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажиллаж байгааг мэдсээр байж мэдэхгүй царайлж ямар ч арга хэмээ авахгүй яваад байвал боловсролын салбарын хууль тогтоомжийг сургуульд хэрэгжүүлэн ажиллах ёстой ажил олгогч гэмт хэргийг нуун дарагдуулснаас өөрцгүй төдийгүй Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.7-д заасан үүргээ биелүүлээгүйн төлөө сургуулийн захирал надад Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох үндэслэл бий болох юм. Нөгөө талаар аав, ээжийнхээ хэдэн малыг банкны барьцаанд тавьж байж авсан зээлээр 4 жил хөдөлмөр зүтгэл гаргаж шударгаар суралцан төгссөн дипломтой мэдлэг, чадвартай олон залуус өнөөдөр ажилгүй гудамжинд явж байна. Нэхэмжлэгч М.Е-ын хууль бус үйлдлийг шүүхээс зөвтгөж шийдвэрлэсэн нь "шударга ёсны баталгаа" болсон шүүх өөрөө шударга бус явдлыг дэмжиж, өөгшүүлсэнтэй агаар нэг байна. Нөгөө талаар М.Е нь Үндсэн хуульд заасан "Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахин биелүүлэх" иргэний журамт үүргээ зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан "ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх" үүргээ хэрхэн биелүүлж ирсэн байдал, 13 жилийн турш дээд боловсролтой хэмээн байгууллагыг хуурч мэхлэн ирсэн, ажиллаж байх хугацаанд суралцаж дээд боловсролын диплом авах боломжтой байсан ч аваагүй байдал, ажил ологчийн ажилтны хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргах болсон шалтгаан нөхцөл, ажилтны буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхэд тогтоогдсон үйл баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Дээрх үйл баримтуудад бодиттой дүгнэлт хийж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг тулд "өмнө цуцлагдсан хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалдаа тэнцээгүй талаарх байгууллагын дүгнэлт байхгүй" хэмээн хэрэгт хамааралгүй тушаалдаа үндэслэл болгоогүй зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Хоёр. Ажил олгогчийн хувьд ажилтан М.Е-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан "хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоос мөн хуулийн 40.1.2-т заасан "ажил, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй" гэх үндэслэлээр чөлөөлөөгүй, тийм тушаал гаргаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг ажил олгогч тушаалдаа үндэслэл болгоогүй байхад нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохын тулд зориуд хэрэгт хамааралгүй хуулийн заалтыг үндэслэн ажил олгогчийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтан нарын хоорондын тохиролцооны үндсэн дээр байгуулагдах бөгөөд гэрээ байгуулах үед "ноцтой зөрчил" гэдэгт ямар зөрчлийг хамруулах талаар ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх хэсгийн 16-д хуурамч диплом ашиглаж ажилд орсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Хэрэв анхнаасаа М.Е нь дээрх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол гарын үсэг зурахаас татгалзах эрх нь нээлттэй байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар "хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай" гомдлыг эрх зөрчигдсөн үеэс шүүхэд хандан гаргах боломжтой байсан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой сургуулийн баримт бичгүүдийг эмхэлж цэгцлэх үүднээс 2017 оны 10 дугаар сард зөвхөн М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй, сургуулийн бүх ажилчидтай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн шинээр байгуулсан талаар жагсаалтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байтал шүүхээс М.Е-тай зориудаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвхөн түүний хөдөлмөрийн гэрээнд л "ноцтой зөрчил"-ийн талаар зааж өгсөн мэтээр дүгнэж байгаа нь өөрөө хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэр гаргасныг илтгэж байгаа төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлэх" журмыг зөрчсөн байна.

Гурав. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан. Эдгээр үндэслэлүүдийг аль нэг нь бий болоход ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах агуулгатай бөгөөд хэрэв ажилтан нь сахилгын зөрчил гаргах юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар тохирох сахилгын шийтгэл ногдуулах юм. Өөрөөр хэлбэл ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах болон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь ялгаатай бөгөөд ноцтой зөрчил гаргасан үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нь М.Е-тай байгуулсан 56 дугаартай хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг "түүний гарын үсэг биш хуурамч гарын үсэг зурсан" хэмээн шинжээч томилохыг хүссэн ба шүүгч гарын үсгийн эзэн, нэхэмжлэгч М.Е-аас гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн эсэхийг тодруулж, асуухгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг түдгэлзүүлж, шинжээч томилсон захирамж гаргасан. Маргааш нь М.Е шүүхэд ирж хөдөлмөрийн гэрээн дэх гарын үсэг өөрийнхөө гарын үсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан билээ. Эдгээр үйл баримтуудыг дүгнээд үзэхэд шүүх эхнээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ч хэргийг шийдвэрлэхдээ ч нэг талыг барьсан гэж хардахад хүргэж байна.

Иймээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа, ямар ч дипломгүй, багшлах эрхгүй, иргэний үүргээ ухамсарлахгүй байгаа М.Е-ын үйлдлийг зөвтгөж ажилд эгүүлэн тогтоож байгаа шүүхийг шийдвэрийг шударга ёсыг эрхэмлэн хуулийн хүрээнд гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болох нь шударга ёсонд нийцэх учир М.Е-ын хууль бус, буруутай үйлдэлд бодиттой дүгнэлт хийж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын  багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч маргасан байна.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. М.Е-ыг 2004 онд Ц сумын бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба ”Захиргаанаас чөлөө авалгүй дур мэдэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоногийн турш ажил тасалсан” гэх үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийдвэрээр түүнийг биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, уг шийдвэрийг үндэслэн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тушаалаар биеийн тамирын багшаар томилжээ.

           

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай тогтоол, аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-046/74 дугаартай актыг  тус тус үндэслэн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гэх D200212301 дугаартай диплом нь хуурамч болох нь тогтоогдож, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зохицуулалтад нийцжээ.

           

М.Е нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гэх D200212301 дугаартай бакалаврын диплом нь 2002 онд уг сургуулийг төгссөн өөр хүний нэр дээр бүртгэлтэй, хуурамч дипломтой болох нь баримтаар тогтоогдсон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг өнгөрүүлсэн, М.Е-ын хуурамч дипломыг хүчингүй болгосон гэдгийг мэдсээр байж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан нь бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж ажилтныг биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.

           

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба М.Е нь хуурамч диплом ашиглан ажилласан гэх гомдлыг шалгаад Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай тогтоолоор хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, уг тогтоолд гомдол гаргаснаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 5/20 дугаартай аймгийн прокурорын албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046/74 дугаартай Диплом хүчингүй болгох тухай актаар М.Е-ын D200212301 дугаартай, 02053 бүртгэлтэй бакалаврын дипломыг хавсралтын хамт хүчингүй болгосноор 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь М.Е-ын дипломыг хүчингүй болгосноос хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй байна. Ажил олгогч нь ажилтан М.Е-тай 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажилтан ажил олгогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

           

Нэхэмжлэгч М.Е-ын D200212301 дугаартай диплом нь хуурамч болох нь Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/811 дугаартай лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/10324 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 5/20 дугаартай аймгийн прокурорын албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046/74 дугаартай Диплом хүчингүй болгох тухай актаар нотлогдож, М.Е нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг тус тус зөрчиж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь нотлогджээ.           

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан М.Е-ын Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт  заасныг баримтлан М.Е-ын Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан “тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар М.Е-ын анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

Д.КӨБЕШ