Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2019/00321

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Х.Б-т холбогдох,

О.С-ийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.О би өөрийн нөхөр Х.Б-той 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж том хүү Б.П 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.С-г миний хүүхэд биш хэний хүүхэд юм мэдэхгүй гэж хэлээд төрөхөд минь ч ирээгүй, өмгөөлөгч Ж.М нь миний хадам ээж Д-т Х.Б-ийг миний хүүхэд биш гэж хэлүүл гэсний улмаас миний хүүхэд эцэггүй өсөж эрх ашиг нь хохирч байна. Уг нь Х.Б-ийн хүүхэд мөн юм. Иймд О.С-г төрсөн эцэг нь Х.Б мөн болохыг тогтоож, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч О.О нь 2019 оны 06 дугаар сарын 30-нд охин С-г төрүүлсэн. Тухайн үед гэр бүл цуцлуулах шүүх хурал болоход миний хүүхэд биш гэдэг. Энэ хүүхэд 06 дугаар сарын 30-нд төрсөн. Ингээд эцэг нь зөвшөөрөхгүй байсны улмаас 09 дүгээр сарын 11-нд буюу 3 сарын дараа өөрийнхөө нэр дээр гэрчилгээг авсан. Шүүхэд нэхэмжлэгч гаргасны дараа хариуцагч Х.Б нь миний хүүхэд мөн, би тухайн үед уурандаа тэгж хэлсэн гэдэг. Охин С-г хүлээн зөвшөөрсөн тул төрсөн эцгээр Х.Б-ийг тогтоож 18 нас хүртэл тэтгэлэг тогтоолгож өгнө үү? гэсэн саналыг гаргаж байгаа. Одоогоор энэ хүн нэг ч удаа уулзаж байгаагүй. Дундаас нь 2 хүүхэд гарсан. Хэзээ нэг өдөр эвлэрсэн ч тохиолдолд тэтгэлэг цуулуулах асуудал гарах байх. Энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 24.1-т зааснаар тэжээн тэтгүүлэх эрх төрсөн цагаас хугацаа харгалзахгүйгээр эрх үүсдэг. Энэ эрхээ үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 24.4-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэргүй, өөрөө эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй тул эхээр нь овоглосон байгаа. Иймд С-гийн төрсөн эцэг Х.Б мөн болохыг тогтоож, 18 насанд хүртэл тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.

Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Б миний бие О.О-тай 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд О.О уурлахаараа аав, ээжээ дуудаад яваад өгдөг. Хамтран амьдарсан хугацаа бага юм. Бид хоёр 2018 оноос бүр тусдаа амьдарч байгаа юм. Гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаж байсан. Гэрлэлтээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаад яваад байгаа юм. О.О өөрөө дуртай үедээ ирээд, дургүй үедээ яваад өгдөг. Манай аав, ээж хоёртой таардаггүй. Гэртээ ирэхгүй сална гээд шүүхдээд, манай аав, ээж хоёрыг янз бүрээр хэлээд өөрийнхөө хөрөнгийг хамж аваад байхаар нь би миний хүүхэд биш гэж хэлсэн. Түүнээс О.О ирж, очиж байсан. Миний хүүхэд мөн. Намайг том хүүтэй уулзуулахгүй хөөгөөд байхаар нь би очиж уулзаагүй юм. Үүнд өмгөөлөгч ямар ч хамаагүй, бид гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Б, О.О нар нь 2014 оны 07 дугаар  сарын 28-ны өдөр гэр бүл болсон. Албан ёсны гэр бүлийн баталгаатай. 2 хүүхэдтэй. 2 хүүхдээ миний хүүхэд мөн гэсэн тайлбар бичиж өгсөн. Өөрийнхөө хүүхдийг мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлээ шүүхийн журмаар албан ёсоор цуцлуулаагүй. Албан ёсоор гэр бүл цуцлаад хүүхдүүдийн асрамжийн асуудал яригдана. Хүүхдүүдийн асрамжийн асуудал яригдвал Х.Б том хүүхдээ авна. Миний хүүхдийг надтай уулзуулдаггүй гэдэг. Тэгэхээр гэр бүлээ цуцлуулж асрамжийн асуудлыг шийдүүлсний ард хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэсэн асуудал яригдах байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Х.Б-т холбогдуулан О.С-ийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч О.О хариуцагч Х.Б нар нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2019/00180 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 112/ШШ2019/0027 дугаартай шийдвэрүүдээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд Х.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэх заалтын дагуу хариуцагч Х.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2019/00180 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Мөн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Цээл сумын 8243000007 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 112/ШШ2019/0027 дугаартай шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь “хариуцагч Х.Б нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.С-г миний хүүхэд биш гээд төрөхөд минь ч ирээгүй, миний хүүхэд эцэггүй өсөж эрх ашиг нь хохирч байна. Иймд О.С-ийн төрсөн эцэг нь Х.Б мөн болохыг тогтоож, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь охин О.С-г өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн боловч гэрлэлт бүртгэлтээ цуцлуулаагүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн гэр бүлийн хувьд гэр бүл цуцлах тохиолдолд хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал нь үр дагавар болж хамтатган шийдвэрлэгддэг. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироохыг хориглоно гэж заасан байдаг тул шууд асрамж тэтгэлгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж болдог.

Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэрлэлт дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байна. Дээрх үндэслэлүүдээр гэрлэлт дуусгавар болоогүй байхад хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэхгүй үндэслэлгүй юм. 

Гэрлэлтээ цуцлуулахгүйгээр тусдаа амьдарч байгаа тохиолдолд хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг биелүүлэхийг шаардах бол асаргаа, сувилгааны зардал нэхэмжлэх эрхтэй юм.

Иймд хариуцагч Х.Б-т холбогдох О.С-гийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг  баримтлан хариуцагч Х.Б-т холбогдох О.С-гийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэгч А овогтой О.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН