| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Х, Ц.Э нарт холбогдох 2330000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар баг “Х” гэх газар оршин суух хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ..... дүгээр баг “Х О” гэх газарт оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, Г овогт Ч-ын Х
Хоёр. Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар баг “Х” газар оршин суух хаягтай,
одоо Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дүгээр баг “Х О” гэх газарт оршин суух, Б овогт Ц-ийн Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Х нь 2023 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг “Х О” гэх газарт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Э-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас гарын хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүү зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дүгээр баг “Х О” гэх газарт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ч.Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас гуяны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Х нь 2023 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дүгээр баг “Х О” гэх газарт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Э-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас гарын хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүү зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,
шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дүгээр баг “Х О” гэх газарт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ч.Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас гуяны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-8 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-13 дугаар хуудас/, хохирогч Ц.Э /хх 18-19 дүгээр хуудас/, Ч.Х /23-24 дүгээр хуудас/ нарын мэдүүлэг, гэрч Г.О /хх 31-32 дугаар хуудас/ мэдүүлэг, хохирогч Ч.Х-д үзлэг хийсэн “Түргэн тусламжийн дуудлагын хуудас №11” /хх 35-36 дугаар хуудас/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ч.Х, Ц.Э нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Х, Ц.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдгээр нь хэн алинаасаа хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Х, Ц.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгч нарын хувиараа мал аж ахуй эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цайвар цэнхэр пивор бариултай, 23 сантиметрийн урттай 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ч-ын Х, Б овогт Ц-ийн Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х, Ц.Э нарыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /тавин зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х, Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х, Ц.Э нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Х, Ц.Э нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.Х, Ц.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Х, Ц.Э нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Хохирогч Ч.Х, Ц.Э нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цайвар цэнхэр пивор бариултай, 23 сантиметрийн урттай 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ