| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00363/и |
| Дугаар | 133/шш2019/00378 |
| Огноо | 2019-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 133/шш2019/00378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГАА ПГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА-ийн *** сумын 0тоотод оршин суух, *** овогтой Г.Г-д холбогдох
байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 5.342.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн , 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГАА ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь *** төвийн захирлаар ажиллахдаа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар агрофермерийн багш ажилтай С.Б-ийг үүрэгт ажлаас нь халсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь *** төвийн захирал Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай шийдвэрээр С.Б-ийг албан тушаалд эгүүлэн томилсон байна. Ажилд томилсонтой холбогдуулан багш ажилтай С.Б-дцалин, нийгмийн даатгалын шимтгэлд 4.135.235 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.207.635 төгрөг, нийт 5.342.870 төгрөгийг төсвөөс олгож шийдвэрлэсэн байна. Г.Г нь үндэслэлгүйгээр С.Б-ийг ажлаас халсны улмаас улсад 5.342.870 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Г.Г нь үндэслэлгүйгээр С.Б-ийг ажлаас халсны улмаас улсад 5.342.870 төгрөгний хохирол учруулсан нь нотлогдсон байх тул хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ГАА ПГ-ын нэхэмжлэлтэй, ГАА ***-ийн захирал ажилтай Г.Г миний биеэс багш С.Б-ийг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас улсад учруулсан хохиролд 5.342.870 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. ГАА ***-ийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.18 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагын төсвийн шууд захирагч ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, 16.5.3, 16.5.4, 16.5.9 дэх хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоохоор тусгасан байдаг. Багш С.Б-ийг ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Иймд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тус аймаг дахь *** төвийн захирлаар томилогдон ажиллаж байна. Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн агрофермерийн багш С.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар С.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай шийдвэрээр С.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон. Үүнтэй холбогдуулаад ажилгүй байсан хугацааны цалинг шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү цалинг улсад учруулсан хохирол гэдгээр Г.Гансүхээс нэхэмжилж орж байгаа нь үндэслэлгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Өнөөдрийн байдлаар Г.Г-тэй Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас эд хөрөнгийн болоод ямар нэгэн гэрээг огт байгуулаагүй байдаг. Мөн гэм хор гэж үзэх юм бол Г.Г нь хууль бусаар хийгээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэрийг гаргаж явсан байдаг. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Г.Г-ээс байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 5.342.870 /таван сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГАА ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу ГАА-ийн Засаг даргын тамгын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Х.Г шүүх хуралдаанд гаргасна тайлбартаа: “...Г.Г нь үндэслэлгүйгээр С.Б-ийг ажлаас халсны улмаас улсад 5.342.870 төгрөгний хохирол учруулсан нь нотлогдсон байх тул хохирлыг гаргуулж өгнө үү...” гэж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас эд хөрөнгийн болоод ямар нэгэн гэрээг огт байгуулаагүй байдаг. Мөн гэм хор гэж үзэх юм бол Г.Г нь хууль бусаар хийгээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэрийг гаргаж явсан байдаг. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж маргажээ.
Хариуцагч Г.Г нь ГАА ***-ийн захирлаар ажилладаг болох нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай тушаал, Г.Г-ийн 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
ГАА ***-ийн захирал Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар С.Б-ийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалыг С.Б хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ГАА-ийнЭрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай магадлалаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.135.235 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн магадлал гарснаар хариуцагч 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсноор С.Б нь магадлал гарсан өдрөөс хойш ажил албан тушаалдаа томилогдсон өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2018/00430 дугаартай шийдвэрээр 1.507.653 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэр, магадлалын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Нэхэмжлэгчийн төлөлөөгч Х.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Аудитын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж акт тавьсан байгааг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэж” тайлбарлажээ.
Гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заахдаа гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх нөхцлийг заажээ.
Хариуцагч Г.Г нь ГАА ***-ийн захирлаар ажиллаж ажил олгогчийг төлөөлж ажилтныг ажилд авах, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй этгээд байх ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Г.Г-ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ эрхээ хэтрүүлэн хийснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоогдсон С.Б болон түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан хариуцагч Г.Г ч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь үндэслэлтэй эсэх, хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа байдалд дүгнэлт хийх замаар шийдвэрлэдэг болно. Энэ хэргийн хувьд гэм хор учруулсны хохирлыг төлүүлэх үндэслэлээр нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн хариуцагч *** овогтой Г.Г-ээс агрофермерийн мэргэжлийн багш С.Б-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор төлснөөс байгууллагад учирсан гэм хорын хохиролд 5.342.870 /таван сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГАА ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг ГАА-ийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ