| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2019/0482/И |
| Дугаар | 631 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 631
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Эийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Бд холбогдох
280 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Б нь зээлээр авсан махний үнэ болох 280000 төгрөгийг өгөхгүй одоог хүрсэн тул тус мөнгийг гаргуулж өгнө үү. Уулзаад мөнгө өгөх талаар асуухад мөнгөний боломжтой болохоор өгнө гэж явсаар одоог хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б нь миний ээж Эээс мах худалдаж аваад махныхаа мөнгийг өгөхгүй өдий хүрсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 280000 төгрөгийг Бас гаргуулах шаардлагатай байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
...өөрийн биеэр очиж уулзахад ...нотлох баримт байхгүй, ямар нэгэн гэрээ хавсралт байхгүй өргөдөл үзүүлсэн тул би гайхаад та нар ямар ч хамаагүй өргөдөл хүлээн авсан юм уу гэж асуусан...Би Б.Бат-Эрдэнэ гэж хүнээс 280000 төгрөг аваагүй...гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Бд холбогдуулан 280000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй үндэслэлээр эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэлд нэхэмжлэгчийн мэдээлэл хэсэгт Б.Бат-Эрдэнэ гэсэн байх боловч нэхэмжлэгч нь Д.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Бат-Эрдэнэ болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг тодруулах тухай бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ гаргаж нэхэмжлэлд төлөөлөгч гарын үсгээ зурсан байдал, итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагчтай нэхэмжлэгч Эийн хамт очиж уулзсан...гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Д.Бд шүүх хуралдааны товыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн, шүүхэд хэргийн материалтай танилцуулах зорилгоор дуудсан боловч шүүхэд ирээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс санал гаргаагүй зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Хэргийн үйл баримтыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад ...2018 онд нэхэмжлэгч Д.Эээс хариуцагч Д.Б нь тухайн үеийн ханшаар тооцон 280000 төгрөгний мах мөнгийг нь удаахгүй өгнө гэж тохиролцон худалдан авсан... гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэрэг үүсгэсэн үеэс шүүхийн дуудсан цагт ирэх үүргээ биелүүлдэг, шүүхэд удаа дараа ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар, эрх үүрэгтэй оролцохыг танилцсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар эвлэрэх боломжтойг сануулсан, шүүх хуралдааны явцад эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах, онцлог, үр дагавар, ач тусын талаар тайлбарлаж өгсөн боловч шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэл сонирхлоо илэрхийлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ зохигч хэн аль нь биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг, хариуцагч татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт нотлох баримт авагдаагүй, хэрэг хянан хэлэлцэх хуульд заасан 60 хоногийн хугацаа дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг товлон зарлажээ.
...2018 онд нэхэмжлэгч Д.Эээс хариуцагч Д.Б нь тухайн үеийн ханшаар тооцон 280000 төгрөгний мах мөнгийг нь удаахгүй өгнө гэж тохиролцон худалдан авсан...гэсэн үйл баримтаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нотлож чадаагүй, нөгөө талаас хариуцагч ...нотлох баримт, гэрээ, хэлцэл байхгүй...үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Шүүх аливаа маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлдэг тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх зохигчоос нотлох баримтыг шаардан авах эрх байхгүй, нөгөө талаар аливаа хүсэлт гаргаагүй тохиолдолд зөвлөн шаардах боломжгүй, зохигч шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр оролцдог болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9050 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн хариуцагч Д.Бас 280000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9050 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА