| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн А.Х, Г.Ш нарт холбогдох 2230000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар багийн “Б” гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П овогт А-ийн Х
Хоёр. Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар баг “Б” гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Г-ийн Ш
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г.Ш-ын хатгалгаар Г.Ш-ын эзэмшлийн ...... СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн “Porter” маркийн автомашиныг ашиглан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар баг “Х Х” гэх газраас хохирогч А.Идэрчулууны эзэмшлийн гүний худгийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,570,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Хийморийг санаатай гэмт хэрэгт хатгаж, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах санааг гарган, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, өөрийн эзэмшлийн ...... СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн “Porter” маркийн автомашиныг ашиглан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар баг “Х Х” гэх газраас хохирогч А.И-ы эзэмшлийн гүний худгийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,570,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г.Ш-ын хатгалгаар Г.Ш-ын эзэмшлийн ...... СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн “Porter” маркийн автомашиныг ашиглан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар баг “Х Х” гэх газраас хохирогч А.Идэрчулууны эзэмшлийн гүний худгийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,570,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Хийморийг санаатай гэмт хэрэгт хатгаж, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах санааг гарган, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, өөрийн эзэмшлийн ...... СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн “Porter” маркийн автомашиныг ашиглан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар баг “Х Х” гэх газраас хохирогч А.Идэрчулууны эзэмшлийн гүний худгийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,570,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11 дүгээр хуудас/, хохирогч А.И /хх 30-36 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Т.Алтантуяа /хх 39-40 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2202398 дугаартай “цахилгаан моторын зах зээлийн үнэлгээ 1,570,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 55-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Х, Г.Ш нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.И-д учирсан “худгийн цахилгаан мотор буюу 1,570,000 төгрөг”-ийн хохирлыг шүүгдэгч А.Х, Г.Ш нар нь биет байдлаар буцаан төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж”, уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Х, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарт хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт А-ийн Х, З овогт Г-ийн Ш нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Г.Ш нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Х, Г.Ш нарт “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Х, Г.Ш нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Х, Г.Ш нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Х, Г.Ш нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.И-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ