Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0490

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Э.Б

Нэхэмжлэгч: Ц.О

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар Ц.О-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 128/2025/0261/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. О.Оюунцэцэг нь  Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар Ц.О-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 48.7, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ц.О-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1,4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэж заасныг буруу хэрэглэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах талаар сонгох боломжийг олгосон байхад шүүхээс хуулийг бус Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлвлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ, эрх зүйн эрэмбэ, дарааллын хувьд ч алдаатай гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэгч Ц.О нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2023, 2024 онуудад 16 зөрчил гаргасан. Үүнээс 4 зөрчлийг нь арилгаад 12 зөрчил нь одоог хүртэл арилгаагүй байдаг. Хяналт шалгалтын газраас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү зөрчлийн мэдээллийг хүргүүлж, түүний дагуу Баянгол дүүргээс буцаж ирүүлсэн илтгэх хуудас, баримтуудад дээрх зөрчлийнхөө хүрээнд Ц.О нь 12 зөрчлөө анхаарч ажиллах талаар дурдаж хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс зөрчлийн шинж байдал, зөрчил давтан гаргасан субъектив үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргалаа.

3.3. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан “тухайн зөрчлийн шинж байдал”, мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-т “Албан хаагч сахилгын зөрчил, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэснийг мөн шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж чадаагүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүухийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.О-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ц.О-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий тушаалаар “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгчээс “Миний бие өмнө сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй буюу давтан зөрчил гаргасан үйлдэл надад байхгүй ” гэж, хариуцагчаас “Ц.О- нь 16 зөрчил гаргасан, энэ 16 зөрчлөөсөө 4 зөрчлийг арилгаж, бусад зөрчлийг арилгаагүй бөгөөд, энэ талаараа ирүүлсэн илтгэх хуудастаа хүлээн зөвшөөрсөн” гэж тус тус маргажээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал,түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулахаар байна.

4. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ц.О-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/74 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.3.3, 6.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.9, 10.10.11 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

4.1. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 09-өөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шалгалтыг цахим хэлбэрээр хийж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Б.Эрдэнэбатын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай” 46 дугаар албан шаардлагын 1 дэх заалтаар “Энэхүү албан шаардлагын хавсралтад дурдсан зөрчлийг арилгаж, хууль журам зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгох, хуульд заасан бусад холбогдох арга хэмжээг авах,

 2 дахь заалтаар “Албан шаардлагын 1 дэх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж гүйцэтгэх, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх,

3 дахь заалтаар “...хяналт шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлийг цаашид дахин гаргахгүй байх, илэрсэн зөрчилд дүн шинжилгээ хийж, зөрчлийн шалтгаант нөхцөлийг тогтоож, улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид зөрчил гаргуулахгүй байхад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг удирдлагын түвшинд зохион байгуулах, чиглэлийн газраас зөвлөмж авч байх”-ыг мэдэгджээ.

4.2. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А-ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 752 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч нарын 65 зөрчлийн хүрээнд тухайн зөрчлийг арилгах арга хэмжээ авч, улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн ажилласан болохыг мэдэгдэж, бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг нэг мөр ойлгох талаар нэгжүүдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарыг мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулж ажилласан талаарх арга хэмжээний тайланг илгээсэн байна.

4.3. Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан хяналт шалгалт болон шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлэх ажил 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр хэрэгжиж дууссан байтал Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б хэрэгжиж дууссан хяналтын шалгалтын арга хэмжээг үргэлжлүүлэн нэхэмжлэгч Ц.О-т сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

4.4. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2021, 2022 оны зөрчлүүд хамаатай, энэ зөрчлийг арилгуулах ёстой ... 2023 оны 12 дугаар сараас хууль хэрэгжиж эхэлсэн, гэтэл үүнийг мэдсээр байж санаатай мэтээр удаа дараа зөрчил гаргасаар байсан ... сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэдэг нь 2015, 2021 онд сахилгын шийтгэл хүлээж байснаар хангагдана” гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасантай нийцээгүй.

4.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгчийг урьд “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн зөрчилд дахин шийтгэл ногдуулсан агуулгатай актыг гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа тухайн алдаа зөрчил гарсан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь дээрх хуульд нийцээгүй байна.

5. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 06 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арванзургаадугаар зүйлийн 3 дахь заалтад “… үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн маргаан бүхий заалтыг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ