Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2020/0019

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би******* сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолоос *******гийн *******ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* сумын Сонгуулийн хороо нь Ардчилсан намаас******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Хужирт багт нэр дэвшигч *******гийн *******ийг нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлсэн. Гэтэл******* сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/10 дугаартай захирамжаар *******гийн *******ийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Ж.******* нь******* сумын цэцэрлэгээс 2020 оны 8 дугаар сарын цалингаа авсан байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нэр дэвшиж байгаа үед ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар хуульчилсан байтал******* сумын Цэцэрлэгийн эрхлэгч Ж.******* нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, 32.1.2 энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэсэн заалтад зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тохиолдол үүссэн. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл үүссэн байхад******* сумын Сонгуулийн хороо нь *******гийн *******ийг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргаж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон нь хууль бус байна. Ж.*******ийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь бусад нэр дэвшигч нарын хууль ёсны эрх ашигт халдсан үйлдэл бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулинд заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд нийцэхгүй байна. Дээрх асуудлаар******* сумын Монгол ардын намын хороо******* сумын Сонгуулийн хороонд гомдол гаргасан боловч намын даргын гарын үсэг зөрүүтэй гэж үзээд хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Иймд Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолоос *******гийн *******ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:******* сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй******* сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэгчийн хүсэлтээр Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолоос *******гийн *******ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч тал энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо мэдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн******* сумын Монгол ардын намын хороо нь******* сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолоос *******гийн *******ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан татгалзлаа шүүхэд ирүүлжээ.******* сумын Монгол ардын намын хорооноос 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Б.*******д олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрх-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Завхан аймгийн******* сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй тус сумын Сонгуулийн хороонд холбогдох Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолоос *******гийн *******ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч******* сумын Монгол ардын намын хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР