Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00037

 

М.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар шийдвэртэй, М.Ж-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох иргэний хэргийг хариуцагч тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөгч Д.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С , нэхэмжлэгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс учирсан хохиролд 4431567 төгрөг, мөн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг нийт 4875000 төгрөг гаргуулах тухай.

                Нэхэмжлэлд:  “Миний бие Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай 30 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд томилогдон ажиллахаар болсон. Улмаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар мэргэжилтнээр ажилд томилогдож 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 34 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Үүний дараа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулан шийдвэрлэж өгсөн боловч давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс миний томилогдон ажиллаж байсан орон тоог сул орон тоо биш гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдлоо гаргаж түүний ажлын албаны даргаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцсийн шийдвэр авсны дараа өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад байгаа миний нэрийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дэвшүүлж томилохдоо алдаа гаргаж сул орон тоонд томилоогүйгээс болж би маш ихээр хохирсон. Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу хүргүүлсэнтэй шууд холбоотойгоор хохирч үлдсэн. Эцсийн эцэст төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж хувийн хэвшилд хэвийн ажиллаж байсан миний эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөнөөс гадна эдийн засгийн хувьд багагүй хохирол амссан. Хэрвээ Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу өгөөгүй байсан бол, Төрийн албаны салбар зөвлөл нь нэр дэвшүүлэх тогтоолыг гаргахдаа хууль зөрчиж хүний орон тоонд намайг томилоогүй бол би урьд ажиллаж байсан “Файнноос” ХХК-д хэвийн ажиллаж цалин хөлсөө аваад явах байсан. Нэгэнт Төрийн албаны салбар зөвлөлөөс ТЗ-5 шатлалтай ажилд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдээс тус албанд томилсон шийдвэр гаргасан тул “Файнноос” ХХК-иас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж уг ажилд орсон билээ. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажил ч үгүй, цалин ч үгүй хохирч байна. Иймд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016 оны 7 дугаар сарын цалин 443433 төгрөг, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 4431567 төгрөг, нийт 4875000 төгрөг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

                Хариуцагчийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тайлбарын агуулга: “М.Ж-ийн ажлаас халагдсан, цалин хөлс нэхэмжилсэн тухай гомдол нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс түүний ажилласан орон тоо нь сул орон тоо биш гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн маргаан бүхий ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулахаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газраас манай байгууллагад шалгалт ирсэн. Уг шалгалтаар манай ажлын байрны захиалга хүргүүлсэн байна. М.Ж-ийг ажилд томилуулах тухай Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоол болон Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25 тоот тушаалууд тус байгууллагуудад тухайн үед ажиллаж байсан удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болсныг дээд шатны шүүхээс тогтоосон. М.Ж тухайн орон тоонд 2016 оны 07 дугаар сарын эхээр томилогдож, 2016 оны 07 дугаар сарын сүүлээр чөлөөлөгдсөн байна. Түүний нэхэмжилж байгаа 1 сарын цалинг олгох боломжгүй байна. Учир нь М.Ж-ийн нэг сар ажилласан тушаал байгаа боловч байгууллагын цагийн бүртгэлээр 2 хоног л бүртгүүлсэн байна. Би энэ тухай ажилчдаас асуухад нягтлан бодогч болон бусад ажилчид М.Ж-ийг 2 хоног л харж байсан гэж хэлж байгаа. М.Ж томилогдож ирсэн үед би нэг өдөр ажиллаад дараагийн өдөр нь ээлжийн амралт авсан байсан. Тийм учраас М.Ж нэг сар ажилласан эсэхийг сайн мэдэхгүй байна. М.Ж нь үр дүнгийн гэрээгээр хүлээх ёстой үүргээ биелүүлээгүй, ажил хөдөлмөр хийгээгүй тул цалин олгох боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнийг тухайн үед мэдэгдэх ёстой байсан. Өөрийнхөө эрх ашгаа хамгаалуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болохоос биш манай байгууллагын эрх ашгийг хамгаалж хандаагүй. Энэ бол тухайн үеийн удирдлагуудын буруутай ажиллагаа гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тайлбарт: “ Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл М.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт жирэмсний амралт авсан хүний орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байсан нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын буруутай ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд хандаад анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч болох Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхэд гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхээс жирэмсний амралт авсан хүний эрх ашгийг хуулиар хамгаалсан байх тул уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь буруу болсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.А-ийн гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгч М.Ж нь 2 хоног ажилласан болох нь нотлогдож байна. Уг цагийн бүртгэл нь санхүүгийн тэмдэг дарагдсан 2017 оны 07 дугаар сарын цагийн бүртгэл байна. Тийм учраас нэхэмжлэгч М.Ж-д ямар нэгэн байдлаар хохирол учирсан гэж үзэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалга ирсний үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан учир үүнийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хариуцах ёсгүй гэж үзэж байна. Иймд М.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар  шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4053488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 378079 төгрөг болон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь М.Ж-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох цалин хөлс нэхэмжилсэн маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын газар, газрын хэвлий, түүний ашиглалт нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нь сул орон тоо биш байсан, тухайн орон тоонд ажиллаж байсан Ш.А хуулийн дагуу жирэмсний чөлөө авч хүүхэд асарч байсан гэдгийг урьд шүүхээр тогтоосон. Тухайлбал М.Ж-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газарт холбогдох төрийн албатай холбогдох ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 296 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 300 дугаартай тогтоолоор тус тус хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч М.Ж-ийн нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүхийн магадал хяналтын шатны шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Иймд урьд эрх бүхий байгууллагаас М.Жд цалин хөлс олгох асуудалд тус байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй гэдгийг нэгэнт тогтоосон учраас анхан шатны шүүх дахин энэ асуудлыг хэлэлцэн М.Ж-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 тоот дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцон хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтад үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

            М.Ж нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс өөрт учирсан хохирол 4431567 төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016 оны  7 дугаар сарын 04-нээс 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг, нийт 4875000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай 30 дугаар тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд томилогдон ажиллахаар болсон. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар мэргэжилтнээр ажилд томилогдож 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 34 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. ...шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулан шийдвэрлэж өгсөн боловч давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс миний томилогдон ажиллаж байсан орон тоог сул орон тоо биш гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ...салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад байгаа миний нэрийг ... дэвшүүлж томилохдоо алдаа гаргаж сул орон тоонд томилоогүйгээс болж би маш ихээр хохирсон. Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу хүргүүлсэнтэй шууд холбоотой... төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж хувийн хэвшилд хэвийн ажиллаж байсан миний эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөнөөс гадна эдийн засгийн хувьд багагүй хохирол амссан. Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу өгөөгүй байсан бол, ... салбар зөвлөл нь нэр дэвшүүлэх тогтоолыг гаргахдаа хууль зөрчиж хүний орон тоонд намайг томилоогүй бол би урьд ажиллаж байсан “Файнноос” ХХК-д хэвийн ажиллаж цалин хөлсөө аваад явах байсан...гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх   Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4053488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 378079 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх М.Ж нь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016 оны  7 дугаар сарын 04-нээс 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг М.Ж нь “…Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 34 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох 20 хоног ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1145841 төгрөг гаргуулах тухай” гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүх “...ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1145841 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж” шийдвэрлэснийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, М.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаснаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ шаардлагын тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэж ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний  өдрийн 110/ШШ2017/0014 дугаартай шийдвэрээр “...2016 оны 6 дугаар сарын 29-нээс 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх цалинд 3273150 төгрөгийг хангаж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0296 дугаартай магадлалаар “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн шүүх М.Жийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилласан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016 оны  7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл байхгүй тул 2016 оны  7 дугаар сарын 04-нээс 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх /20 хоног/ ажилласан хугацааны цалин 443433 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

М.Ж нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс өөрт учирсан хохирол 4431567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “...Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд маргаан бүхий орон тоо болох Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн байсан Ш.А-г нь 3 хүртэл насны хүүхэдтэй байхад түүнийг төрийн албаны шалгалтад ороогүй Төрийн албаны холбогдох хууль журмыг зөрчсөн гэж түүний орон тоог сул орон тоо гэж үзэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс, эсхүл сонгон шалгаруулах замаар нөхөх тухай сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлснээр Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл М.Ж-ийн нэрийг дэвшүүлж, 2016 оны 7 дугаар сарын 04-нээс Ш.А-г чөлөөлж М.Ж-ийг томилсноор М.Ж нь “Файнноос” ХХК-нд хийж байсан ажлаас чөлөөлөгдсөн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь маргаан бүхий орон тоог сул орон тоо гэж захиалга өгсөн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн аятай нөхцөл болон цалин хөлсөөр хангуулах эрхийг нь зөрчсөн байна” гэж дүгнэж М.Ж-ийг 13 сар цалингаар хохироосон хохиролд 4053488 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарласан сул орон тоонд Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл М.Ж-ийн нэрийг дэвшүүлснийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” эрхтэй тул Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд М.Ж-д учирсан хохирол 4431567 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын давж заалдах гомдлыг хангаж  шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 

“1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ж-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь Салбар зөвлөлд холбогдуулан гаргасан хохирол 4431567.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг:

“2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүгээс 443443.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгосугай.” гэж, 3 дахь заалтыг:

“3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүгээс 13953.29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ж-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                       

Д.КӨБЕШ