| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох эрүүгийн 2330000210066 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг .......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Л овогт М-ийн А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулах “Х” зоогийн газарт хохирогч С.А-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, баруун өвдгөнд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед би “Х” зоогийн газар луу орсон. Манайд нэг хүн ирсэн байсан тул архи авах гээд орсон. Кассаас нь архи авч байгаад С.А-той таарсан. Бид хоёрын дунд өмнө нь адууны асуудал байсан. Эхлээд хязаалан адуу өгнө гээд 800,000 төгрөг авсан. Тэгээд тэр адуугаа том адуу болгоё гээд 1,000,000 төгрөг болгоод дараа нь нөгөө адуугаа сувиа үнээ болгоно гээд 200,000 төгрөг нэмж өгсөн. Би үнээг нь өгсөн. Одоо өргүй гээд бодож байтал үнээнийхээ мөнгийг тусад нь авсан юм билээ. Тэр асуудлаа ойлголцоогүй жил шахуу явсан. Энэ асуудлаас болоод тэр орой маргаж эхэлсэн. Би өөрөө согтуу байсан. С.А бид хоёр заамдалцаад зогсож байхад Чанцалдулам ирээд өөдөөс дайрч миний нүүрэнд 3 хэсэг газар буюу уруул, эрүү, хацарт маажсан. Би Чанцалдуламыг “хол бай” гэж түлхсэн. С.А нэлээн согтуу ойчиж өгөөд байсан. Тэр өвдөг нь урагдсан асуудал өөрөө л унаад гэмтсэн байх. Энэ болсон асуудлыг “Х” зоогийн газрын кассын ажилтан мэднэ. Бид нар дэргэд нь маргалдсан. Энэ хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бол гэж бодож байна.” гэв.
Эрүүгийн 2330000210066 дугаартай хэргээс:
- Хохирогч С.А-ын: “Орой 20 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. “Х” зоогийн газарт орж караокед дуулахаар болсон. Тэнд нэг цаг дуулаад мөн нэг шил архи ууж байсан. Түүнээс цааш юу болсноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд “Х” зоогийн газраас гараад М.А-тэй маргалдаад зогсож байсан. М.А намайг доороо оруулаад дээрээс цохиод байсан. Тэгээд би босоод нэг бариад авбал дийлэх юм шиг санагдсан. Босоход архи уусан болохоор хөл дээрээ тогтохгүй ойчиж өгөөд байсан. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь босоход баруун нүд хавдсан хоёр өвдөг хөхөрсөн, хүзүү хөдлөхгүй дотуур доргилттой байна гэж байсан. Тэгээд сумын эмнэлэгт түргэн дуудаж үзүүлсэн.” гэх / хх 9-10 дугаар хуудас/,
- Гэрч Б.Ч-ын: “2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр С.А, би, манай найз Түвшинтөгс, түүний эхнэр Үүрийнтуяа бид дөрөв “Х” зоогийн газарт 20 цагийн үед ороод нэг шил архи авсан. Архиа уугаад сууж байхад Түвшинтөгсийн найз Өлзийсайхан нь гаднаас орж ирсэн. Тэгээд бид 5 хамт сууж байгаад нэг шил архиа уугаад баарнаас гарахад М.А манай нөхөр С.А-той муудсан. Тухайн үед би түрүүлж гараад гадаа машиндаа суух гэж байхад Үүрийнтуяа гарч ирээд “дотор Ад хүнтэй муудаад байна” гэхээр нь би “Х” зоогийн газар луу ороход манай нөхөр Ад М.А-тэй маргалдаад хоёр биеэ заамдалцаад зогсож байсан. М.А манай нөхрийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод газар унагаад дээрээс нь толгойн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод М.А-г болиулаад өөдөөс нь “чи хүнд өртэй юм байж өрөө өгөхгүй байж хүн зодлоо” гэх мэтээр хэлэхэд миний толгойн тус газарт гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би Амарсүрэнтэй хэрүүл хийгээд нөхрөө “гарч бай” гэж хамт явсан хүмүүстээ хэлээд гаргасан.” гэх / хх 13-14 дүгээр хуудас/,
- Гэрч Ц.Ө-ы: “2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орой цагийн нь сайн санахгүй байна. Манай найз Т нь над руу залгаад “Х” зоогийн газарт найзуудтайгаа дуулж байна хүрээд ир” гэсэн. Тэгээд намайг очиход “Х” зоогийн газарт С.А эхнэр нь болох Ч, манай найз Т, түүний эхнэр Ү дөрөв сууж байсан. Тэгээд би тэр дөрөвтэй хамт суугаад нэг шил архи хувааж уугаад тайзан дээр бүжиглэж байхад С.А М.А-тэй маргалдаад хоёр биеэ бариад зогсож байхаар нь би очоод салгасан. А-ыг Т-д өгч явуулаад өөрөө Амарсүрэнг авч үлдсэн. Тэгээд А-г сүүлд нь баарнаас аваад гарахад А гадаа яваагүй байсан. Дахин маргалдах гэхээр нь Түвшинтөгсөд “чи А-ыг аваад гэр лүү нь яв, би А-г аваад явлаа” гээд салгаад аваад явсан.” гэх / хх 17-18 дугаар хуудас/,
- Гэрч Д.Т-ийн: “...Тэгээд А-оос гараад “Х” зоогийн газар орж дуулна гэж байсныг санаж байна. Түүнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь нүдний шил байхгүй болохоор нь Адын гэр лүү очсон. Тэгсэн чинь “...”Х” зоогийн газарт А-тэй зодолдсон” гээд орондоо хэвтэж байсан. Тухайн үед бол нэг нүд нь хөхөрсөн харагдаж байсан. Тэгээд би уг айлаас гараад яваад өгсөн.” гэх / хх 21-22 дугаар хуудас/,
- Хохирогч С.А-д үзлэг хийсэн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт / хх 35 дугаар хуудас /
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай “1. С.А-ын биед баруун нүдний дээд зовхи, салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, баруун өвдгөнд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 36-37 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулах “Х” зоогийн газарт хохирогч С.А-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, баруун өвдгөнд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.А, гэрч Б.Ч, Ц.Ө, Д.Т, Б.Ү нарын мэдүүлэг, хохирогч С.А-д үзлэг хийсэн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.А-ын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч М.А нь хохирогч С.А-той урьд өмнө хийсэн наймааны асуудлаас болж маргалдан түүнийг гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, баруун өвдгөнд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч М.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч М.А-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч С.А-ын зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Шүүгдэгчийг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид прокурорын шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай.” гэх саналыг гаргав.
2.2. Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолтой байгаа,согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,хохирол, хор уршиг учруулснаа ойлгосон зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй боловч гомдолтой гэж мэдүүлсэн болно.
Хохирогч С.А нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт М-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.А-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.А гомдолтой гэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.
7. Хохирогч С.А гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ