Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         5            22                                  2023/ШЦТ/177

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,  

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000216 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,Б.Н

Шүүгдэгч Б.Н нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг гэх газарт байрлах иргэн н.Баярмаагийн зуслангийн байшингийн гадаа хохирогч О.Идэрхангайтай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогчийн нүүр хэсэгт хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн О.Х “...Миний дүү О.И 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Арбулаг гэх газарт зүс таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

хохирогч О.И “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орой 17 цагийн үед ажлаасаа тараад Говил баг Арбулаг гэх газар луу хамт ажилладаг Баярмаа эгчийн зуны байшинд ажлын газрын хүмүүстэйгээ салхинд гарахаар очоод хоол, цай идэж, архи уусан. ...Наранбаатар гэх залуутай урьдын таарамжгүй харилцааны талаар ярилцаж “эвлэрье” гэж гуйсан чинь “үгүй” гээд байсан, ... Наранбаатар намайг хэл, амаар доромжлохоор нь ширээний дээр байсан хоосон шар айрагны савыг түлхсэн чинь уурлаж босож ирээд, бид хоёр харилцан маргалдаж эхэлсэн. ...хүмүүс бид хоёрыг салгах гэж оролдож байх үед би газар унасан...намайг газар унасан байх үед Наранбаатар гараараа нүүр хэсэг рүү хоёр удаа цохисон, ...би газраас босох үед хамраас цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

гэрч О.Х “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед дүү Идэрхангайгийн найз Болдбаатар гэх залуу залгаад “Идэрхангай зодуулчихсан Арбулагаас орж ирж байна, эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. ...нэгдсэн эмнэлгийн хүлээн авах хэсэгт очих үед дүү Идэрхангай ганцаараа байсан хэнд зодуулсан талаар асуухад “хамт ажилладаг хүн хамар луу гараараа хоёр удаа цохисон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

гэрч Б.Э “...Б.Наранбаатар, О.Идэрхангай нар маргалдаж эхэлсэн чинь Идэрхангай ширээний дээр байсан шар айргийг цохих үед Наранбаатарын нүүр хэсэг рүү цацарсан чинь Наранбаатар босож ирээд тэр хоёр хоорондоо зууралдаж газар унаад нэг, нэгнийгээ гараараа цохиод байсан, ...тэр хоёрыг салгасны дараа Идэрхангайгийн хамраас цус гараад түүний хамрыг угаалгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Б.Наранбаатарын яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн үед ажлаа тараад Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг гэх газарт ажлын газрын Баярмаа эгчийн гэрт очсон. Баярмаа эгчийн зуны байшинд очиж байшингийн гадна талд ажлын газрын хүмүүстэй хамт сууж, архи болон шар айраг ууж, хоол, цай идэж уусан. ...хамт ажилладаг О.Идэрхангайтай маргалдаж байх үед ууж байсан лаазтай шар айргийг над руу цацсан. Энэ үед би сууж байсан сандал дээрээсээ босоод О.Идэрхангайг “болиорой” гэж хэлээд түүнийг тэвэрч барьж аваад газар унагаасан, миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би буцаагаад түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. ...Тухайн үед О.Идэрхангайгийн хамраас цус гараад машинд суугаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 319 дугаартай; “...1.2.О.И биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. 5.Хамрын ясны хугарал, хамрын таславсийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамраагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.И нь “гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй, Наранбаатар надаас уучлалт гуйсан, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ