Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,  

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ....................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогтой ................ холбогдох эрүүгийн 2327000000044 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ........... аймгийн ..........суманд төрсөн, 56 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ...............аймгийн ...... сумын “................” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ..............овогтой............................../РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч .............нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...............аймгийн ............сумын ....... дугаар баг ............. тоотод хохирогч ....................халуун савны хуучин төмрөөр цохиж дух, дээд уруул, зүүн шуу, өгзөг, зүүн баруун шилбэнд сорви үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд

 

            Хохирогч ....................... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө өөрийн эзэмшлийн “.................” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу өрөөнд унтаж байсан. Би босож ирэхэд миний толгой руу 2 ширхэг цайны халуун сав гартаа барьж байгаад цохиж эхэлсэн. Тэгээд би яаж дэлгүүрийнхээ хажуу өрөөнөөс гадагшаа гарсан талаараа санахгүй байгаа юм. Намайг гаргаж ирээд манай хашаан дотор миний толгой руу цохиж зодож байсан. Би тухайн үед ............... гэх хүнээс зугтаагаад хашаанаасаа гарч гүйгээд хойшоогоо зугтаж “......................” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хашааны хаалгыг цохиод .................... гэх хүн гарч ирээд намайг дэлгүүр рүүгээ оруулсан. Тухайн үед миний толгойноос цус маш их гарч байсан. Эмнэлэг дээр очоод би толгой хэсэгтээ ............ эмчээр 3 газарт уруул хэсэгтээ 1 газар оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

 

Гэрч ..................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний нөхөр ......... гэртээ унтаж байхад хүзүүнээс нь татаж босгоод гадаа гаргаж байгаад цагдаагийн камер ажилладаггүй юм гэж хэлээд гадаа гаргаад манай хашаан дотор зодсон гэж ярьсан. ..................... гэх хүнтэй утсаар ярихад танай нөхөр чинь баярхаад байхаар нь нүдчихсэн юм гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

 

Гэрч ............... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Шөнө дунд манай гэрийн хаалгыг ........... байна гээд хүн цохиод байхаар нь хаалгаа онгойлгоод...........ганцаараа нүүр хэсэг нь цус болсон толгойн орой хэсэг нь хагарсан бололтой гэрт орж ирээд сандал дээр суугаад байсан. Толгойн хэсгээс нь цус гарч байсан өөр зүйл ажиглагдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №119 тоот:

“...1. .........биед дух дээд уруул, зүүн шуу өгзөг, зүүн баруун шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо.  2. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх ба гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Цээж, зүүн бугалга, өвдөг баруун шуу, ууц хэсэгт үүссэн цус хуралтууд нь хэрэг болсон гэх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үүссэн байх бөгөөд уг цус хуралт шимэгдэл үүсээгүй өнгө, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Цээж, зүүн бугалга, өвдөг баруун шуу, ууц хэсэгт үүссэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дух дээд уруул, зүүн шуу өгзөг, зүүн баруун шилбэнд тогтоогдсон сорви гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч .................... мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36, 39, 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ............. нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ..............аймгийн ........сумын...... дугаар баг ......... тоотод хохирогч .................халуун савны хуучин төмрөөр цохиж дух, дээд уруул, зүүн шуу, өгзөг, зүүн баруун шилбэнд сорви үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ................... үйлдсэн болох нь

Хохирогч .......... мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 05-10 дугаар хуудас/, гэрч ...............нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 13-17, 19-20 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №119 тоот: “...1. ................. биед дух дээд уруул, зүүн шуу өгзөг, зүүн баруун шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх ба гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Цээж, зүүн бугалга, өвдөг баруун шуу, ууц хэсэгт үүссэн цус хуралтууд нь хэрэг болсон гэх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үүссэн байх бөгөөд уг цус хуралт шимэгдэл үүсээгүй өнгө, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Цээж, зүүн бугалга, өвдөг баруун шуу, ууц хэсэгт үүссэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дух дээд уруул, зүүн шуу өгзөг, зүүн баруун шилбэнд тогтоогдсон сорви гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ..................нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ..................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч .................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч ..................нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.      

           

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийнхээ дагуу ......................нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ............... гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 31 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ................................цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасахад шүүгдэгч .............нь биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялгүй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч ......................... хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халуун савны хуучин төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогтой ...............хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар .................240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ................нь оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар .................. цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халуун савны хуучин төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. ...................... нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч .................... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол .................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА