Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000820125 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, оператор мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн ******* цехийн ******* ******* хариуцсан дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “ ” хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатигин овогт ******* /РД: /.

Шүүгдэгч Хатигин овогт ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, Уурхайн зам дагуу “Тоёота ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Хатигин овогт ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 07 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт Уурхайн зам дагуу маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө гэрээсээ эхнэр хамт Дашбалбар сум руу явж хүү уулзахаар ******* сумын 11 дүгээр баг, “ ” хотхоны гаднаас өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 06 цагийн орчим жолоодоод уурхайн зам орчим явж байгаад замын хажуу руу унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 06 цагийн орчим санагдаж байна. Хүү очиж уулзах гээд нөхөр гийн хамт гэрээсээ гараад нөхөр машинаа бариад уурхайн замаар явж байгаад замын хажуу руу унасан. Нэг сэрсэн чинь машин дээшээ харчихсан, манай нөхөр ухаан алдчихсан байхаар нь би сэрээж утсыг нь аваад эмнэлэг дуудсан. Би сайн анзаарч хараагүй. Нөхөр бид 8 настай хүүтэйгээ уулзаагүй удсан учраас хурдхан уулзах юмсан гэж бодоод явж байсан. Архи дарс огт уугаагүй байсан. Өмнө өдөр нь жоохон пиво уугаад шууд унтаж амарсан. Нөхөр маань анх эмчилгээ хийлгэж эхэлсэн цагаас одоог хүртэл миний хажууд намайг асарч байгаа бид хоёр хүүтэйгээ уулзах гээд явж байгаад харамсалтай зүйл болсон. Надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

гэрч “...13 цагт утсаар яриад найз нь зам тээврийн осолд орсон эмнэлэг дээр байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр очиход хагалгаанд орсон биеийн байдал хүнд өвдөлттэй гэхдээ ямар нэгэн хагалгаанд ороогүй байсан. Яг он сарыг нь хэлээгүй, ажил долоо хоног амрах юм чинь Дашбалбар сум руу хүүхэд рүүгээ явна гэж хэлж байсан. Яг хэдэн сарын хэдний өдөр явна гэж хэлээгүй. Би архи уусан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Эмнэлэг дээр архи уугаагүй зүгээр явж байсан. Эхнэр, нөхөр байгаа юм. Хоорондоо эелдэг зөөлөн харьцдаг. гийн хувьд бусадтай нийтэч аль болох хүнд туслахыг боддог эелдэг зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Архи уухаараа бусдад агсан согтуу тавиад байдаг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

гэрч “... нь зам тээврийн осолд орж аймагтаа 3 хоног эмчлэгдэж байгаад манай эмнэлэгт ирээд эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд, цээжний гэмтэлтэй, 2 талдаа олон хавирганы хугаралтай, 2 уушги няцарсан, амьсгалын дутагдалд орсон байна. ...Амьсгалын аппараттай биеийн байдал хүнд байгаа учир мэдүүлэг өгөх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

гэрч “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 07 цаг 04 минутад уурхайн зам дагуу машинтайгаа явж байгаад замын хажуу руу орчихлоо гээд дуудлага ирсний дагуу очиход уурхайн хар замын зүүн тал руу хар өнгийн тээврийн хэрэгсэл хажуу тал руугаа харсан байдалтай, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба эрэгтэй нь жолоочийн суудал дээр, эмэгтэй нь хажуугийн суудал дээр суусан байсан. Ингээд уг 2 иргэнийг машинаас гаргах боломжгүй байсан тул цонхыг нь хагалж гарган авч эмнэлэг дээр авч ирсэн. Эрэгтэйн гар, хөл хэвийн хугаралгүй, нүүр хавдсан, эмэгтэйн цээж хөндүүр явж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2614 тоот “... биед элэг, баруун бөөр, 12 хуруу гэдэсний няцрал, урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, баруун 6,7,8,9,10,11,12, зүүн 3,4,6-р хавирга, өвчүү яс, сээрний 3,5,6,7,8,11,12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн авчилт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, хэвлийн урд хана болон цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн улмаас баруун бөөр мэс заслаар авагдсан нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.58.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-50/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ овогтой ” гэж хаягласан цусанд спирт илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40/, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23/30 тоот дүгнэлт /хх-ийн 60-61/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, ослын схем зураг /хх-ийн 10/, зам тээврийн осолд холбогдсон маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 13-14/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч  ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатигин овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА