Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Ө.Мөнхнавч,                                

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн .... дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

Х.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн орчим ..... Аймгийн биеийн тамир, спортын газрын 2 давхарын 201 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ш.Тын эзэмшлийн Acer I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 350 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт: ... зах дээрээс нэг хүн Биеийн тамир спортын газар руу орсон. Би араас нь дагаад орсон чинь нөгөө хүн олдоогүй. Тэгээд би 2 давхарт гараад нэг өрөөний хаалга завсартай цоожгүй болохоор нь орсон чинь ширээн дээр зөөврийн компьютер байхаар нь би хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Х.Тын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой архи уусан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө босоод шартаж үхэх гээд гадуур гарч архины мөнгө хайсан боловч олдоогүй тэгэхээр нь би спорт заал руу хүнээс мөнгө гуйх гээд орсон чинь мөнгө гуйх хүн олдоогүй. Би ганцаараа спорт заалны 2 давхарт гараад явж байтал нэг өрөө онгорхой байсан тэгэхээр нь дотор нь ортол хүн байгаагүй. Тэр өрөөний ширээн дээр нэг компьютер байхаар нь аваад гарсан. Тэгээд .... багт байдаг Б гэдэг залууд компьютерээ 40.000 төгрөгөөр зараад архи авч уусан... Яг хулгай хийх үедээ бол архи уугаагүй эрүүл байсан. Хулгай хийсэн компьютерээ зараад зарсан мөнгөөрөө архи авч уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 /,

Хохирогч Ш.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би аймгийн Биеийн тамир спортын газар ахлах дасгалжуулагчийн ажил хийдэг юм. Тэр өдөр албан өрөөндөө сууж ажлаа хийж байгаад гарахдаа өрөөнийхөө цоожийг дутуу эргүүлээд орхичихсон байсан. Тэгтэл Т гэдэг хүн манай өрөө рүү ороод ширээн дээр байсан Асег маркийн I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж аваад явсан байсан. Тэр орой нь компьютер хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо компьютерээ буцаагаад авчихсан. Компьютер бол хэвийн ажиллаж байгаа эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй... Би компьютерээ бүрэн бүтэн хүлээж авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 /,

Гэрч С.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би хувиараа компьютер тоглоомын газар ажиллуулдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байтал нэг танихгүй хүн ирээд нэг зөөврийн компьютер гаргаж 40.000 төгрөгний барьцаанд тавья. Манай эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа юм. Дусал авах мөнгө, таксины мөнгө хэрэгтэй байна. 2-3 хоногийн дараа компьютерээ авахдаа мөнгийг чинь өгчихье гэсэн тэгэхээр нь би итгээд л мөнгө өгсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сүүлд нь сонсоход тэр хүн их л ядарсан хүн гэж сонссон, би тэр хүнээс 40.000 төгрөгөө нэхэмжлэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч М.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 11 сарын 30-ны өдөр өглөөний 08 цагаас жижүүрийн ээлжээ аваад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдөр 2016 оны 11 сарын 30-ны өдөр 12 цагт манай Биеийн тамир спортын газрын гар бөмбөгийн дасгалжуулагч, багш А надад “ахлах дасгалжуулагч, багш Тын өрөө онгорхой байна, зөөврийн компьютер нь алга байна” гэж манай жижүүрийн өрөөнд орж ирж хэлсэн. Тэгээд би өрөөг очиж үзэхэд Та багшийн өрөө онгорхой, зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Тэгээд би жижүүрийн өрөөний камерыг шалгах гэхэд чадахгүй болохоор нь анх суурилуулсан залууг дуудаж шалгуулахад 50 орчим насны намхан бор царайтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн хулгайлаад гарч байсан. Дүрс бичлэгийг хараад цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-09-11/,

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт / хх-ийн 18/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-29 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Х.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн орчим .... Аймгийн биеийн тамир, спортын газрын 2 давхарын 201 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ш.Тын эзэмшлийн Acer I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 350 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт: ... зах дээрээс нэг хүн Биеийн тамир спортын газар руу орсон. Би араас нь дагаад орсон чинь нөгөө хүн олдоогүй. Тэгээд би 2 давхарт гараад нэг өрөөний хаалга завсартай цоожгүй болохоор нь орсон чинь ширээн дээр зөөврийн компьютер байхаар нь би хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой би ганцаараа спорт заалны 2 давхарт гараад явж байтал нэг өрөө онгорхой байсан тэгэхээр нь дотор нь ортол хүн байгаагүй. Тэр өрөөний ширээн дээр нэг компьютер байхаар нь аваад гарсан. Тэгээд .... байдаг Б гэдэг залууд компьютерээ 40.000 төгрөгөөр зараад архи авч уусан... Яг хулгай хийх үедээ бол архи уугаагүй эрүүл байсан. Хулгай хийсэн компьютерээ зараад зарсан мөнгөөрөө архи авч уусан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ш.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Т гэдэг хүн манай өрөө рүү ороод ширээн дээр байсан Асег маркийн I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж аваад явсан байсан. Тэр орой нь компьютер хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо компьютерээ буцаагаад авчихсан... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байтал нэг танихгүй хүн ирээд нэг зөөврийн компьютер гаргаж ирээд 40.000 төгрөгний барьцаанд тавья. Манай эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа юм. Дусал авах мөнгө, таксины мөнгө хэрэгтэй байна. 2-3 хоногийн дараа компьютерээ авахдаа мөнгийг чинь өгчихье гэсэн тэгэхээр нь би итгээд л мөнгө өгсөн ... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 11 сарын 30-ны өдөр өглөөний 08 цагаас жижүүрийн ээлжээ аваад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдөр 2016 оны 11 сарын 30-ны өдөр 12 цагт манай Биеийн тамир спортын газрын гар бөмбөгийн дасгалжуулагч, багш А надад “ахлах дасгалжуулагч, багш Тын өрөө онгорхой байна, зөөврийн компьютер нь алга байна” гэж манай жижүүрийн өрөөнд орж ирж хэлсэн. Тэгээд би өрөөг очиж үзэхэд Та багшийн өрөө онгорхой, зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Тэгээд би жижүүрийн өрөөний камерыг шалгах гэхэд чадахгүй болохоор нь анх суурилуулсан залууг дуудаж шалгуулахад 50 орчим насны намхан бор царайтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн хулгайлаад гарч байсан. Дүрс бичлэгийг хараад цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгийг хуулбарласан CD зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгч Х.Тыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Х.Т нь 7 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ба хамгийн сүүлд ... шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч 2013 оны 03 сарын 28-ны өдөр суллагдсан байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч Х.Тыг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Х.Т нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, бусдад төлөх төлбөргүй, болон түүний ар гэрийн байдал, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Х.Тыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Х.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА