Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2021/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Булганы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын МАН-аас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг /Алдархаан сум/ дахин явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ягаанбуд овгийн А.Булган би Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Завхан аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын МАН-аас хэр дэвшигч Ю.Дэлгэрнасанг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд Завхан аймгийн Алдархаан сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасан нь сонгуулийн сурталчилгааны явцад болон сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж сонгогчдын саналыг татах зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, Улаанбаатар хотоос сонгогчдыг автобусаар зохион байгуулалттай үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдоод байна. Тодруулбал Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Алдархаан суманд МАН-аас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасан нь сонгогчдын саналыг татах зорилгоор санал хураалтын өдөр болон өмнөх өдөр /2020.10.14-15/ сонгогчдыг санал авах байранд автобусаар тээвэрлэн хүргэж өгөх, санал авах байрнаас тээвэрлэн авч явах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Орон нутгийн сонгуульд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Алдархаан сумын Улаанбаатар хотод сурч байгаа оюутан, түр хугацаагаар ажиллаж байгаа иргэд сонгогчдын саналыг татах зорилгоор хотоос зохион байгуулалттайгаар нэгдсэн журмаар 45 хүний суудалтай автобус хөлслөн, тээврийн зардлыг сонгогчдын өмнөөс төлж, Завхан аймгийн Улиастай сум оруулалгүй 2 км зайд замд нь буулгаж жижиг машинаар үнэгүй Алдархаан сумын төв болон бусад багууд руу зохион байгуулалттай хүргэж, санал өгөхөд нь ээж аавтай нь уулзуулахгүйн тулд зарим нэг оюутан залуучуудын гар утсыг нь хураан авч саналыг нь өгүүлсэн, сонгогчдыг санал өгөхөд нь нэр дэвшигч Ю.Дэлгэрнасан нь санал авах байрны гадаа миний унаагаар ирсэн юм чинь надад, мөн МАН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөх ёстой, чадахгүй бол хэнд нь ч өгөхгүй харьж болно гэж дарамт, шахалт үзүүлэн өөрөө дагуулж Мандаат багийн санал авах байр руу дагуулан орсон. Хотоос автобусаар авч ирсэн иргэдээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буцаагаад Улаанбаатар хот руу үнэ төлбөргүй хүргэж өгсөн. Энэ нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.1 мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх /хот хоорондын ирэх буцах тээврийн хөлс/ гэх хуулиар хориглосон үйлдлүүдийг хориглосон. Нэр дэвшигч Ю.Дэлгэрнасан нь 7 дугаар сарын 1-10-ны хооронд морин хуурч хүүхдүүдийн хамт сумын бүх багуудаар явж БАЯРЛАЛАА нэртэй шоу тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.2 нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх хуулиар хориглосон үйлдлүүдийг хориглосон. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.1 мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэж заасан байна. Иймд Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасангийн гаргасан дээрх үйлдлүүд нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа байна. Ю.Дэлгэрнасан нэр дэвшигчийн гаргасан үйлдэл хууль бус гэдэг нь нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдсоор байтал сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч, таслан зогсоогоогүй явдал нь сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Сонгуулийн хорооны энэхүү эс үйлдэхүй нь тухайн МАН-ын нэр дэвшигчидтэй нэг тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгчийн сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрх ашгийг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэр дэвшигч дээр дурдсан хориглосон үйлдлийг гаргавал тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй. Гэтэл Завхан аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдэд өгсөн саналыг хүчинтэйд тооцож, хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон явдалд гомдолтой байна. Хууль зөрчсөн нэр дэвшигчийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон энэхүү шийдвэр нь тус тойрогт АН-аас нэр дэвшсэн нэхэмжлэгч миний Үндсэн хуульд олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3-т зааснаар сонгууль зохион байгуулах төрийн байгууллага, албан тушаалтан сонгууль зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах , шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. Завхан аймгийн Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын дүн гарахаас өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасаж болох байсан. Энэ нь нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа юм. Хэрэв сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах шаардлага үүсэхгүй байх боломжтой байсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёрхон боломжийг хуульчилж өгсөн. Эхний боломжийг Завхан аймгийн Сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй учраас хоёр дахь боломжийг ашиглах ганцхан сонголт үлдсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Сонгуулийн хороонд холбогдох аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолын Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Алдархаан суманд дахин явуулахыг даалгах тухай захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байна. Аймгийн Сонгуулийн хороонд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасантай холбоотой өргөдөл, гомдол ирээгүй болно. Нэхэмжлэлд дурдсан Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалт нь нэр дэвшигчийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд л хасах үндэслэлтэй байна. Аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3, 73.4-т заасан сонгуулийн хороонд олгогдсон эрх хэмжээ болох тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоор хуульчилсан бөгөөд энэхүү тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж зөрчөөгүй байна. Нэхэмжлэлд дурдсан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэр дэвшигчдийг хасах эрх зүйн үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр шийдвэр юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар нэр дэвшигч санал хураалтын дүн гарсны дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлж, дахин сонгууль явуулах бөгөөд хуулийн 77 дугаар зүйлд зааснаар дахин сонгуулийг зохион байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлд дурдсан дахин сонгуулийг зохион байгуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн сонгуулиар Алдархаан суманд нэр дэвшсэн, нэр дэвшигч Аюушжавын Булганы нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд оролцож байна. Манай сонгуулийн хороо аливаа зөрчил маргаан, хууль бус сурталчилгаа хийсэн талаар маргааныг шийдвэрлэх эрх зүйн боломж байхгүй. Сонгууль явагдсан үед энэ талаар манай дээр санал, гомдол ирээгүй. Ирүүлсэн нэг санал нь хууль бус сурталчилгаа явуулсан, мэдээллийн самбар заасан хэмжээнээс олныг байршуулсан гэсэн санал байсныг бид холбогдох газартаа гомдлоо гарга гэж хэлсэн. Энэ жилийн сонгуулийн хууль тогтоомжийн онцлог нь цагдаагийн байгууллага, эсхүл харилцаа холбооны зохицуулах газарт, мөнгө төгрөг тараасан гэх асуудал бол мэргэжлийн хяналтын газарт хандах зохицуулалттай байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд энэ хуулийн 34.3, 35.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн тогтоолын тухайн нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгож тогтоолыг нөхөн гаргаж нийтэд мэдээлнэ гэж заасан. Тийм учраас аливаа зөрчил маргаан шийдвэрлэх хугацаа байгаагүй. Манай сонгуулийн хороо хуульд заасны дагуу буюу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож ажлын 2 өдөрт багтаан тогтоолыг гаргана гэж заасны дагуу бид тогтоолоо гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчээс нэхэмжлээд байгаа сонгуулийн хороотой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзээд байгаа юм. Хэрэв тухайн зөрчил нь тогтоогдоод, шийдвэр гарсны дараа тогтоолоос тухайн хүнтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож болохоор байгаа. Тухайн үед гомдол гараад гомдлыг шийдвэрлэсэн шийдвэр, албан тушаалтан байхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй учраас манай тогтоол өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа гэж үзэж байна гэв.  

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа Ю.Дэлгэрнасанг сонгуулийн тухай хууль тогтоомжийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж тус хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг хүчингүй болгуулахаар сонгуулийн хороог буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд Ю.Дэлгэрнасанг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх шийдвэр шүүхээс одоогоор албан ёсоор гарсан зүйл байхгүй. Захиргааны хэргийн шүүх тухайн нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоохгүй. Харин захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг учраас өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн хууль ёсны буюу сум аймгийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нөхцөл байдлыг хүчингүй болгуулах, дахин сонгууль зарлах нөхцөл байдал үүсээгүй байна гэж харж байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон, тус сонгуулийн тухай хуулийн 74.3-д нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 47.1-д заасан үндэслэлээр санал хураалтын дүн гарсны дараа, Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны дараа дээрх нөхцөл байдал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол аймгийн сонгуулийн хороо тогтоолоо хүчингүй болгох асуудал яригдана. Гэтэл шүүх холбогдох ямар нэгэн байгууллагаас Ю.Дэлгэрнасанг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гараагүй учраас аймгийн Сонгуулийн хорооны тогтоол хүчин төгөлдөр нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Монгол Ардын намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т заасныг зөрчсөн үйлдлийг гаргасан бөгөөд энэ зөрчил нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдсоор байхад түүнийг аймгийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь үндэслэлгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Завхан аймгийн Сонгуулийн хороо уг шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шаардлагатай гэж, Хариуцагч нь Ю.Дэлгэрнасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд л хасах үндэслэлтэй. Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгож нэр дэвшигчээс хасах эрх зүйн үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр шийдвэр ба дахин сонгуулийг явуулах хуульд заасан нөхцөл бий болоогүй гэж тус тус маргаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг, 74 дүгээр зүйлийн 74.3-т Энэ хуулийн 47.1-д заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ...аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 47.1.1 ..., аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх, 47.1.2 нийтийг хамарсан ... урлагийн тоглолт зохион байгуулах, 80 дугаар зүйлийн 80.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ... Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16-д Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал... сонгогчдын саналыг татах зорилгоор: 16.1 бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн, 16.2 нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан байх ба эдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж, эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 9 болон 2.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан байна.

Иймд тус шүүхээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас гаргасан маргаан бүхий актын хүрээнд уг хэргийн гуравдагч этгээд Ю.Дэлгэрнасан нь сонгогчдын саналыг татах зорилгоор Улаанбаатар хотоос сонгогчдыг үнэ төлбөргүй тээвэрлэсэн, урлагийн тоглолт зохион байгуулсан зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай үйл баримтыг мөрдөн шалгаж, тогтоох нь тус шүүхийн харьяаллын бус тул Ю.Дэлгэрнасанд холбогдох зөрчлийн хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар нотлох баримт цуглуулах үүргийн дагуу Завхан аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 38/30, Завхан аймгийн Прокурорын газрын 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1/44, Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3/07 дугаар албан бичгүүдээр тус тус нэр дэвшигч Ю.Дэлгэрнасанд холбогдох сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн гэх зөрчлийн хэрэг шийдвэрлэгдээгүй, түүнд холбогдох хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын холбогдох хэсэг эрх зүйн материаллаг болон хэлбэрийн шаардлага хангаж, бодит байдалд нийцсэн эсэхийг хянаж шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч А.Булган болон иргэдээс Ю.Дэлгэрнасан сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн талаарх гомдол мэдээлэл ирүүлээгүй болохыг Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн албан бичигт дурдсан байна.

2. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Алдархаан суманд дахин явуулахыг Завхан аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлагын тухайд:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д .... энэ хуулийн 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана гэж зааснаас үзэхэд Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулахаар байна.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Ю.Дэлгэрнасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул Завхан аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгож, Алдархаан суманд дахин сонгууль явуулах эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх эрх зүйн үндэслэлүүдээр Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүйд тооцох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Алдархаан суманд дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчээс Завхан аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг агуулсан ба уг хэргийн гуравдагч этгээд болох Ю.Дэлгэрнасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74.3-т заасан Энэ хуулийн 47.1-д ... заасныг зөрчсөн болох нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу иргэн А.Булганаас Завхан аймгийн Сонгуулийн Хороонд хандах, шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй ба уг эрхийг хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сонгуулийн хороонд холбогдох аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг /Алдархаан сум/ дахин явуулахыг даалгах шаардлага бүхий иргэн А.Булганы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч А.Булганаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР