Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ж” ХХК-ийн гомдолтой

        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

Гомдол гаргагч: “Ж” ХХК

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0010 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

            Хэргийн индекс: 122/2025/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Ж” ХХК-аас Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х-т холбогдуулан “... Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0010 дугаар шийдвэрээр:

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ж” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1.      Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 -т “Хуульд өөрөөр заагаагүй бөл зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн ... тоолно” гэж тус тус заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс тоолох хуулийн зохицуулалт тодорхой билээ. Гэтэл шүүх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг улсын байцаагчид цохож шилжүүлсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоолж байгаа нь үндэслэлгүй юм.

            Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т зааснаар энэхүү зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сар юм. Тус хугацаа 2024 оны 4 дүгээр сард дуусгавар болсон байсан. Гэтэл хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Иймд тус хугацаа хэтэрсэн юм.

            Нэхэмжлэгч компани зөвшөөрөлгүй хадлан хадсан гэх асуудлыг хариуцагч, түүний байгууллагын хүмүүс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ажлын тайлангаар тогтоосон байсан. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнууд Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлаас үл хамааран тухайн үед арга хэмжээ авах боломжтой байсан. Иймд хариуцагч нь зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн юм.

Бидний зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж маргасан. Би тэдгээр үндэслэлүүдээ тодруулж шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичгээр нэмэлт тайлбар гаргасан юм. Гомдол, мэдээллийг хүлээж авахаас эхлүүлээд, гэрч биш хүнийг гэрчээр асуусан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биш хүнийг хохирогчоор асууж мэдүүлэг авсан, мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүй, мэдүүлэг эхэлсэн, дууссан огноо нь илт алдаатай, зөрчлийн хэрэг нээхээс өмнө хариуцагч байгууллагын өөрсдийн үйлдсэн баримтуудыг зөрчлийн хэргийн нотлох баримт болгосон, зарим нотлох баримтуудыг хаанаас авсан нь мэдэгдэхгүй, шийтгэлийн хуудсыг гаргасан огноо нь зөрүүтэй зэрэг маш олон зөрчлүүд байсан. Хариуцагч нь тэдгээр зөрчлүүдийг няцааж чадаагүй. Анхан шатны шүүх ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, дээрх байдлаар зөрчлүүд гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 13 дахь тал, 9, 10 дугаартай хэсэгт энэ талаар дүгнэлт хийсэн. Ингэхдээ бидний нэмэлт тайлбарт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг анхан шатны шүүх няцаагаагүй.

            Энэ нөхцөлд зөвхөн “хадсан газрын хэмжээг зөв тогтоогоогүй” гэдэгтэй холбоотой дахин акт гарах хүртэлх 3 сарын хугацаанд маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх “дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлэх” шийдвэрийг хадсан газрын хэмжээг зөв тогтоогоогүй гэдэг асуудалтай холбож гаргасан. Тэгвэл дээр дурдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд нь тус шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэлд хамаарахгүй юм. Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаанууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан “нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэх үндэслэлд хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дугаартай хэсэгт “гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нийт хэдэн га талбайд хадлан хадсан болохыг дахин тогтоох боломжтой гэж тайлбарласан" гэсэн байна. Гэвч одоо тухайн хадсан талбайн хэмжээг хэрхэн тогтоох нь ойлгомжгүй. Нэгэнт тухайн газарт өвс ургасан тул тогтоох боломжгүй гэж бодож байна.

            Нэхэмжлэгч байгууллагад хадлан хадсан нь газрыг ашигласан гэх ойлголтод хамаарахгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 3.1.4-т “газар ашиглах гэж ... газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно” гэж заасан. Өвс хадах, мал бэлчээх нь газар дээр ургаж буй өвс, ургамлыг ашиглаж байгаа хэрэг болохоос газрыг ашиглаж байгаа хэрэг биш юм. Хэрэв өвс хадаж, мал бэлчээж байгааг газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа хэрэг гэж үзвэл мал маллаж байгаа малчдыг торгох үндэслэлтэй болох юм. Иймд нэхэмжлэгч компани газрыг ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

            Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хадлан хадсан үйлдлийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар ашигласан хэмээн буруутгаж байгаа. Үүнтэй холбоотой газарт учирсан хохирол хэмээн 2,664,933.00 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь газарт учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэдэг агуулгаар дахин шинэ акт гартал 3 сарын хугацаанд актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэхдээ нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас газарт хохирол учраагүй байгаа юм.

            Тодруулбал, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын 3 дахь хуудсанд “... хадлан бэлтгэх үйл ажиллагааны газрын төлбөрийн хэмжээг 1 га тутамд 533.3 төгрөг бөгөөд “Ж” компанийн зөвшөөрөлгүйгээр хадсан талбайн хэмжээ нь 1,666 га бөгөөд тухайн газарт ногдуулах газрын төлбөр 533.2 төгрөгтэй харьцуулж үржүүлбэл нийт 888,311.2 төгрөг болж байна. Гэрээ байгуулж хадландаа гарсан бол ... 888,311.2 төгрөг төлөхөөр байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2.5 дахь хэсэгт зааснаар газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож арга хэмжээ авах тухай заасны дагуу ... нийт 2,664,933.6 төгрөгийн эдийн засгийн бодит хохирол учирсан байна” гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2.5-т заасны дагуу хохирлыг тооцсон талаар тайлбарлаж байгаа.

            Гэтэл тус хуулийн 49.2.5, 49.4, 49.4.5 дахь заалтууд бол газарт учирсан хохирлыг хэрхэн тооцох тухай заалт юм. Тус хуулийн заалтын дагуу хохирол тооцож гаргахын тулд газарт хохирол учирсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүйгээр хадлан хадсан гэж буруутгаж байгаа болохоос газрыг эвдсэн, сүйтгэсэн, хохирол учруулсан гэж буруутгадаггүй. Иймд газарт хохирол учраагүй тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2.5 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.

            Дээрх хуулийн зохицуулалтад хохирлыг тооцохдоо тухайн газрын экологи- эдийн засгийн үнэлгээг гурав дахин үржүүлж тооцох талаар заасан. Гэтэл хариуцагч нь газарт учирсан хохирлын тооцохдоо аймгийн ИТХ-аас баталсан газрын төлбөрийн хэмжээг 3 дахин үржүүлж тооцсон гэж тайлбарладаг. Тодруулбал, хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай 04 дугаартай Тогтоолд заасан газрын төлбөрийг 3 үржүүлж, хохирлыг тооцсон байдаг. Энэ бол газрын Экологи-эдийн засгийн үнэлгээ биш юм. Гэхдээ хамгийн гол асуудал бол нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас газарт хохирол учраагүй буюу газрыг эвдсэн, сүйтгэсэн, хохирол учруулсан зүйл байхгүй явдал юм. Үүнтэй холбоотой газарт учирсан хохирол гэж байхгүй юм.

            Иймд маргаан бүхий захиргааны актын хохирол тогтоосон хэсэг нь хууль бус, үндэслэлгүй юм. Мөн хохирлын хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэх агуулгаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “ Сүхбаатар аймгийн Э*** сумын 1 дүгээр багийн нутаг Т*** гэх газарт зохих зөвшөөрөлгүй 1666 га газрыг ашиглан хадлан хадсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “Ж” ХХК-аас эс зөвшөөрч “Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2.1. Э*** суманд гарсан хандлангуудын гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн товч тайланд[1] гэрээ байгуулаагүй зөвшөөрөлгүй хадлан хадсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын судалгааг гаргасны дотор “Ж” ХХК 1666 га талбайд хадлан хадсан гэж тэмдэглэгдсэн, харин гомдол гаргагч “Ж” ХХК-аас “... Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1819 дугаартай хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлийн[2] дагуу хилийн зурвас бүс газарт нэвтэрч 430 орчим га талбайд хадлан хадсан, ... зөрчилд ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ... хохирлын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн хадсан талбайн хэмжээг хэрхэн тогтоосон эсэх, ямар үнэлгээ, төлбөр тогтоосон хууль ёсны шийдвэрийг үндэслэж хохирол тооцсон нь тодорхой бус, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, газарт хохирол учраагүй, газрыг эвдэж сүйтгэх биш, ургаж байгаа өвсийг хадаж байгаа учраас газарт хохирол учраагүй ...” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хууль бус гэж тайлбарлан маргажээ.

            2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар аймгийн прокурорын газар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 224 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор[3] “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Э*** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас “Ж” ХХК-д давуу байдал бий болгож хадлан хадуулсан” гэх хэрэгт 233000402 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх бөгөөд тус газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/602 дугаар албан бичгээр[4] Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр хүргүүлсэн байна.

            2.3. Уг албан бичгийн дагуу Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2430001142 дугаар тогтоолоор[5] Ж ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ж” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 / таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            2.4. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан”, 10.5-д “... учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

            2.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульд тусгайлан заасан байна.

            2.6. Гомдол гаргагч “Ж” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Э*** сумын 1 дүгээр багийн нутаг Т*** гэх газарт хадлан хадсан болох нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр багийн Засаг дарга Ц.С, Хил хамгаалах газрын даргын мэдүүлгүүдээр тогтоогдсон, гомдол гаргагч хадлан хадсан гэснийг үгүйсгэж маргаагүй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үргэлжилсэн шинжтэй зөрчлийн хувьд зөрчил үйлдэгдэж дууссан үеэс буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, тус хугацаанаас хойш 6 сарын хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байна.

            2.7. Гэтэл анхан шатны шүүхээс “... гомдол гаргагч байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэлийн хуудсаар арга хэмжээ нь тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарладаг хэдий ч тухайн зөрчлийн маргаан бүхий асуудал Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар аймгийн Прокурорын газарт шалгагдан, тус прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/602 тоот албан бичгээр холбогдох эрүүгийн хэргээс зөрчил шалган шийдвэрлүүлэхээр материал ирүүлснийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Т тухайн өдөр нь байцаагч Б.Х-т цохсон байх тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжтой гэж дүгнэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

            2.8. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулахаар бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолохоор заасан байна.

            2.9. Хэрэг авагдсан Сүхбаатар аймгийн прокурорын газар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 224 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Э*** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас “Ж” ХХК-д давуу байдал бий болгож хадлан хадуулсан” гэснээс үзвэл Хил хамгаалах газрын эрх, бүхий албан тушаалтанд холбогдуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэхтэй холбогдуулан 233000402 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан явуулсан буюу уг хэрэг бүртгэлтийн хэргийг “Ж” ХХК-д холбогдуулан явуулаагүй нь тодорхой байна.

            2.10. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Хэрэгт авагдсан Э*** суманд гарсан хандлангуудын гэрээ дүгнэх, ажлын хэсгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн товч тайланд[6] гэрээ байгуулаагүй зөвшөөрөлгүй хадлан хадсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын судалгаанд “Ж” ХХК багтсан байх бөгөөд энэ үеэс хариуцагч нь Ж ХХК-ийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хадлан хадсан гэж  үзсэн бол уг зөрчилд нь холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгах боломжтой байжээ.

Гэтэл хариуцагч нь “Ж” ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэх үндэслэлгүй байна.

            2.11. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор байхад хариуцагч нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шийтгэл хуудас оногдуулсан нь хууль бус байх бөгөөд Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

            Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад шийтгэл оногдуулсан” гэх гомдол үндэслэлтэй байна.

            2.12. Мөн анхан шатны шүүх “... Газар дээр нь хэмжилт хийхдээ “Ж” ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, уг ажиллагааны баримтуудыг үндэслэн хариуцагч нь зөрчилд холбогдогчийг хэдэн га талбайд хадлан хадсан гэдгийг тогтоосон нь учир дутагдалтай, ... хариуцагч нь зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад үйлдсэн баримтуудаа зөрчилд холбогдогч “Ж” ХХК-д тухай бүр нь танилцуулж хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй, шийтгэлийн хуудсанд бичигдвэл зохих зүйл бүрэн бичигдээгүй, он сарууд зөрүүтэй бичигдсэн зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулаагүй” гэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус болох нь тогтоогдсон гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа “ ... “Ж” ХХК нь хэдэн га талбайд хадлан хадсан нь тодорхойгүй, учруулсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээ нь эргэлзээтэй ...” гэсэн дүгнэлт, үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

2.13. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий шийтгэлийн хууль бус болох нь мөн уг шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.

            2.14. Гэтэл анхан шатны шүүх хэргийн ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай болох, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь ямар шалтгаан үндэслэлээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэрхэн хэтэрсэн болох нь тогтоогдож байгаа талаар огт дүгнээгүй, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хадлан хадсан тус газарт хэдэн га талбайд өвс хадсан талаар дахин хэмжилт хийж баталгаажуулах боломжгүй буюу өвс хадсан талбайд дахин өвс нэгэнт ургаж, талбай нөхөн сэргээгдэж, зөрчил үйлдэж дууссанаас хойш даруй 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байхад дахин хэмжилт хийх боломжгүй байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.1, 6 дахь хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч “Ж” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож, гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 63 дахь тал

[2] Хэргийн 69 дэх тал

[3] Хэргийн 32 дахь тал

[4] Хэргийн 159 дэх тал

[5] Хэргийн 29-30 дахь талууд

[6] Хэргийн 63 дахь тал