| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ак,
улсын яллагч А.Д,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Дургийн овгийн Хйн Аид холбогдох 2313000430075 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дэлэг овогт Хурвайн А, Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, 32 настай, эмэгтэй, ам бүл-5, ах, бэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан өөрийн хүү Б.Эий нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 14 сарын хугацаанд хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Тухайн үед би маш их өвдсөн байсан. Хүүхэд нас барах үед түүнийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хассан байх гэж бодсон учраас дансанд орж ирсэн мөнгийг мэдээгүй авч байсан...” гэв.
2.1. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Заяабаатараас гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн талаарх илтгэх хуудас, уг илтгэх хуудсанд хавсаргасан Б овогтой Эий нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1638 дугаартай албан бичиг зэрэг баримтууд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2014 оноос эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь тухайн хүүхдийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй аль нэг арилжааны банкны данс нээгдсэн байдаг. Тухайн данс руу манай байгууллагаас шилжүүлэг хийдэг. Тэр данснаас хэн авч байгаа талаар манай байгууллагад мэдэх зүйл байхгүй. Анх данс нээлгэсэн асран хамгаалагч, эцэг, эхийн аль нэг нь авна. Харин Барсын Э нь 5197348047 тоот дансаар 2021 оны 07 дугаар сараас эхлэн 2022 оны 12 дугаар сарыг хүртэл нийтдээ 18 сар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тасралтгүй авсан байна. Дээрх мөнгийг хэн хэрхэн авч байгаа талаар банкнаас тодруулах шаардлагатай. Б.Э нь хэзээ нас барснаас нь хамаарч тухайн нас барснаас хойших авсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
2.3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “...Барсын Э /БЛ21262390/ нь Өлгий сумд амьдардаг бөгөөд ээжийн харьяаллын дагуу Цэнгэл сумд бүртгэгдсэн ба хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Хаан банкны 5197348047 тоот дансаар дамжуулан авч байгаа...” гэсэн албан бичиг, уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн Барсын Эд 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон жагсаалт (хавтаст хэргийн 14-16 дахь тал),
2.4. Хаан банкны харилцагч Б.Э, хамтран эзэмшигч Х.А нарын эзэмшлийн 5197348047 дугаартай, харилцагч Х.Аийн эзэмшлийн 5192270753 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд (хавтаст хэргийн 18-30 дахь тал),
2.5. Иргэн Б.Эий 2021 оны 6 дугаар сарын 23-ний өдөр төрсөн талаарх төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),
2.6. Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Х.Атэй 2019 оны 5 дугаар сард танилцаж 2019 оны 8 дугаар сараас эхлэн манай гэрт ээж, эгчийн хамтаар хамтран амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор хуримаа хийгээгүй бөгөөд хамтран амьдрагч байсан. Улмаар бид хоёр 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1 охин 2 хүүтэй буюу 3 ихэр хүүхэдтэй болсон. Би 2020 оны 4 дүгээр сард малын хулгайн хэргээр цагдан хоригдож эхнэр төрөх үеэр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Тэгээд гэртээ эхнэр хүүхдээ асарч эхэлсэн. Хүүхдүүдийг өөрийн нэр дээр буулгаж Б.Э, Б.Ц, Б.Т гэж нэр өгсөн. Тэгээд гурван ихэр учраас анхнаас нь хөхөөр болон нэмэлт сүүгээр хооллосон. 2020 оны 12 дугаар сарын эхээр эхнэр Х.Аийн хөхнөөс идээ гарч хүүхдүүдийг дан нэмэлт сүүгээр өсгөх болсон бөгөөд том хүү Б.Эий биеийн байдал нь гэнэт муудаад эмнэлэгт очиж үзүүлэхэд хатгаа хүндэрсэн байна гээд орой 17 цагийн үед төрөх эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад маргааш шөнө дунд 03 цагийн үед нас барсан. Тэгээд нас барсан хүүхдээ эмнэлгээс аваад өөрсдийн нас барсан хүмүүсийг нутаглуулдаг “Малчин” гэх нэртэй газарт хөдөөлүүлсэн юм. Тухайн үед Б.Эий нас барсныг бүртгүүлсэн шиг санагдаж байна. Гэхдээ яг албан ёсоор өөрийн биеэр улсын бүртгэлийн хэлтэст очоогүй, гэрт халамжаас хүн ирсэн байх тэр үед өвчний улмаас нас барсан гэдгийг хэлсэн учраас хассан байх гэж бодож байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Х.А өөрийн банкны дансаар авч хэрэглэдэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
2.7. Гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.А нь 2021 онд төрүүлсэн хүүхдүүдийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах материалыг өөрөө надад бүрдүүлж өгсөн. Тухайн хүүхэд тус бүрийн нэр дээр данс нээлгэж тухайн дансны хамтран эзэмшигч нь уг мөнгийг зарцуулж болно. Тухайн дансыг хэн хамтран эзэмшиж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Банкнаас тодруулж болно. Манай Хөдөлмөрийн халамж үйлчилгээний олголтыг ehalamj.mn-ийн лавлагаанаас харахад Б.Э нь 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 сарыг дуустал хүүхдийн мөнгөн тэтгэмжийн данс руу шилжин орсон байсан. Манай байгууллагад хасалт хийлгэхээр мэдэгдээгүй бол тухайн данс руу хүүхдийн мөнгө нь автоматаар сар болгон орж байдаг. Нас барсны бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон бусад халамж авдаг байсан иргэний мөнгөн тэтгэмжийг зогсооно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
2.8. Б.Эд олгогдох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зогсоож, хасалт хийсэн тухай баримт (хавтаст хэргийн 40 дэх тал),
2.9. Яллагдагч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хасалтыг бүртгэлийн ажилтан нар өөрсдөө хийдэг байх гэж бодоод энэ талаар мэдэгдээгүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн сар бүрд хэрэглээнд хэрэглээд дуусгадаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал),
-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Х.А танай өрх Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409,679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал),
-Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал),
-Иргэн Х.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мөрдөгчийн илтгэх хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Серикбай, гэрч Э.Б, Х.Марат нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, тус аймгийн Цэнгэл сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн Х.Маратын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон жагсаалт, Хаан банкны харилцагч Б.Э, хамтран эзэмшигч Х.А нарын эзэмшлийн 5197348047 дугаартай, харилцагч Х.Аийн эзэмшлийн 5192270753 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, Б.Эий төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 3-7, 12, 14-16, 18-30, 33, 35, 37, 52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Аийн хүү Эрэвийн Э нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өвчийн улмаас эмнэлэгт нас барах үед түүний нас барсан талаарх мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр хүү Э.Эд төрөөс сар бүр олгогдох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 сарыг дуусал хугацаанд, нийт 1.400.000 төгрөгийг Хаан банкны 5197348047 тоот дансаар дамжуулан авч захиран зарцуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Х.А нь хүү Б.Эий нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлж, холбогдох байгууллагад нь мэдэгдэхгүй нууж төрөөс сар бүр хүүхдэд олгогдох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” гэж зааж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан хуульчилсан байна.
4.3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.” гэж, мөн зүйлийн 13.2 дахь хэсэгт “дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ: 13.2.1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг ” гэж нас барсныг бүртгүүлэх этгээдийг нэрлэн заажээ.
4.4. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 3.8-д “Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь энэ тухай сонгосон банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр мэдэгдэнэ.” 4.1-д “ нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана: 4.1.2 “хүүхэд нас барсан” гэж хүүхэд нь нас барснаар тухайн хүүхдэд олгогдох хүүхдийн мөнгө тэтгэмжийг зогсоох бөгөөд ингэхдээ нас барсан талаарх мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь банк, орон нутгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхээр зохицуулжээ.
4.5. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барах үед түүний эцэг нь Б.Барс, эх нь болох шүүгдэгч Х.А нар нь хүүхэд нас барсан талаар иргэний улсын бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа банк, ажилтанд мэдэгдэх байжээ.
4.6. Гэтэл шүүгдэгч Х.А нь хүүгийнхээ нас барсныг бүртгүүлж, мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр Б.Эд сар бүр олгогдох 100,000 төгрөгийн хүүхдийн мөнгө буюу 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл, 14 сарын хугацаанд нийт 1.400.000 нийгмийн халамжийн тэтгэмжид хамаарах хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч захиран зарцуулсан нь нотлогдож байх тул түүнийг хүүгийнхээ нас барсан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийг авч “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ” авах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
4.7. Шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
4.8. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хүүгийнхээ нас барсан байдлыг нуун дарагдуулж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Иймд шүүгдэгч Х.Аийг хүү Б.Эий нас барсан байдал буюу бодит байдлыг нууж, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд 1.400.000 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмжийг хууль бусаар авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, төрийн байгууллагуудын хяналт шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болжээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 14 сарын хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу нийгмийн халамжийн тэтгэмж авсан нь нотлогдсон учраас энэхүү хугацаанд авсан 1.400.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна.
5.2. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Аээс 1.400.000 төгрөгийг гаргуулан Нийгмийн халамжийн санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Аийг шүүхээс “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.А нь хууль бусаар халамж авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1.400.000 төгрөгийн хохирлыг гаргуулан Нийгмийн халамжийн санд олгох саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргав.
2.4. Шүүгдэгч Х.А нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэсэн гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь хувийн байдлын хувьд хүүхдийн хамт амьдардаг, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Цэнгэл сумын 4 багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 54, 56, 63, 64 дахь тал),
2.7. Шүүгдэгч Х.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, анх удаа гэмт хэрэгт үйлдэн, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.8. Шүүгдэгч нь тус аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт амьдардаг гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “зусланд гарах үед гар утасны сүлжээ барихгүй” гэж мэдүүлсэн учраас улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
2.9. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус хуульчилжээ.
3.3. Шүүгдэгчийг 14 сарын хугацаанд хууль бусаар авсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос 1.400.000 төгрөгийг албадан гаргуулж Нийгмийн халамжийн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
3.4. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь Нийгмийн халамжийн санд учирсан хохирлоос илүү гараагүй тул улсын төсөвт шилжүүлээгүйг дурдах нь зүйтэй.
3.5. Шүүгдэгчийн тус аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд оршин суугаа газрын буюу Цэнгэл сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг шүүгдэгчид даалгав.
3.6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дг овгийн Хн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуйн Аийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Аид сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Аээс 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулан Нийгмийн халамжид санд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 1.400.000 төгрөгийг албадан гаргуулж Нийгмийн халамжийн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
6. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд тус аймгийн Цэнгэл сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг шүүгдэгч Х.Аид даалгасугай.
8. 2313000430075 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б