Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

2023       05           11                                  2023/ШЦТ/92

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.У,

Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Тээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дн Тт холбогдох эрүүгийн 2235000840102 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 01 дүгээр сарын 29-нд Увс аймгийн ..... суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт Дн Т /РД:........./

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн 2019 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 23.722.900 төгрөг, 2020 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 21.106.900 төгрөгт үнэлгээний хороо байгуулан, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шууд худалдан авалтыг хийж, 2019 оны төсөвт суугдсан 23.722.900 төгрөгөөс 23.720.200 төгрөгөөр, 2020 оны төсөвт суугдсан 21.106.900 төгрөгөөс 8.003.500 төгрөгөөр тус тус худалдан авалт хийж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 31.723.700 төгрөгийн хохирол учруулан бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн 2235000840102 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 44-46 дахь тал),

- Гэрч Н.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн I хавтасны 54-55 дахь тал),

- Гэрч Л.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 48 дахь тал),

- Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 50 дахь тал),

- Гэрч Х.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 57-58 дахь тал),

- Гэрч Г.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 69 дэх тал),

- Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгссөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 71 дэх тал),

- Гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 73 дахь тал),

- Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2019-2021 оны санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн хуваарь, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолууд (хавтаст хэргийн I хавтасны 169-235 дахь тал),

- Шүүгдэгч Д.Тийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн томилсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн III хавтасны 201-202 дахь тал),

- Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2019, 2020 оны хоол хүнсний зардлын санхүүгийн баримтууд (хавтаст хэргийн III хавтасны 155-188 дахь тал),

- Тэс сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн 2019, 2020 оны санхүүгийн хяналт шалгалтын материалууд (хавтаст хэргийн I хавтасны 20-31 дэх тал),

-  Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай Д.Тийг ажилд томилох тухай, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай Д.Тийг ажлаас чөлөөлөх тухай захирамжын хуулбарууд (хавтаст хэргийн III хавтасны 201-202 дахь тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авсан тухай баримтууд (хавтаст хэргийн II хавтасны 43-48 дахь тал)-үүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/151 дугаартай Увс аймгийн Засаг даргын захирамжаар шүүгдэгч Д.Тийг Увс аймгийн Тэс сумын 2-р бага сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар шүүгдэгч Д.Тийг Увс аймгийн Тэс сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлаар томилсон Увс аймгийн Засаг даргын захирамжийг тус тус шинээр гаргаж өгсөн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.У:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 44-46 дахь тал),

Гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 79 дэх тал),

Шүүгдэгч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг

(хавтаст хэргийн I хавтасны 91-92 дахь тал),

Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 108-110 дахь тал),

Гэрч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 129-130 дахь тал),

Гэрч Н.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 133-134 дахь тал),

Гэрч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 140 дэх тал),

          Гэрч Н.Нын мөрдөн байцаатын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 157 дахь тал),

         Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн II хавтасны 51-52 дахь тал),

        Увс аймгийн Тэс сумын 2-р сургуулийн санхүүгийн баримтад авагдсан нэхэмжлэх орлогын баримтууд (хавтаст хэргийн III хавтасны 185-198 дахь тал)-үүд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн босго үнэд 2021 оны 05 дугаар сард өөрчлөлт орж 20.0 сая төгрөгөөс доош дүнтэй, төсөвтэй үед шууд гэрээ байгуулахаар болсон. Харин 2021 оны 05 дугаар сараас өмнө бол 10.0 сая төгрөгөөс доош дүнтэй ажил, бараа, үйлчилгээнд шууд гэрээ байгуулж болохоор байсан. 10.0 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй бол тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой. Д.Т нь тухайн үеийн босго үнээс дээш төсөвтэй байхад шууд гэрээ байгуулсан хуулийн дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 44-46 дахь тал),

2. Гэрч Л.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Аймгийн аудитын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу Тэс сумын 2 дугаар сургуульд аудитын шалгалтыг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн хооронд явуулсан. Шалгалтын дүнгээр тус сургуулийн захирал нь 2019, 2020 онуудад тендер шалгаруулалт явуулахгүйгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан, дотуур байрны сурагчдын эмийг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас нэхэмжлэх бичүүлж сургуулийн орлогод авсан боловч хэрхэн зарцуулсан талаар зарлагын тайлан баримт бичиг байхгүй, 2019, 2020 онуудад санхүүгийн болон эд хөрөнгийн тооллого хийгдсэн баримт сэлт байхгүй, байгууллагын дотоод хяналтын нэгж байгуулж ажиллуулаагүй, нягтлан бодогч Уранчимэг нь бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч нартай төлбөр тооцоо хийгээгүйгээс бараа материалд дутагдал үүсэх нөхцөл байдал бий болсон., хяналт шалгалтын үед хийгдсэн хэсэгчилсэн тооллогоор хүнсний материалын 1.563.700 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн /хүнсний ногоо дутагдуулсан/ дутагдсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Шалгалтын дүнгээр 2 дугаар сургуулийн нярав Х.Д, нягтлан Н.У, захирал Д.Т нарт арга хэмжээ авч хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх гэсэн дүгнэлт гаргаж Аймгийн дотоод аудитын хорооны хурлаар шалгалтын нэгдсэн дүн хэлэлцэж Аудитын хорооны 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нийт 1.974.460 төгрөгний актыг тавьж хавсралтаар баталсан. Тухайн аудитын хорооны тогтоолын сумын засаг даргын нэр дээр албан бичгээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байх явуулж холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ирүүлэх ёстой байсан боловч 5 сар орчим болоод тухайн тогтоолыг холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн айлбар ирүүлсэн. Тогтоол албан тушаалтнуудад тавигдсан актыг 2021 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах хугацаа дуусаж ирсэн тул 2021 оны 11 дүгээр сард Иргэний хэргийн шүүхэд акт төлүүлэхээр хандсан. Шүүхээс ямар нэгэн хариу ирүүлээгүй. Үдйн цай хөтөлбөр хэрэгжүүлэхдээ сургуулийн захирал ямар нэгэн тендер зарлаагүй, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан бүтээгдэхүүн нийлүүлж авсан зарлагийн тайландаа бүтээгдэхүүн нийлүүлсэн байгууллагууддаа 2019, 2020 онуудад тогтмол 50 хүүхдийн тоогоор мөнгөн дүнг шилжүүлсэн зэрэг зөрчилтэй байсан. Дотуур байрны хоолны зарцуулалт мөн адил байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 48 дахь тал),

3. Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оноос тус сумын Засаг даргаар ажиллаж байна. Тус сумын 2 дугаар сургуулийн захирал Д.Т төсөвт хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Учир нь байгууллагын 2020 оны жил эцсийн санхүүгийн тайлангаар түүхий эд материал-950.760 төгрөг, эм боох материал-950.760 төгрөг, бичиг хэргийн материал 12.741.000 төгрөг, түлш шатах тос материал 3.900.000 төгрөг, хүнсний материал-8.476.397 төгрөг, бусад материал-7.123.875 төгрөгний үлдэгдэлтэй байсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр сумын ИТХ-ын захирамжаар сургуулийн үйл ажиллагаанд хяалт хийхээр ажлын хэсэг очсон боловч зориудаар ажлын байрандаа байхгүй агуулах складны түлхүүр байхгүй гэх шалтгаанаар шалгалт хийлгээгүй тиймээс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд албан бичгээр аудитын шалгалт хийлгэхээр хандсан. 2021 оны 6 дугаар сард ахлах аудитор Л.Ч гэдэг хүнээр ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж 6 төрлийн зөрчил дутагдал илэрч холбогдох албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар арга хэмжээ авах тухай аудитын хорооны тогтоол ирүүсэн байсан. Тухайн тогтоолыг Д.Тт танилцуулахаар удаа дараа дуудсан боловч очих боломжгүй, ээлжийн амралттайгэх шалтгаанаар ирэхгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сард ирж танилцаад гарын үсэг зурахгүйгээр явчихсан. Д.Т тус сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019, 2020 онд тендер шалгаруулалт явуулахгүйгээр 42.213.900 төгрөгний бараа материалыг татан авсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон. Өөрөө дураараа ямар нэгэн тендер зарлаагүй 2 жил бараа материал татан авч төсвөөс хөрөнгө зарцуулсан. Мөн сургуулийн сурагчдын эм тариаг нэхэмжлэлээр авч байрны багшаар дамжуулан тараасан удаа байхгүй. Өөрөө бүх бараа бүтээгдэхүүнээ татан авдаг боловч зарцуулалтын тлөөр ямар нэгэн тайлан мэдээ байхгүй, холбогдох хариуцах ажилтнуудаар дамжуулан үйлчилгээ хүргээгүй зэрэг нь эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэж шалгуулах хүсэлт гаргасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 50 дахь тал),

4. Гэрч Г.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Тэс сумын Засаг даргын тамгын газарт засаг даргын орлогчоор 2017-2020 он хүртэл ажилласан. Намайг сумын засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажилуудад тендер үнэлгээний хороо гэж байгуулагдаад явж байсан. Харин төсөви байгууллагуудын хувьд байгууллага тус бүрдээ байгуулах ёстой байдаг. 2019, 2020 онд төсөвт байгууллагуудын тендерын хороо гэж байгуулаагүй. Мөн тухайн байгууллагуудаас ирүүлсэн захиалга дээр тендер шалгаруулалт явуулсан зүйл байхгүй. Захиалга ирүүлсэн зүйл байхгүй. Сургууль цэцэрлэгийн байгууллагууд өөрсдөө тендерийн хороо байгуулах тушаал гаргаж тендерээ зарлаад шалгарсан иргэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад явах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 69 дэх тал),

5. Гэрч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019, 2020 онд тус сумын 2 дугаар сургууль тендер үнэлгээний хороо байгуулан ажлын хэсэгт орж ажиллах талаар ямар нэгэн санал гаргаж, тендерийн хорооны гишүүнээр болон даргаар ажилласан зүйл байхгүй. Тэс сумын 2 дугаар сургууль 2019, 2020 онд хоол хүнсний материал татахдаа тендер шалгаруулалт явуулсан бол байгууллагын даргын шийдвэрээр тушаал гаргаж, тендерийн үнэлгээний хороо байгуулж ажиллах ёстой. Харин 2019 онд Хар үзүүрийн 1 дүгээр сургууль тендер зарлаад захирлын тушаалаар тендерийн хорооны даргаар ажиллаж тендер шалгаруулалт явуулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 75 дахь тал)

 6. Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 онд хоол, хүнсний зардал 23.722.900 төгрөг, 2020 онд 21.106.900 төгрөг батлагдсан байгаа учраас тухайн сургууль харьцуулалтын аргаар тендер шалгаруулалт явуулж бараа татан авах ёстой байсан. Энэ хуулийн зохицуулалт нь 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор зохицуулагдсан байдаг. Хэрэв тус сургуулийн 2019, 2020 оны төсвийг батлахдаа хоол хүнсний төсвийг задалж /мах, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн гэх мэт/ шууд худалдан авч болох дээд хязгаарт /10.0 сая төгрөг/ хүрэхгүй хэмжээнд баталсан тохиолдолд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болно. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчдын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор тендерийг хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно гэж заасан байдаг. Тухайн сургууль нь мах болон бараа материал татан авахдаа тухай бүрт нь тендер зарлах ёстой байсан гэсэн үг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 94 дэх тал),

7. Гэрч Н.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019, 2020 онд цар тахлын улмаас сургууль хэвийн үйл ажиллагаатай ажиллаагүй. Тэр шалтгааны улмаас 2019, 2020 онд төсөвлөгдсөн хоол хүнсний зардлаас зарим нь зарцуулагдаж, үлдсэн мөнгө нь улсын төсөвт татагдаж байсан удаатай. Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн батлагдсан төсөвт хоол, хүнсний зардал гэж 23.722.900 төгрөг батлагдсанаас зарцуулагдсан нь 23.720.200 төгрөг байдаг. Дээрх батлагдсан төсвийн дагуу сургуулийн дотор байранд доорх байдлаар хоол, хүнсний зардал 7 харилцагчид шилжсэн байдаг.Үүнд: Тэс цагаан толгой ХХК-ийн 58.......09 тоот данс руу 8.410.250 төгрөгийг 6 удаагийн гүйлгээ хийгдсэн, Жинсрэгт толгой ХХК-ийн 58.....76 тоот данс руу 5.659.350 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр махны үнэ, чацарганы шүүсний үнэ гэж гүйлгээ хийгдсэн,Тэс нуур эхэн ХХК-ийн 58.....70 тоот данс руу 2.588.400 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хийгдсэн,Тэс шандас ХХК- ийн 58......74 тоот данс руу 1.879.200 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Н.Бийн 16150001132 тоот данс руу 470.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хийгдсэн, Г.Лгийн 58.....85 тоот данс руу 4.383.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хийгдсэн, Д.Лын 58....94 тоот данс руу 330.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр тус тус хийгдсэн байдаг. 2020 онд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн батлагдсан төсөвт хоол, хүнсний зардал гэж 21.106.900 төгрөг батлагдсанаас зарцуулагдсан нь 8.003.550 төгрөг байдаг. Дээрх батлагдсан төсвийн дагуу сургуулийн дотор байранд доорх байдлаар хоол, хүнсний зардал 6 харилцагчид шилжсэн байдаг. Үлдсэн 13,103,350 төгрөгийг төсөвт эргүүлэн татуулсан. 2020 оны 12 дугаар сард төсөвт нийт 24.548.099 төгрөгийг төвлөрүүлж байснаас 13.103.350 төгрөг нь хоол, хүнсний зардлаас татуулсан.Үүнд: Жинсрэгт толгой ХХК-ийн 58.........76 тоот данс руу 68.900 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр хийгдсэн,Таван-Улиас ХХК-ийн 58........54 тоот данс руу 792.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Тэс цагаан толгой ХХК-ийн 5815091709 тоот данс руу 1.779.750 төгрөгийг 2 удаагийн гүйлгээ хийгдсэн, Тэс рашаант эхэн ХХК-ийн 16..........41 тоот данс руу 360.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээ хийгдсэн.Тэс нуур эхэн ХХК-ийн 58..............70 тоот данс руу 547.400 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хийгдсэн, Таван-Улиас Увс хоршооны 58............60 тоот данс руу 3.805.500 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хийгдсэн, З.Дийн 1615...........175 тоот данс руу 650.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр тус тус хийгдсэн байдаг. Миний хувьд Д.Т захирал болон нярав Х.Д нараас авч ирсэн анхан шатны санхүүгийн баримтыг үндэслээд гүйлгээ хийж байсан. Түүнээс биш тухайн сургууль тендер зарласан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ миний зүгээс тухайн үеийн босго үнэ болох 10.000.001 төгрөгөөс дээш дүнтэй ажил бараа, үйлчилгээнд тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой гэдгийг Д.Т захиралд хэлж байсан. 2019 оноос өмнө сум нэгдсэн журмаар төсөвт байгууллагуудын хүнсний тендерийг нэгдсэн журмаар зарлаад өгчихдөг байсан юм. 2020 онд гэрээ байгуулагдаагүй ба тус сургуулийн 2019, 2020 оны хоол, хүнсний санхүүгийн баримтад таны асуусан 2 гэрээ байгаа. Энэ талаарх санхүүгийн баримт байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 121-123 дахь тал),

8. Гэрч А.Олийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2019 онд батлагдсан төсвөөс хоол хүнсний зардалд 25.522.900 төгрөг анх төсөвлөгдсөн. Түүний дараагаар сар, улирлаар төсвөө авч байгаад хоол хүнсний төсөвт тодотгол хийгдэж 23.722.900 төгрөгөөр батлагдсан. Анх батлагдсан мөнгөнөөс 1.8 сая төгрөг тодотголоор хасагдаж, тээвэр шатахууны зардалд 600.000 төгрөг, тавилга авахад 1.2 сая төгрөгийг тухайн байгууллагын албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу шилжүүлж байсан. 2019 оны жил эцсийн байдлаар хоол хүнсний зардалд 23.722.900 төгрөг батлагдсан байна. Манай хэлтсээс тодотголоор хийгдсэн төсвийг тухайн сум, байгууллагад нь явуулдаг. 2020 онд тус сургуулийн хоол хүнсний зардалд 21.106.900 төгрөг суугдсан ба тухайн зардлаас тодотголоор хасагдаагүй. Харин дэлхий нийтэд тархсан цар тахал /ковид-19 /өвчинтэй холбоотой хичээл ороогүй цаг хугацааны сар, улирлын зардлыг сангийн яамнаас шууд улсын төсөв рүү шууд татаж байсан удаатай. 2019-2020 оны худалдан авах ажиллагааны босго үнэ нь 10.000.001 төгрөгөөс дээш бол тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 146 дахь тал),

9. Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019, 2020 онд ямар нэгэн байдлаар тендер сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Д.Т захирал надтай уулзаад та манай сургуулийн дотуур байранд хуурай хүнсний бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлмээр байна гээд надад хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрч бидний хооронд гэрээ байгуулагдсан. Би яг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ тухайн сургуульд бараа, материал нийлүүлсний дараа сарын эцсээр манай Тэс цагаан толгой ХХК-ийн 58............03 тоот дансанд тус сургуулиас барааны мөнгийг шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 108-110 дахь тал),

10. Гэрч Н.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай компани Тэс сумын төрийн байгууллага болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон хүнсний дэлгүүрүүдэд хүнсний ногоо болох төмс, лууван, манжин, байцаа, сонгино зэргийг нийлүүлж байсан. Одоо ч гэсэн тендерээр болон гэрээ, бэлэн мөнгөөр ногоог зарж байгаа. 2019, 2020 онд Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд дээрх хүнсний ногоонуудыг нийлүүлж байсан. Тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Т нь гэрээ байгуулахгүйгээр авч байсан. 2019-2020 онд тендер сонгон шалгаруулалт явагдсан удаа байхгүй. Ямар шалтгааны улмаас тендер сонгон шалгаруулалт зарлагдаагүйг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 133-134 дахь тал),

11. Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. 2019 онд Тэс сумын Ерөнхий боловсролын сургуульд 2 удаа хүнсний бүтээгдэхүүний бараа нийлүүлж байсан. Түүнээс хойш дахиж уг сургууль болон сумын төрийн байгууллагуудад бараа материал нийлүүлсэн удаа байхгүй. Надаас 2019 онд авсан бараа материалыг гэрээ байгуулан авсан удаа байхгүй. Нэхэмжпэл зарлагын баримтаар авч байсан. Тэр барааг өгөхөөр би ямар нэгэн байдлаар тендер сонгон шалгаруулалтад орж байгаагүй. Бараа материал нийлүүлсний дагуу мөнгийг тус сургуулиас авч байсан”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны  140 дэх тал),

12. Гэрч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 онд ямар нэгэн тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй ба тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Т нь надтай уулзаад та манай сургуульд мах нийлүүлж байсан. Одоо тантай гэрээ байгуулан мах нийлүүлэн авна гэхээр нь би түүнтэй гэрээ байгуулан 4.0 гаруй сая төгрөгийн мах нийлүүлсэн”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 129-130 дахь тал),

13. Гэрч Д.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. Мөн ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж байгаагүй. Харин тус сургуулийн захирал Д.Т нь 2019 онд байх надаас нэг удаа гурил авч байсан. Миний нөхөр Ц.Ц бид хоёр Тэс сумын төвд гурил зардаг байсан. Тэр утгаараа сумын иргэд болон сургууль, цэцэрлэгүүд манайхаас гурил авдаг байсан. Манайх гурил зардаг байсан ба тэр цаг хугацаанд Д.Т өөрөө ирж манайхаас гурил авч байсан байна. Таны хэлснээр 300 кг гэж байгаа бол 6 шуудай гурил авсан байна. Манайх тухайн үед Улаанбаатар хотоос Алтан тариа нэртэй гурилыг татан авч зардаг байсан. Уг гурилыг нийлүүлсний дагуу миний данс руу дээрх 297.000 төгрөг орсон байна. Надад компани байхгүй тул төрийн байгууллага гурил авахдаа хувь хүний орлогын татварыг авч үлддэг байсан. Тухайн гурилыг зах зээлийн ханшаар нь нийлүүлж байсан. Сургуульд дээрх бүтээгдэхүүнийг нийлүүлэх үед Д.Т болон хэн нэгэн хүн надаас шан харамж авсан, шаардсан, би өгсөн удаа байхгүй”” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 167-168 дахь тал),

14. Гэрч З.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. Мөн сумын төрийн байгууллагуудтай гэрээ байгуулан чацаргана худалдаж байсан удаа байхгүй.Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 2020 онд нэг удаа 650.000 төгрөгийн чацарганын шүүс өгч байсан удаатай. Би сургуулийн захирал О.Д.Ттай уулзаж танай сургууль чацарганын шүүс авах уу гэж асуухад тэр дотуур байрны хүүхдүүдэд авна гэж авч байсан удаатай. Би тухайн үед 100 литр шүүсийг 6500 төгрөгөөр зарж байсан.Би 100 литр чацарганын шүүсийг 1 литрийн 6500 төгрөгөөр бодож нийт 650.000 төгрөгийн чацарганын шүүс нийлүүлж байсан. Миний зүгээс тус сургуулийн дотуур байранд 100 литр чацарганын шүүсийг нийлүүлж байсан удаатай. Чацарганын шүүс нийлүүлсний дагуух мөнгийг тус сургуулиас авч байсан. Түүнээс биш Д.Т болон хэн нэгэн хүнээс шан харамж авсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 136-137 дахь тал),

15. Гэрч Д.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. Мөн сумын төрийн байгууллагуудтай гэрээ байгуулан чацаргана худалдаж байсан удаа байхгүй. Харин 2020 оны намар тус сургуулийн захирал Д.Т нь надтай ирж уулзаад сургуулийн дотуур байранд чацаргана авмаар байна гэхээр нэг удаа тус сургуулийн дотуур байранд 360.000 төгрөгийн чацарганын шүүс нийлүүлж байсан.Би 60 литр чацарганын шүүсийг 1 литрийн 6000 төгрөгөөр бодож нийт 360.000 төгрөгийн чацарганын шүүс нийлүүлж байсан. Миний зүгээс тус сургуулийн дотуур байранд 60 литр чацарганын шүүсийг нийлүүлж байсан удаатай. Чацарганын шүүс нийлүүлсний дагуух мөнгийг тус сургуулиас авч байсан. Түүнээс биш Д.Т болон хэн нэгэн хүнээс шан харамж авсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 143-144 дэх тал),

16. Гэрч Я.Лын мөрдөн байцалтын шатанд өгсөн: “Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль мах авч байна гэж сонсоод би өөрөө сургуулийн захирал Д.Ттай уулзаад надад мах байна авах уу гэсэн чинь авна гэж ярьж тохироод надаас 2 хонь, үхэрийн мах авч байсан. Тухайн үед тендерт ороогүй,гэрээ хийгээгүй, шууд манай Таван Улиас Увс хоршооноос нэхэмжлэл хүргүүлээд мөнгө авч байсан. Тухайн үед тендэр зарлагдаагүй байсан байх хэрэв тендер зарлагдсан байсан бол би мах өгч чадахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 165-166 дахь тал),

17. Шүүгдэгч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын цэцэрлэгт 1991-2016 он хүртэл бүлгийн багшаар, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд тус сумын 10 дугаар өагт байх Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан. Би одоо тэтгэвэрт гарсан хүн тул ямар нэгэн ажил эрхлэхгүй байгаа. Орлого гэвэл сард 670.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Өөр ямар нэгэн орлого  байхгүй. Би тус сургуулийн захирал болох үед дотуур байрны хоол хүнсний тендерийг сумын Засаг даргын тамгын газраас тендер сонгон шалгаруулалт зарлаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулдаг байсан. Гэтэл 2019 онд сургууль захиалагч талаас байгууллага дээрээ тендер зарлах болсон. Тухайн үед тендер зарлахаар урилга гаргаж байсан боловч тендерт оролцох иргэн, хуулийн этгээд шалгараагүй. Тэр үед багцаар тендер зарлах гэсэн боловч оролцогч гарч ирээгүй тул тендерийг шалгаруулах боломжгүй гэж үзээд ямар нэгэн байдлаар үнэлгээний хороо байгуулсан тушаал гаргаагүй. Тэр шалтгааны улмаас сургуульд урьд нь бараа, материал нийлүүлж байсан иргэн, аж ахуйн нэгжтэй заримтай нь худалдан авах гэрээ байгуулсан, заримаас нь шууд нэхэмжлэлээр бараа материал нийлүүлж авч байсан. Сум газар тэр дундаа манай сургууль сумаас 34км газар алслагдсан газарт ямар нэгэн байдлаар тендерт оролцохоор хүн ирдэггүй. 2020 онд тендер сонгон шалгаруулалтыг зарлаж амжаагүй байтал дэхий нийтэд тархаад байгаа цар тахал Ковид-19 өвчин гээд хөл хорио тогтоосны улмаас сургуулийн үйл ажиллагаа тодорхой хугацаатайгаар хэд хэдэн удаа зогссон. Тэр шалтгааны улмаас тендер сонгон шалгаруулалтыг зарлаж чадаагүй ба сургууль ажилласан үед таны дээр хэлсэн иргэн, хуулийн этгээдээс нэхэмжлэлээр бараа, материалыг авч зарцуулж байсан. Ямар нэгэн байдлаар үнэлгээний хороо байгуулсан тушаал гаргасан удаа байхгүй.  Надад үзүүлсэн 2019 онд тендер зарлах гэж байсан материалыг харлаа. Тухайн үед би энэ материалыг сумын тамгын газрын Очхишигээс загвар болгож авч байсан санагдж байна. Энэ баримтыг авч, жишээ болгож ашиглах гэсэн боловч ямар нэгэн байдлаар тендер оролцогч гарч ирээгүй юм. Тендерийн урилга дээр бичигдсэн 98.........11 гэх дугаар миний дугаар байсан. Одоогоор энэ дугаарыг ашиглахгүй байгаа. Мөн 93..........53 дугаар нь манай сургууийн нярав Дгийн дугаар юм. Би манай сумын 11-р багийн иргэн Гын Л, сумын төвд байх Н.Ц нартай уулзаж мах, хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар санал тавьж байсан. Тухайн үед тендерийг зарлах гэсэн боловч оролцох хүн бахгүй байсан тул тийм шийдвэрийг гаргаж дээрх 2 иргэнтэй гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулахын өмнө санхүүгийн баримтад хавсаргахаар үнэлгээний хорооны мэдэгдлийг бичиж байсан. Мөн үнийн жагсаалт дээрх иргэн Г.Л, Н.Цгийн Цагаантолгой”ХХК-ийн талаарх баримтыг гэрээнд хавсаргах гээд бичиж байсан. Тухайн гэрээг байгуулж байхдаа Тэс Цагаан толгой”ХХК-ийн дансыг Г.Лтай байгуулсан гэрээнд андуурч бичсэн байна. Махны үнийг шилжүүлэхдээ Г.Лгийн данс руу хийгдсэн байгаа. Энэ гэрээ хэвлэгдэж гарахдаа дансны дугаар завсарлагдаагүй гарсан байна. Би 2019, 2020 онд гэрээ байгуулж болон шууд худалдан авалт хийсэн иргэн, хуулийн этгээдээс надтай төрөл садан, хүн байхгүй. 2019 онд төсөвт өртөг нь тендер сонгон шалгаруулалт зарлахаар байсан тул тендерийн урилга боловсруулан зарлах гэсэн боловч оролцох хүн олдоогүй тул шууд худалдан авалтыг хийсэн. 2020 онд тендер зарлах гэхэд Ковид гараад байсан тул шууд худалдан авалтыг хийсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн IV хавтасны 97-99 дэх тал),

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Тэс сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд 2018 оноос Засаг даргын Тамгын газраас тендер зарлаад бид нар материалаа өгдөг байсан.  Засаг даргын тамгын газраас зарласан тендерт шалгарсан компаниудтай бид нар гэрээ хийж бараа, бүтээгдэхүүн авдаг байсан. 2019 оноос Засаг даргын тамгын газар тендер зарлахгүй. Харин байгууллагууд тендер зарлах ёстой гэж мэдэгдсэн. 2019 онд тендер зарлах гэсэн боловч манай сургуулийн хоол хүнсний төсөвт 23 сая төгрөг тусгагдсан байсан. Багцын доод хэмжээ болох 10 сая-д хүрэхгүй байсан. Тэгээд би иргэн, аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийх нь зөв юм гэж үзэж иргэн, аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийсэн. Манай сургууль аймгийн төвөөс 180-200 орчим км, харин сумын төвөөс 35 км зайд алслагдсан. Бараа, үйлчилгээ нийлүүлэлт, худалдан авалтын хувьд дандаа сумын төвөөс авдаг байсан. Багц болгож задлахгүйгээр бүх бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгж байгууллага манай суманд байдаггүй байсан. Тийм учраас манай суманд тендерт оролцдог аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийсэн. 2020 оны эхээр ковид гарч гэнэт хөл хорио тогтоосон. Хэдэн хоног хөл хорио тогтоох нь мэдэхгүй, хэдэн хоног хичээллэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа хэвийн байлгах, хүүхдүүд дотуур байранд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс /тухайн үед тендер зарлах боломжгүй байсан учраас/ тухайн бараа бүтээгдэхүүнийг авсан. Тухайн үед манай сургуулийн байрлах бригадын төв дээр гар утасны сүлжээ, интернэт байгаагүй. Бүх ажил цахимжсан байхыг шаарддаг байсан. Тэгээд ажлаа хийхийн тул сүлжээ хайж сумын төв ордог байсан. Тэс сумын төвийг сүлжээ мөн тогтворгүй байсан. Би гар утасны сүлжээ хайж явахдаа няравтай хамт явдаг байсан. Тус тусдаа унаа хөлөглөөд явах боломж байгаагүй. Тэс сумын төвөөс сургуулийн хэрэгцээ хангадаг байсан. Манай нягтлан суманд оршин суудаг. 2-3 байгууллагын нягтлангаар ажилладаг байсан. Нягтлан бол ачаалалтай. Намайг тендер зарлахгүйгээр бараа бүтээгдэхүүний нийлүүлсэн гэж яллагдагчаар татсан. Би худалдан авалт хийхдээ хэн нэгэнд болон өөртөө давуу байдал бий болгох санаа зорилготой байгаагүй. Дотуур байрны хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тул худалдан авалт хийсэн. Шууд худалдан авах төсөвт өртгийн дээд хэмжээ 10 сая төгрөг гэж байсан. Багцад хуваахаар 10 сая төгрөгийн дээд хязгаарт хүрэх байсан учраас худалдан авалт хийсэн. Би Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мэднэ. Гэхдээ сайн судлаагүй улмаас шууд худалдан авч болох юм байна гэж ойлгосон. Өмнө нь би шууд худалдан авдаг байсан учраас худалдан авалт хийсэн” гэх  мэдүүлэг

18. Тэс сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн 2019, 2020 оны санхүүгийн хяналт шалгалтын материалууд (хавтаст хэргийн I хавтасны 20-31 дэх тал),

19. Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2019-2021 оны санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн хуваарь, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолууд (хавтаст хэргийн I хавтасны 169-235 дахь тал),

20. Шүүгдэгч Д.Тийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн томилсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн III хавтасны 201-202 дахь тал),

21. Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2019, 2020 оны хоол хүнсний зардлын санхүүгийн баримтууд (хавтаст хэргийн III хавтасны 155-188 дахь тал),

22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авсан тухай баримт (хавтаст хэргийн II хавтасны 43-48 дахь тал)- ууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Тийг Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/151 дугаартай захирамжаар Д.Тийг Увс аймгийн Тэс сумын 2 дугаар сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 дугаартай  захирамжаар Увс аймгийн Тэс сумын 2 дугаар сургуулийн захиралаар тус тус томилсон байна.

Сургуулийн захирал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч Д.Тийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан ба Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөг байхаар тогтоосон байна. 

Шүүгдэгч Д.Т нь Увс аймгийн Тэс сумын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сургуулийн 2019 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 23.722.900 төгрөг, 2020 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 21.106.900 төгрөгөөс 8.003.500 төгрөгөөр тус тус шууд худалдан авалт хийсэн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан тухайн сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой этгээдүүдэд уг боломжийг нь олгохгүйгээр тодорхой иргэн, хуулийн этгээдээс шууд худалдан авалт хийж тэдэнд давуу байдал бий болгосон гэж үзнэ.

Нийтийн албан тушаалтан үйл ажиллагаандаа  Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ягштал баримтлан ажиллах үүрэгтэй. Шүүгдэгч Д.Т нь энэ үүргийнхээ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль,  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалт зарлаагүй нь дээрх зарчмуудыг зөрчиж байна.

Шүүгдэгч “Хууль мэдэхгүйгээс сонгон шалгаруулалт явуулаагүй”, шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хуулийн заалтыг мэдэх ёстой байсан боловч мэдэхгүйгээр зөрчсөн үйлдэл нь албаны чиг үүрэгтээ хайхрамжгүй хандсан шинжтэй” гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь нийтийн албаны удирдах албан тушаалтан нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна тусгайлсан үүргийг биелүүлж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн биелэлтийн хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь албаны чиг үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх үндэслэл болохгүй.

            Шүүгдэгч Д.Т нь Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн 2019 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 23.722.900 төгрөг, 2020 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 21.106.900 төгрөгт үнэлгээний хороо байгуулан, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шууд худалдан авалтыг хийж, 2019 оны төсөвт суугдсан 23.722.900 төгрөгөөс 23.720.200 төгрөгөөр, 2020 оны төсөвт суугдсан 21.106.900 төгрөгөөс 8.003.500 төгрөгөөр тус тус худалдан авалт хийсэн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн 2019 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 23.722.900 төгрөг, 2020 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 21.106.900 төгрөгт үнэлгээний хороо байгуулан, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шууд худалдан авалтыг хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн 2019 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 23.722.900 төгрөг, 2020 оны төсөвт “Хоол, хүнсний зардал” нэрээр батлагдсан 21.106.900 төгрөгт үнэлгээний хороо байгуулан, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шууд худалдан авалтыг хийж, 2019 оны төсөвт суугдсан 23.722.900 төгрөгөөс 23.720.200 төгрөгөөр, 2020 оны төсөвт суугдсан 21.106.900 төгрөгөөс 8.003.500 төгрөгөөр тус тус худалдан авалт хийж, хуулиар тогтоосон журмыг зөрчиж төсвийн 31.723.700 төгрөгийг зарцуулсан тул 31.723.700 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хэдий ч тухайн 31.723.700 төгрөг нь тухайн сургуулийн хоол хүнсний зардалд зарцуулагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Д.Таас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Т нь нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн IV хавтасны 106 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Гэрч Г.Нын өгсөн “Би Д.Тийн төрсөн охин юм. Миний ээж Д.Т нь насаараа Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаад 2022 оны намар тэтгэвэрт гарсан. Ээж минь одоо Тэс сумын 10 дугаар багт, аав дүү нарын хамтаар мал маллаж амьдарч байгаа. Бид аав ээжээс ах дүү зургуулаа юм. Харин миний ээж айлын том хүүхэд ба доороо 7 дүүтэй юм. Миний ээж Д.Т нь сумынхаа ард иргэдэд нэр төртэй, хүнийг ямар нэгэн байдлаар ялгаж харьцдаггүй, хамт олонсог, ах, дүү, гэр бүлдээ халамжтай хүний сайн хань бидний халамжит ээж юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн IV хавтасны 103 дахь тал) авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Тт ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Тийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч  Д.Тт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 6600 /зургаан мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Дн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Д.Тт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 6600 /зургаан мянга зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ГАНСҮХ