| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2019/00365/и |
| Дугаар | 133/ШШ2019/00384 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 133/ШШ2019/00384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Г.Г-д холбогдох,
хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 6.023.750 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б5 дугаартай тушаалаар механизмын жолооны багш ажилтай Ч.Н-ыг ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Н нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 292 дугаартай шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.342.340 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Г.Г нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б43 тушаалаар Ч.Н-ыг механизмын жолооны багшийн ажилд эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших Ч.Н-ыг ажилд томилсон хугацааны нөхөн олговрыг эвлэрлийн журмаар шүүх 3.681.410 төгрөгийг баталж шийдвэрлэсэн. Ингээд нийтдээ 6.023.750 төгрөгийг ажил хөдөлмөр эрхлээгүй Б.Н шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гаргаж өгсөн байдаг. Энэ нь Г.Г-ийн гаргасан шийдвэр үндэслэлгүй байснаар Б.Н ажлаас чөлөөлөгдсөний улмаас улсын төсөвт 6.023.750 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16.4, 16.4.18-д заасны дагуу төрийн байгууллагын төсвийн шууд захирагч ба мөн хуулийн 16.5, 16.5.1, 16.5.3, 16.5.4, 16.5.9-д заасан төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн сайд сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоохоор тусгасан байдаг. Мөн хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дугаар тушаалын хавсралтаар баталсан мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн ур чадварын төвшин, ажлын ачаалал тогтоох журмын 4.2-т сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор цагийн багш авч ажиллуулж болно гэж заасан байдаг. Механизмын багш Ч.Н-ыг ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Мөн 2018 оноос хойш уг орон тоо одоог хүртэл дахин бий болоогүй. Тиймээс тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Г.Г-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 6.023.750 төгрөг гаргуулахаар шаардсан /хх-1-2/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралаар ажиллахдаа механизмын жолооны багш Ч.Н-ыг ажлаас халсан тушаал гаргасан, уг тушаалыг үндэслэлгүй болохыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэснээр ажилтаны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тухайн сургуулийн төсвөөс ажилтанд нөхөж олгосоноор төсөвт 6.023.750 төгрөгний хохирол учирсан гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тухайн сургуулийн төсвийн захирагч тул төсвийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог төвийн захирал тогтоохоор байдаг, Ч.Н-ыг ажилгүй байх хугацаанд орон тоонд нь өөр хүн авч ажиллуулаагүй тул ...зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлж оролцох эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр Д.А-д нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-47-48/.
Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 133/ШЗ2019/01590 дугаартай шүүгчийн захирамж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарч /хх-50/ хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 30 миунтад хэлэлцэхээр товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тухайн өдөр гарын үсэг зурсан /хх-52/ байх боловч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оролцоогүйгээр шийдвэрлүүлэх /хх-82/ хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2018-03-06-ны өдрийн Б/05 тоот тушаалаар механизмын багш Ч.Н-ыг ажлаас чөлөөлж /хх-9, 60/, 2018-03-12-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Ч.Н-ыг механизмын жолооны цагийн багшаар томилсон /хх-10/ байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ч.Н-г Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн механизмын жолооны багшийн ажилд эгүүлэн томилсон 133/ШШ2018/00292 дугаартай шийдвэр 2018-06-06-ны өдөр гарсан /хх-61-67/, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 16 дугаартай магадлал 2018-09-03-ны өдөр /хх-68-74/ Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын Б/43 дугаартай Ч.Н-ыг ажилд эгүүлэн томилсон тушаал 2018-12-14-ний өдөр /хх-11/ гарсан байна.
Түүнчлэн Ч.Н-ын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3.681.410 төгрөгийг олгохоор зохигчид эвлэрсний баталсан 133/ШШ2019/00001 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамж 2018-12-21-ний өдөр /хх-76-78/ гарснаар 2018-12-24-ний өдрийн 56 дугаартай төлбөрийн хүсэлтээр 3.313.269 төгрөгийг /хх-32/, 2018-12-25-ны өдрийн 84 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2.108.106 төгрөгийг /хх-34/ тус тус Ч.Н-д үндсэн цалин гэж олгосон байна.
Зохигчид дээрх үйл баримтын талаар буюу хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралаар ажилладаг болон ажилтан Ч.Н-ыг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Ч.Н-ыг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны олговор олгосон талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал шаардлагын хууль зүйн үндэслэлийг хариуцагч Г.Г хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт хохирол учруулсан гэж тайлбарлан Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шаардсан.
Ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд ажилтаныг ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг бөгөөд ажилд эгүүлэн тогтоогдсон Ч.Н, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Г.Г нар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Учир нь хариуцагч Г.Г-ийг Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилсон /хх-56/ байх бөгөөд түүний 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарт сургуулийн захиралаар томилсон бүртгэл хийгдсэн байна /хх-59/.
Тиймээс хариуцагч нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал буюу ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Г.Г-ийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй.
Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасан.
Харин дээрх хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тодорхойлсон байх бөгөөд 135.4-т “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заажээ.
Хариуцагч Г.Г-ийн ажил олгогч нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид байна.
Хэдийгээр хариуцагч Г.Г нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан буюу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг байгууллагын төсвөөс олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн хүсэлтээр нотлогдож байх боловч түүнтэй ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр гэрээгээр тохирсон байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан байх шаардлагатай юм.
Тиймээс хариуцагч Г.Г-ийн ажил олгогч түүнтэй дээрх төрлийн хариуцлагын гэрээг байгуулаагүй бол эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зохицуулсан тул дээрх үндэслэлээр хариуцагч Г.Г-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч татгалзаж байгаа үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй оролцоно.
Ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан, ажилтан Г.Г нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг 2018-12-24, 25-ны өдрүүдэд шилжүүлсэн байх тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн 2018 оны 12, 11, 10 дугаар саруудаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 811.741 + 808.341 + 818.541 = 2.438.623 : 3 сар = 812.874 төгрөг байна.
Иймд хариуцагч Г.Г-ээс 812.874 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.210.876 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.М нь дүгнэлт үндэслэлтэй байх тул олгох нь зөв гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав /хх-83/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хохирол учруулсан талаар шаардлагын үндэслэлээ дурдсан байсан тул шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг 2019-10-23-ны өдөр албажуулсан /хх-37/ боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны асуулт хариултын шатанд шаардлагын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн хариуцлагаар шаардсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-с 812.874 /найман зуун арван хоёр мянга найман зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.210.876 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 24.059 /хорин дөрвөн мянга тавин есөн/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Ц.ҮЙТҮМЭН
Н.ОЮУНБИЛЭГ