Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00039

 

М.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00079 дүгээр шийдвэртэй, М.А-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбараас ажилгүй байсан хугацааны олговорт 7590000 төгрөг гаргуулах тухай.

           

Нэхэмжлэлд: “Миний бие Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр мэргэжлийн дагуу ажилд томилохыг Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарын захиралд үүрэг болгосон. Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай тушаалаар ажилтай болгосон. Тийм учраас ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 11 сарын 7590000 Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбараас гаргуулж өгнө үү.” гэжээ.        

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.А-г Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбараас Т банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг санал болгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.А-г ажилд эгүүлэн томилсон. М.А нь ажилгүй байсан хугацааны цалин буюу 7590000 төгрөгийг Т банкнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.А нь ажилгүй байх хугацаанд Г банканд ажиллаж байсан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн нь нотлогдож байгаа тул банкны зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00079 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбараас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7590000 /долоон сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож шийдвэрлэжээ.      

 

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 167 тоот шийдвэрээр нэхэмжлэгч М.А-г Т банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг санал болгосон.Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.А-г ажилд эргүүлэн томилсон. М.А нь ажилгүй байсан 11 сарын цалин буюу 7,590,000 /Долоон сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг Т банкнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00079 тоот шийдвэрээр М.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилгүй байсан хугацааны цалинг Т банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. М.А нь ажилгүй байх хугацаанд Г банканд ажиллаж байсан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн нь нотлогдож байгаа тул банкны зүгээс шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан зохигчийн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж нь нэхэмжлэгч М.А-н 7,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч нийт 4,140,000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл бүрэн төлж өгөхөөр, нэхэмжлэгч М.А нь тус гэрээний 1-т заасан хариуцагчийн саналыг хүлээн авч 4,140,000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг л авахаар болж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 3,450,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А болон хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж нар “Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж нь нэхэмжлэгч М.А-н 7,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч нийт 4,140,000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл бүрэн төлж өгөхөөр, нэхэмжлэгч М.А нь тус гэрээний 1-т заасан хариуцагчийн саналыг хүлээн авч 4,140,000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг л авахаар болж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 3,450,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

Хуульд зааснаар М.А-н нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136400 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136400 төгрөгийг тус тус Т сангийн дансанд хэвээр нь үлдээв. Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, магадлалыг зохигч талууд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00079 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.А болон хариуцагч Т банкны “Баян-Өлгий” салбарын захирлын “Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж нь нэхэмжлэгч М.А-гийн 7590000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч нийт 4140000.00 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл бүрэн төлнө, нэхэмжлэгч М.А нь тус гэрээний 1-т заасан хариуцагчийн саналыг хүлээн авч 4140000.00 төгрөгийг авахаар болж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3450000.00 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болов.” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-н нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136400.00 төгрөгийг Т сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136400.00 төгрөгийг Т сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК