| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2020/0022/З |
| Дугаар | 118/ШШ2021/0009 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 118/ШШ2021/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг даргад холбогдох
Завхан аймгийн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжийн хавсралтын Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Д.т 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга Ч., гуравдагч этгээд Д., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1944 онд Завхан аймгийн сумын Цагаан гол гэх газар төрсөн, сумын ууган иргэн. сумын дунд сургуулийг 1951 онд төгсөөд Шинэ цэцэрлэг нэгдлийн Дархан-Уул бригадад малчнаар орсон. Түүнээс хойш насаараа энэ багийн Цагаан голыг өгсөж, уруудаж нүүдэллэн нэгдлийн малыг хариулсан. 1990 оны цагаан морин жилийн ардчиллын эрх чөлөөний хувьсгал гарч бүх газар эд хөрөнгө төрийн өмч байсныг 1991 онд бага хувьчлалаар өвөлжөөнүүд болон тэдгээрийн дээр нь байх газраас үл салгаж болох эд хөрөнгүүдийг хувьчилсан. Миний бие хувьцааны эрхийн бичгээр өмч хувьчлалын тухай хуулийн дагуу Дархан-Уул багийн Цулын доод өвөлжөөг худалдан авч өмчилсөн. Улмаар хүүхдүүд сургуульд сууж, манайх сумын төв рүү орох болж миний төрсөн эгчийн хүү ийн манай өвөлжөөнд бууж малаа өвөлжүүлье, татвар хураамжийг нь төлнө гэж гуйсны дагуу би хүнлэг сэтгэл гаргаж өвөлжөөндөө буулгуулсан. Би ямар нэгэн хүнд өвөлжөө болон түүний дээрх эд хөрөнгүүдийг зарж үрээгүй... ыг өвөлжөөнд буутал би татвараа төлж байсан. өвөлжөөнд бууснаасаа хойш татварыг нь төлөөд явсан... Д. нь Цулын дээд өвөлжөөг өмч хувьчлалаар авсан боловч хүнд зарчхаад, миний өвөлжөө түүний газрыг надаас зөвшөөрөл авалгүй нууцаар сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжаар 2100 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан байна. Миний өмч хувьчлалаар авсан өвөлжөө, түүний дээр газраас үл салгаж болох 17х10 харьцаатай бүтэн өвөлжөө 1 ширхэг, 3х3 харьцаатай мал болон эд хөрөнгөний 3 пүнз байр, тугалын хашаа, саравч өвөлжөөндөө одоог хүртэл байгаа ба заримыг нь эвдэж алга болгосон байгаа. сумын Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжаар миний өвөлжөөний газрыг 15 жилийн хугацаатай эзэмшлийн гэрчилгээ олгон Д.т эзэмшүүлсэн байгаа нь хөрөнгөө ашиглах захиран зарцуулах эрхгүй болж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжийн хавсралтын Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжаар олгогдсон сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гуай, гуай хоёрын хооронд өвөлжөө булаацалдаж байгаа асуудал нь хувьчлалаар яг яаж авч байсныг би сайн мэдэхгүй. Сүүлдээ гуай өөрөө надад манай эцэг өвгөд 2, 3-н үеэрээ байсан ийм өвөлжөө, өмч хувьчлалаар аваад өвөлжихгүй байж байгаад эргээд энэ өвөлжөөн дээрээ өвөлжье гэхээр зөвшөөрөхгүй байна гэж хэлж байсан. Хоорондоо зохицооч гэдэг асуудлыг би хэлж байсан. Тэгэхэд боломжгүй, зөвшөөрөхгүй байгаа учраас хууль шүүхийн байгууллагаар явна гэж хэлсэн. гуайг би албан ёсоор 2 удаа дуудаж уулзсан. Энэ өвөлжөө таны өөрийн эзэмшлийнх биш юм байна, та ямар журмаар яаж авсан юм бэ? гуайтай зөвшилцөх боломжтой юу? Ах дүү улс битгий ийм маргаан гаргаач гэдэг байдлаар асууж байсан. Тэгэхэд гуай би сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-нд гаргасан захирамжаар эзэмшиж авсан гэж хэлсэн. Тэр захирамж нь тухайн үеийн ******* даргын гарын үсэгтэй хууль ёсны захирамж байсан. Тэгээд хоорондоо тохирох боломжгүй, би өвөлжөөний татвар хураамжийг төлөөд хариуцлагаа хүлээгээд эрх үүсээд явж байгаа учраас тохиролцох боломжгүй гэж хэлсэн. Тухайн үеийн сумын Засаг даргын гаргасан захирамжийг хууль ёсны гэж үзэхээс аргагүй байгаа... гэжээ.
Гуравдагч этгээд Д. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гуай манай нагац ах. Би өөрийнхөө өвөлжөөг газар таарахгүй байсан учраас 150 төгрөгөөр хүнд өгсөн. Энэ өвөлжөөг 2003 онд ******* гуайн хүүхдүүд чиргүүлтэй гуч машинаар буулгаж авч явсан. Би түүн дээр нь Хананд байсан хаваржааны хашаагаа авчирч барьсан. сумын Дархан-Уул багийн Цулын дунд өвөлжөөний эзэмшигч ******* гэдэг хүн 2002 онд өвөлжөөгөө буулгаж аваад, хоосон өвөлжөөний газраа 50,000 /тавин мянган/ төгрөгөөр зарсан. Ингээд 2004 онд Завхан аймгийн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжаар тус өвөлжөөг эзэмшиж, гэрчилгээ авсан. Би Цулын дунд өвөлжөөний газарт 2003 оноос хойш 3 ширхэг мал өвөлжих боломжтой хашаа, саравч, 2 пүнз, 1 өвсний хашаа, 1 машины дутуу граж зэргийг барьж байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч өвөлжөөний хашаа, саравч, өвөлжөө, пүнз, тугалын аравсаа /хашаа/, саравч, өвөлжөөндөө одоо хүртэл байгаа мэт үндэслэлгүй бичсэн байна. Намайг 2003 оноос хойш сумын Дархан-Уул багийн Цулын дунд өвөлжөөг барьж байгуулан өвөлжиж байгаа болохыг нутгийн иргэд бүгд мэднэ... Тэр доод өвөлжөөнд айл байсан учраас түүнийг Цулын доод өвөлжөө гэж явж ирсэн. ... гуай манай хүүхэд өвөлжье гэхэд өвөлжүүлээгүй гэж ярьж байна. Тийм зүйл огт болоогүй. Энэ бол намайг шууд гүтгэж доромжилж байна. 2019 оны намар гуай над руу утсаар ярьсан ярихдаа өвөлжөөгөө авмаар байна газрын мөнгө авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ? гэсэн чинь утсаа тасалсан. Тэгээд намар нь лам хүүхэдтэйгээ ирчихэд над руу дайрч давшилсан би юу ч хэлээгүй. Аргаа бараад та тэгвэл шүүхдэхгүй юу даа гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй. Өвөлжөөн дээр буу гэж хэлсэн зүйл байхгүй. Ийм л зүйл болсон. ...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад *******, нар нь өмч хувьчлалаар тухайн өвөлжөөг авч байсан болох нь харагдаж байна. Гэхдээ 1993 оноос хойш гуай энэ өвөлжөөн дээр өвөлжиж байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэдийгээр гуай татвар төлсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас харахад татвар төлсөн баримт байхгүй байна. Мөн гэрч , нарын мэдүүлэг болон бусад баримтын хүрээнд нь *******ас тухайн өвөлжөөг худалдаж авсан болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл ын мэдүүлэг дээр худалдаж авсан, Ханан гэдэг газраасаа хаваржаагаа буулгаж барьсан, мөн гэрч мэдүүлэгтээ малын бууцтай газар өвөлжөөгөө барьсан Цул гэдэг уулын энгэр байсан гэж мэдүүлсэн байдаг... ******* гэдэг хүн дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг. гуай дээр гэрчилгээ байдаггүй. Тэгэхээр гуайг эзэмшигч гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хувьчилж авсан байх боломжтой. Гэхдээ эзэмшиж аваагүй байна. Эзэмшиж аваагүй гэдэг нь гуайг тэр өвөлжөөн дээр байгаагүй гэж хэлээгүй. Гэхдээ хууль ёсоор эзэмшээгүй байна гэдгийг хэлж байгаа юм. гуайн хувьд татвараа жил бүр төлөөд явж байна. Газрын эрхийн зөрчилгүй байна. Иргэд хоорондын тохиролцоогоор худалдаж авсан зүйл яригдаж байна. Түүнээс хууль бусаар хүчээр гуайн өмчлөлд халдсан зүйл байхгүй байна. Мөн өвөлжөөг гуай барьж байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрчилгээ гаргуулж авсан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. 2004 онд авсан гэрчилгээг нь хууль эрх зүйн хувьд хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сунгалт хийх асуудал яригдахаас үйлчлэлгүй болсон учраас хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Хамгийн гол нь хэрэгт авагдсан баримтыг хүрээнд татвар төлсөн байдал, мал маллаж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, гэрчилгээ зэргээс энэ өвөлжөөний эзэмшигч нь хууль ёсоор мөн болохыг харж болохоор байна. Ямар нэг хууль зөрчиж хүний эрхэд халдаж өвөлжөөг эзэмшээгүй байна. Ер нь бол газар, өвөлжөө бууцыг хэдэн ч хүн эзэмших боломжтой боловч өвөлжөөг барьж байгуулсан нь гуай гэдэг нь тодорхой байна. Өмнөх өвөлжөөний хашаа саравчийг ******* гуайн хүүхдүүд буулгаж авч явсан байсан. Тэр газрыг нь гуай худалдаж аваад өвөлжөө барьсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний аав Д.******* нь 1923 онд Завхан аймгийн сумын Дархан-Уул багийн нутаг Баян-Улаан гэдэг газар төрсөн. сумын уугуул иргэн байсан юм. сумандаа бригадын дарга, Шинэ цэцэрлэг нэгдлийн орлогч дарга, Сумын худалдаа бэлтгэх ангийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1983 онд тэтгэвэртээ гарч, мал маллан амьдарч, 1990 онд Ардчилсан хувьсгал гарч, бүх өмч төрийн өмч байсныг 1991 онд Бага хувьчлалаар хувьчилж, хувьцааны эрхийн бичгээр Өмч хувьчлалын тухай хуулийн дагуу сумын Дархан-Уул багийн нутаг Цулын доод өвөлжөөг өмчилж авсан юм. Миний аав, ээж хоёр нь энэ өвөлжөөндөө өвөлжиж мал маллаж байгаад миний ээж ******* нас барж, ганцаараа болсон учир сумын төв орж, манай эрэгтэй дүү Л.******* нь энэ өвөлжөөндөө мал маллаж байгаад 2003 онд өвчний улмаас нас барж, нэг хэсэгтээ өвөлжөөгөө ашиглаж чадахгүй эзэнгүй байлгасан юм. /Бид нар сумын төвд ажиллаж байсан тул/ Энэ хооронд ийн бууж малаа одоог хүртэл маллаж байгаа. Гэтэл аавтай хамт өвөлжиж байсан С. гуайгаас өвөлжүүлж байгаач гэж гуйсан юм билээ. Бид нар өвөлжөөний гэрчилгээний хугацаа дуусаагүй тул малтай айл өвөлжиж байг гэж бодоод юм хэлдэггүй байсан юм. Бид нар өвөлжөөний татварыг байнга төлдөг байсан. Гэтэл бид өвөлжөөгөө зарж, үрээгүй байхад Д. нь бид нарт юу ч хэлээгүй, ямар ч зөвшөөрөл авалгүй нууцаар өвөлжөөнд маань гэрчилгээ гаргуулж авсан байна. Хүний эзэмшлийн өвөлжөөг Д.д эзэмшүүлсэн нь хөрөнгөө ашиглах эрхгүй болж, бидний Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна. Д. нь манай аав Д.*******д 50,000 /тавин мянган/ төгрөг өгсөн гэж хэлж байгаа нь худал зүйл юм. Би үүнийг сайн мэдэж байна. Би байнга аавыгаа асарч дэргэд нь байдаг байсан. Миний аав бидэнд Та нар тэтгэвэртээ гараад өвөлжөөндөө хэдэн малаа маллаарай гэж захидаг байсан юм. Би 2010 онд тэтгэвэрт гарч, хөдөө мал маллаж байна. Одоо нас ахиж байгаа тул сумандаа ойр өвөлжөөндөө өвөлжиж баймаар байна. Иймд Д.д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Энэ хэрэгт өвөлжөөний доорх газрыг мал бүхий иргэнд эзэмшүүлэх талаар сумын Засаг даргаас гаргасан захиргааны акттай холбоотой маргаан хэлэлцэгдсэн болно.
Нэхэмжлэгч С. нь Завхан аймгийн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 32 дугаар[1] захирамжийн хавсралтын Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Д.т 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Би сумын Дархан-Уул багийн Цулын доод өвөлжөөг өмч хувьчлалаар авсан, миний зөвшөөрөлгүйгээр уг өвөлжөөний доорх 2100 м.кв газрыг Д.т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд иргэн миний эд хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчсөн... хэмээн тайлбарлан маргаж байгаа бол хариуцагч сумын Засаг дарга ..Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлэх асуудлаар гаргасан захирамжийг үндэслэн иргэн Д.т өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, уг гэрчилгээг тухайн үеийн Засаг дарга өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байгаа учраас хуульд нийцсэн гэж үзнэ... хэмээн тайлбарлаж байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Маргаан бүхий захиргааны актын тухайд: Завхан аймгийн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн болон мал өвөлжүүлэх зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан буюу хавсралтад заасан нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр тооцож ажиллахыг газрын даамалд даалгаж, эзэмшил газартаа газрын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг иргэдэд үүрэг болгожээ.
Дээрх захирамжид Газрын тухай хуулийн зүйл, хэсгийг баримталсан байх боловч тэдгээрийг хуульд зааснаас өөрөөр буюу 21 дүгээр зүйлийн 4-ийн 3, 33 дугаар зүйлийн 1-ийн 2 хэмээн бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан байх ба 21.4.3-д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах журмыг зохицуулсан байх ба 33.1.2-т дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд сумын Засаг дарга иргэдэд газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.
Хариуцагч сумын Засаг дарга дээрх 2004 оны 32 дугаар захирамжийг үндэслэн Д.т малын хашааны зориулалтаар 2100 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгожээ.
Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн гурван төрөлтэй байхаар заажээ. Д.т олгосон 0010499 дугаартай гэрчилгээнд эзэмшүүлсэн газрын зориулалтыг мал хашааны гэж тусгасан байх ба малчин иргэнд гэр бүлээрээ амьдрах өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлсэн тул уг гэрчилгээг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон гэж үзэхээр байна.
Энэ гэрчилгээн дээр газрын байршлын талаар тодорхой тусгаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Цулын доод өвөлжөөний газарт хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээ биш гэж талууд маргаагүй, уг өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр гуравдагч этгээд Д.т олгосон гэрчилгээ мөн болох талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хэн хэн нь тайлбарлаж байгаа бөгөөд гэрч сумын газрын даамал Ж.*******ын мэдүүлгээс[3] харахад уг газар эзэмших эрхийн гэрчилгээний эзэмшигч болохынхоо хувьд Д. нь уг өвөлжөөний газрын төлбөрийг төлсөөр[4] ирсэн байна.
сумын Засаг дарга 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжаар мал өвөлжүүлэх зориулалтаар хавсралтад заасан нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн хавсралт Төрийн архивын тасаг болон сумын Засаг даргын Тамгын газарт байхгүй, хадгалагдаагүй, устгалд орсон болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/4486 дугаар[5], 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/410 дугаар[6], сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/51 дүгээр албан бичгүүд, устгасан баримт бичгийн жагсаалт[7] болон гэрч Д.*******ийн мэдүүлгээр[8] тус тус нотлогдож байна.
Хэрэгт ач холбогдол бүхий баримт болох 2004 оны 32 дугаар захирамжийн хавсралт байхгүйгээс гуравдагч этгээд Д.ын нэр уг захирамжид тусгагдсан эсэхийг шууд тогтоох боломжгүй байна.
Гэвч гуравдагч этгээд Д.т олгогдсон 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжийг үндэслэн олгосон тухай мэдээлэл бичигдсэн төдийгүй тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.******* гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул Д.т өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дээрх 2004 оны 32 дугаар захирамжаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд[9] хавсаргасан буюу сумын газрын даамлаас 2004 онд хөтөлсөн Өргөдөл бүртгэх тухай дэвтэр, Газар эзэмшигчийн улсын бүртгэлийн дэвтэр гэх баримтуудаас харахад Цулын доод өвөлжөөний 2100 м.кв газрыг эзэмших тухай Д.ын хүсэлтийг бүртгэж, 32 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээлэл тусгагдсан байна.
Дээрх баримтуудаас харахад гуравдагч этгээд Д.аас гаргасан газар эзэмших хүсэлтийг үндэслэн сумын Засаг дарга 2004 оны 32 дугаар захирамжаар Цулын доод өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн нь нотлогдож байх ба уг газар эзэмшүүлэх ажиллагаа нь Газрын тухай хууль /2002 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн ...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1...-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд Цулын доод өвөлжөөний газрыг Д.т үндэслэлгүйгээр эзэмшүүлсэн, 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн талаар маргаагүй тул хуулийн уг зохицуулалтыг энэ хэрэгт тайлбарлах шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
2. Гуравдагч этгээд Т. нь Цулын доод өвөлжөөг бусад иргэнээс эзэмшиж, ашиглахаа больсон үед нь өвөлжөөний хашаа барих зорилгоор Д.*******ас худалдаж авсан гэх бөгөөд энэ нь гэрч Л.ын ...Д. Ханангийн өвөлжөө нь бэлчээрийн газар багатай, хавчигдмал байсан тул Цулын доод өвөлжөөг Хонд /хашаа, саравчгүй, айл өвөлжихгүй удсан өтөг бууц бүхий газар гэх/ болсон байхад нь *******ас авч хашаа, саравч барьж байгуулан одоог хүртэл өвөлждөг болсон. 2004, 2005 оны үед байх, оныг сайн санахгүй байна, ******* гуайтай уулзаж худалдаж авлаа гэдгийг надад хэлж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.*******ын ...2003 онд байх гэдэг хүн хаваржаанаасаа хашаагаа авчирч өвөлжөө барих гэж байгаа юм гэсний дагуу чиргүүлтэй ЗИЛ-130 машинаараа хөлсөөр явж хашааг нь ачиж буулгаж өгөөд явсан... Сумын төвөөс ойрхон хоорондоо холгүй зайтай хаваржаанаас өвөлжөөний газарт нь зөөж өгсөн. Яг ямар нэртэй газруудыг сайн мэдэхгүй. Тэр өвөлжөөг Д.ын өөрийнх нь л өвөлжөө юм байна гэж ойлгосон... сайхан өтөг бууцтай хоосон газар байсан... гэсэн мэдүүлгүүдээр[10] тогтоогдож байна.
Газрын эзэмших эрхийг нэг иргэнээс нөгөөд шилжүүлж буй уг тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл \Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх\-д заасан журмыг баримтлан шийдвэр гаргахаар заасан боловч Д.т Цулын доод өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагчаас дээрх журмыг баримтлаагүйд иргэнийг буруутгах боломжгүй бөгөөд захиргааны уг буруутай үйл ажиллагааны улмаас иргэний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй юм.
Д.******* нь энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан Л.ийн эцэг байх ба түүнд мал өвөлжүүлэх зориулалтаар 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх /10 жил/ хугацаагаар Цулын доод өвөлжөөг эзэмшүүлэхээр 564 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[11] сумын Засаг даргаас 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгожээ. Өөрөөр хэлбэл, Д.*******ас хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий өвөлжөөний газрыг Д.т шилжүүлсэн байна.
Гуравдагч этгээд Л. нь аав Д.******* болон дүү Л.******* нарыгаа нас барснаас хойш 2003 оноос хойш уг өвөлжөөг ашиглаагүй талаар тайлбарласан бөгөөд өвөлжөөг Д.т шилжүүлээгүй гэх гуравдагч этгээд Л. болон гэрч сумын Дархан-Уул багийн Засаг дарга П.******* нарын тайлбар, мэдүүлэг нь гэрч Л.ын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болох-оор заасан, мөн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг зохицуулсан ба 39.1.1-д газар эзэмшигч, эсхүл түүний өв залгамжлагч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд уг газар эзэмших эрх дуусгавар болохоор, 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргахаар тус тус заажээ.
Гуравдагч этгээд Л. болон түүний эцэг Д.******* гэр бүлийнхэн Цулын доод өвөлжөөний газар эзэмших эрхийг Д.т шилжүүлэн өгөөгүй, зөвхөн өөрсдийгөө дээрх өвөлжөөний газрын хууль ёсны эзэмшигчид гэж үзэж байсан бол уг газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлэн авах боломжтой байсан боловч тийнхүү шилжүүлэн аваагүй, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болохоос 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ сумын Засаг даргад гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан хэдий ч тийнхүү хүсэлт гаргаагүй болох нь гэрч газрын даамал Ж.*******ын мэдүүлгээр[12] нотлогдож байгаа тул гуравдагч этгээд Л.ийн тухайд Цулын доод өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч сумын Засаг даргаас дээрх өвөлжөөний газрыг эзэмших эрхийн 0010499 дугаартай гэрчилгээг гуравдагч этгээд Д.т олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэсэн шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч С.ийн тухайд өмч хувьчлалаар сумын нутаг дахь Цулын доод өвөлжөөний эд хөрөнгийг Сүхээ, ******* гэх хүмүүсийн хамт өмч хувьчлалаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэх боловч өвөлжөөний доорх газрыг түүнд эзэмшүүлэх талаар эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр, газар эзэмших эрх олгосон гэрчилгээ байхгүй болох нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 88 дугаар албан бичиг[13], сумын газрын даамал П.*******ын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийг Цулын доод өвөлжөөний доорх газрыг эзэмших эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.
Нэхэмжлэгч Дархан-Уул бригадын бага хувьчлалд олгосон өвөлжөөний жагсаалт гэх баримтыг[14] үндэслэн Цулын доод өвөлжөөний эд хөрөнгийн өмчлөгч төдийгүй өвөлжөөний доорх газрын эзэмшигч хэмээн үзэж байна.
БНМАУ-ын өмч хувьчлах тухай хууль /1994/-ийн 9 дүгээр зүйлд Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн нотолсон гэрчилгээ олгоно, 5 дугаар зүйлийн 1-д Өмч хувьчлах ажлыг улсын хэмжээнд БНМАУ-ын Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд тухайн тухайн Ардын хурал, түүний гүйцэтгэх захиргаа, 2-д Улс, орон нутгийн хэмжээнд өмч хувьчлах ажлыг БНМАУ-ын хууль тогтоомж, БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурал, түүний гүйцэтгэх захиргааны шийдвэрийн дагуу эрхлэн зохион байгуулж, аргачилсан удирдлагаар хангах, тодорхой эд хөрөнгө хувьчлах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий Өмч хувьчлалын комиссыг БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурлын гүйцэтгэх захиргаа тус тусын дэргэд байгуулж ажиллуулна гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад өмч хувьчлалаар иргэдэд хувьчлан өмчлүүлсэн эд хөрөнгийн шинэ өмчлөгчийг нотолсон гэрчилгээ олгож байсан гэх боловч нэхэмжлэгч С.д Цулын доод өвөлжөө \эд хөрөнгө\-г өмчлөхтэй холбоотой Дархан-Уул бригадын бага хувьчлалд олгосон өвөлжөөний жагсаалт гэх баримтаас өөр баримт байхгүй байна.
Завхан аймгийн Төрийн архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А\100 дугаартай албан бичгээр[15] ирүүлсэн лавлагаанаас харахад сумын Шинэ Цэцэрлэг нэгдлийн өмч хувьчлалын шийдвэр, холбогдох баримт байхгүй тул С. нь Цулын доод өвөлжөөний ямар эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоох боломжгүй бөгөөд тухайн үед түүнд ногдсон өвөлжөөний эд хөрөнгийн хэмжээ, өвөлжөөний доорх газрыг тодорхойлох боломжгүй байна.
Мөн 1994 оны Газрын тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө 1971 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын газар эдэлбэрийн тухай хууль үйлчилж байсан байх ба уг хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэдэд газрыг үнэ төлбөргүй, хугацаагүй эдлүүлдэг байсан байх ба 18 дугаар зүйлд зааснаар амины мал бүхий иргэдэд тусгайлан газар олгохгүйгээр тэдний амины малыг сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдэл, нэгдэл дундын үйлдвэр, байгууллагын эдэлбэрийн газар дээр тогтоосон журмын дагуу бэлчээрлүүлэхийг зөвшөөрдөг байсан байна. Өөрөөр хэлбэл БНМАУ-ын өмч хувьчлалын тухай хуулийн дагуу иргэдэд өмч хувьчлах асуудлыг шийдвэрлэж байсан тухайн үед иргэдэд газар эзэмшүүлэх тухай ойлголт, зохицуулалт байхгүй байсан байна.
Харин 1994 оны Газрын тухай хууль батлагдсанаар иргэдэд төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, гэрчилгээ олгодог болсон бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрийн өмчийн газрыг иргэнд 60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлэх асуудлыг сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан боловч нэхэмжлэгч С.ийн тухайд Цулын доод өвөлжөөний газрыг эзэмшүүлэх талаар хариуцагчаас гаргасан захиргааны акт байхгүй байна.
Өвөлжөөний доорх газар нь мал бүхий тухайн нутгийн иргэдэд зориулагдсан малаа маллах, өвөлжүүлэхэд нөмөр нөөлөг болгох зорилгоор эзэмшүүлдэг онцлог газар байх ба гуравдагч этгээд Д. нь Цулын доод өвөлжөөний газарт хашаа саравч барьж байгуулан, мал өвөлжүүлэхэд бодитойгоор ашиглаж, газрын төлбөрийг төлж ирсэн бол нэхэмжлэгч С. нь 2004 оноос хойш мал тоолуулаагүй байх бөгөөд, сумын төвд суурьшин амьдарч байгаад улмаар 2007 оноос Завхан аймгийн төв Улиастай сумд шилжин суурьших болсон нь түүний тайлбар болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[16], газрын төлбөр ногдуулж, төлбөр хураасан тухай холбогдох баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл[17], Завхан аймгийн Төрийн архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А\4950 дугаар албан бичиг[18], мал тооллогын А данс зэргээр тогтоогдож байна.
Тодруулбал, өвөлжөөний газрыг мал бүхий иргэн болох гуравдагч этгээд Д.д эзэмшүүлэхээр хариуцагч сумын Засаг даргаас шийдвэрлэсэн нь өвөлжөөний газрыг эзэмшүүлэх зорилгод нийцсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжийн Д.т холбогдох хэсэг болон уг захирамжийг үндэслэн түүнд 0010499 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Цулын доод өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч С.ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Харин гуравдагч этгээд Д.ын Цулын доод өвөлжөөг эзэмших эрхийн 15 жилийн хугацааг уг 0010499 дугаартай гэрчилгээг олгосон өдрөөс эхлэн хугацаа тоолох журмын дагуу тоолоход 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд тэрээр хугацаа сунгуулах хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан гэх боловч энэ нь сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны өргөдөл, хүсэлтийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох талаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан нөхцөл байдал гуравдагч этгээд Д.ын тухайд мөн тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд нэгэнт хэрэгжиж дууссан, эрх зүйн үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон 0010499 дугаартай уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн хэрэгт олж тогтоогдохгүй байгаа сумын Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжийн хавсралтаас Д.т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4. Бусад үйл баримтын талаар: сумын Засаг даргын Тамгын газарт 2004 оноос хойш хөтлөгдсөн Өргөдөл бүртгэх дэвтэр гэх баримтын 10 дугаарт Д.аас газар эзэмших талаар гаргасан хүсэлтийг 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, бүртгэлийн 23 дугаарт С.ээс газар өмчлөх талаар гаргасан хүсэлтийг 2005 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авснаар, мөн 107 дугаарт түүний газар эзэмших хүсэлтийг 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар тус тус бүртгэсэн[19] байна. Гэхдээ уг хүсэлтүүд хаана байршилтай, ямар нэртэй газарт хамааралтай болох талаар тодорхой тусгагдаагүй байна. Хүсэлт гаргасан хугацааны дарааллыг харахад гуравдагч этгээд Д. нь нэхэмжлэгч С.ээс түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүнчлэн Газар эзэмшигчийн улсын бүртгэлийн дэвтэр гэх баримтын 9 дүгээр мөрөнд Цул гэх байршилд 12080013 нэгж талбарын дугаартай, 2100 м.кв хэмжээтэй газрыг 32 дугаартай захирамжийг үндэслэн 30 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар Д.т эзэмшүүлснийг улсын бүртгэлд 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн тухай, мөн 28 дугаар мөрөнд Тунан Цагдуулт гэх байршилд 12080040 нэгж талбарын дугаартай, 4500 м.кв хэмжээтэй газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар \үндэслэсэн захирамж, шийдвэр тусгагдаагүй\ С.д эзэмшүүлснийг улсын бүртгэлд 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн тухай мэдээллүүд[20] байна. Энэ баримт нь нэхэмжлэгч С.ийн тухайд Цулын доод өвөлжөөний газартай холбоогүй бөгөөд маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших эрх түүнд олгогдоогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг харуулж байна.
Д.ынхыг Цулын доод өвөлжөөний газарт анх нүүж ирэхэд хашаа, саравч гэх зэрэг эд хөрөнгө байгаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа тул уг өвөлжөөний газар болон уг газар дээрх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй байна.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох бөгөөд өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудал нь мал аж ахуй эрхэлдэг иргэдэд зөвхөн хамааралтай болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжийн хавсралтаас Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Д.т 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн С.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 31-р хуудсанд
[2] Хавтаст хэргийн 63-р хуудсанд
[3] Хавтаст хэргийн 184-186-р хуудсанд
[4] Хавтаст хэргийн 114-130-р хуудсанд
[5] Хавтаст хэргийн 30-р хуудсанд
[6] Хавтаст хэргийн 218-р хуудсанд
[7] Хавтаст хэргийн 205-215-р хуудсанд
[8] Хавтаст хэргийн 81-р хуудсанд
[9] Хавтаст хэргийн 195-203-р хуудсанд
[10] Хавтаст хэргийн 192, 221-р хуудсанд
[11] Хавтаст хэргийн 182-р хуудсанд
[12] Хавтаст хэргийн 184-р хуудсанд
[13] Хавтаст хэргийн 88-р хуудсанд
[14] Хавтаст хэргийн 10-р хуудсанд
[15] Хавтаст хэргийн 165-р хуудсанд
[16] Хавтаст хэргийн 163-р хуудсанд
[17] Хавтаст хэргийн 87-р хуудсанд
[18] Хавтаст хэргийн 137-р хуудсанд
[19] Хавтаст хэргийн 197-200-р хуудсанд
[20] Хавтаст хэргийн 201-202-р хуудсанд