| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/20223/0804/З |
| Дугаар | 221/МА2025/0177 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0177
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд: “Ө” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0992 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2023/0804/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0992 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийн “М” ХХК-тай давхацсан хэсгийг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хэргийн үйл баримт, газрын төлбөрийн тухайд:
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг дарга нартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2017/2** дугаартай гэрээг 2017 оны 12-р сарын 07-ны өдөр байгуулсан. Түүнчлэн Газар ашиглах гэрээ, менежментийн төлөвлөгөө дүгнэх хуудсыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнтэй хийж 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталгаажуулсан байдаг. Ерөнхий үнэлгээг хийж батлуулсны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэн ажилласан.
Мөн аялал жуулчлалын зураг төслийг их хэмжээний зардал гаргаж хийлгүүлсэн. Энэхүү газрынхаа ашиглах эрхийг авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 356.922.500 /гурван зуун тавин зургаан сая есөн зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Манай компани өөрийн аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрх бүхий дээрх газартаа үйл ажиллагаа явуулахад дараах бэрхшээлүүд тулгарсан. 2015 оны 6 сараас эхлэн газар ашиглах гуравласан гэрээг хийхээр хүсэлт тавьсан. Дээрх хүсэлт нь үл мэдэгдэх шалтгааны улмаас шийдэгдэхгүй 2016 оны орон нутгийн сонгуультай тулсан. Баянзүрх дүүргийн 2016 оны сонгуультай холбоотойгоор газар ашиглах гуравласан гэрээг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан тодорхойгүй болсон. Сонгуулийн маргаантай явагдсанаас улбаалж дүүргийн засаг дарга нь 2 хүн болсон.
Дээрх асуудал нь 2018 онд шийдвэрлэгдсэнээр газар ашиглах гуравласан гэрээг Баянзүрх дүүрэгтэй байгуулсан. Энэхүү нөхцөл байдал нь газар ашиглах гэрчилгээний 5 жилээс 4 жилд нь гэрчилгээнд заасан газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжийг төрийн байгууллага өөрсдөө олгоогүй. Учир нь дээрх газар дээрээ хашаа барих, аялал жуулчлалын төв барих ажлын даалгавар авах,эскиз батлуулах, холбогдох техникийн нөхцөл хүсэх зэрэгт газар ашиглах гуравласан гэрээ нь анхан шатны шаардлагатай баримт болдгийг мэдэж байгаа атлаа улс төрийн маргаан, үл ойлголцлоос болж бизнес эрхлэгч биднийг хохироосоор байна.
Газрын төлбөрийг цаг тухайн үед нь харьяа дүүргийн газрын албатай зөвшилцөн цаг тухайн үед нь төлж явсаар 2019 он болсон. 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөрт нийт 113.300.000 төгрөг төлсөн ба энэ нь дээрх огноо хүртэл газрын ямар ч хугацаа хэтэрсэн төлбөргүй байсан. Энэ нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн газрын албатай хийсэн тооцоо нийлсэн актаар баталгаажна.
2019 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийг өмнөх гэрээ хийснээс 7,2 дахин нэмэх шийдвэр гарсан. Дээрх шийдвэрт тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж, иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулж төлбөрийг төлөх эсэх дээр маргаан үүсч, төлбөрийн нэхэмжлэлийг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын алба үүсгэж өгөх байдал үүсгэж өгөхгүй байх эс үйлдэхгүйг гаргасан.
Мөн төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой маргаан шийдвэрлэхгүй удааширсан. Өмнө нь нэг жилд 19.800.000 төгрөг төлдөг байсан төлбөр нь 144.000.000 төгрөг болон өссөн. Гэрээний дагуу эхний төлбөрийг 2020 оны 1 дүгээр сарын 20-нд төлөх байсан боловч Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хөл хорио 2020 оны 1-р сарын 27-ноос эхлэн Улаанбаатар хотод эхэлсэн. Дээрх хөл хорионы явцад төрийн байгууллага аливаа тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг цуцлахгүй 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл УИХ-аас хууль гарсан байдаг.
3.2. Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
Шүүхийн шийдвэрийн 6.6-д заасан нөхцөл байдлын улмаас 6.7-д зааснаар шүүх дүгнэлтийг зөв хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр газрыг зориулалтын дагуу ашиглуулахгүй байх үйл баримтыг Эрүүгийн цагдаа, Баянзүрх дүүргийн газрын алба, яам өөрөө гаргасан болох нь шүүхийн дүгнэлтээр үндэслэлтэй дүгнэгдсэн. Гэтэл шүүх яг шийдвэр гаргахдаа дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэрийг гаргасан байна.
3.3. Газрын эрхийн хугацааг сунгахгүй эс үйлдэхүй хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг хугацааг хугацааг сунгаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтийг энэхүү хэрэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээд өгч байсан болохыг тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг боловч яагаад сунгаагүй болохыг тухайн үед ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна гэдэг хариут өгдөг. “М” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын ашиглах эрхийг сунгуулахаар дараах хүсэлтүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан хүсэлтийн баримтуудаар нотлогдож байна.
“Ө” ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан компани бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй, уг газар ямар ч төслийг эхлүүлэх чадамжгүй компани. "Ө" ХХК нь уг газрыг авах тухай хүсэлтээ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, улмаар яам нь хүсэлтийг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар 46082 м.кв газрыг олгосон байдаг.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана ..." гэж заасан. Гэтэл хуулийн энэ заалтыг огт хэрэглээгүй ямар ч сонгон шалгаруулалтыг явуулаагүй.
Мөн шүүхэд ирүүлсэн баримтуудаас харахад "Ө" ХХК-ийн баримт бичгийн бүрдэл дутуу, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл нь байхгүй, төлбөр төлсөн баримт байхгүй байхад газрын ашиглах эрхийг хүчээр шахуу олгосон байдаг.
Уг газрын асуудлаар "М' ХХК хүсэлтэй гаргасан байхад шийдээгүй атлаа "Ө" ХХК хүсэлт гаргахлаар 5 хоногийн дотор газар ашиглах эрхийг олгож байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй газрыг олгосон болох нь тодорхой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй. газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн саналаар нотлогддог. Нэхэмжлэгчид Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 тушаалаар газар ашиглах эрхийг олгосон.
Газар ашиглагч нь дээрх хуулийн заалтын дагуу 90 хоногт багтаан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж, гэрээг байгуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч компани гэрээ байгуулаагүй нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарладаг боловч хэрэгт холбогдох нотлох баримтыг гаргаж өгдөггүй.
Нэхэмжлэгч компани хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2017/2** дугаартай “Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ'”-г 2 жил 6 сарын дараа байгуулсан. Дээрх гэрээ байгуулсан хугацаанаас тооцсон ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны А/79 дугаар тушаал гарах хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд ашиглаагүй болох нь тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/5988 дугаар албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс мөрдөгчийн мэдэгдэх хуудас зэрэг шалтгааны улмаас газраа ашиглах нөхцөл байдал бүрдээгүй гэдэг боловч цаг хугацааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцох боломжгүй байна. Гэрээ байгуулсан хугацаанаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний хугацааг хүртэл тооцсон ч газраа хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд ашиглаагүй байна.
4.2. Нэхэмжлэгч компани нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 100 сая төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул БЗД-ийн Газрын албаны дарга Ж.Г-тай 2017/221 газрын төлбөрийг төлж барагдуулах хуваарь батлуулсан.
Тус хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд 3 хувааж төлөхөөр тохирсон боломж заагдсан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний Газрын төлбөр тооцох итгэлцүүртэй холбоотой 25 дугаар тогтоол нь 2022 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тус итгэлцүүрийн тооцооллоор төлбөрийн хэмжээг тооцож төлөх нь зүйтэй.
4.3. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж. тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулсан.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн Сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч аж ахуйн нэгж хариу тайлбараа ирүүлсэн байсан.
Анхан шатны шүүх хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0992 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.
5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тухайд: Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А 79 дүгээр тушаалыг мэдэгдээгүй гэдэг. Захиргааны байгууллага нь Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчид захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг удаа дараа хийсэн байдаг.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 515 дугаар 'Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай- XX-1 -ийн 43 хуудас, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/3954 тоот албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09/1328 тоот албан бичгүүдээр тухайн компанийн албан ёсны хаягаар мэдэгдсэн болно.
Нэхэмжлэгч нь захиргааны актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах бөгөөд тус хугацааг хэтрүүлж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
5.2. Тухайн газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаарх
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2017 оны №201/221 дугаар гэрээ (ХХ-1-ийн 58 хуудас) болон 2015 оны №25015/138 дугаар гэрээ(ХХ-1- ийн 54 хуудас)-нд тус тус гэрээнд Газрын нэг жилийн төлбөрийн 19,800,000 төгрөг бөгөөд газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор Баянзүрх Дүүргийн Газрын албанд төлнө гэж заасан байна.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт(ХХ-1-ийн 49 хуудас), 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №2017/221 Газрын төлбөрийг төлж барагдуулах хуваарь (2хх-ийн 87 хуудас) болон Баянзүрх дүүргийн Г азар зохион байгуулалтын албаны 2018.09,26-ны өдрийн №420180158 дугаар бүхий газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харахад нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан хугацаандаа газрын төлбөрөө төлж байгаагүй гэдэг нь нотлогдож байна.
5.3. Тухайн газрыг хоёр жилийн хугацаанд ашиглаагүй талаарх
Нэхэмжлэгч “М” ХХК нь Баянзүрх дүүргийн засаг дарга Т.Б, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д 58-61 нартай 2017 оны №2017/221 дугаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ(ХХ-1-ийн 54 хуудас)-г байгуулсан байна.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Гэтэл 2017 онд гурвалсан гэрээг байгуулснаас хойш 2021 он хүртэл 3 жилийн хугацаанд газрыг ашиглах боломж байсаар байтал ашиглаагүй байна. Мөн “М” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Тб” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэсэн учраас Шүүхээс “Тб” ХХК руу холбогдох гэрээний хэрэгжилтийг хэрхэн явж байгаа талаарх мэдээлэл болон бусад байгууллагатай байгуулсан гэрээг нотлох баримтаар ирүүлэхийг даалгасан, “Тб” ХХК-аас шүүхэд албан бичгээр хариу ирүүлэхийн зэрэгцээ холбогдох гэрээнүүдийг явуулсан. Тус гэрээнүүдэд нэхэмжлэгчтэй холбогдох ямар ч гэрээ байгаагүй. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй нь нотлогдож байна.
5.4. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хугацаандаа гаргаагүй талаарх: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т-“Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хутацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасан байна.
5.5. Сонсох ажиллагаа хийгдсэн эсэх талаарх: Монгол Улсын Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн 10/440 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд сонсох ажиллагаа явуулах болсон талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна. Захиргааны байгууллагаас сонсох ажиллагааны мэдэгдлийг тус компанид албан бичгээр мэдэгдэхийн зэрэгцээ бусад хэрэгслүүдээр нийтэд мэдээлсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “М” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... эрхийн гэрчилгээг сунгахад шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн өгсөн боловч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөхгүй удаашруулж, шийдвэрлээгүй, ... газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо сонсох ажиллагааг хийгээгүй, ... хаягийн өөрчлөлтийн талаар хариуцагчид мэдэгдэж байсан, ... гуравдагч этгээд газар ашиглах тухай хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, хариуцагчаас 7 хоногийн дотор буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар 46082 м.кв газрыг олгосон, ... хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “М” ХХК-ийн газрын эрхийг цуцалсан мэдэгдлийг Монгол шууданд хийсэн, ... тусгай хамгаалалттай газар нутагт ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй, байгуулагдаад 3 сар болж байгаа, ямар ч төсөл эхлүүлэх чадамжгүй, баримт бичгийн бүрдэл дутуу компанид газар ашиглах эрх олгосон, ... 2015 онд газар ашиглах гуравласан гэрээг байгуулахаар хүсэлт өгсөн боловч шийдвэрлэгдэхгүй байсаар 2016 оны сонгуультай холбоотойгоор гуравлан гэрээ 2017 онд байгуулагдсан. Дээрх газар дээрээ хашаа барих, аялал жуулчлалын төв барих ажлын даалгавар авах, эскиз зураг батлуулах, холбогдох техникийн нөхцөл хүсэх зэрэгт газар ашиглах гуравласан гэрээ нь анхан шатны шаардлагатай баримт болдог байтал улс төрийн маргаанаас болж нэхэмжлэгч компани гуравласан гэрээгээ байгуулж чадалгүй хохирсон, ... газрын албаны ажилтан нэхэмжлэл үүсгэж өгөхгүй байснаас төлбөр төлөх боломжгүй байсан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал илт үндэслэлгүйгээр газрын төлбөр нэмсний улмаас төлбөрийн задаргаанд өөрчлөлт оруулсан, ...” гэж тайлбарлан маргажээ.
Харин хариуцагчаас “... нэхэмжлэгч нь гуравласан гэрээг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан, гэрээ байгуулагдсанаас хойш тушаал гарах хүртэл буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 жил 4 сар газраа огт ашиглаагүй, газар ашиглах эрхийн хугацаа дуусах хугацаагаар бодвол 2 жил 6 сар ашиглаагүй байна. Газрын төлбөрийн тухайд гэрээнд зааснаар жилд 19.800.000 төгрөг төлөхөөр тусгасан, ... нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй, ... сонсох ажиллагааны мэдэгдлийг албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч буцаж ирсэн, нэхэмжлэгч албан ёсны хаягтаа байсан гэж тайлбарладаг боловч магадгүй хүлээн авахаас зайлсхийсэн гэж үзэж байна ...” гэж, гуравдагч этгээдээс “... нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг хариуцагчийн программ дээр гарч ирээгүй. Сунгуулах хүсэлтийг яаманд гаргаагүй, ... гэрээний заалтад 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс газар ашиглах хугацаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж байгаа. 2017 онд байгуулагдсан гэрээгээр 2020 он хүртэл ашиглах боломж байсаар байтал ашиглаагүй, ... гуравласан гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй ...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Х-н аманд аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/72 дугаартай гэрчилгээг олгож, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2017/211 дугаартай газар ашиглах гуравласан гэрээг байгуулсан байна.
2.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.
2.3. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/257 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Ө” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүрэг, Х-н аманд 46082 м.кв газрыг ашиглах эрхийг олгосон, нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан болон гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газар бүхэлдээ давхцалтай, энэ тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно”, 40.4.1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
2.5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэхүү хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэх хууль зүйн боломжтой, тухайн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэйн хувьд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал, газрын төлбөр төлөөгүй гэх шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байтал хариуцагчаас хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
3.1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заасан.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2017/2** дугаар гэрээгээр[1] газар ашиглах хугацааг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/36 дугаар тогтоолоор тогтоосон газрын үнэлгээний 3-р бүсэд нэгжийн төлбөрийг 396 төгрөгөөр тооцож, 1 жилд 19.800.000 төгрөг байхаар тусгасан байх бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
3.3. Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоож” газрын нэгжийн үнийг нэмэгдүүлсэн байна. Улмаар тус тогтоолыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.
3.4. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж зааснаар газар ашиглагч нь газар эзэмших ашиглах гэрээнд тусгагдсан газрын төлбөрийг хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд дээр дурдсан газар ашиглах гурвалсан гэрээнд газрын төлбөрийг 1 жилд 19.800.000 төгрөгөөр байхаар тусгаснаар тооцож үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх газрын төлбөрт нийт 99.000.000 төгрөг төлөхөөр байна.
3.5. Хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №420180158 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[2] газрын төлбөрт жилд 19.800.000 төгрөг төлөхөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №420180158 дугаар газрын төлбөр тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч “М” ХХК нь газрын төлбөрт 113.300.000 төгрөг төлсөн талаар тодорхойлогдсон байна.
3.6. Мөн хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №2017/2**дугаар газрын төлбөрийг төлж барагдуулах хуваарь[3]-аар 2019 оны газрын төлбөр болох 144.000.000 төгрөгөөс 44.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 100.000.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 хуваан төлөхөөр тохиролцож, хувиар батлуулсан байх боловч уг баримтаар газрын төлбөр төлөх үүрэг газар ашиглах гэрээнд тусгагдсан буюу газар ашиглах гэрээнд газрын төлбөртэй холбоотой өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй, дээр дурдсанчлан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тус компани газрын төлбөрт 113.300.000 төгрөг төлсөн талаар тодорхойлогдсон, хариуцагчаас газрын төлбөрийн тухайд газар ашиглах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар гэрээний заалт зөрчигдсөнтэй холбогдуулан газрын төлбөр төлөгдөөгүй болохыг тодорхойлох ямар нэгэн баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2017/221 дугаар гурвалсан гэрээнд заасан газрын төлбөрийн хэмжээ эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн гэж маргаагүйн дээр “гэрээнд өөрчлөлт оруулж тусгасан байхад нэхэмжлэгч уг өөрчлөлтийн дагуу газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр маргаагүй, энэ талаарх баримт, нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
3.7. Эдгээрээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу газрын төлбөрт 5 жилийн хугацаанд нийт 99.000.000 төгрөг төлөхөөс 113.300.000 төгрөг төлж, 14.300.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн “... Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийн итгэлцүүрийг хэд хэдэн удаа өөрчилж тогтоосон, улмаар шүүх дээр газрын төлбөр хэт үндэслэлгүй илүү тогтоосон агуулгаар маргаан үүссэн, энэ тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийг шууд төлөх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, ... газрын төлбөрт төлсөн 113.300.000 төгрөгийг нэхэмжлэгчийн анх гэрээ байгуулсан газрын төлбөрийн хэмжээгээр тооцож үзвэл илүү төлөлттэй, харин тухайн үед батлагдаж мөрдөгдсөн ч ажиллагааны явцад хүчингүй болсон итгэлцүүрийн дагуу тооцож үзвэл төлбөрийн графикаас зөрүүтэй байхаар байна” гэж дүгнэсэн нь буруу биш байна.
3.8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд 3 хувааж 100.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээ төлөхөөр тохирсон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоол 2022 он хүртэл хүчин төгөлдөр байсан тул төлбөрийн хэмжээг тооцож төлөх нь зүйтэй” гэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... гэрээнд газрын нэг жилийн төлбөрийн 19.800.000 төгрөг бөгөөд газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор Баянзүрх дүүргийн газрын албанд төлнө гэж заасан. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан хугацаандаа газрын төлбөрөө төлөөгүй ...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “ Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж заасан байна.
4.2. Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзэхэд гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэх нөхцөл байдлыг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг захиргааны байгууллагаас хэрэгжүүлж “хүндэтгэн үзэх шалтгаангүй” байсан байх нөхцөл хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргахаар хуульчлан заасан байна.
4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Г нь “Т” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1704-01 дугаар орон сууц бариулах гэрээг[4], 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Тб” ХХК-тай Хан-Уул дүүргийн Х-н ам нэртэй газарт байрлах өөрийн аялал жуулчлалын хотхоны өөрийн хувийн цахилгаан шугамаас “М” ХХК-д цахилгаан ашиглуулах эрх олгох тухай хамтран ажиллах гэрээг[5] тус тус байгуулсан байна.
4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/10267 дугаар албан бичгээр[6] “Тб” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар тодруулж, “Тб” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/085 дугаар албан бичгээр “... эрчим хүчний шугам, цахилгааны дэд станцын ажлын зардлыг “М” ХХК-тай хуваалцах, энэ бүтээн байгуулалтын зардлыг хуваалцсанаар тус компанийн бүтээн байгуулалтын ажлын үед болон дараа нь тухайн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас эрчим хүч авч ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах тухай хэлцэл. Бид 2017 онд “С” ХХК-ийн зураг төслөөр, “От” ХХК-ийн бодож боловсруулсан ажлын төсөв, төлөвлөгөө хяналт дор “Тш” ХХК-ийн гүйцэтгэлээр өөрийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан ...” гэх тайлбарыг 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2018/009, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №АГ/13, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2018/d0010 дугаар гэрээнүүдийн[7] хамт шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан нь тогтоогдсон байна.
4.5. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг ашиглах талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг нягтлан шалгаагүй, дээр дурдсан цахилгаан ашиглах гэрээ байгуулсан, зураг төсөл хийсэн зэрэг бодит нөхцөл байдлыг тодруулж үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.
4.6. Мөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2020 онд дууссан байх бөгөөд хариуцагчийн зүгээс тус газар ашиглах эрхийг сунгаагүй атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь зөрчилтэй байна.
Тодруулбал тус 2 жилийн хугацаа нь хэдий үеэс эхлэн тооцогдож байгаа болох, уг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нөхцөл байдлыг хариуцагчаас тодруулж шалгалгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэл бүхий, хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 27.12-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана” гэж тус тус заасан.
6. Гэтэл маргаан бүхий 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар “Ө” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо сонгон шалгаруулалт явуулсан эсэх, тус газар ямар үйл ажиллагаа явуулахаар төсөл боловсруулсан эсэх, хариуцагчид хүргүүлсэн эсэх талаарх холбогдох баримтуудыг хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
7. Анхан шатны шүүх “... Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийн итгэлцүүрийг хэд хэдэн удаа өөрчилж тогтоосон, улмаар шүүх дээр газрын төлбөр хэт үндэслэлгүй илүү тогтоосон агуулгаар маргаан үүссэн, энэ тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийг шууд төлөх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, ... нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна” гэж маргаан бүхий актыг хууль бус болохыг тодорхойлсон агуулгатай дүгнэлт хийсэн атлаа “ ... газрын төлбөрт төлсөн 113.300.000 төгрөгийг нэхэмжлэгчийн анх гэрээ байгуулсан газрын төлбөрийн хэмжээгээр тооцож үзвэл илүү төлөлттэй, харин тухайн үед батлагдаж мөрдөгдсөн ч ажиллагааны явцад хүчингүй болсон итгэлцүүрийн дагуу тооцож үзвэл төлбөрийн графикаас зөрүүтэй байхаар байна. Хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдлыг бүрэн судалж тодруулалгүйгээр акт гаргасан, ...нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм” гэсэн дүгнэлт, үндэслэлээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
8. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.
9. Анхан шатны шүүх хэргийн ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай болох, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь ямар шалтгаан үндэслэлээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэрхэн хэтэрсэн болох нь тогтоогдож байгаа талаар огт дүгнэлгүйгээр захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон талаар дүгнэсэн атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийн “М” ХХК-тай давхацсан хэсгийг тус тус дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
10. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч нь бодит нөхцөл байдлыг нягтлан шалгаагүй, тайлбар гаргах боломжийг олгоогүй, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй буюу уг шийдвэрийг гаргах нөхцөл бүрэн дүүрэн бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд “Ө” ХХК-д газар ашиглах эрх олгосон хариуцагчийн шийдвэр Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27.12-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” заасантай нийцээгүй нь нэгэнт тодорхой тогтоогдсон, энэ талаар дүгнэсэн атлаа анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэстэй биш байна.
11. Нэхэмжлэгчийн “.... газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд
11.1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж тус тус заасан
11.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04/05 дугаар албан бичгээр[8] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, тус өдрийн 04/04 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/04 дугаар албан бичгээр[9] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №3/22 дугаар албан бичгээр[10] Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8/28 дугаар албан бичгээр[11] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад тус тус удаа дараа хандаж байсан болох нь тогтоогдож байна.
11.3. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1936 дугаар албан бичгээр “... “М” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэнтэй танилцлаа, ... эрхийн гэрчилгээний хугацаа сунгахад татгалзах зүйлгүй” гэх хариуг[12] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байна.
11.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээний сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг хариуцагчаас шийдээгүй хирнээ, гуравдагч этгээдээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар албан бичгээр[13]Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах хүсэлт гаргасныг хүлээн авч, 7 хоногийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгосон, энэ талаарх нэхэмжлэгчийн “...манай компаниас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй, харин гуравдагч этгээдийн хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэсэн ...” гэх тайлбар үндэслэлтэй.
11.5. Нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг хариуцагч хуульд заасан хугацаанд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй атлаа газар ашиглах эрхийг нь нягтлан шалгалгүйгээр хүчингүй болгосон нь, улмаар гуравдагч этгээд “Ө” ХХК-д уг газрыг бүхэлд нь ашиглуулахаар шийдвэрлэсэн нь тус тус хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэх боломжгүй байна
11.6. Анхан шатны шүүхээс “... хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахтай хамт шийдвэрлэгдэхээр байх тул уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д ”Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь буруу, энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь мөн буруу байна.
11.7. Хэдийгээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж хэрхэн шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах тул хариуцагчийн энэхүү эрхэд шууд халдаж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг шууд сунгахыг даалгах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй, шүүхийн шийдвэрийг энэ агуулгаар биелүүлэх нь зүйтэй болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0992 дугаар Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 1 дэх хавтас, 58 дахь тал
[2] Хэргийн 1 дэх хавтас, 49 дэх тал
[3] Хэргийн 1-48 дахь тал
[4] Өмнөх хэргийн 1 дэх хавтас, 232 дахь тал
[5] Өмнөх хэргийн 3-235 дахь тал
[6] Өмнөх хэргийн
[7] Өмнөх хэргийн 2 дахь хавтас, 115-224 дэх талууд
[8] Өмнөх хэргийн 2 дахь хавтас, 133 дахь тал
[9] Өмнөх хэргийн 2 дахь хавтас, 131-132 дахь талууд
[10] Өмнөх хэргийн 1 дэх хавтас, 38-39 дэх талууд
[11] Өмнөх хэргийн 1 дэх хавтас, 86 дэх тал
[12] Өмнөх хэргийн 1 дэх хавтас, 44 дэх тал
[13] Өмнөх хэргийн 1 дэх хавтас, 186 дахь тал