Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч У.Тогтолхаан,

гэрч Т.Одонгэрэл, Д.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Т.Жаливхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жаливханд холбогдох эрүүгийн 201619000486 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын харьяат, 1975 оны 08 сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймгийн шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 18- ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1997 оны 03 сарын 11-ний өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.1-т зааснаар 01 жил 08 сарын хорих ял оногдуулсныг тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай магадлалаар 01 жил болгон өөрчилсөн,

Мөн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар,

Мөн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар нийт 03 жил 06 сар хорих ялаар,

Мөн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 81 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 02 хоногийн ялыг өршөөж сулласан, хэрэг хариуцах чадвартай, Молк овгийн Телевхааны Жаливхан /РД:НБ75081018/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Жаливхан ялтай байх хугацаандаа, давтан удаагийн үйлдлээр шунахайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байрлах Хулан дэлгүүрийн үүдэнд уяатай байсан О.Даваанямын эмээл, хазаартай 1 тооны морийг хулгайлж, 770.000 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөн сумын 1 дүгээр багийн нутаг Нарийн хөндий гэх газраас У.Тогтолханы 1 тооны бярууг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол нийт бусдад 970.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Жаливхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 03-ны өдөр ахынхаа бярууг авсан нь үнэн. Уг бярууг намайг шоронгоос гарч ирэхэд ах зааж өгсөн юм. Би авах гээд очиход ах байхгүй болохоор нь хэлэлгүй аваад зарчихсан юм миний буруу. Тухайн бяруу манай хүргэний үхэртэй хамт хүрээд ирсэн байсан. Тэгээд би Одонгэрэлийн машиныг гуйгаад 5 сарын 04-ны өдөр аваачиж 150.000 төгрөгөөр зарсан. Би морийг бол хулгай хийгээгүй ш дээ. Мажгаа ахаас гуйж унасан. Миний хажууд гэрч Батхишиг, Хүрлээ нар байсан. Хар толгой цаана морин тэрэгтэй байсан. Энэ 4 хүн байж байсан. Тэгээд миний араас ирж морио аваад явсан. Би морийг гуйгаад аваад явсан болохоос морийг хулгай хийгээгүй гомдолтой байна. Манай сумын хэсгийн төлөөлөгч надаас эзэмшлийн газар гуйсан юм тэрийг өгөөгүй болохоор намайг гүтгэж байна. Байцаагч намайг дандаа дарамталдаг энэ талаараа би прокурорт хэлж байсан би прокурорт 25 удаа хүсэлт явуулсан боловч надтай нэг ч удаа ирж уулзаагүй гэв.

Хохирогч У.Тогтолхаан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 5 сарын 01-ний өдөр үхрээ бэлчээрт гаргасан. Тэгээд орой манай бяруу үхэртэй хамт ирээгүй. Тэгээд бяруугаа хайгаад олохгүй байсан чинь Бөхөөг бярууг өвч байгаа гэж сонсоод очиж үзсэн чинь манай бяруу байсан. Би Жаливханыг шоронгоос гарч ирэхээр нь нэг бяруу зааж өгнө гэж хэлж байсан юм. Надад хэлээгүй авчихсан болохоор нь бид нар хайсан юм гэв.

 

Гэрч Т.Одонгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батхишиг Жаливхан 2 ирээд нэг бяруу ачахаад айлд аваачиж өгөх гэсийн гэхээр нь би Жаливханы ахынхан гэрээс ачаад Будаан толгойд айлд аваачиж өгсөн гэв.

 

Гэрч Д.Батхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Жаливхантай дэлгүүрийн гадаа тааралаад нэг яруу зарах гэсийн гээд явж байсан. Тэгхээр нь Би Бөхбат бяруу авч байгаа ш дээ гэсэн чинь Жаливхан чи очоод асуучих гэхээр нь би Бөхбатаас очоод асуусан чинь үнийн хэлээгүй ачаад аваад ирвэл аван гэж байсан. Тэгээд би харих гээд явж байсан чинь араас ирээд 2-лаа хамт яваад Одонгэрэлийн машинтай аваачиж өгчихөөд хүрээд ирье гэсэн. Тэгээд хамт очиж өгчихөөд би морио унаад үхэртэй явсан гэв.

                                                                                                                                                                                                                                  

 Хохирогч О.Давааням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 04 сард Үдлэг гэх газраас сумын төвд ирж ойр зуурын эм авах гээд морьтой явж байгаад дэлгүүрийн үүдэнд морио уячихсан байсан юм. Тэгээд дэлгүүр орчихоод гараад иртэл дэлгүүрийн үүдэнд уячихсан байсан Хул зүсмийн морь алга болчихсон байхаар нь би ойр хавийн хүмүүсээс асуутал Жаливхаан гэх хүн таны морийг чинь унаад явчихлаа гэхээр нь би араас нь яваад Жаливхааны байдаг гэх Хурамхааны гэрт яваад очтол миний Хул зүсмийн морь хашаанд нь уяатай байсан ба би байшинд ортол Жаливхаан согтуу унтаж байхаар нь буцаж гараад морио аваад явчихсан юм... гэх мэдүүлэг /хх-22-23 тал/

 

Гэрч Б.Бөхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Намайг Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Будаан толгой гэх газар 2016 оны 05 сарын 04-ний өдөр гэртээ байж байхад миний утасруу Жаливхан бяруу авах уу гэж утсаар ярисан юм. Тэгхээр нь би авна гэж хэлсэн юм. Удаагүй Жаливхан 15 цагийн үед санагдаж байна Одонгоогийн машинтай Батхишигтэй гурвуулаа ирсэн юм. Би тухайн үед Батхишигээс хаанаас авчирсан юм бэ? гэж асуухад Батхишиг хүргэн ах Хуримханы гэрээс ачиж авчирсан гэж хэлсэн. Тэгээд би бярууг нь 150.000 төгрөгөөр худалдан авч Жаливханд өгсөн. Удалгүй 2 хоногийн дараа буюу 2016 оны 05 сарын 06-ны өдөр Шармаан буюу Тогтолхан ахын хүүхэд нь ирээд бяруугаа алдсан гэхээр нь манай хашаанд хэдэн бяруу байгаа үзэхгүй юу гэж хэлхэд орж үзээд Жаливханы авчирж өгсөн бярууг заагаад энэ манай бяруу байна гэж хэлсэн. Тогтолхан ах бяруугаа өгөөд 150.000 төгрөгийг өгөөд явсан байсан. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

    

Гэрч Х.Нуржан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Агьтийн 6-71 тоотод хашаандаа саадаг 8 тооны үнээ, бага бод мал 4 тооны бяруу, 3 тооны тугалтай байсан юм. 2016 оны 05 сарын 01-ний өдөр санагдаж байна манай бор зүсний 2 настай, эр бяруу хашаанаас гараад бэлчээрт гараад алга болсон юм. Тэгээд 2-3 хоногийн дараа манай хүү Селэмбэк хайсаар байгаад 2016 оны 05 сарын 06-ны өдөр Бөхбатын хашаан дотор байхад нь олсон юм. Учир байдалыг Бөхбатаас лавлаж асуухад манай бярууг Жаливхан аваад Бөхбатад зарсан байсан. Тэгээд манай нөхөр Тогтолхан Бөхбатад 150.000 төгрөг өгч бяруугаа авсан. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 

 

 

Гэрч Ч.Хурмхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр талаар мэдэхгүй байна ерөөсөө хараагүй юм. Сүүлд нь миний дуулсанаар Тогтолхаан ах орж ирчихээд танай хашаанд манай бяруу байж байгаад Жаливхаан зарчихсан байна гэж хэлж байсан миний хувьд мэдэх зүйл ерөөсөө алга байна... гэх мэдүүлэг /хх-110 тал/,

 

Гэрч П.Хартолгой мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 04 дүгээр сар санагдаж байна би тэр өдөр Хулан дэлгүүрийн үүдэнд морин тэрэгтэйгээ зогсож байсан тэгтэл Давааням Хул зүсмийн морьтой ирээд Нараа гэх хүний гуанзруу орох шиг болсон тэгээд удалгүй гараад иртэл уяатай байсан морь нь алга болчихсон юм. Тэгээд Давааням надаас морио асуутал уясан газарт чинь байж байсан мэдэхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр хавиар хайж явж байгаад Давааням миний морийг Жаливхаан унаад явчихсан гэж байна байгаа газар руу нь хамт яваад өгөөч гээд гуйхаар нь би морин тэрэгтэйгээ Даваанямыг суулгаад Хуримхаан гэх айлд очоод би гадаа нь зогстол Давааням тэр айлруу ороод өөрийнхөө унаж явсан Хул зүсмийн адуугаа унаад гараад ирсэн юм. Тэгээд би тэр газраасаа ганцаараа явчихсан юм... гэх мэдүүлэг /хх-111 тал/,

 

Гэрч Т.Селембэк мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутаг Агьтын 6-71 тоотод эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг юм. Манайх 10-аад тооны үхэртэй ба 4 тооны бяруу байсанаас 2016 оны 05 сарын 01-ний өдөр бэлчээрт сумын төвийн хойд талд ойрхон байрлах Нарийн хөндий гэх газарлуу бэлчээрт гараад орой нь үхэрээ бүртгэж үзхэд 1 тооны бяруу буюу бор зүсмийн 2 настай, алатау үйлдвэрийн эр бяруу ирээгүй. Тэгээд би бяруугаа хэд хоног хайгаад олоогүй, аав Тогтолхаан сумын зүүн хойд талд Будаан толгой гэх газрын гэр хороололд Бөхбат гэх хүн тугал бяруу иргэдээс худалдаж авч байна гэсэн чи очиж үзээдэх гээд намайг явуулсан юм. Тэгээд би Бөхбат ахын хашаанд очиж үзэхэд 20 гаран тугал, бяруу байсан тэр дотор манай алдагдсан бяруу байсан тул аавд хэлээд өөрийн бяруугаа аваад явсан. Учир байдлыг асуухад манай хамаатан Жаливхан ах Бөхбат гэх хүнд 150.000 төгрөгөөр зарж борлуулсан талаар Бөхбат гэх хүн яриж байсан. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-138 тал/,

 

БУСАД БАРИМТ

- эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-1/

- гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол  /хх-3/

- Малын тоо тооллогын бүртгэл /хх-10, 25 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төв лавлагаа /хх-42 тал/,

- Капитал банкны Төв аймгийн салбарын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 132 тоот албан бичиг /хх-71 тал/,

- Төрийн банкгы Зуунмод тооцооны төвийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 224 тоот албан бичиг /хх-73 тал/,

- Скайтел ХХК-ийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 04/3634 тоот албан бичиг /хх-75 тал/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 106А тоот Сэжигтнийг баривчлах тухай захирамж /хх-85-86 тал/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 106Б Сэжигтнээр цагдан хорих тухай захирамж /хх-89-90 тал/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 107В Яллагдагчаар цагдан хорих тухай захирамж /хх-93 тал/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 106Г-1 Хорьж мөрдөх хугацаа сунгах тухай захирамж /хх-120 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-142 тал/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 106Г-2 Хорьж мөрдөх 2 дугаар хугацаа сунгах тухай захирамж /хх-150-151 тал/,

-шүүгдэгч Т.Жаливхааны 2016 оны 09 сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх-95- тал/, 2016 оны 09 сарын 20-ны өдөр яллагдагчаар /хх-97 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Т.Жаливхангийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад Төв аймгийн шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 18- ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1997 оны 03 сарын 11-ний өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.1-т зааснаар 01 жил 08 сарын хорих ял оногдуулсныг тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай магадлалаар 01 жил болгон өөрчилсөн,

Мөн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар,

Мөн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар нийт 03 жил 06 сар хорих ялаар,

Мөн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 81 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 02 хоногийн ялыг өршөөж сулласан, гэх лавлагаа /хх-51 тал/,

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Жаливхан нь ялтай байх хугацаандаа, давтан удаагийн үйлдлээр шунахайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байрлах Хулан дэлгүүрийн үүдэнд уяатай байсан О.Даваанямын эмээл, хазаартай 1 тооны морийг хулгайлж, 770.000 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөн сумын 1 дүгээр багийн нутаг Нарийн хөндий гэх газраас У.Тогтолханы 1 тооны бярууг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол нийт бусдад 970.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-1/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол  /хх-3/, малын тоо тооллогын бүртгэл /хх-10, 25 тал/, Төв аймгийн Автотээврийн төв лавлагаа /хх-42 тал/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч О.Давааням, гэрч Б.Бөхбат, Т.Селембэк, Х.Нуржан, П.Хартолгой нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч У.Тогтолхаан, гэрч Т.Одонгэрэл, Д.Батхишиг нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т.Жаливханы мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жаливханд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Т.Жаливхан нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд, тооцож, хохирогч нарын гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хир хэмжээг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь өөрт оногдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй талаарх Төв аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өлрийн 2/854 тоот лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

 

Хохирлын талаар

Хохирогч О.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн  морио авчихсан гомдол санал нэхмэжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч У.Тогтолханы  гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч нарт энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Жаливхан нь 127 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Молк овгийн Телевхааны Жаливханыг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жаливханын эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Жаливханд оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялыг  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Жаливханы цагдан хоригдсон 127 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Т.Жаливханы ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт ялтан Т.Жаливхан нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Жаливханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА