Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1194

 

Э.Н-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор О.Баярсайхан,

хохирогч А.С,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Сүхээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Н-т холбогдох эрүүгийн 1807 00670 0021 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-н Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй, .............. багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Э.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө ......... дүүргийн 5 дугаар хороо, .......... тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч, улмаар А.С-тай “дахиж архи авахуулах гэлээ” гэж маргалдан, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хутга, архины шил зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан. Би нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө амьдрах 14 жилийн хугацаанд манай нөхөр архи ууж зоддог байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Манайх 2-13 насны хүүхэдтэй бөгөөд нөхөр маань ажил хийдэггүй, намайг элдэв бусаар хэлж доромжилдог. Намайг зодож, цохидог байсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. ... Би энэ амьдралыг авч явахын тулд бүх зүйлийг хийж байсан. Маш их гэмшиж байна. Надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Сүхээ нар хамтран гаргасан  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Э.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө А.С, Э.Б нартай архидан согтуурч, улмаар А.С-тай “дахин архи авахуулах гэлээ” гэж маргалдан, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, шүүхээс 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.С нь мэдүүлгүүдээ удаа дараа зөрүүтэй өгдөг, гэрч Э.Б нь тухайн үед буруу харан сууж байсан. Зөвхөн С миний буюу Н-н хутгыг авах үед гулгаж, өөр лүүгээ хутгалсан гэж хэлдэг. Мөн мөрдөн байцаалтын шатанд хутганд шинжээч томилоогүй, хутга булаалдах болон хүч хэрэглэсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.С удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Энэ талаар шалгасан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, бодит байдлыг тогтоож чадаагүй. Мөн гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн хуулийн заалтыг сануулалгүйгээр мэдүүлэг авсан. Шүүгдэгч Э.Н нь “намайг удаа дараа зодож байсан” гэж мэдүүлдэг боловч энэ талаар шалгаж тогтоогоогүй. Тухайн үед хамт байсан гэрч Б нь “би буруу хараад сууж байсан” гэж мэдүүлсэн. Хохирогч А.С “Э.Н-н хутгыг авах үед гулгаж өөр лүүгээ хутгалсан” гэж 2 удаа мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хутганд хэний гарын мөр байсан талаар шинжилж тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Э.Н-н сэтгэл санаа цочрон давчидсан байсан эсэхийг шалгаагүй. Иймд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Н нь эрхэлсэн ажилдаа маш сайн, идэвх зүтгэлтэй байсан. Түүний том охин Мөнхчимэг нь уг явдлаас хойш сэтгэл санаагаар унаж, гадуур явдаг болж, амиа хорлох талаар ярьдаг болсон гэдэг. Шүүгдэгч Э.Н-г хоригдсоноос хойш бага хүүхэд нь 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Үндсэндээ энэ гэр бүл үнэхээр харамсмаар байдалд орчихоод байна. Иймд өмнөх зүйлчлэлээр хэргийг зүйлчлүүлэх хүсэлтэй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхнэр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Тухайн үед би архи уусан байсан. Миний буруу, би маш их харамсаж байна. Би одоо 4 хүүхэдтэйгээ хамт байгаа. Том охин маань сүүлийн үед амиа хорлоно гэдэг болсон. Хамгийн бага хүүхэд маань эхийгээ хоригдсоноос хойш 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Миний нуруу өвчтэй, барилга дээр хүнд ажил хийдэг. Би цаашид 4 хүүхдээ асарч хамгаалж чадахгүй юм байна. ...” гэв.

Прокурор О.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.Н нь Э.С-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрэл зураг, хэргийн газрын үзлэг зэргээр тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хутганд гарын мөр илрээгүй. Хохирогч А.С мэдүүлгээ удаа дараа өөрчилж мэдүүлдэг. Хохирогчийн хувьд эхнэрээ хориулахгүй гэх үүднээс өөр өөр байдлаар мэдүүлэг өгсөн. Гэрч Б “тухайн үед би буруу хараад сууж байсан. Хэргийн талаар мэдэхгүй” гэдэг боловч “гэртээ байхдаа түргэн дуудах хэрэггүй байх, гудамжинд бусдад хутгалуулсан гэж хэлье гэж ярьсан” гэх зүйлийг тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Э.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө ...... дүүргийн 5 дугаар хороо, ............ тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч, улмаар А.С-тай “дахиж архи авахуулах гэлээ” гэж маргалдан, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.С-н: “... Эхнэртэйгээ маргалдаж байхад эхнэр ширээн дээр байсан тавагтай махан дотор байсан хутгыг авсан. Эхнэрийн хутгыг булааж авах гээд би очсон чинь цээжинд хутгаар дүрчихсэн. Цус гарахгүй байхаар нь тухайн үедээ нэг их санаа зовоогүй, унтах гээд хэвтсэн. Б “түргэн дуудъя” гэхээр нь би “зүгээр байна” гээд дуудуулаагүй. ...” /1 хх 203/,

гэрч Э.Б-н: “...Намайг С-н гэрт орох үед С, түүний эхнэр Н нар архи уусан, согтуу нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд уг архийг хамт уугаад сууж байх үед С өөрийн эхнэр Н-тай маргалдаж байгаад С өвдөж байгаа бололтой орилсон. Гэтэл Н “би жоохон хутгалсан, сүртэй юм биш” гэж хэлээд байсан. Тэгээд би санаа зовоод шархыг нь хартал гэдэсний дээд талд бага зэргийн шархтай, цус гарахгүй байсан. Гэтэл эхнэр Н нь “сүртэй зүйл биш” гэж хэлээд орон дээрээ гараад унтаад өгсөн. ...” /1 хх 28-30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... А.С-н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний эдийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цөсний ерөнхий цоргын зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж элэгний эдийг оёж, цөсний хүүдий авах, хэвлийн хөндийн цусыг соруулах мэс заслын дараах байдал /2018.12.15/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 08 шэ/24 дугаартай дүгнэлт /1 хх 43/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 3-6/, яаралтай тусламжийн хуудас, хохирогч А.С-н өвчний түүхийн хуулбар /1 хх 108-125/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Н-н хохирогч А.С-н цээж хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний эдийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цөсний ерөнхий цоргын зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

   Шүүгдэгч Э.Н-с “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь ялын сонгох төрөлгүй буюу таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Н-н гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын гуравны хоёроос доошгүй хэмжээгээр буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Сүхээ нараас “...Хохирогч Э.С нь удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг, хутганд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, хутга булаалдах болон хүч хэрэглэсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол хамтран гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Монгол Улсын  Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

Мөн нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч А.С нь хэрэг учралын талаар удаа дараа зөрүүтэй байдлаар мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Батмөнхөөс  “... С өөрийн эхнэр Нараатай маргалдаж байгаад С өвдөж байгаа бололтой орилсон. Гэтэл Н “би жоохон хутгалсан, сүртэй юм биш” гэж хэлээд байсан. ... Манай найз С гэртээ байхдаа л цагдаа, түргэн дуудаад хэрэггүй гэж хэлээд дараа нь эмнэлэг дээр ирээд гудамжинд хутгалуулсан мэтээр худал яриад байсан. Яг үнэндээ бол гэртээ архи ууж байгаад эхнэр Н нь маргалдаж байгаад хутгалсан юм”  /1 хх 28-30/, “... С гэнэт “яая” гээд орилоод явчихсан. Эргэж хараад “юу болов” гэсэн чинь Н “би жоохон хутганы үзүүрээр шаачихсан юм, сүртэй юм биш” гэж хэлсэн. ...” гэж /1 хх 218/ тухайн нөхцөл байдлын талаар өөрийн үзсэн харсан зүйлийн хэмжээнд тогтвортой мэдүүлжээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч А.С-н мэдүүлгүүдээс “... Эхнэртэйгээ маргалдаж байхад эхнэр ширээн дээр байсан тавагтай махан дотор байсан хутгыг авсан. Эхнэрийн хутгыг булааж авах гээд би очсон чинь цээжинд хутгаар дүрчихсэн. ...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх гэрч Э.Б-н өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н нь хохирогч А.С-н цээж хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт тогтоогдсоноос гадна, Э.Н-н хутга барьж А.С руу халдсан үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёрын дунд шууд шалтгаант холбоотой.

  Иймд шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Сүхээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгов. 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг цагдан хоригдсон эсэхийг дурдаагүйг энэхүү магадлалаар зөвтгөв.

 Шүүгдэгч Э.Н-н нөхөр А.С нь “барилгын хүнд ажил эрхэлдэг, хүүхдүүдээ халамжлах боломжгүй” гэсэн тайлбарыг хийсэн боловч энэ нь түүний өөрийн хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүрээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 Иймээс Э.Н-н насанд хүрээгүй 2-13 насны 4 хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу төрсөн эцэг А.С-д хариуцуулахаар шийдвэрлэв.