Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 460

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: "ТБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: УЧ.Т-т холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн төлбөр болон хүү 4.746.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын ерөнхий нягтлан бодогч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Т, Г.Н нар Т Б ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 162000432113 тоот зээлийн гэрээний дагуу 6.715.919 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдэн авсан. Үндсэн зээлдэгч Г.Н 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан, хамтран зээлдэгч Ч.Т уг зээлийг төлөх чадваргүй тул зээлийн гэрээний 2.1.4 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.695.205 төгрөг, хүү 51.515 төгрөг, нийт 4.746.720 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр Г.Н 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус банкнаас 6.715.919 төгрөгийн тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Нөхөр маань 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Би ам бүл 4, гурван хүүхдийн хамтаар амьдардаг ба миний бие Дун цагаан өрхийн эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг. Миний сарын цалин 450.000 төгрөг болно. Манай 1998 онд төрсөн ихэр хүүхдүүд болох Н.Б, Н.Б нар нь 3 дугаар курсын оюутан. Том охин Н.Б эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Би өөрөө Х Б ХХК-нд цалингийн зээлтэй бөгөөд сарын эргэн төлөлт нь 490.000 төгрөг байдаг. Би цалингаа бүрэн суутгуулаад дээр нь 40.000 төгрөг нэмж төлдөг. Нөхөр маань тархинд цус харвалт оношоор хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан гэх үндэслэлээр групп авдаг байсан ба амьдралын хүрэлцээгүй байдлаас үүдэн эм тарианы мөнгөө авах, эмчилгээ хийлгэх зорилгоор нөхрийн группын мөнгийг урьдчилж зээлж авсан. Тухайн зээлж авсан мөнгө нь нөхрийн эмчилгээнд зориулагдаад дууссан юм. Зээлийн гэрээний 1.2.1-д Банк зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн 162000432113 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ гэж заасан байх ба зээлдэгчийн тэтгэвэр нь тухайн зээлийн гэрээний барьцааны зүйл болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 240.1.2-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Миний хувьд амьдрал байдал туйлын хүнд нөхцөлд байгаа тул Т б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж зээлийг төлөх боломж байхгүй байна. Иймд тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч Ч.Т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн 4.695.205 төгрөг, хүү 51.515 төгрөг, нийт 4.746.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Хариуцагч Ч.Т нь нөхөр Г.Н-аас олгосон итгэмжлэлийн дагуу Т б ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ[1] байгуулж, 6.715.919 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Г.Н-ийн тэтгэврийг барьцаалан авсан байна.

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Төрийн банк ХХК нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

       Хэдийгээр тэтгэвэр авагч Г.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан[2], мөн хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нас барсан тул үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна гэсэн боловч хариуцагч Ч.Т нь Г.Н-аас олгосон итгэмжлэлийн[3] үндсэн дээр Т б ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байх тул уг үүргийг тэрээр биелүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. Харин Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалт нь талийгаач Г.Н-ийн хувийн байдалтай холбоотой байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Т-т хамааралгүй байна.

      Нөгөө талаар, хариуцагчаас Би Х б ХХК-иас авсан цалингийн зээлтэй, 2 хүүхэд оюутан, төлбөрийн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, холбогдох Х б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, өөрийн цалингийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

          Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 2018 оны Тэтгэврийн зээлийн гэрээ-ний 2.3.1-т Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ гэж, 3.2-т Зээлийн гэрээг цуцалснаас үүдэн гарах хариуцлага, хохирлыг зээлдэгч, хамтран зээлдэгч хариуцана гэж тус тус заасан байх ба зээлдэгч болон хамтран зээлдэгчээр Ч.Т гарын үсэг зурж, баталгаажуулсан тул тэрээр уг гэрээний үүргийг бүрэн биелүүлэх үүрэг бүхий этгээд мөн байна.

        Харин нэхэмжлэгч Т Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэсэн шаардлага дурдсан байгаа боловч Тэтгэврийн зээлийн гэрээ-ний 2.1.4-т Банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг эргүүлэн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, мөн 3.1-т Зээлдэгч нь төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг эргүүлэн төлүүлэхээр шаардана гэж тус тус заасан, өөрөөр хэлбэл, шүүх бус банк өөрөө тухайн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байх тул шүүх уг гэрээг цуцлах үндэслэлгүй байна.

       Мөн Т Б ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн тэтгэврийн зээлийн гэрээ цуцлагдсан байх тул энэхүү шийдвэрээр зөвхөн хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

     Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Т-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.695.205 төгрөг, зээлийн хүү 51.515 төгрөг, нийт 4.746.720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-ээс 90.898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Б ХХК-нд олгох нь зүйтэй.

Хариуцагчаас ирүүлсэн Н.Б, Н.Б нарын сургуулийн тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул уг баримтуудын талаар шийдвэрт дүгнэлт хийгдээгүй болно.