| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00435/и |
| Дугаар | 463 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 463
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х Б ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.О-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.087.309,82 төгрөг, зээлийн хүү 761.589,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.752,86 төгрөг, нотариатын зардал 1.500 төгрөг, нийт 1.931.152,67 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын зээлийн багц хариуцсан менежер Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ц болон түүний охин П.О нар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Х Б ХХК-ийн Увс салбарын Зүүнговь тооцооны төвөөс тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 2.384.495,85 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай, сар бүр 230.000 төгрөг төлөх нөхцөлтэй хувийн хэрэгцээнд зориулж авсан. Зээлдэгч Б.Ц 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан бөгөөд үлдсэн төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох охин П.О-ээс төлөхийг удаа дараа утсаар шаардсан боловч гэрээний 1.2-д заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч П.О-ээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 1.931.152,67 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х Б ХХК-ийн Увс салбарын надад холбогдуулан гаргасан 1.929.625.67 төгрөг гаргуулах, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний ээж Б.Ц нь ХБ ХХК-ийн Увс салбарын Зүүнговь тооцооны төвөөс 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2.384.495.85 төгрөгийн зээлийн үлдэгдэлд нэмж 314.500 төгрөгийн тэтгэврийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтөд сар бүр 230.000 төгрөг төлөхөөр эмчилгээнд зориулж авсан. Тухайн үед ээж Б.Ц-ййн хөл хугарч, хэвтэрт 2 жил гаруй асруулж, эм тариа хийлгэж байсан. Гэтэл миний ээж Б.Ц 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өвчний учир нас барсан. Ээжийг тэтгэврийн зээл авах үед би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж байсан боловч зээлийг банк тэтгэврээс нь суутган авч байсан учраас зээлийн эргэн төлөлтөд хэдэн төгрөг төлөгдсөнийг мэдэхгүй байна. Ээжийг нас барсны дараа банк надаас ээж Б.Ц-ийн нэр дээрх зээл төлөхийг огт шаардаагүй учраас тухайн үед би ээжийн тэтгэврийн зээлийг төлөгдсөн гэж ойлгосон. Миний ээж Б.Ц 76 насандаа нас барсан бөгөөд 6 хүүхэд төрүүлж өсгөсөн, нас барах үедээ ямар нэгэн өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй байсан ба бид нарт ээжээс үлдсэн өв хөрөнгө гэж байхгүй, ээжийг нас барснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд банкны зүгээс 6 хүүхдийн хэнээс нь ч өр төлбөр нэхэж байгаагүй. Харин 2019 оны намар 7-8 сарын үед банк надаас нэг удаа ээжийн зээлийг төлөхийг шаардаж утсаар ярьж зээл төлөхийг шаардсан. Би зээлтэй эсэхийг нь мэдэхгүй, тэтгэврээс нь суутгаад дуусгасан байх, надад зээл төлөх төлбөрийн чадвар байхгүй, би төлөхгүй гэж хэлсэн юм. Х Б ХХК-ийн Увс салбар зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийн төлүүлэх шаардлага гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зөвхөн тухайн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой ба миний ээж Б.Ц зээл авахдаа тэтгэврээ барьцаалж авснаас биш өөр ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Нөгөө талаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр төлүүлэх гэснээс үзэхэд энэ шаардлага тодорхойгүй байна. Түүнчлэн миний болон манай гэр бүлийн өмч хөрөнгөд банк ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй халдах эрхгүй гэж үзэж байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Увс салбар нь хариуцагч П.О-үүд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.087.309,82 төгрөг, зээлийн хүү 761.589,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.752,86 төгрөг, нотариатын зардал 1.500 төгрөг, нийт 1.931.152,67 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Б.Ц, П.О нар Х Б ХХК-ийн Увс аймгийн Зүүнговь тооцооны төвөөс 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 2.698.995,85 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд Б.Ц-ийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Гэвч нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Увс салбар нь тухайн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсноос хойш 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т заасантай нийцэхгүй байна.
Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх гэрээний хугацаа дуусмагц, эсхүл мөн хуулийн 76.2-т зааснаар иргэн Б.Ц нас барж, түүний зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон үеэс хойш хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байжээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч П.О-тэй 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, зээлийн төлбөр төлөхийг шаардсан хэмээн Зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл гэх баримтыг ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа бөгөөд дээрх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлд хамаарахгүй байна.
Иймээс мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хариуцагч П.О-ийн татгалзал үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.