Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Х-д холбогдох 2316000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ****** тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДЮ******* регистрийн дугаартай, Б овогт Т-н Х.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Х-н 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Нутгийн удирдлагын ордны 4 замын уулзварт **** УНВ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг, мөн дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг  тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны ил хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Нутгийн удирдлагын ордны 4 замын уулзварт **** УНВ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Н.Т-г мөргөж, биед нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны ил хугарал буюу хүнд гэмтэл учруулсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан замын байдал. /хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 03 сарын 13-ны өдрийн 17 цаг 30 минутад манай анги тарсан. Би  ээж Н-тэй утсаар анги тарсан, хаана  байж байх бэ гэж хэлэхэд ээж дугуй дэлгүүрийн хажууд байж байгаарай гэж хэлсэн. Би ангиасаа гараад дугуй дэлгүүрийн тэнд очоод эмээ рүүгээ утсаар залгаад би дугуй дэлгүүрийн энд байна. Одоо замаар гарлаа шүү гэж хэлсэн. Тэгэхэд эмээ за за зам гар гэж хэлсэн. Би тэгээд зам хөндлөн гараад талбайгаар хойшоо гараад явган хүний гарцаар гарч байхад замын дунд хэсэг дээр хүрэн өнгийн, жижиг машин байсан. Тэр машин миний ташаан толгой хэсэг рүү мөргөсөн. /анх мөргөсөн гэх газраа өөрөө заав/ Би зам дээр унахад миний хөл дээгүүр машины дугуй гарсан. Тэгээд ард явж байсан цагдаа ах машинаас бууж ирэхэд манай эмээ хажууд ирсэн. Тэгээд би цагдаа ахын машинтай эмнэлэг явсан...Баруун хөлдөө гэмтэл авсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

3. Н-н Т-н насыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны  өдөр 7 нас 11 сар 8 хоногтой гэж тоолсон мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

4. Хохирогч Н.Т-гийн 1312 дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 53-62 дугаар хуудас/

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-н шүүх хуралдаанд өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд манай эхнэр над руу залгаад хүү машинд дайрууллаа гэж хэлсэн. 03 дугаар сарын 14-нд Сүхбаатар аймгаас наашаа ирсэн. Би хувийн машинтайгаа Сүхбаатар аймагт экспортын нүүрс тээвэрлэдэг. Т.Х нь Улаанбаатар хот руу миний хүүг хагалгаанд орохоор явахад нь нөхрийн хамт явсан. Үүнд баярлаж байна. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 26-ны хооронд миний машин яваагүй. Миний машины чиргүүл  60-68 тонн ордог. 1 тонн 115 юаниар боддог. Тэр үед Монгол банкны ханшаар юань 510 төгрөг байсан. Тэгэхээр 1 тонн нүүрс 58,650 төгрөгөөр Сүхбаатараас Бичигтийн боомт хүртэл явдаг. Дунджаар 1 удаагийн тээвэрлэлтээр 3,753,000 төгрөг гарч байна. 350 литр түлшээр 420 км газар явдаг. 1,365,000 төгрөгөөр түлшээ авдаг.уг түлшний мөнгийг хасахаар 2,388,000 төгрөг үлдэж байна. Хоол хүнс гээд 2,300,000 цэвэр ашиг гардаг. 2 хоногтоо юм уу? өдөртөө явдаг байгаа. 2023 оны 03 дугаар сарын 14-нд наашаа гарч хүүгээ эмчлүүлэхээр ирсэн. Улаанбаатар хотод очиж 1,000,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Т.Х эмчилгээнд 1,000,000 төгрөг өгсөн. Би эхнээсээ хэлсэн. Хүүхдийнхээ хөлөөр тоглохгүй. Янз бүрийн мөнгө нэхэхгүй. Миний хүүхэд эрүүл байсан тэр хэвээр нь болгож өг гэж хэлсэн... Хүүхэд сэтгэл санааны хямралтай байгаа. Эмч нар хэлэхдээ сэтгэл санааг тайван байлгах ёстой. Тэгэхүй бол ходоодны шарх, элэг амархан өвчилдөг гэсэн учраас би машинаа орхиод хүүхдээ асарч байна. 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс хөлсний жолооч явуулсан. 1 удаа явуулахад 500,000 төгрөг явуулж байгаа. Н овогтой О гэж Есөнбулаг сумын харьяат жолооч явж байгаа. 14 дэх рейсээ Бичигтийн боомтод буулгаж байна. Өнөөдрөөс эхлээд Н.О ах явахгүй. Би өөрөө очиж явна. Т.Х-ээс 03 дугаар сарын 14-нд ачигдах ёстой байсан 7 рейсийн мөнгө нэхэмжилж байна... Иймээс Т.Х-ээс өөрөө ажиллаж чадаагүй 13-26-ны хоорондох тээврийн хөлсийг нэхэмжлэхээр 17,000,000 төгрөг болж байгаа. Гэхдээ энэ хүний амьдралыг бодож байна. Жолоочийн цалин 14 рейсийн 7,000,000 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгч 1,500,000 төгрөг надад өгсөн. Одоо 5,500,000 төгрөг, хүүгийн өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг  нийт 6,300,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдаан тэмдэглэлээс/

6. Гэрч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 18 цагийн орчимд ажлаасаа тараад Т.Х-н машинд суугаад гэр рүүгээ харихаар явсан. Хуучин чуулгын тэнд М гэх хүнийг буулгаад дээшээ намайг буулгахаар явсан. Би тээврийн хэрэгслийн ар талын суудалд суусан бөгөөд утсаа оролдоод явж байсан. Тэгсэн чинь Нутгийн удирдлагын ордны 4 замын уулзвар хэсэгт Т.Х гэнэт зогссон. Би машинаас буугаад харахад явган хүний гарцны ойролцоо нэг эрэгтэй хүүхдийг Т.Х босгож байсан. Тэр үед тэр хүүхдийн эмээ болон нэг цагдаа ирсэн. Тэр хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан. Би Т.Х эгчийн 3 хүүхдүүдийг харахаар явсан юм... Т.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өглөө ажилдаа ирээд орой ажлаасаа тарж байсан юм...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

7. Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай охин Н нь ажилтай байсан. Тухайн үед би Н.Т-гийн 9******* дугаар руу залгаад Дугуй дэлгүүрийн үүдэн дээр зогсож байя гэж хэлсэн. Би гэрээсээ Н.Т-г авахаар 17 цагийн үед гарсан. Тухайн үед Н.Т-гийн 4 настай дүүг нь хөтлөөд явж байсан юм. Нутгийн удирдлагын ордны зүүн урд талын явган хүний гарцаар гарахаар явж байтал улаан хүрэн өнгийн машин зогсчихсон байсан. Явган хүний зам дээр машины ар хэсэг дээр нэг эмэгтэй манай ач хүү болох Н.Т-г өргөж байсан. Би тэгээд яав юу болов гээд яваад очсон. Тэр эмэгтэй би хүүхэд рүүгээ яарч явж байгаад ингэчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа манай ач хүүг өргөөд машиндаа суулгасан. Тухайн үед би хамт машинд нь суугаад 103 руу буюу эмнэлэг дээр очсон юм. Манай ач хүүгийн баруун хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байсан. Эмнэлэгт очоод эмч нар эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн...Тухайн үед биеийнх нь ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Баруун хөл нь шилбээрээ хугарсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/

8. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаартай “...1. 2. Н.Т-гийн биед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн №1312 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр баруун хөлийн шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/

9. Автотээврийн мэргэшсэн инженер Л.Амгаланбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай “... Тоормосны систем хэвийн ажиллагаатай... 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцэж байсан...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”  зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.Х-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

1. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/

2. Шүүгдэгч нь хяналт-хэмжилтийн төхөөрөмжийн заалтаар 0,00 хувийн согтолттой байсныг тусгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл. /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

3. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Н.Т нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засалд орж 250,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаториор үзүүлж 15,000 төгрөг, нийт 265,000 төгрөгийг гэмтлийн гаралтай өвчний улмаас тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 265,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

5. Н-н Т-н насыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны  өдөр 7 нас 11 сар 8 хоногтой гэж тоолсон мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

6. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд 265,000 төгрөг төлсөн ХААН банкны 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт

7. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой 24 хуудас баримт.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөнтэй холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Х-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй   байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгчийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, мөрдөн шалган ажиллагааны үед нэхэмжилсэн хохирлыг төлсөн, гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 3 жил байх тул Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасахаар...” зохицуулсан байна.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Т.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн эмчилгээ, сувилгаатай гарсан зардалд 2,828,000 (хоёр сая найман зуун хорин найман мянга) төгрөгийг төлсөн байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-н нэхэмжилсэн 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 800,000 (найман зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Т.Х-ээс гаргуулан хохирогчид олгож, 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх түүний эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүний хууль ёсны төлөөлөгч  “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”  хийсэн нь хэдийгээр талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл мэт  боловч  шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар уг гэрээг байгуулах шаардлага үүссэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзэн өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-н хүүхдээ асрах хугацаанд олох ёстой байсан орлого нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар бүрэн тооцох боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 2,828,000 (хоёр сая найман зуун хорин найман мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 265,000(хоёр зуун жаран таван мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 5 хуудас, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 24 хуудас баримтуудыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, ******** дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Т-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2(хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хассугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Х-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.Х-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-н нэхэмжилсэн 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлээс 800,000(найман зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Т.Х-ээс гаргуулан хохирогчид олгож, 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх түүний эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 2,828,000(хоёр сая найман зуун хорин найман мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 265,000(хоёр зуун жаран таван мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 5 хуудас, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 24 хуудас баримтуудыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, ********** дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА