Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 172

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Нярав овгийн Б.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боржгин овгийн Ч.Ч холбогдох,

 “10000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Ч.Ч, хариуцагчийн өмгөөлөгч П.А, нарийн бичгийн дарга З.Сүхбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.Ч гэх хүнээс экскватор худалдаж аваад 5, 6 сар өөр дээрээ байлгасан. Ажиллаж байх явцад ажил хийх боломж нэг сарын хугацаа гарсан. Яг ажилласан өдрийг тоолох юм бол 10 өдөр байдаг. Бусад үед нь техникийн саатал, эвдэрэлтэй байсан. Техник хэрэгслээ янзалж засвар үйлчилгээ хийгээд ажлын үр дүн муутай байсан учраас зээлээр авсан экскаваторын үлдэгдэл мөнгө болох 15000000 төгрөгийг өгч чадахгүй буусан. Гэтэл надтай хамж ажиллаж байсан Ц.Э гэдэг залуу Ч.Ч-г ирж экскаватораа ав гэж   хэлсэн чинь ирээд экскаватораа аваад явсан байсан. Ч.Ч-с экскаваторыг авч байх  хугацаанд  экскватор ямар байсан түүнээс нь дордуулж өгөөгүй гэж бодож байгаа. аваад явсан байсан. Ч.Ч-с экскаваторыг буцааж авсан учраас экскватор зээлээр худалдан авахдаа урьдчилгаа гэж 10000000 төгрөг өгсөн байсан. Тийм учраас урьдчилгаанд өгсөн 10000000 төгрөгийг буцааж авъя гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан гэв.

Хариуцагч Ч.Ч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн экскваторыг бүрэн бүтэн аваад явсан нь үнэн. Ажлын явцын дунд ямар ч техник элэгдэл, хорогдол гэж тодорхой хэмжээний үйлчилгээ хийдэг. Тиймэрхүү үйлчилгээнүүд хийсэн байсан. Би техникийг дээрдүүлсэн, дордуулсан талаар яриагүй. 1000000 төгрөг өгөөд хоёулаа тохиролцъё.  Ц.Э та хоёр хоорондоо ярилц гэсэн чинь тийм зүйл байхгүй гээд байх

шиг байна. Түрээсээр бодох юм бол батлагдсан 12 цагийн 12000000 төгрөгийн үнэтэй түрээсээр явдаг. Түрээсэлж байгаа компани тухайн техникийн үйлчилгээг  бүрэн хариуцдаг. Жаахан юм хийчихээд түүнийгээ их юм хийсэн гэж тооцоод байх шиг байна. 10 хоног ажилласан гэдэг нь худлаа. Б.С, Э хоёр сар гаруй ажилласан нь үнэн. Тэгээд би Э руу яриад үлдсэн 15000000 төгрөгөө хэзээ төлөх юм бэ? гэсэн чинь Б.С бид хоёр эвтэй ажиллаж чадахгүй байна. Ч.Ч чи ирж Экскаватораа ав гэж хэлсэн.  Урьдчилгаа гэж өгсөн 10000000 төгрөгийг түрээс гэж бодно уу? юу гэж бодно уу? бид хоёр илүү мөнгө төгрөг өгч чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би экскватораа 3 сард очиж авсан. Би өөрөө тэр талын бизнес эрхэлж байсан учраас надад их хэрэг болж байсан. Экскаватораа өгч явуулсны дараа миний техник ч бас эвдэрсэн. Тухайн Экскаватор хэрвээ надад байсан бол маш их хэрэг болох байсан. Б.С, Ц.Э хоёрыг гуйгаад байхаар нь итгээд л өгсөн. Итгээд экскаватораа өгснөөрөө би одоо буруутай болоод байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Ч.Ч холбогдуулан “10000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч.Ч нь “Миний өмчлөлийн экскаваторыг Б.С нь өөрийн найз Ц.Э гэх хүнтэй хамтарч худалдаж авахаар хэлцэл хийж урьдчилгаа болгож 10000000 төгрөгийг надад төлсөн боловч экскаваторыг 8 сар эзэмшилдээ байлгаж байгаад надад буцаан өгсөн. Энэхүү 8 сарын 3-н сар нь хамгийн идэвхтэй ажлын хугацаа юм. Идэвхтэй ажлын хугацаанд сар тутам 12000000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж алт олборлогч нар үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас нэхэмжлэгч тал надаас 10000000 төгрөг нэхэмжлэх байтугай 26000000 төгрөг надад төлөх ёстой” гэж тайлбарлаж маргажээ.

Нэхэмжлэгч Б.С нь Ц.Э-тай хамтран ажиллаж байх хугацаандаа 2017 оны 07 дугаар сард хариуцагч Ч.Чинзоригтой экскватор автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд урьдчилгаа болох 10 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Ч өгсөн, 2017 оны 07 дугаар сараас экскватор автомашины үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч Ч.Ч нь худалдсан экскватор автомашинаа 2018 оны 03 дугаар сард буцаан авсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Б.С нь 2017 оны 07 дугаар сард 10 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Ч-н Хаан банк дахь ******* тоот дансаар шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт болон нэхэмжлэгч Б.С-н Хаан банк дахь ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Б.С нь худалдаж авсан экскватор автомашины үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч Ч.Ч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан бөгөөд түүний татгалзал хуульд нийцсэн байна.

Хариуцагч Ч.Ч ийнхүү дээрхи гэрээнээс татгалзсан нь гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үр дагавар үүсгэх тул хариуцагч Ч.Ч-с 10000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар хариуцагч Ч.Ч-с 10000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 174950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.