Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2316000760060 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ********** ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын ****** багийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЙ******** регистрийн дугаартай, Т овогт Б-н М.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Кристал” зоогийн газрын ариун цэврийн өрөөнд гээсэн хохирогч Ц.Б-н Самсунг-А52 маркийн гар утсыг авч, 8******** дугаар хийн ашигласан болох нь:

1. Шүүгдэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...Ариун цэврийн өрөөнд бие засахаар ороод суултуурын доод талыг харсан чинь усан цэнхэр өнгийн артай гар утас хэвтэж байсан. Би тэр утсыг аваад өмднийхөө халаасанд хийгээд бие засчихаад гараад явсан... Дэлгэц нь паттерн түгжээтэй байсан. Би тэр утасны түгжээг нь базаад тайлчихсан... Би өөрийн олсон гэх гар утсанд 8*********** гэх ***** ХХК-н эзэмшлийн Т гэх хүний нэр дээр байдаг Юнителийн дугаарыг хийж ашигласан  ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

2. Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...23 цагийн үед бие засахаар ариун цэврийн өрөөнд орсон ... караокены өрөөнд ороод халааснаасаа утсаа хайж үзэхэд утас байхгүй байсан. Тэгэхээр нь би бие засах өрөөний угаалтуурын хажууд гараа угааж байгаад утсаа тэндээ үлдээснээ санасан. Тэгээд бие засах өрөөнд ороод хайсан боловч байхгүй байсан... Ажлын хүмүүсийн утсаар залгахад дуудаад авахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

3. Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...миний алдсан гар утас мөн байна ... Миний хүлээж авсан гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй урд хойд талын камер бүрэн бүтэн зураг бичлэг хийхэд ажиллагаа хэвийн байна... IМЕ1 код:1 35************, IМЕ1 код:2 35************ дугаарын код таарч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

4. Юнител ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05-01/1823 дугаартай “...35************** имэй кодтой утсанд 8********** дугаарыг 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хийж ашигласан байна. 8**********-Ч-н Т, ДЕ********, Говь-Алтай Есөнбулаг, ********** тоот...” гэх албан бичиг. /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас /

5. Самсунг А52 /Samsung A52/ загварын гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд, гар утсыг хохирогчид 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/

6. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-921/2463 дугаартай “...Самсунг А52 /Samsung A52/ загварын гар утсыг 1,000,000 (нэг сая) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/

7. Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гэртээ ирэхэд цэнхэр өнгийн Самсунг Галакси-А52 загварын гар утас барьсан байсан. Тэгээд би чи ямар утас хаанаас авсан юм бэ гэж асуухад 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлын газрын хүмүүстэй Кристал зоогийн газрын караокед сууж байгаад бие засахаар ариун цэврийн өрөөн орохдоо газар хэвтэж байсан утсыг олсон гэсэн... Тэрнээс хойш 2023 оны 03 дугаар сар хүртэл тухайн утсыг ашигласан... 8******* дугаарын сим картыг идэвхжүүлсэн ашиглаж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА