Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0161/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч П.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Пүрэвжавын Мөнхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000151 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 235 тоотод оршин суух хаягтай, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 46 хоногийг нийтэд хийлгэх ялын 368 цагаар тооцож эдлэх ялаас хасаж, өмнөх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 530 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, ****/ ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар байрны 18 тоот Т.Алтаншагайгийн гэрт Б.Зоригтын нүүрэн тус газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн гадна ирмэг гадна буланд шугаман зөрүүтэй хугарал, доод хана хацрын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

 

Хохирогч            Б.Зоригтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Анхбаяр, Чойжилсүрэн, Идэрмөнх, Алтаншагай, Мөнхбаяр, Сэргэлэнбаатар нарын хамт Алтаншагайгийн гэрт 12 цагт цугларан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд 19 цагийн үед Мөнхбаяр бид хоёр үл ялих зүйлээс болж / Чойжилсүрэн Мөнхбаяр хоёр муудалцаад байхаар нь би Чойжилсүрэнг өмөөрсөн юм/ маргалдахад Мөнхбаяр нь гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд зүүн чамархай /нүд хөмсөг орчимд/ хэсэгт нэг удаа зүссэн ба би түүний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Ингээд тухайн гэрт байсан хүмүүс Мөнхбаяр бид хоёрыг салгасан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

 

... Би өмнөх мэдүүлэгтээ Чойжилсүрэн Мөнхбаяр хоорондоо муудалцсан гэж андуураад мэдүүлэг өгсөн байна, учир нь биеийн байдал зовуурьтай хүндхэн байсан юм. Чойжилсүрэн, Мөнхбаяр хоёр хоорондоо муудалцсан асуудал байхгүй, ...Ухархайн имплант хийлгэсэн 1,400,000 төгрөг, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 482,850 төгрөг, 2 сарын хугацаанд тогтмол хэрэглэх шаардлагатай ам зайлах бодис, хамар цэвэрлэх бодис гээд өдөрт 5,000 төгрөгийн зардал тогтмол гарч байна. Одоогийн байдлаар би 1,882,850 төгрөг, хамар цэвэрлэгээний хэрэгсэл 40,000 төгрөг, ам зайлах бодис, нүдний дусаагуур гээд тодорхой хэмжээний зардал гарсан ба эдгээр мөнгөнүүд нийлээд 2,450,000 төгрөг болсон байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

 

Гэрч Б.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед цуглараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба 19 цагийн орчимд би гал тогоонд хоол хийгээд байж байхад Мөнхбаяр гал тогоонд орж ирээд гарсан ба том өрөөнд чимээ шуугиан гарахаар нь очоод болиулах гэхэд Мөнхбаяр ын гарт хутга байсан, харин Зоригтын зүүн чамархай хэсгээс их хэмжээний цус гараад түүнийгээ гараараа дараад байж байсан. Ингээд бид нар Зоригт Мөнхбаяр хоёрыг салгаад байж байхад түргэн тусламж орж ирээд түүний дараа цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

 

Гэрч Т.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...18 цагийн үед тасраад унтаад өгсөн. Ингээд нэг сэрсэн цагдаа нар ирчихсэн байсан... Том өрөөний хивс болон үүдний шалан дээр цус гоожсон байдалтай байсан. Харин би сэрэхэд Зоригтыг эмнэлэг аваад явсан гэсэн. Би согтуу байсан тул бусдыг ямар байдалтай байсныг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

 

Гэрч Ц.Сэргэлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цаашаа хараад хэвтэж байсан чинь Мөнхбаяр хутга бариад зогсож байхаар нь би хутга булааж аваад шидсэн. Тэгээд Зоригтын цусыг нь угаалгын өрөөнд орж цэвэрлүүлсэн чинь цус нь тогтохгүй эмнэлэг цагдаа дуудсан, би Мөнхбаяр аас Зоригтыг хутгалсан хутга булааж авах гээд зуурч байгаад баруун гарын долоовор хурууг эсгэсэн, тэгээд угаалгын өрөөнд Мөнхбаяр араас орж ирж цусаа угаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Мөнхбаяр Зоригтыг ална гээд гал тогооны өрөөнд байсан шар иштэй хутга аваад Зоригтын нүүрэн тус газар нь зүсэж авсан. Би тэр асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэнэт хоорондоо маргаад хэрэлдээд ноцолдоод эхэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дугаар тал/,

 

Гэрч Ц.Чойжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би найз Алтаншагайн гэрт 16 цагийн үед хотоос таксинаас буугаад манай найзууд байна гэхээр нь орсон. Тэдний гэрт Зоригт, Сэргэлэнбаатар, Идэрмөнх, Мөнхбаяр, Анхбаяр нар архи ууж байсан. Би дээрээс нь ороод бид нар дахиж 2 шил архи уусан. Тэгээд би жаахан унтаад өгсөн байсан. Тэгтэл нөгөө хэд чинь орилоод эхэлсэн. Би гайхаад босоод харсан чинь Мөнхбаяраас Сэргэлэнбаатар хутга булааж авч байсан. Тэгтэл Сэргэлэнбаатар ын гар нь зүсэгдсэн. Зоригтын нүүрэн хэсгээс нь цус гоожоод байж байсан. Удалгүй манай хэдийн нэг нь цагдаа дуудаад цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаартай “... Б.Зоригтын биед зүүн нүдний ухархайн гадна ирмэг гадна буланд шугаман зөрүүтэй хугарал, доод хана хацрын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гадна буланд цайвар нөсөө бүхий оёдлын сорви, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, нүүрний бүтэц, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

 

Шинжээч эмч П.Одмаагийн “...зүүн нүдний ухархайн гадна ирмэг гадна буланд шугаман зөрүүтэй хугарал, ухархайн доод хана хацрын хөндий рүү ир үзүүртэй зүйлээр ташуу байдлаар нэвтэрсэн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байсан. Зүүн нүдэнд үүссэн цус хуралт нь гэмтлийн шалтгааны улмаас нүдэнд хийгдсэн мэс заслын үед үүссэн тул дүгнэлтэд тусгасан. Дээрх хоёр гэмтэл нь тус тусдаа хүндэвтэр зэргийн гэмтэл тул нийлүүлээд хүндэвтэр зэргээр үнэлсэн, учир нь гэмтлүүд нь амь насанд аюултай, гавлын хөндий рүү нэвтрээгүй, нүдний алимд гэмтэл үүсээгүй учраас хүнд гэмтэлд хамаарахгүй. Дээрх гэмтсэн яснууд нь нимгэн, гэмтэл авахад хялбар эдгэрэлтийн явц нь хурдан байдаг тул ир үзүүртэй зүйл буюу хутгаар үүссэн байх боломжтой. Тухайн хүний хутгалж байгаа хүний үйлчлэлийн хүчнээс шалтгаалан гэмтэл нь цөмөрсөн байх боломжтой" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 113-114 дүгээр тал/,

 

Б.Зоригтын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хавтаст хэргийн 78-111 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 377 дугаартай “ Б.Зоригтын биед зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацрын төвгөр дайрсан шугаман хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хананы хугарлыг засч имплант суулгасан мэс ажилбар зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацрын төвгөр дайрсан шугаман хугарал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хутгалагдах хатгах үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2023.02.19-ний өдөр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023.03.07-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтэд тусгагдаагүй гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлийн улмаас одоогоор нүдний хараанд өөрчлөлт ороогүй байна. Сорвинд гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд П.Мөнхбаяр ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Зоригт гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол эмчилгээ, хагалгаа, эмнэлэгт хэвтсэний болон өдөр тутам гарах угаалга, цэвэрлэгээний бодис материалын төлбөрт 3,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч П.Мөнхбаяр нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 3,000,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Зоригт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч П.Мөнхбаяр нь урьд согтуурсан үедээ хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг удаа ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иймд П.Мөнхбаярын согтуугаар удаа дараа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, өмнө нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч уг ялыг биелүүлээгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг 3 дугаар гудамжны 235 тоотод оршин суух хаягаас 500 метрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлд “Шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж заасны дагуу П.Мөнхбаяр т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, ял эдлэх хугацааанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбаяр ын энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 29 хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 09 сар 01 хоногоор тогтоов.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь ялтныг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх зорилготой бөгөөд оршин сууж буй газраас 500 метрээс гадагш явахгүй байхаар ял эдлэх бүсийг тогтоосон нь ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй гэх агуулгагүй бөгөөд ялтан ажилд орсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол ял эдлэх бүсээ  өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 25.5 см урттай, ажлын хэсэг нь 14 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын Мөнхбаяр ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Мөнхбаяр т 10 /арван/ сарын хугацаанаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Мөнхбаяр т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг ялтны байнга оршин суух хаяг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 235 тоотоос 500 метрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 4 дахь хэсэгт зааснаар ялтан П.Мөнхбаяр т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Мөнхбаяр ын энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 29 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 /ес/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Зорчих эрх хязгаарлах ял, хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелэлтэд хяналт тавьж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбаяр аас 3,000,000 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух ****/олгосугай.

 

9. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 25.5 см урттай, ажлын хэсэг нь 14 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мөнхбаяр т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД