Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/179

 

  2023         5              23                                  2023/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,  

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.Б холбогдох эрүүгийн 2225003520148 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Б

Шүүгдэгч Г.Б нь;

2022 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоотод оршин суух Р.Н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуучны бага гарын мөнгөн аяга, бөөрөн хэсэгтээ загасан сийлбэртэй шүрэн толгойтой их гарын халтар мана хөөрөг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, өвлөгдөж ирсэн хуйтай төмөр хутга, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга, шинэ цагийн эмэгтэй хүний мөнгөн бүс, голдоо цагаан сувдан шигтгээтэй мөнгөн кулон, ээмэг, гинж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 23.445.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Б “...тухайн үед охинтойгоо уулзах гэж Орхон аймагт ирсэн, тэгээд ээж нь “уулзуулахгүй” гэхээр нь архи уугаад согтуудаа ийм хэрэг үйлдсэн байна, миний буруу.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Р.Н“...Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоот хаягийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эзэнгүй орхиод Улаанбаатар хот руу хүүхдээ эмчлүүлэхээр явсан...өчигдөр 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим манай хажуу хөрш айлын Мандах 95559717 дугаарын утаснаас залгаж “танайхан ирчихсэн юм уу, танай байшингийн арын цонх онгорхой байна” гэж хэлсэн. ...Бид нар хашаа, байшингаа шалгаж үзтэл хашааны хаалга хэвэндээ, харин байшингийн ар талын жижиг цонх онгорхой байдалтай, дотор талын цонх нь мөн адил онгорхой, байшингийн баруун хананд байрлуулсан авдарны цоожны цүүг нь эвдсэн, авдар онгорхой байдалтай байж байсан. ...эд зүйлээ бүртгэж үзэхэд манай гэрээс бага гарын хоёр аяга, дунд гарын хоёр аяга, шүрэн толгойтой халтар манан хөөрөг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, эмэгтэй мөнгөн бүс, хуучны хуйтай төмөр хутга, хоёр хос мөнгөн гинж зэрэг хулгайд алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

“...Шүрэн толгойтой их гарын халтар манан хөөрөг нэг ширхэг, хуучны шүрэн шигтгээтэй шүрэн бугуйвч гурван ширхэг, хуучны бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагаан бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, эмэгтэй мөнгөн бүс нэг ширхэг, өвлөгдөж ирсэн хуучны хуйтай төмөр хутга нэг 1 ширхэг, хослол гинж кулонтойгоо нэг ширхэг, хоёр хос ээмэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч О.Э “...Би 2016 оноос хойш 3-22 дугаар байрны “Эрдэнэс” ломбардыг ажиллуулж байна, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 43 минутанд нэг ширхэг бага гарын мөнгөн аяга 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан Г.Баярмагнай гэх эрэгтэйн иргэний үнэмлэх, тухайн хүний царайг тулгаж барьцаанд эд зүйлийг авсан. ...Цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй, саарал цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Г.Б яллагдагчаар өгсөн “...урьд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн юм. Би “Эрдэнэс” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хулгайлсан мөнгөн аяганаас нэг ширхэг мөнгөн аяга тавьсан, Улаанбаатар хотод Уртцагаан гэх газар бугуйвч, мөнгөн бүс хоёрыг ченжид 2.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан, бусад эд зүйлсийг гэрийн ойролцоо газар ухаад нуусан байгаа, энэ эд зүйлсийг би хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Би 2022 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрийн хооронд Эрдэнэт буюу Орхон аймагт байсан, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоотод байрлах нэг давхар ногоон өнгийн байшингийн цонхоор орж, том өрөөний хойд хэсэгт байрлах авдраас том, жижиг мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж хутга, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-81 дэх тал/,

хохирогч Р.Н “...манай байшингийн цонх онгорхой байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12, 13-15 дахь тал/,

хэргийн газраас олдсон “Эрдэнэс” Барьцаалан зээлдүүлэх газрын үйлчлүүлэгч Г.Баярмагнайтай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7874 тоот “Барьцаат зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 16 дахь тал/,

2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан  тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-20, 21 дэх тал/,

“Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-24 дэх тал/  

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ- 622/3789 дугаартай “...хуучны бага гарын мөнгөн аяга, ууттай 1.500.000 төгрөг, шүрэн толгойтой, их гарын халтар манан хөөрөг 20.000.000 төгрөг, гурван ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 1.200.000 төгрөг, хуучны хуйтай төмөр хутга 120.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 500.000 төгрөг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 125.000 төгрөг, шинэ цагийн эмэгтэй мөнгөн бүс 120.000 төгрөг, голдоо цагаан сувдан шигтгээтэй мөнгөн кулон ээмэг, гинж 130.000 төгрөг, нийт 23.445.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-40 дахь тал/,

Г.Б;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 91-94 дэх тал/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/56 дугаартай, “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргиин 99- 100 дахь тал/,

Дархан-Уул аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дэд дарга, дэд хурандаа Г.Энхболдын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02/78 дугаартай, “...тус газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлаж байсан Ганболдын Баярмагнай /РД; ДГ98110515/-ын 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хооронд цахим бугуйвч ашиглаж байх үеийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв” гэх албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 104-108 дахь тал/,

2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ЦХШЗ/56 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 123-126 дахь тал/,

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар биеэр 10 сар 14 хоног, шагнал 1 сар 20 хоног, бүгд 1 жил 4 хоног, үлдсэн 1 жил 6 сар 28 хоног байна.” гэсэн ялын тооцооны лавлагаа /хавтаст хэргийн 127 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Баярмагнайгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Б нь 2022 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоотод оршин суух Р.Нямдоржийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуучны бага гарын мөнгөн аяга, бөөрөн хэсэгтээ загасан сийлбэртэй шүрэн толгойтой их гарын халтар мана хөөрөг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, өвлөгдөж ирсэн хуйтай төмөр хутга, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга, шинэ цагийн эмэгтэй хүний мөнгөн бүс, голдоо цагаан сувдан шигтгээтэй мөнгөн кулон, ээмэг, гинж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 23.445.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Р.Н “...байшингийн ар талын жижиг цонх онгорхой байдалтай, дотор талын цонх нь мөн адил онгорхой, байшингийн баруун хананд байрлуулсан авдарны цоожны цүүг нь эвдсэн, авдар онгорхой байдалтай байж байсан. ...Шүрэн толгойтой их гарын халтар манан хөөрөг нэг ширхэг, хуучны шүрэн шигтгээтэй шүрэн бугуйвч гурван ширхэг, хуучны бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагаан бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, эмэгтэй мөнгөн бүс нэг ширхэг, өвлөгдөж ирсэн хуучны хуйтай төмөр хутга нэг 1 ширхэг, хослол гинж кулонтойгоо нэг ширхэг, хоёр хос ээмэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан.” гэх,

гэрч О.Э “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 43 минутанд нэг ширхэг бага гарын мөнгөн аяга 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан Г.Баярмагнай гэх эрэгтэйн иргэний үнэмлэх, тухайн хүний царайг тулгаж барьцаанд эд зүйлийг авсан.” гэх,

Г.Б өгсөн “...“Эрдэнэс” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хулгайлсан мөнгөн аяганаас нэг ширхэг мөнгөн аяга тавьсан, Улаанбаатар хотод Уртцагаан гэх газар бугуйвч, мөнгөн бүс хоёрыг ченжид 2.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан, бусад эд зүйлсийг гэрийн ойролцоо газар ухаад нуусан байгаа, энэ эд зүйлсийг би хүлээлгэн өгөхөд бэлэн байна.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Р.Н-н “...манай байшингийн цонх онгорхой байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хэргийн газраас олдсон “Эрдэнэс” Барьцаалан зээлдүүлэх газрын үйлчлүүлэгч Г.Баярмагнайтай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7874 тоот “Барьцаат зээлийн гэрээ”,

2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

“Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ- 622/3789 дугаартай “...хуучны бага гарын мөнгөн аяга, ууттай 1.500.000 төгрөг, шүрэн толгойтой, их гарын халтар манан хөөрөг 20.000.000 төгрөг, гурван ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 1.200.000 төгрөг, хуучны хуйтай төмөр хутга 120.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 500.000 төгрөг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 125.000 төгрөг, шинэ цагийн эмэгтэй мөнгөн бүс 120.000 төгрөг, голдоо цагаан сувдан шигтгээтэй мөнгөн кулон ээмэг, гинж 130.000 төгрөг, нийт 23.445.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилдээ авч ашиглах, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Баярмагнайгийн бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

шүүгдэгч Г.Б үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Нямдоржид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүх шүүгдэгч Г.Баярмагнайг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Г.Баярмагнайг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22/ХМШЗ/56 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн санал гаргаж, 

шүүгдэгч Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...хөнгөн ял өгнө үү.” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 56 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жил 7 сар 2 хоногийн хорих ялаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Г.Б урьд гурван удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноос гадна сүүлд Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа Орхон аймагт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 56 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.  

Шүүгдэгч Г.Б хорих ял эдэлж байх хугацаанд нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 56 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа боловч түүнийг хорих ангиас цагдан хорих байранд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон.” гэсэн мэдүүлгийг болон хавтаст хэргийн 127 дахь тал авагдсан хорих ангийн “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар биеэр 10 сар 14 хоног, шагнал 1 сар 20 хоног, бүгд 1 жил 4 хоног эдэлж, үлдсэн 1 жил 6 сар 28 хоногийн ялтай байна.” гэсэн ялын тооцооны лавлагаа зэргийг үндэслэн түүний цагдан хоригдсон хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс тооцох нь зүйтэй юм. 

Шүүх шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Нямдоржид 23.445.000 төгрөгийн хохирол учирснаас биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн 20.000.000 төгрөгийн үнэлгээтэй шүрэн толгойтой, их гарын халтар манан хөөрөг, 250.000 төгрөгийн үнэлгээтэй шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй хуучны бага гарын мөнгөн аяга зэргийг хохирлоос хасаж тооцоод,

шүүгдэгч Г.Б нь аяганы уутны үнэ 500.000 төгрөг, гурван ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчны үнэ 1.200.000 төгрөг, хуйтай төмөр хутганы үнэ 120.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяганы үнэ 250.000 төгрөг, шинэ цагийн эмэгтэй мөнгөн бүсний үнэ 120.000 төгрөг, кулон ээмэг, гинжний 130.000 төгрөг, эд, зүйлийн үнэлгээний хөлс 234.450 төгрөг нийт 2.554.450 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-6 тоотод оршин суух /РД; ФА62070772/-тай хохирогч Р.Нямдоржид төлж барагдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,  

хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22/ХМШЗ/56 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жил 7 сар 2 хоногийн хорих ялаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярмагнайд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярмагнайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-с  2.554.450 төгрөг гаргуулж  Р.Н-д олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ