Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00021

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Т.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Э.Нямбаяр,

Хохирогч Б.Баян-Уул,

Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнх-Эрдэнэд холбогдох 201614000513 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1. Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 43-07 тоотод  оршин суух, урьд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Харчун овгийн Аръяажавын Мөнх-Эрдэнэ, /регистрийн дугаар  СЮ 75072838/.

 

           2. Холбогдсон хэргийн талаар

2.1. Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-15 тоотод Б.Баян-Уулыг эхнэртэйгээ хардан зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, 2 нүдний салстад цус харвалт нүүр хүзүү, зүүн чихний дэлбээ, баруун зүүн шуу, баруун мөр нуруу цээж хэвлий бүсэлхийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл, элэгний зүүн хэсгийн задрал, цөсний хүүдийн урагдал зэрэг хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8-9 цагийн хооронд хүүгээ ирж байна уу? гэж асуух санаатай утсаар ярихаар Б.Баян-Уул ахынд ороход Ч.Чинзориг, Ж.Нагвачимбэ нар байсан. Тэгээд мэнд усаа мэдсэн. Ч.Чинзориг нэг шил архиа задлаад Б.Баян-Уул ах Ж.Нагвачимбэ ахыг хоол хий гэхэд би хийе гээд би хоол хийгээд хоолоо идээд архиа хувааж уугаад Ч.Чинзориг ахад би таныг зам руу гаргаад таксинд суулгаад өгье гээд бид хоёр гарсан. Тэгсэн ах нь чамд нэг юм хэлье. Б.Баян-Уул ах чинь танай авгайг нухсан гэсэн. Та баталж чадах уу? гэхэд баталж чадна гэсэн. Би буцаж ороод та манай авгайг нухсан юм уу? гэхэд юу гэсэн үг вэ гэсэн. Тэгсэн Ч.Чинзориг ах баруун ор руу нь заагаад чи энэ орон дээр 3 удаа шаасан биз дээ гэхээр нь би үнэн юм байна гэж бодоод орноос нь чирч буулгаад цохиод байсан. Б.Баян-Уултай 4 жилийн өмнөөс танилцсан, хуурай ах дүү шиг байдаг. Өмнө нь хохирогчтой хэрүүл маргаан хийж байгаагүй. Хохирогчийн нэхэмжилсэн 2 300 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Өөрийн түргэн зангаас ийм зүйл хийчихлээ гэв.

2. Хохирогч Б.Баян-Уул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз маань ирэхээр нэг шил архи уучихаад байж байсан. Тэгтэл Чинзориг 2 шил пивотой ирчихсэн байж байтал А.Мөнх-Эрдэнэ хүүхэдтэйгээ утсаар ярина гээд орж ирсэн. Бүгдээрээ нийлж хоол хийж идчихээд архиа уучихаад гараад явцгаасан. Тэгсэн буцаад удалгүй А.Мөнх-Эрдэнэ, Ч.Чинзориг хоёр орж ирээд А.Мөнх-Эрдэнэ та манай авгайг нухсан юм уу? гэхэд нь би тийм зүйл байхгүй гэхэд Чинзориг энэ орон дээр нухсан гэсэн. Гэтэл Мөнх-Эрдэнэ ямар ч үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн. Миний толгой нүүр ам нил өвчин болсон. Үүнээс гадна гэдэс хэвлий орчим маш их өвдөөд босч, хөдөлж чадахгүй байсан. Хэвтэж байхад Мөнх- Эрдэнэ, Чинзориг хоёр эргэж орж ирэхээр нь би Мөнх-Эрдэнэд чи яаж байгаа юм бэ? миний гэдэс хэвлий болохгүй байна гэхэд нүүр рүү дахин нэг цохичихоод гараад явсан. Зодоход нь би ухаан алдсан байсан. Яг яаж зодсоныг мэдэхгүй хэвлий хэсгээр амьсгаа авч чадахгүй их өвдөж байсан. Тэгээд найз Ж.Нагвачимбийг дуудаад түргэн тусламж дуудаад өвчин намдаах тариа хийгээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очиж тариа хийлгэж хэсэг хэвтэж байгаад гэртээ ирсэн. Өглөө бас аймаар өвдөөд шууд хувийн эмнэлэгт хэвтье гэхэд эмнэлэгт заавал үзүүл, тархины зураг авхуул гэсэн. ЭХО-д харуулахад гэмтэл их байна, хагалгаанд оруулах шаардлагтай гээд бичиг хийж өгөөд яаралтай хагалгаанд орсон. Эмчилгээний зардал хохирлоо төлүүлмээр байна. Нийт 2 310 000 төгрөг нэхэмжилж байна. Одоо биеийн байдал гайгүй байгаа гэв.

3. Гэрч Ч.Чинзоригийн “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний найз хөдөөнөөс ирээд зах дээр бид хоёр 0.33 литр хэмжээтэй Ерөөл архи хувааж уусан. Орой зах хаагаад гэр лүүгээ явж байхдаа би хамт жимс зардаг Баян-Уул руу утсаар яриад хаана юу хийж байна гэсэн чинь гэртээ найзтайгаа хамт байна гэсэн. Тэгэхээр нь гэртээ орчихоод эргэж гараад дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи 1 шил, 0.5 литрийн Боргио пиво 2 лаазыг аваад Баян-Уулын гэрт очсон. Намайг очих үед Баян-Уул, Нагвачимбэ 2 архи уучихсан халамцуу байсан. Баян-Уулын гэрт ороод удаагүй байж байтал Мөнх-Эрдэнэ гэдэг Баян-Уулын хуурай дүү гэх залуу орж ирсэн. Архиа задлаад бид 4 хувааж уусан. Мөнх-Эрдэнэ бид 2 гэртээ харина гээд гарсан. Баян-Уул гэрийнхээ хойд талын орон дээр, Нагвачимбэ баруун талын орон дээр хэвтэж байсан. Би Баян-Уулын гэрээс гарч явж байгаад Мөнх-Эрдэнэд Баян-Уулын гэрт 3 удаа ирэхэд танай эхнэртэй 3 удаа таарсан гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ үнэн үү гэсэн. Үнэн гэсэн чинь Мөнх-Эрдэнэ та баталж чадах уу? гэхээр нь би баталж чадна гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ намайг дагуулаад Баян-Уулын гэрт ороод та манай эхнэрийг нухсан юм уу? гээд Баян-Уулыг унагаад гараараа хаа таарсан газартаа цохиод байсан. Би тэр хоёрыг салгаад Мөнх-Эрдэний хамт гарч явсан. Эргээд Баян-Уулын гэрт орсон чинь Баян-Уул нүүр ам өвдөөд байна. Чи яагаад гэдэс рүү цохисон юм бэ? нуруу гэдэс өвдөөд яг алах гэж байна гээд хэвтэж байсан. Мөнх-Эрдэнэ нэмж нүүр рүү нь цохичихоод гараад явсан. Гэртээ ирээд унтаж байтал 00 цагийн орчим Баян-Уул над руу утсаар яриад би эмнэлэг дээр байна та хүрээд ирээч гэхээр нь эмнэлэг дээр очиход Баян-Уул хүлээн авах тасагт тариа хийлгээд хэвтэж байсан. ЭХО-д харуулсан чинь гайгүй юм шиг байна гэсэн. Тариа хийлгэж хэсэг хэвтэж байгаад такси аваад бид 2 тэдний гэрт очсон. Би Баян-Уулыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Маргааш өглөө нь 09 цагийн орчим Баян-Уул намайг хүрээд ирээч гэхээр нь яваад очтол нүүр ам хавдаж хөхрөөд аймаар болсон байсан. Баян-Уул миний гэдэс хэвлий өвдөөд байна гээд босч чадахгүй байсан. Ж.Нагвачимбэ бид 2 Баян-Уулыг аваад таксигаар Тайхар эмнэлэг дээр очиход манай эмнэлэг үзэхгүй гэсэн. Тэгэхээр нь эхнэр лүүгээ яриад Очир увидас эмэнэлэгт очихоор болсон. Манай эхнэр тэнд хэвтэж байсан юм. Баян-Уул архины хордлого болсон юм шиг байна. Хордлого тайлах эмчилгээ хийлгээд өгөөч гэсэн юм. Тэгээд Очир увидас эмнэлэг дээр ирж хордлого тайлах эмчилгээ хийлгэж хоносон. Маргааш өдөр нь гэдэс өвдөөд байна гэхээр нь 5-21 дүгээр байранд байдаг эмнэлэгт очиж ЭХО-д харуулсан чинь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж үзүүл гэсэн. Тэгээд очиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Би Мөнх-Эрдэнэд Баян-Уулын гэрт 3 удаа ирэхдээ танай эхнэртэй таарсан гэж хэлсэн. Харин Мөнх-Эрдэнэ болохоор та манай эхнэрийг Баян-Уул ахад нухуулсан гэж хэлсэн гээд худлаа хэлээд байгаа юм” гэсэн мэдүүлэг /х/х-н 14-15-р хуудас/

 

4. Гэрч Б.Мягмарсүрэнгийн “ Миний нөхөр их хартай хүн. Чинзориг ах л архи ууж согтоод худал үнэн юм ярьж түүнээс болж Мөнх-Эрдэнэ Баян-Уул ахыг зодсон юм шиг байгаа юм. Маргааш нь Баян-Уул ахын гэрт ороход нүүр нь хавдаж, нүд нь цус хурсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 53-р хуудас/

 

5. Гэрч Ж.Нагвачимбийн “ Баян-Уулыг яг хэнд зодуулсныг нь би мэдээгүй. Согтоод унтсан байсан. Нэг сэрсэн чинь Баян-Уул ёолоод байхаар нь яасан бэ? гэхэд Мөнх-Эрдэнэ намайг эхнэртэйгээ хардаад зодчихлоо гэсэн. Яг алах гэж байна. Аймаар зодлоо. Чинзориг худлаа үнэн юм яриад хүн зодуулчих юм гэж хэлсэн. Босоод харахад Баян-Уулын нүүр зүүн талын шанаа нь хавдсан, 2 нүд нь хавдаж улайсан байдалтай байсан. Баян-Уул нүүрээ тоохгүй гэдэс өвдөөд байна. Энэ дотор нэг юм болохгүй байна, хавирга хугарсан юм шиг байна гээд байхаар нь цамцыг нь сөхөөд харахад зүгээр юм шиг байхаар нь хавирга чинь зүгээр байх гэж хэлсэн. Баян-Уул бүр аймаар ёолоод байхаар нь эмнэлэг дуудаж өгч явуулсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 18-19-р хуудас/

 

6. Гэрч Б.Жигүүсэнгийн “Б.Баян-Уул нь миний дүү байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр 13 цагийн орчимд Баян-Уул өөрөө над руу яриад би хагалгаанд орох гэж байна. Гэр бүлийн хүн хэрэгтэй гэж байна шүү та хурдан ирээрэй гэсэн. Яагаад хагалгаанд орж байгаа юм бэ? гэхэд хүнд зодуулсан гэж хэлсэн.Би Улаанбаатар хот руу ах дүү нартаа хэлээд 14 цагийн үед машинд сууж Орхон аймагт ирсэн. Намайг ирэхэд дүү хагалгаанд ороод гарч ирж байсан. Эмч нартай нь уулзахад цөс хагарч хэвлийд хуралдсан, элэг хэсэг газарт язарсан байна гэсэн. Маргааш өдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бөөрний үйл ажиллагаа нь доголдоод мөн хагалгаанд орсон. Миний нөхөр Батсүхэд Мөнх-Эрдэнэ гэж хүнд зодуулсан гэж ярьсан байна” гэсэн мэдүүлэг / х/х-н 22-23-р хуудас/

 

7. Гэрч О.Олзбаярын...2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10 нд шилжих шөнө хүлээн авахын эмчээр ажиллаж байхад 02 цагийн орчимд яаралтай түргэн тусламжийн эмч Хүрэлсүх дуудлагаар очиж үзээд Б.Баян-Уул гэж эрэгтэй хүнийг хүлээн авах тасаг дээр авч ирсэн.Тэр хүний нүүр зүүн талын шанаа болон хоёр нүд нь улайж хөхөрсөн байдалтай байсан. Баян-Уул нь архи уусан согтуу байсан. Би үзлэг хийгээд яасан талаар асуухад Баян-Уул нь хүнд зодуулсан гэж ярьсан. Миний хэвлийгээр өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Үзлэг хийчихээд хэвлий гэдэс дотор нь ямар нэг гэмтэл бэртэл байгаа эсэхийг тогтоохоор джитал рөнтгинээр харна гэхэд мөнгө төгрөг байхгүй гэж Баян-Уул нь ярьсан.Тэгэхээр нь ажиглалт хийж хэвтүүлсэн. Ар гэрээсээ хүн дуудах хэрэгтэй гээд хүлээн авахын хажуу талын онош тодруулах өрөөнд шилжүүлэн хэвтүүлсэн.Тэгээд ажлаа хийж байгаад нэг харсан чинь Б.Баян-Уул нь гараад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /х/х 31-32-р хуудас/

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 808 дугаартай... 1. Баян-Уулын биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн хэсгийн задрал, цөсний хүүдийн урагдал, 2 нүдний салстад цус харвалт, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, баруун зүүн шуу, баруун мөр, нуруу цээж, хэвлий бүсэлхийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, гэдэсний саажилт, үжлийн байдал үүсч хэвлийн хөндийг нээх, шалгах, цөсний хүүдий болон мухар олгойг авах, хэвлийн хөндийг угаах, гуурс тавих хагалгаа хийжээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Элэгний задрал,цөсний  хүүдийн урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэсэн дүгнэлт. / х/х 45-р хуудас/

9. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ...Элэгний задрал, цөсний хүүдийн урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн мэдүүлэг / хх-ийн 60-р талд /

10. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66-р талд / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-15 тоотод хохирогч Б.Баян-Уулыг эхнэртэйгээ хардан зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, 2 нүдний салстад цус харвалт нүүр хүзүү, зүүн чихний дэлбээ, баруун зүүн шуу, баруун мөр нуруу цээж хэвлий бүсэлхийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл, элэгний зүүн хэсгийн задрал, цөсний хүүдийн урагдал бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, хохирогч Б.Баян-Уулын “...Мөнх-Эрдэнэ үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Чинзоригийн “...би Баян-Уулын гэрээс гарч яваад Мөнх-Эрдэнэд би эднийд гурван удаа ирэхдээ танай эхнэртэй гурван удаа таарсан гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ үнэн үү? Та баталж чадах уу? гэхээр нь үнэн баталж чадна гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ намайг дагуулаад Баян-Уулын гэрт ороод та манай эхнэрийг нухсан юм уу? гээд Баян-Уулыг орноос нь татаж унагаад гараараа хаа таарсан газартаа цохиод байсан” гэсэн мэдүүлэг, өвчний түүх, шинжээчийн 808 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “...Элэгний задрал, цөсний хүүдийн урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Элэгний задрал, цөсний хүүдийн урагдал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учир нь цөсний хүүдий нь элгэнд наалдаж байрласан байдаг” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд А.Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Б.Баян-Уул нь нийт 2 310 000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нотлох баримтыг үндэслэн 2 219 366 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байх бөгөөд үлдэх 90 634 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 Хохирогч Баян-Уул нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нь 66 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Харчун овгийн Аръяажавын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийг  5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэнээс 2 219 366 төгрөг гаргуулж, хохирогч Б.Баян-Уулд олгож, үлдэх 90 634 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Баян-Уул нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                            Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                        Ц.АЛТАНГАДАС