Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1195

 

 Б.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч С.Ууганбаяр, П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/821 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр, П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-д холбогдох эрүүгийн 1809 05315 0492 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Улсын Их дэлгүүрийн замын эсрэг талд хохирогч Э.Н-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний гэм буруугаас болж хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байгаагаа илэрхийлж, гэм буруугаа ухамсарлаж байна. Би гэр бүлийнхээ хүний хамт 2001 оноос хойш Нарантуул зах дээр барилгын материалын лангуу ажиллуулж, түрээс болон татварыг цаг тухайд нь төлж, сайн түрээс төлөгчөөр удаа дараа шалгарч байсан. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоо эхнэр маань жирэмсэн. Би урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний ар гэрийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч С.Ууганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие өмгөөлөгч П.Учралгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлдэг. Тэрээр хувиараа бизнес эрхлэн, ар гэрээ авч явдаг, эхнэр нь жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. Сургуулийн насны хүүхдийг нь сургуульд нь хүргэж өгөх, авах хүн эхнэрээс нь өөр байхгүй. Түүний ар гэрийн байдал хүнд нөхцөлд байна. Иймд Б.Т-н ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, тэрээр хувиараа бизнес эрхэлдэг. Түүний ар гэр хүнд нөхцөл байдалд байгаа юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэдгээ шүүхэд бичгээр ирүүлсэн, түүний ар гэрийн байдал, тэрээр давж заалдах гомдолдоо торгох ял оногдуулбал нэн даруй төлөхөө болон дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг торгох ял болгон өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

   Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Т нь хохирогч Э.Н-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний гэм буруутай үйлдэлд 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Т нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Улсын Их дэлгүүрийн замын эсрэг талд хохирогч Э.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой тус газар тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Н-н “... Би Т, Аагий нарын хамт 10 дугаар хорооллын нэг пабд архи уучихаад тухайн газраас гараад дуудлагын жолооч аваад явцгаасан. Тэгээд Улсын их дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр Т-тай маргалдсан чинь Т “би нэг тэсрэх цаг нь болсон шүү” гэсэн. Бид хоёр машинаас буугаад барьцалдаж автал Т газраас тоосго аваад миний нүүр лүү нэг удаа цохиод их дэлгүүрийн зүгт зугтаасан. ...” /1 хх 7-8/,

гэрч Х.А-н “... Би Т, Н нартай хамт баарнаас гараад дуудлагын жолооч дуудаж, Т-н машинтай их дэлгүүрийн орчим явж байсан. Т нь жолоочийн хажуугийн суудалд, Н миний хажууд сууж явсан. ... Т, Н хоёр хоорондоо хэрүүл хийгээд барьцалдаж аваад байхаар нь би салгаад гайгүй болохоор нь машиныг нь замаас холдуулж зогсоол руу тавьчихаад буцаад иртэл Н-н толгой хагарсан байсан. ...” /1 хх 13/,

шинжээч С.Одончимэгийн “... Э.Н-н биед учирсан дух ясны зүүн талд духны хөндий гадна ялтас 1.6 см цөмөрсөн хугарал нь духны ясны ил хугарал юм. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... Н-н биед учирсан гэмтэл нь газар унах болон гараар цохих үед үүсэх боломжгүй. Дух хэсэгт ямар нэгэн хүч үйлчилсний улмаас уг гэмтэл үүсэх боломжтой. Чулуу, мод зэрэг хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр үүсэх боломжтой. ...” /1 хх 17-19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Э.Н-н биед дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, уруул, духны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг болно. ...” гэх 13968 дугаартай дүгнэлт /хх 16/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Т-н хохирогч Э.Н-н нүүр хэсэгт тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэсэн нөхцөл байдал, түүнчлэн торгуулийн ялыг биелүүлэх чадвартай байдлаа нотолж, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх санхүүгийн баримтаа шүүхэд ирүүлснийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагыг зорилгод нийцнэ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Т-н 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 73 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /73х15.000=1.095.000/ эдлэх ялаас нь хасаж /20.000.000-1.095.000=18.905.000/, түүний эдлэх ялыг 18.905.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Иймд шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр, П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Прокуророос Б.Т-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ яллаж байгаа гэмт хэргийн агуулга, учруулсан хохирол зэргийг хэт хураангуй байдлаар, өөрөөр хэлбэл Б.Т нь хохирогчтой ямар харьцааны улмаас маргалдсан, хохирогчийг хэрхэн яаж цохисон, хохирогчийн эрүүл мэндэд ямар хохирол учирсныг дэлгэрэнгүй байдлаар бичээгүй нь учир дутагдалтай болжээ.

Цаашид прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу яллах дүгнэлт үйлдэж байхыг давж заалдах шатны шүүхээс тэмдэглэж байна.