Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0206

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

  

  “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0834/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

            Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг тус тус баримтлан “И" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрх олгосон 0211*** дугаар гэрчилгээг сэргээхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

“Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож дүгнэхдээ дутуу дүгнэсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалыг хүчингүй болгосон эсэх, хүчингүй болгосон бол хүчингүй болгосон тухай нотлох баримтыг заагаагүй, үүнд дүгнэлт өгөөгүй.

Мөн хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн хариу тайлбарыг нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, нотлох баримтыг байгаа газрыг заах зэрэг үүрэгтэй боловч хариу тайлбарынхаа үндэслэл болох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүх гүйцэтгээгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нотлох баримыг заах, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримыг үндэслэх ёстой боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт авагдсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтгүй хариуцагчийн хариу тайлбар зэргийг үндэслэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “И” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалыг хүчингүй болгож, “И” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын газар ашиглах 0211*** дугаар бүхий гэрчилгээг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалыг хүчингүй болгож, “И” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын газар ашиглах 0211*** дугаар бүхий гэрчилгээг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...  Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлгүйгээр дараахь үйл ажиллагааг явуулж болно” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Хориглосон үйл ажиллагааг явуулаагүй ...” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/196 дугаар тушаалаар[1] Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т* амны хязгаарлалтын бүсэд 25078.7 м.кв газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгож, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0211*** дугаар газар ашиглах гэрчилгээ олгогдсон байна.

3.3 .Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр[2] “... Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон, ... Богдхан уулын дархан цаазат газрын ойн сантай давхацсан газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг хүргүүлэв” гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын тэмдэглэл[3] -ээр нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахыг дэмжсэн байна.

3.4. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/299 дугаар тушаалын хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна.

3.5. Ойн тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахгэж заасан.

            3.6. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахыг хориглож, ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглосон байна.

            3.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/610 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зураг[4] болон 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын байршлын зургаар[5] нэхэмжлэгч “И” ХХК-ийн ашиглах эрх бүхий 25078.7 м.кв газар нь бүхэлдээ ойн сан бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдож байна.

            3.8. Энэ тохиолдолд шүүх “Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дугаар хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

            3.9. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрын сайдын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/196 дугаар тушаалаар “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар олгосон нь хуульд нийцээгүй бөгөөд уг тушаалаа зөвтгөсөнд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хуулиар тухайлан хориглосон бүсэд дээрх зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон нь анхнаасаа буруу бөгөөд хариуцагч нь өөрийн гаргасан тушаал эсэхээс үл хамаарч хариуцсан сайдын хувьд өмнөх тушаалыг хүчингүй болгох, зөвтгөх эрхтэй ... ” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож дүгнэхдээ дутуу дүгнэсэн, ... нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүх гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт авагдсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтгүй хариуцагчийн хариу тайлбар зэргийг үндэслэн шийдвэр гаргасан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаануудад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... ойн сан бүхий газартай бүхэлд нь давхцалгүй буюу ашиглах эрх бүхий 25079 м.кв газраас 3962 м.кв талбай нь ойн сантай давхцалтай гэсэн боловч шүүхээс энэ талаар тодруулахад бүхэлд нь давхцалтай гэж хариу өгсөн, ... 10235 м.кв газар нь л ашиглах эрх бүхий газрын ойн сантай давхцаж байгаа талаар кадастрын зураг хэрэгт авагдсан, ...Ойн сан бүхий газартай 14844 м.кв газар нь давхцаагүй байх боломжтой” гэж тайлбарлан маргасан байна.

            Хэдийгээр анхан шатны шүүхээс дээрх тайлбартай холбогдуулан кадастрын зургийг нотлох баримтаар үнэлээгүй байх боловч, нэхэмжлэгчийн зүгээс ойн сан бүхий газартай давхцалтай эсэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан хүсэлт, гомдол гаргахад энэхүү магадлал саад болохгүй болохыг тэмдэглэв.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0106/З индекстэй хэргийн 121 дэх тал

[2] Хэргийн 27 дахь тал

[3] Хэргийн 44 дэх тал

[4] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0106/З индекстэй хэргийн 116 дахь тал

[5] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0106/З индекстэй хэргийн 26 дахь тал